8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Н.Энхбаярын "хүсэл" талаар өнгөрч, ​МАХН-ынхан жагсаж, өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн өдөр

2017-05-15 18:40:00

Та бүхэн юуг их сайн хийж чадаж байна. Түүндээ л илүү их хүчин чадлаа төвлөрүүл. Би залуу учир миний урд олон жил байна гэж бодож байгаа байх. Гэхдээ яг одооноос би юуг илүү сайн хийж чадах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Харин 50, 60 хүрсэн үедээ залууст яаж тусалж чадах вэ гэдэг талаар бодож эхлэх ёстой. Харин 70 хүрэх юм бол наранд биеэ ээгээд жаргаж болно. Тийм учир та бүхэн хэзээ ч битгий гомдоллож бай. Дэлхий өөрчлөгдөж байна. Илүү сайн, илүү эерэг тал руугаа хөгжиж байна гэдгийг бид ойлгох ёстой. Би та бүхэнд өөдрөг сэтгэлгээтэй байцгаа гэдгийг хэлмээр байна.Гэхдээ мэдээж хүн бүр ингэж амьдардаггүй. Өнөөгийн энэ ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Өнөөдөр цаг хугацааны эцэс биш хэмээн Дэлхийн  тэрбумтан Жек Магийн хэлсэн үгнээс иш татлаа.  Та юу хийж амжилтанд хүрэх талаараа төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөөрэй. Харин одоо та бүхэндээ үдэш болгоны энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Ник Ван Бенштон: Стандарт гэдэг нь эрүүл өрсөлдөөнийг бий болгож, үйл ажиллагааг идэвхжүүлдэг

“Авлигын эсрэг хамтын ажиллагааг Монгол Улсад идэвхжүүлэх нь” сэдэвт сургалтын үеэр сургагч багш, Их Британийн банкуудын холбооны санхүүгийн гэмт хэрэг бодлогын захирал, Авлигын эсрэг бие даасан зөвлөх Ник Ван Бенштонтой ярилцлаа.

-Авлигатай тэмцэхийн тулд стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэйг та сургалтын явцдаа нэлээд давтаж хэлсэн. Тэгэхээр ямар стандартын тухай ярьж байна вэ?

-Авлигатай тэмцэх ISO-37001 стандарт өнгөрсөн жил батлагдсан. Энэ нь системийнх гэж ойлгож болно. Нэг талаар уг стандарт мэдээжийн зүйлийг хэлж байгаа мэт боловч маш ойлгомжтойгоор системийг хэрхэн ашиглах вэ гэдгийг зааж өгсөн юм. Ингэснээр хяналт тавьж, шалгахад илүү хялбар болгож байна гэсэн үг. Харин бизнесийнхний хувьд өмнө нь нэг, нэгээр нь хийдэг байсан зүйлийг гуравдагч талаар хийлгэх боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, жишиг бий болсноор бусдаар гүйцэтгүүлэх боломжийг бий болгосон хэрэг юм. Ер нь стандарт гэдэг нь эрүүл өрсөлдөөнийг бий болгож, үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Тиймээс энэ стандартыг суурьшуулснаар бүхий л зүйлийг сайхан болно гэж болохгүй. Аливаа зүйлийг сайжруулахын тулд зүтгэх хэрэгтэй, анхаарлаа хандуулж, идэвхжүүлэх нь чухал юм.  Үнэн хэрэгтээ энэ стандартыг нутагшуулж, дагаж мөрдөх нь асуудлыг цэгцлэхээр хичээж байгаа нэгэн хэлбэр юм.

-Авлига, хээл хахууль гэж хэлэх боломжгүй зүйлийг саарал асуудал гэж тодорхойлсон байсан. Үүнийг тодруулаач?

-Саарал асуудал гэхээр дотоодын хууль тогтоомжийг хэлж болно. Жишээлбэл, авлигатай тэмцэх талаар олон улсад тодорхой болсон хууль бий. Тухайлбал, Англи, Америкийн хуулийг нэрлэж болно. Тус хуульд зааварчилгаа болохуйц тодорхой заалтууд бий. Үүнийг бусад улс орнуудтай харьцуулахад арай өөр байгаа нь саарал асуудал үүсэх алхам болдог. Тэгэхээр нэг орны хүсч байгаа зүйлийг нөгөө улсад нь тулгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, дотоодын хууль тогтоомжтой уялдах эсэхээс хамааран үйл ажиллагаа эрхлэх болдог. Үүний тулд ямар зүйлийг хийж болох, юуг нь хийж болохгүй вэ гэдгийг зайлшгүй тодруулах шаардлагатай. Магадгүй гадны хөрөнгө оруулагч зам барихаар төлөвлөсөн байж болно. Гэхдээ тухайн улсын хуульд юу гэж заасан бэ гэдгийг мэдэхгүй учраас судлах учиртай. Энэ тохиолдолд зөрчилтэй асуудал тулгарч болно. Гэтэл тухайн улсын хуульд энэ талаарх заалт байхгүй бол саарал асуудалд оруулахаас аргагүйд хүрдэг. Энэ мэтчилэн олон жишээ байж болно. Эцсийн дүндээ тодорхой бус зүйлийг л хэлж байгааг ойлгох хэрэгтэй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Жамц баян буюу бидний алдсан боломж

Эдийн засгийн ухаанд алдагдсан боломж /opportunity/  гэх нэр томьёо байдаг. Энэ нь нөөцийн хомсдолт байдлаас шалтгаалан нэг хувилбарыг сонгоход цаана нь үлдэж байгаа буюу сонгож аваагүй хамгийн сайн хувилбарыг хэлдэг юм байна. Энгийн ухаанаар бодоход “Хүргэн хүү” киноны Жамц баяны  дүр өөрийн эрхгүй санаанд буулаа. Авдрынхаа хажуугийн цоорхойг л бөглөчихсөн бол хамаг мөнгөө хулганы хөеө болгуулахгүй л байсан даа. Эсвэл хорин сайхан шараа ижил сүрэгт нь “амьд сэрүүн” байлгасан бол тааваараа нэг байж, хэдэн цаас болж хоёр гуравхан хулганад “зооглуулахгүй” байлаа гэж бодохоор инээд ч хүрэх шиг.

Хэдийгээр харамсавч “Энэ зэргийн юманд хотойх баян биш” гэж хэнэггүй мэт царайлж суудаг Жамц баяны үе эрт өнгөрч, өнөө цагийн нүүрэнд олон боломжийг алдсан монголчуудаа бодохоор инээх ихдэж, ханиах багадаад байх боллоо.Тэр боломжийн нэг нь мөнөөх Тавантолгойн орд газар юм. Монголчуудыг маань хэдэн үеэр нь тэжээж тэтгэх их нөөцтэй гэгддэг Тавантолгойн орд дахь “хар алт”-ны их нөөцийг ашиглах талаар 10-аад жилийн өмнөөс ярьж эхэлсэн ч улстөржилтийн их шуурганд цөөнгүй ширвэгдэж, хэдэн Засгийн газар дамжсан ч бодит ажил хэрэг болсонгүй өдийг хүрлээ. 2015 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлж байсан ч шийдвэр гаргах төвшинд гацаж, яриа хэлэлцээр зогссон байдаг.Түүнийг тууштай үргэлжлүүлэн эцэслэн баталчихсан бол Тавантолгойн бүтээн байгуулалт эхэлж улмаар төмөр замаар нүүрсээ тээвэрлэснээр экспортын хэмжээ нэмэгдэж, татварын орлого тодорхой төвшинд өсөхөөр байсан юм.

Дээр хэлсэнчлэн энэхүү алдагдсан боломжийн өртгийг тооцож үзвэл 6.4 тэрбум ам.доллар буюу 12 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх байлаа. Энэ талаар уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар “Бид цаг хугацаа  их алдаж байна.

Энэ нь эдийн засгаа өсгөх боломжийг тавиад туучихаж байна гэсэн үг.Тодруулбал, алт, зэс, нүүрсний үнэ өндөр байх үед томоохон төслүүдээ хөдөлгөж чадсан бол хөрөнгө оруулалтаар 10 тэрбум, борлуулалтын орлогоор 15-20 тэрбум ам.доллар олох байлаа” гэсэн юм.Улс орны эрх ашигт нийцсэн том бодлого, хөтөлбөрийг ойлгодоггүй юмуу үл ойшоосон эсвэл, гадаад, дотоодын монополь компанийн захиалгаар улстөрчид энэ асуудлыг унагаж байгаа тухай эдийн засагч Ч.Ганхуяг халаглаж байсан. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Н.Энхбаярын "шоу" хэзээ дуусах вэ

Өчигдөр СЕХ нэлээд үймэн шуугиантай бужигнаантай өнгөрлөө. Учир нь Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан хугацаанд багтан улс төрийн намуудаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг бүртгэсэн байна. Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэсэнгүй. Түүнийг бүртгэхгүй байх хэд хэдэн шалтгаан хэмээн мэдэгдэж багагүй үймээн дэгдлээ. Тодруулбал,
 1. Нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу. Тухайлбал, хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй.
2. Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, ялтайд тооцох хугацаа дуусаагүй. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах аж.
3.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны 8 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзэж бүртгэхээс татгалзсан байна.
Үүнийг эсэргүүцсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, Ц.Шаравдорж нарын тэргүүтэй МАХН-ын гишүүд багагүй үймээн дэгдээв. Түүнийг бүртгэхгүй байх нэг биш нэлээд хэдэн шалтгаан байгаа талаар дээр дурьдсан. Тус шаардлагыг яагаад хангаагүй талаар мэдээлэл өгье.


ШАЛТГААН 1. Н.ЭНХБАЯР СОЛОНГОСТ 390 ХОНОГ АМЬДАРЧЭЭ 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Эх орондоо байнга оршин суугаа буюу Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураах өдрөөс өмнөх хуанлийн 5 жилийн хугацаанд тасралтгүй 6 сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй, Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш тус Улсын харьяат хэвээр байгаа Монгол Улсын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ хэмээн үндсэн хуулинд заасан байдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Төрөлхийн зүрхний гажигтай 100 хүүхдийг эмчилнэ

БНХАУ-ын “Улаан загалмай” нийгэмлэг төрөлхийн зүрхний гажигтай монгол хүүхдүүдийг эмчлэх хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болжээ.Хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Өвөронголын өөртөө засах орны өндөр зэрэглэлийн эмч нар Монголд ирж үзлэг явуулах бөгөөд дараа нь сонгогдсон 100 хүүхдийг БНХАУ-д хагалгаанд оруулах юм байна.

Энэ хөтөлбөрийг Хятадын улаан загалмай нийгэмлэг “Бүс ба зам” санаачилгад хамрагдсан бүх орнуудад хэрэгжүүлэх ажээ.

Хүүхэд төрүүлсэн оюутанд нэг жилийн тэтгэмжтэй чөлөө олгоно

УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн чуулганаар Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийг баталсан. Энэхүү хуулиар 0-6 насны хүүхдэд эмчийн зааваргүйгээр нэмэлт тэжээл өгөхийг хориглосон юм.

Тэгвэл хуулийн төсөлд бас нэгэн заалтыг шинээр нэмсэн нь “Эхийн сүүгээр хооллох хүүхдийн эрхийг хангах, тэднийг өвчнөөс сэргийлэх, эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, гэр бүл төлөвлөлтийг хангах зорилгоор хүүхэд төрүүлсэн оюутанд тэтгэмжтэй нэг жилийн чөлөө олгоно. Оюутны жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг жил ажилласан гэж тооцох ба оюутны үндэсний тэтгэлэгийг цуг олгоно” хэмээн заажээ.

С.Нарангэрэл МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү

Өнгөрсөн амралтын өдөр  СЕХ-ноос МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг бүртгэсэн ч МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг гурван шалтгаанаар бүртгээгүй. Намуудыг бүртгэх хугацаа дуусч, энэ сарын 17-нд буюу нөгөөдөр улсын хэмжээнд олон нийтэд зарлахаар болсон. Гэхдээ МАХН-ын хувьд Н.Энхбаярыг бүртгээгүй учир өөр нэг нэр дэвшигчээ бүртгүүлэх боломжтой юм. Тэгвэл Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ байгаагаа илэрхийлж, намынхандаа албан бичиг илгээсэн байна. Тэрбээр "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр Бага чуулганд нэрийг минь оруулж байсанд талархаж байна. Одоо дахин нэрийг минь дэвшүүлвэл татгалзах зүйлгүй. Бэлэн" гэх утгатай албан бичгийг илгээжээ. Эх сурвалжийн мэдээлсэнээр МАХН Бага чуулганаа хуралдуулж, уг асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын ажилтан хүн зодож танхайрчээ

Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "River sounds" цэнгээний газарт Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын ажилтан  М.Б бусдыг зодож танхайран хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ.

Түүнд зодуулсан иргэн ухаангүй ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тодруулбал хохирогчийн тархинд цус харавсан, гавлын яс цуурсан, хамар цөмөрсөн, уруул сэтэрсэн бөгөөд эмчилгээ хийлгэж байна.

Хэрэг болох үед Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын ажилтан  М.Б согтуу байсан бөгөөд өмнө нь танхайн хэрэг үйлдэж байсан нэгэн гэнэ.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж эхлээд байна. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

МАХН-ынхан жагсаж, өлсгөлөн зарлана гэв

Сонгуулийн ерөнхий хорооны  хуралдаанаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцээд, МАХН-ын дарга Н.Энхбаярыг тус сонгуульд нэр дэвших боломжгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Харин МАХН-ын зүгээс сонгуульд шударгаар өрсөлдөх боломжийг олгох ёстой гэж үзсэний үндсэн дээр жагсаал хийж, тэмцлээ үргэлжлүүлэн өлсгөлөн зарлана гэдгээ хэллээ.  Тус намын гишүүд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандаж, Тусгаар тогтнолын талбайд жагсаал зохион байгуулах эрх хүсэхээр болов.

Ноолуур 54-67 мянган төгрөгийн ханштай байна

Энэ хавар ноолуурын ханш нэлээд өндөр байсан. Анх гарч байхдаа 100 мянга давж байсан ноолуурын ханш  буурч эхэлсэн байна. Тодруулбал өчигдрийн  байдлаар Улаанбаатар хотод нэг килограмм нь 57000-66000 төгрөгийн үнэтэй байлаа.
     
Харин хөдөө орон нутгийн ханшийн мэдээгээр:
 
•    Булган аймаг 58000
 
•    Төв аймаг 57000
 
•    Дундговь аймаг 56000
 
•    Өмнөговь аймаг 59000
 
•    Дорноговь аймаг 56000
 
•    Сүхбаатар аймаг 55000
 
•    Хөвсгөл аймаг 67000
 
•    Архангай аймаг 65000
 
•    Өвөрхангай Хархорин 64000
 
•    Өвөрхангай аймаг 61000
 
•    Баянхонгор 63000
 
•    Завхан аймаг 62000
 
•    Говь Алтай аймаг 60000
 
•    Баян-Өлгий аймаг 54000
 
•    Ховд аймаг 60000 төгрөгийн ханштай байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл