8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Оюутанууд эко машин бүтээж, "шувуудад үүр бэлэглэе” сэдэвт үзэсгэлэн болсон өдөр

2017-05-12 18:40:00

Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирдэг. Бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун. Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа. Тиймээс эрхэм уншигч яг одоо хэн нэгэнд та урмын сайхан үг хайрлаарай. Үүний хариу танд хэзээ нэгэн цагт эргэж ирнэ гэсэн гэгээлэг мэдээллээр өнөөдрийн тоймоо хүргэж байна. Их ажлын өдрүүд дуусаж байгаа учраас та бүхэн амралтын өдөр гэр бүлтэйгээ сайхан өнгөрүүлээрэй. Харин одоо бид дуулиантай дуулгах сонин ажлын сүүлийн өдрийн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Зөрчлийн хуулийн ОНЦЛОХ 30 заалт: Хаана ямар зөрчил гаргавал хэдэн төгрөгөөр торгох вэ

Өчигдөр орой УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Зөрчлийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулж гишүүдийн 76,3 хувийн саналаар Зөрчлийн тухай хуулийг баталлаа.
 Зөрчлийн тухай хууль долдугаар сарын нэгнээс мөрдөгдөхөөр боллоо. Тус хууль хэлэлцэгдэж эхэлсэнээс хойш нэлээд асуудал дагуулсаныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Эргэн сануулахад, Ц.Гарамжав гишүүний гаргасан Зөрчлийн хуулийн Гүтгэх заалтад хувь хүнийг facebook, twitter болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд 10 сая, ААН-ийг 100 сая төгрөгөөр торгох заалт тусгагдсан байсан юм. Үүнийг эсэргүйцэж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХЭНД ОНЦ АЮУЛ УЧИРЛАА гэсэн анхааруулгыг телевизүүд сонин, сайт эфирээ хааж, гамшгийн аюулын дохио дуугаргаж  эсэргүйцлээ илэрхийлсэн билээ. Ц.Гарамжав гишүүн тун удалгүй өөрийн гаргасан саналаа эргүүлэн татсанаар асуудал намжсан. Энэ мэт сүр дуулиантай эхэлсэн Зөрчлийн хууль өчигдөр батлагдаж, ирэх долдугаар сарын 01-ээс хэрэгжихээр боллоо. Ингээд тус хуулийн онцлох 30 заалтыг хүргэж байна. Та хаана ямар зөрчил гаргавал хэдэн төгрөгөөр торгуулах талаар мэдээллийг аваарай.

Хуулийн заалтад заасан нэг торгуулийн нэгж/“нэгж” гэх/ нь нэг мянган төгрөгтэй тэнцүү гэсэн үг. 

 

1.    Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд торгох, эрх хасах шийтгэл ноогдуулна. Торгох шийтгэлийн хэмжээ нь хүнд арваас хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдэд нэг зуугаас хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна.
2.    Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.     Хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.    Аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.   Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.     Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.    Хууль бусаар тусгай хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, агсамжийг биедээ авч явсан, хадгалсан бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.     Ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.    Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.    Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

СЕХ нэр дэвшигчдийг бүртгэх эсэхээ гурав хоногийн дотор шийднэ

Сонгуулийн ерөнхий хороо ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 14-ний дотор хянана.Сонгуулийн тухай хуулинд, "сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх тогтоол гаргана" хэмээн заасан. 

Уих-д суудалтай гурван намын нэр дэвшигчид өчигдөр сех-нд нэр дэвшигчийн баримт бичгээ хүлээлгэн өгсөн. Тодруулбал ман-аас нэр дэвшигч уих-ын дарга м.энхболд, ан-аас нэр дэвшигч уих-ын гишүүн асан х.баттулга, махн-аас нэр дэвшигч тус намын дарга н.энхбаяр нар сонгуулийн төв байгууллагад өөрсдийн материалаа хүлээлгэн өгөөд буй. СЕХ энэ сарын 14 гэхэд тэдгээр нэр дэвшигчдийг бүртгэх эсэхээ албан ёсоор зарлах юм.

“Биеийн БӨХ”-өө эргэж нэг харцгаая

“Монгол бол бөхийн орон”, “Монголчууд бол бөхдөө хайртай ард түмэн”... бид ийнхүү бахархан ярьцгааж, хааяа гадныхан ч биднийг тийн шагшина.
Тэр үнээн, монгол бол яахын аргагүй бөхийн орон. Захын монгол залуу л хормойгоо шуугаад босоод ирэхэд ачих тонгорохоос эхлээд адгийн нохой мордох хүртэл арван гурван мэхтэй. Монголчууд ясны барилдаанч, төрөлхийн авьяастай, дөрвөн мөч, сээр нуруундаа тэгшхэн бяртай. Сэтгэлгээ нь хүртэл олон хувилбартай, дасан зохицох, шинэ боломж, гарц эрж хайхдаа гаргуун. Нүүдэлчдийн онцлог. Тиймээс ч сая хүрэхгүй цөөн монгол XIII зуунд дэлхийг дагуулахад, эр тоотой бүхэн нь эрэлхэг баатар, хүчирхэг нударга болж явсан биз. Дурын арван монгол залууг мөн дурын арван шар, эсвэл арван хартай халз барилдуулбал эргэлзээгүй монгол залуус тоглоод л хаячихна.

Хамгийн олон бөх нэгэн зэрэг гарч барилддаг орон бол Монгол. Улсын наадмаар суманд доод зах нь 32 бөх, аймагт 128 бөх барилдана. 333 сум, 20 аймаг, хот, тэгээд нийслэлд барилдаж буй бөхийнхөө тоог нийлүүлбэл, тэр өдрүүдэд улсын хэмжээнд тоот бөхийн тоонд орж, торгон зодогны сэнжигнээс дугтарсан бөхчүүдийн тоо наад зах нь 14 000 хүрнэ.

Бөхийн төрлөөр олимп, дэлхий, тивийн тэмцээнээс авсан медалийг нь хүн амынх нь тоотой харьцуулсан үзүүлэлтээрээ монголчууд бидтэй хэн эгнэх вэ, дэлхийд тасархай манлайлна. Цөөхөн хэдэн монгол залуус Арлын орны нэгэн бахархал, үндэсний спортыг нь арав гаруй жил ээлж дараагүй хаанчилж байна. Цаашид ч үргэлжлэх шинжтэй. Хэрвээ монгол залуусыг байнгын эрчимтэй бэлтгэл, хатуу дэг журам дор байлгавал ямар хүчирхэг болдгийн жишээ нь тэд.
Эр хүний дээдийг бөх гэж үзнэ. Үнэлэмж маш өндөр. Бөх хүн бол гүндүүгүй дөлгөөн зан, уужуу ухаан саруул, энэрэлт зөөлөн сэтгэл, тэгээд мэдээж хэрэг хүч чадалтай, самбаа зоригтой. Жинхэнэ эр хүний идеал болсон дүр төрх. Хүү төрвөл “Эрдэмтэн болоорой” гэж бараг хэлэхгүй, харин “Бөх болоорой” л гэж ерөөнө, бэлгэшээнэ.


Дэлхий дээрх хамгийн олон бөхийн хөшөөтэй ард түмэн бол монгол. Намхай, Буур аваргуудаас эхлээд л хэдэн арван арслан, заан, аваргуудын хөшөө монгол нутгийн өнцөг булан бүрд бий. Захын улсын начин нь хүртэл арга ядахдаа л нэг цээж барималтай. Казахууд аугаа бөх Хажимухандаа, Оросууд Ивандубныйдаа, Иранчууд Тахтидаа, Эстонууд Алекстаа, Гүржүүд Апполон Старошвилидээ, Америкчууд Чемберстээ тэр бүр хөшөө босгосон юм болов уу даа, ингэхэд.
Монголчуудын дунд хамгийн их түгээмэл байдаг, бас олноороо бахархан ярилцдаг домог, хуучийн сэдэв бол бөхчүүдтэй л холбоотой. Яриад яриад ханахгүй. Бөхтэй холбоотой зүйр сэцэн үгс, холбоо үг, ерөөл магтаал, оньсого таавар, ертөнцийн гурав хүртэл бий. Манай уран билэгт зохиолчид бол хүчин билэгт бөхчүүдийнхээ талаар зөндөө ихийг бичсэн дээ. Бөхчүүдийн талаар хамгийн их зохиол бүтээл гаргасан орныг шалгаруулбал бас л манайх үнэмлэхүй түрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Бидний бөхдөө хандах хандлага ер бусын. Түрүү бөхийнхөө хөлснөөс шударч аваад магнайдаа түрхэж буйг харсан малайз нөхөрт яаж ч тайлбарлаад юуг ч ойлгуулах боломжгүй. Бүдүүн бүдүүн нүцгэн нөхдүүд нэг нэгнээ түшээд унтаад ч байгаа юм шиг зогсож буйг эр эмгүй нийтээрээ хараад хөшчихийг гаднынхан яагаад ч ойлгохгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзээрэй. 

Монголын эдийн засгийн чуулган хойшиллоо

Жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулж ирсэн Монголын эдийн засгийн чуулганыг хойшлуулж, энэ сарын 18-19-нд болгосон. Гэвч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Эдийн засгийн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийнхэнтэй өчигдөр уулзаж, чуулганыг хойшлуулжээ.Тэрээр чуулганыг үр дүнтэй зохион байгуулахын тулд хойшлуулахаас өөр аргагүй гурван үндэслэл байгаа хэмээн онцолсон байна.

Үүнд:

  1. Засгийн газраас ОУВС-тай хийж байгаа хэлэлцээ эцэслэн дуусч, хөтөлбөр хэрэгжих эсэх нь тодорхой болохыг хүлээх хэрэгтэй.
  2. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлсэн энэ үед чуулганыг улс төр давамгайлсан, үр дүн багатай болгох магадлалтай.
  3. Эдийн засгийн асуудлыг улстөргүйгээр ярих хэрэгтэй” гэжээ.

Мөн эдийн засгийн чуулганыг илүү үр дүнтэй зохион байгуулахын тулд өмнөх чуулгануудын зөвлөмж, үр дүнг эргэж ярих, алдаагаа олж харах хэрэгтэйг онцолсон байна.

МҮИС-ийн оюутнууд цахилгаанаар ажилладаг эко машин бүтээв

МҮИС-ийн оюутанууд  багштайгаа хамтран бензин хэрэглэхгүй цахилгаанаар ажилладаг, эко машин бүтээжээ.  Тус машин нь нарны тольтой бөгөөд таван акумлятортой аж. Нэг нь 160 амперын 12 вольт нийлээд 800 амперын 60 вольтын хүчдэлтэй гэнэ. Хамгийн хурдандаа 40 км цагийн хурдтай явах ба 2-3 цаг цэнэглэхэд 5-6 цаг явах аж. Тус машиныг бүтээхэд нийт долоон сая 800 мянган төгрөг зарцуулжээ. Монголын залуучууд сэтгэж хийж чаддаг болжээ. 

Цэнхэр үст Цэрээн, Х.Баттулга гуай чинь бас МҮҮН-чин байсан гэж үү

 Цэрэнд өнөөдөр (2017.05.12) олон нийтийн сүлжээнийхэн содон асуулт тавьж эхлэв. Асуулт АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын солонгос эртэй инээд алдан элэгсэгээр мэндчилж буй зургаас урган гарчээ. Гэрэл зургаас аживал энгэрээ ижил өнгийн цэцгэн туузаар чимсэн солонгос эр,  хоёр ямар нэгэн чухал арга хэмжээнд уригдсан ижил зиндааны хүмүүс бололтой.

Э.Цэрэн бол “Төгс, олон соёлт ертөнцийг жинхэнэ утгаар нь байгуулах” зорилгоор Монголд сүлжээгээ үүсгэсэн “Даян дэлхийн энх тайвны холбоо” гэгч байгууллагын тэргүүн Мүн Сон Мён гэдэг солонгос өвгөний үүсгэн байгуулсан МҮҮН-ий урсгалыг илчлэгч, тэдний жинхэнэ “эрлэг” гэдгээр олон нийтэд танигдсан. Өөрөө ч ийн хэлж ярьж явдаг хүн.

Харин Х.Баттулгын солонгос эртэй инээд алдан авахуулсан фото зургийн дор Тayar Bayar хэмээх хаягаас Энэ бол “Дэлхийн энх тайвны төлөөх Хөх толбот монгол угсаатны холбоо” гэх байгууллагын тэргүүн буюу Монгол Улсыг хариуцсан мүүнчин Пак Бу Хи мэдэгджээ.

Цэнхэр үстийг МҮҮН-ий асуудлыг сөхөн хөндөх үеэр солонгос өвгөн Мүн Сон Мёнтай хамт зургаа авахуулсан монголын улс төрийн хүрээнийхэн ичихдээ бараг хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөх шахсан. Гэхдээ нөгөө талд нь Цэрэнг “Х.Баттулгын явуулгаар Л.Гантөмөр нарын АН-ын аль гайгүй гэсэн улстөрчийг МҮҮН-чин болголоо” хэмээн хардаж байсан юм.

Үйл явдлууд ар араасаа өрнөж байхад Цэнхэр үст Цэрэн “би Х.Баттулгатай холбоогүй” хэмээн мэдэгдэж байв. Харин Х.Баттулга Цэрэнгийн талаар нэг ч үг дуугараагүй юм. Тиймээс өнөөдрийн зураг олон нийтэд содон байх нь гарцаагүй. Б.Насанбаяр, Л.Гантөмөр болоод бусад хүмүүс МҮҮН-чин байсныг Цэрэн сайн мэдэж байсан.

Тэгвэл өнөөдөр олон нийтийн сүлжээнд ил гарсан мүүнчин Пак Бу Хи-тай элэгсэгээр мэндчилж байгаа Х.Баттулгын зураг ямар учиртай вэ. Үүнийг мэдэх гэсэн хүмүүс Цэнхэр үстээс “Х.Баттулга гуай чинь бас МҮҮН-чин байсан юм гэж үү. Тэр Монголын МҮҮН-чдийн жагсаалтад багтдаг уу. Түүнийг нь та мэддэг байсан уу. МҮҮН-чин гэдгийг нь мэдсээр байж нуусан юм биш биз. Аль эсвэл та үнэхээр Х.Баттулгатай үгсэн бусдыг МҮҮН-чин болгочихсон юм биш биз хэмээн асууж эхэллээ. Энэ бүгдэд Цэнхэр үст ямар хариу өгөхийг олон нийтийн сүлжээнийхэн сонирхон хүлээж байна.

Хот орчмын шувуудад үүр бэлэглэе” сэдэвт үзэсгэлэн болж байна

Зайсанд байрлах Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Хот орчмын шувуудад үүр бэлэглэе” сэдэвт үзэсгэлэн болж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол оролцож, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний II чуулган”-д оролцсон байгаль хамгаалагчдын урласан шувууны үүрийг бэлэглэлээ. Байгаль хамгаалагчид ойн хоёрдогч түүхий эд буюу модны үндэс, ур, мөчир, гишүү, унасан болон хатсан мод ашиглан үзэсгэлэнд дэлгэсэн шувууны үүрүүдийг урласан аж. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хүүхдүүдэд хандан “Манай яамнаас гаргасан “Байгаль орчны төлөв байдлын тайлан”, “Монгол орны шувууны ангилал зүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөл”-өөс гаргасан мэдээгээр Монгол оронд 502 зүйлийн шувуу бүртгэгдээд байна. Тэдгээрийг амьдралын хэлбэрээр нь суурин болон нүүдлийн гэж хоёр үндсэн бүлэгт ангилан авч үздэг. Энэ ангиллаар авч үзвэл, Монгол орны шувуудын 80 хувийг нь нүүдлийн шувууд эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Төв Азийн өндөрлөгт орших Монгол орон бол нүүдлийн шувуудын тун чухал газрын нэг юм. Хавар нүүдлийн шувууд манай оронд ирж зусаад, үр төлөө өсгөж өндийлгөөд намар нь буцдаг. Тиймээс хүүхдүүд та бүхэн аав, ээжийнхээ хамтаар ах, эгч нарынхаа бэлэглэсэн шувууны үүрийг сургууль болон гэрийнхээ ойролцоох модонд байршуулж, нүүдлийн шувуудын үр төлийг дулаан байлгах, аюулгүй орчинд өсөж торнихтой танилцаж мэдэж аваарай” хэмээн захисан юм.

“Ми Ми”-г хилээр оруулахыг хориглолоо

“Өмнөговь аймгийн Шивээ хүрэн, Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэдэг жолооч нар Ханбогд сумтай хил залгаа ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас сэтгэцэд нөлөөт “Ми ми” хэмээх бодисыг нууцаар оруулж ирдэг. Нүүрс, баяжмал ачсан машины цуваа 30 км-тэй тэнцэхүйц урт дараалалд 2-3 хоног дугаарлахдаа жолооч нар унтахгүйн тулд хэрэглэж байгаа”-г манай сонин анх хөндөн асуудал дэвшүүлж, холбогдох газрууд, олон нийтийн анхааралд хүргэн бичиж байв. Мөн Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Л.Энхболд нар Их хурлын түвшинд ярьж, энэ бодисыг хилээр оруулж ирэхийг хориглох заалтыг хуулийн төсөлд тусгуулахаар хөөцөлдөж байсан билээ. Тухайлбал, гишүүд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд “эмийн түүхий эд” хэмээх нэр томьёог хуульд тусгах, ингэснээр эмийн найрлагад ордог “мими” хэмээх түүхий эдийг хууль бусаар хилээр оруулсан үйлдлийг зөрчил хэмээн тооцох санал гаргаж байсан юм. Тэгвэл өчигдөр УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуулийг хэлэлцэж батлахдаа сэтгэцэд нөлөөт “Мими” хэмээх эмийн бодисыг хилээр оруулж ирэхийг хориглосон заалт оруулсныг гишүүд дэмжиж баталлаа.

Эрдэнэт жинхнээсээ вант улс боллоо

Эрдэнэт үйлдвэр Оросын эзэмшлээс гарч төрийн мэдэлд очлоо гэсэн чинь үнэн хэрэгтээ төр гэх нэрийн дор нэгэн гэр бүлийн эзэнт улс болсон нь олон зүйл дээр харагдаж байна. Х.Бадамсүрэн захирлын тав тухыг хангахад хагас тэрбум төгрөг зарцуулаад байгаа ч тэр хүнд энэ хангалтгүй ажээ. Гэр бүл, үр хүүхдээрээ үйлдвэрийн ажилчдыг дарамтлан даналзах болжээ. Эрдэнэт үйлдвэрт сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг оруулахгүй гэж цагдаагаар хүртэл хамгаалуулж, үүдэндээ өдөржин уядаг “онцгой обьектод” хав нохой эзэндээ хөтлүүлэн сэлгүүцдэг гэвэл та итгэх үү. Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрах ГОК-ийн төв байранд өндөр үнэтэй цэвэр цусны хав нохойгоо хөтлөөд, замд тээглэсэн ажилчдыг толгой түрүүгүй загнан таахалздаг болов. Түүнийг мөрийтэй тоглоом тоглож байхад нь цагдаа нар газар дээр нь илрүүлсэн боловч торны цаана суух нь бүү хэл таарсан болгоноо зандчин явааг хараад аргагүй л “том артайг” нь бишрэн өнгөрөхөөс яалтай. Уул уурхайн дэд сайдын сэнтийгээ орхин ирсэн Х.Бадамсүрэнгийн хүү Бадрах ийм том байгаа юм чинь, шахаа хийдгээ орон даяар зарлуулаад авсан УИХ-ын дэд дарга Нямдоржийн хүү Анхбаяр морилон ирэхэд нь бүр хөл алдан угтахаас өөр аргагүй. Төрийнх боллоо гэдэг нэрийн дор түшмэдийнх болсон маргашгүй үнэнийг гишүүд хүртэл хэлээд байгаа шүү дээ. 

Орон нутгийн замд 338 жолооч хурд хэтрүүлэн давхиж амиа алджээ

Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс  зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй, эрсдэлтэйд тооцогддог улсын болон орон нутгийн чанартай автозамуудад зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хяналт, шалгалтыг тогтмол явуулж байна. 

Сүүлийн таван жилийн хугацаанд зам тээврийн ослын статистик судалгаанаас үзэхэд хурднаас шалтгаалсан ослын улмаас 442 хүний амь нас хохирсны 338  буюу 76,5 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна. Харин энэ оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд дээрх шалтгаанаар гарсан зам тээврийн 176 осол  бүртгэгдсэн аж.

Хурд нь зам тээврийн осол гэмтлийн үндсэн шалтгаан юм. Тээврийн хэрэгслийн дундаж хурдыг 1км/цагаар хасахад, осол гарах эрсдлийг 4-5 хувиар бууруулдаг байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 41.2 дах хэсэгт зааснаар “Жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг.

Иймд жолооч та замын нөхцөлд хурдаа зөв тохируулан хөдөлгөөнд оролцож өөрийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангаж, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл