Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам улс төржилт нэлээд ширүүсэх төлөвтэй байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явдлын хажуугаар ёс зүйгүй үйлдэл ч хэрээс хэтэрлээ. Өнөөдөр гэхэд нийгэмд дуулиан шуугиан тарьсан үйл явдал нэг биш нэлээд хэд гарлаа. Тодруулбал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор ярилцлага өгч байх зуур талбайн дэргэдүүр өнгөрч явсан иргэн "Ард түмэн ядарч байна за юу" гэж хэлээд салаавч үзүүлсэн үйл явдал боллоо. Үүний хажуугаар төрийн ордонд улс төрийн намуудын зөвшилцөл явагдаж байх үед МСДН-ын дэд дарга Д.Энхзаяа МНН-ын О.Бум-Ялагчруу дунд хуруугаа гаргаж, дургүйцэлээ илэрхийллээ. Мөн МАХН-ын дэмжигч амиа хорлохыг завдсан гээд нэлээд хар өдөр өнгөрлөө.
Хүрч болдоггүй мод гэж байдаг
Хөндөж болдоггүй газар гэж байдаг. Түмэн олон минь хажуугаар нь өнгөрөх дөө хүртэл мөргөж залбирч өнгөрдөг төрийн ордонд өнөөдөр дуртай нэг нь архи ууж, дуртай нэг эмэгтэй нь дунд хуруугаа гозолзуулаад сууж байна. Архи ууж байна, тамхи татаж байна. Энэ үйл явдлаас монгол төрийн босго өнөөдөр ямар болсоныг бид харж болно.
Алга дарам газрынхаа төлөө ч
Амиа өргөн тэмцэж явсан
Өнгө мөнгөнд хууртаагүйӨвгөдийн мэргэн ухаан хаачив.
Төрийн түшээд минь түмэн олон чинь ядарч байна. Хоосон улс төрөө больж, одоо л ажиллах цаг чинь ирлээ. Одоо ажиллахгүй юм бол ахиж цаг хугацаа олдохгүй. Ингээд та бүхэндээ Монголын нэг өдөр тоймоо хүргэж байна.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх дөрвөн хүний нэрсийг тодрууллаа. Тодруулбал, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, МАХН-ын гишүүн Д.Энхжаргал нарыг өрсөлдүүлэхээр болсон байна. . Ийнхүү дээрх нэр бүхий дөрвөн эрхмийг намынхаа Бага чуулганаар хэлэлцүүлж, нууц хураалтаар тодруулах аж. Тус намын бага чуулган хуралдаж эхэллээ.
Өчигдөр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын Байнгын хорооны хуралд согтуу оролцсон бичлэг цацагдлаа. Энэ талаар Д.Дамба-Очир гишүүн даралт ихэссэн, биеийн байдал таагүй байсан гэсэн хариултыг өгсөн байна. Учир нь эрхэм гишүүн юу ярьж байгаагаа ч мэдэхгүй болтлоо даралт ихэссэн гэнэ. Ер нь энэ мэт гишүүдийн төрийн ордонд архи ууж, тамхи татаж буй бичлэг нэлээд хэд гарлаа. Өмнө нь УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг нар мөн л төрийн ордонд архи ууж, согтуу байсан нь ил болсон. Олон удаагийн энэ үйлдэл Ордон руу орох босго журмаа өөрчилхийг удаа дараа сануулж байна.
Мэдээж төрийн түшээ хүн наад захын үлгэр жишээтэй, ёс зүйтэй байх хэрэгтэй. Үлгэр жишээ байдал битгий хэл биеэ зөв ч авч явж чадахгүй төрийн түшээд УИХ-ын танхимд заларсаныг олон удаагийн жишээнээс харж болно. УИХ-ын гишүүд бол хууль санаачлах батлах үүрэгтэй. Ард түмний сайн сайхан байдал хамгийн дээд хууль мөн” хэмээн маш эрт үед нэгэн ухаантан айлдсан байдаг. Хүний эрх хангагдаж, сайн хууль хэрэгжих нь төрийн толгойд заларч буй эрхмүүдээс маш их хамааралтай байдаг. Гэтэл эрхэм гишүүд өөрсдийнхөө баталсан хуулийг хэрэгжүүлдэггүй бас дээрээс ямар ёс зүйтэй вэ гэдгийг хамгийн сүүлийн жишээ Д.Дамба-Очирын энэ үйлдэлээс харж болно. Хуулиндаа төрийн ордонд архи ууж, тамхи татсан нь ил болсон бол 50-100 мянган төгрөгний торгууль төлдөг хуулийн заалттай. Гэхдээ энэ нь нэр төдий. Учир нь эрхэм гишүүдэд ёс зүйн хариуцлага дутаж байна. Ер нь төрөө хүндэлдэггүй төрийн түшээ бидэнд хэрэгтэй юу. Д.Дамба-Очир гэх эрхэм тийм ч нэр цэвэр биш нэгэн. Сүүлийн үед Д.Дамба-Очирын хуучин хэргүүдийг АТГ-ын анхаарлыг татаж эхэлсэн гэсэн мэдээлэл байгаа. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хууль хяналтынханд хэд хэдэн удаа шалгагдаж байсан байдаг. Бүр 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод удаагүй байхдаа “Анод” банкны хэргээр шалгагдаж эхэлсэн. Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн 156.2-т зааснаар шунaхайн сэдлээр буюу хувийн ашиг сонирхлын үүднээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо болон банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн хэмээн АТГ-аас түүнийг шалгаж байсан.
Д.Дамба-Очир “Анод” банкийг байгуулах үед дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор багагүй мөнгө төвлөрүүлсэн аж.Тэрбээр тус банкинд төвлөрүүлсэн хадгаламжаа эргүүлэн татсан, олон тэр¬бум төгрөгийн зээл авсан зэрэг нь банкны үйл ажиллагаанд нөлөөлсөн хэмээн буруутгагдаж шалгагдаж байв.“Анод” банк¬ны чанаргүй зээлдэгч¬дийн жагсаалтад түүний эзэмшиж бай¬сан “Очир төв” хамгийн эхэнд бичигд¬сэн байдаг юм байна лээ. “Анод” банкийг дампууруулах гол ажлыг Д.Дамба-Очир хийсэн гэж тухайн үед банкны захирлууд мэдэгдэж байсан. Мөн “Анод” банкнаас авсан зээлээ эргүүлэн төлсөн үгүй нь одоог хүртэл тодорхойгүй байдаг. Тэгээд зогсохгүй “Анод” банкны удирдлагууд хорих ялаар шийтгүүлж байхад Д.Дамба-Очир ял шийтгэлгүй хоцорч байсан.
Одоогоос хэдэн жилийн өмнө Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн 106.2 километр замын тендерийг Д.Дамба-Очирын "Очир төв" компани авсан. Ингээд тус компанийнхан Лүнгийн замын хатуу хучилтыг хуулж хаясан юм. Тэр 106 километр замыг долоон жилийн турш барьсан. Барихдаа чанарын шаардлага хангаагүй, зураг төслийн дагуу бариагүй гээд бөөн асуудал босч ирсэн. Тус зам дээр олон хүн алтан амиа алдаж, үлдсэн эхнэр, үр хүүхдүүд нь “Хархорин” зах дээр гуйлга гуйгаад амьдарч байгаа жишээ ч байна. Харамсалтай нь тус замыг АТГ-ынхан шалгаагүй өнгөрсөн. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
“Автомашингүй өдөр” ирэх бямба гарагт буюу тавдугаар сарын 20-нд болно.
Манай улс энэ өдрийг найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. “Автомашингүй өдөр” “Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Тэмцээнийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.
Мөн “Автомашингүй өдөр” зах, томоохон худалдааны төвүүд ажиллахгүй.
"Лантуун дохио" ТББ-ын гишүүн МУИС-ын Хууль зүйн сургуулийн оюутан Б.Төгс нүүр номондоо нэгэн зар тараажээ.
Тэрбээр "Шэйр хийж тус болно уу!
Их хэмжээний мөнгөө хаясан хүнийг хайж байна!
5сарын 15-ны орой 21н цагийн орчим Налайх-Багшийн дээд гсэн автобуснаас 64-н буудалд буухдаа их хэмжээний мөнгөө унагаасан эгчийг хайж байна. Ямар их шаналж уйлж байгаа болдоо гэж бодохоос өр өвдөөд байхын таны мөнгийг цагдаад өгсөн байгаа шүү. Эзэн нь хэрвээ байвал Налайх дүүргийн цагдаагийн хэлтэстэй холбогдох юм уу 80022112 гсэн утас руу залгана уу!" хэмээсэн байна.
Мөнгөө хаясан хүн байвал Б.Төгстэй Т. Төгс болон Налайх дүүргийн цагдаагийн хэлтэстэй холбогдон мөнгөө авах боломжтой юм байна.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
Олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Байнгын хорооны хурал дээр согтуу байв уу гэсэн тайлбартай бичлэг нэлээд дуулиан тарьсан.Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир энэ талаар тайлбар хийсэн байна. Тэрбээр “Тэр үед оройны 23 цагийн үед хурал болсон. ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотойгоор яаралтай хэлэлцэх ёстой гээд. Миний хувьд тэр үед бие тааруухан байсан учраас тариа хийлгэсэн байсан. Даралт дээшээ, доошоо болсноос болоод хэл ярианд өөрчлөлт орсон байна гэж хүмүүс хэлж байсан. Түүнийгээ би өөрөө ч мэдээгүй. Би архи уудаг хүн биш” гэв.
Нярай хүүхдийн хоол хүнсийг зохицуулсан хууль өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр батлагдсан. Тус хуулинд 0-6 сартай хүүхдээ зөвхөн эхийн сүүгээр хооллоно, үгүй бол торгуулахаас эхлээд эрүүгийн хариуцлага хүлээж мэдэхээр заалт батлагсдан. Хуулиар хүүхэд хоёр нас хүртлээ заавал эхийн сүү хөхөх ёстойг иргэдэд таниулж, улмаар хуульчилж өгч байгаа юм. Тус хуулинд орсон энэхүү заалтыг ард түмэн болон эхчүүд маш ихээр эсэргүүцэж байна. Учир нь эх хүн өөрөө хангалттай сүүтэй бол хөхөөрөө хооллодог. Гэхдээ төрсний дараа эхийн биеийн байдал болон янз бүрийн шалтгаанаас үүдээд хөхний сүүний гарц муудаж болохыг хэн ч урьдчилж таамаглаж болохгүй. Сүү сайтай бол ямар ч эх хүүхдээ хөхөөрөө хооллох нь мэдээжийн хэрэг. Сүү муутай эхчүүд хүүхдээ хөхөөрөө хооллоогүйн төлөө торгуулах, ямар нэгэн хариуцлага хүлээх болчихлоо. Цаашлаад хүүхдээ хөхөөрөө хооллож байна уу, нэмэлт тэжээл өгч байна уу гэдгийг цагдах юм гэнэ. Үүнээс гадна 0-6 сартай хүүхдэд өгөх нэмэлт тэжээлийг хуулиар хориглож, импортыг хатуу хянахаар боллоо. Мөн дээр нь дэлгүүр, худалдааны төвд зарах эрх хумигдаж таарах нь. Үүнийг дагаад хэн нэгний бизнес цэцэглэх нь мэдээж. Хамгийн гол нь энэ хууль амьдралгүй “хууль”. Сүү муутай эхчүүд хуулиар хориглосон гээд нэмэлт тэжээл өгөхгүй хүүхдээ хэрхэн яаж өсгөхийг эрх баригчид тооцоолсонгүй.
БЗД-ийн нутаг дэвсгэр Энхтайвны өргөн чөлөө, “Жуковын хөшөөний урд замд өчигдөр /2017.05.15/ “Toyota prius 20” маркийн автомашины онхолджээ.Тус автомашины жолооч С нь амины Ssangyong istana Э жолоочтой автомашинтай мөргөлдсөн байна.Ослын улмаас зорчигч 39 настай С, 30 настай С, 5 настай Э, 1 настай Г, 2 настай Э нарын 3 хүүхэд 3 том хүн гэмтжээ.
Энэ сарын 12-нд буюу хоёр хоногийн өмнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЕБС-ын сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Д.Т нь сургуулийнхаа үзүүртэй төмөр хашаанд нэвт сүлбэгдэж амь насаа алдсан ноцтой хэрэг гарчээ.
Эх сурвалжуудын хэлж байгаагаар талийгаач Д.Т нь хичээлээ тараад сургуулийнхаа хашаанд тоглож байсан, хүүг хашаа давах гэж байхад нь хажуу талаас нь цуг тоглож байсан хүүхэд түлхснээс хажуу бөөрнөөсөө нэвт сүлбэгдэн эмнэлэгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амь насаа алдсан талаар өгүүлж байна. Энэ хэргийг одоогоор эцэслэн тогтоогоогүй бөгөөд цуг тоглож байгаад нэгнээ түлхсэн сурагч болон сургуулийн удирдлагууд, багш нарыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.
Харин Ханбогдчууд дээрх золгүй явдалд сургуулийн удирдлагууд болон холбогдох шатны боловсролын дээд байгууллагыг буруутгаж байна. Учир нь Ханбогд сумын дунд сургуульд талийгаач хүүгийн үхлээс гадна хэдхэн хоногийн зайтай хоёр ч хүүхэд хүнд гэмтэж бэртжээ. Тэрээр хүүг өнгөрдөгөөс хоёрхон хоногийн өмнө бага ангийн сурагч Г. Н нь сургуулийнхаа хоёр давхрын шатнаас унаж толгойдоо хүнд гэмтэл авсан бол 10 гаруй хоногийн өмнө мөн л завсарлагаанаар гарч гүйсэн хүүхэд гараа хугалж бэртсэн хэрэг гарчээ.
Мөн үүнээс гадна сургуулийн ажилчид дунд дарамт шахалт, хардлага, жалга довны үзэл хэрээс хэтэрч, хүүхдүүдийн буруутай үйлдлийг жирийн багш нарт тохох, үүнээс болж багш нар нь ажилдаа явахаас хүртэл жийрхдэг болсон талаар эх сурвалжууд хэлж байна. Энэ мэт Ханбогд сумын ЕБС-ын сургуулийн дотоодох зөрчилдөөн дотроосоо халилгүй өрнөж байна. Харин бодит байдлыг сургуулийн захирал А. Сумъяабаяр, сургалтын менежер Ж.Одгэрэл болон хэсэг бүлэг албан тушаалтнууд нь хав дардаг аж.
Тэгвэл энэ удаад мөн амиа алдсан хүүгийн үхлийн талаар сургуулийн удирдлагууд нь "гадагш нь ганц үг ганхийлгэж болохгүй" хэмээн үүрэгдсэн гэсэн мэдээлэл байна.
“Эрдэнэт”-ийг шил шиг тунгалаг, ариун байлгах амлалт юу болов, Бадмаа дарга аа
Дарханд уул уурхайн чиглэлийн бизнес эрхэлдэг танил маань Оюутолгойн нээлттэй худалдан авалтын сайтад бүртгүүлэх талаар сонирхон асуув. Тус компанитай хамтран ажиллах хүсэлтэй, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой хэн бүхний нэвтэрч болдог вэб сайтыг хэрэг болгон асууж, Оюутолгой компанитай л хамтарч ажиллаад эхэлчихвэл чухам л “тэнгэрийн умдаг” атгасан юм шиг болно хэмээн ярилаа. Дарханаас хаа байсан өмнийн говьд байгаа Оюутолгойг сонирхож, тэнд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтэйг нь сонсоод гайхсанаа нуух юун. Хажууханд нь Оюутолгой шиг том орд газартай Эрдэнэт гэх үйлдвэр байхад өмнийн говь руу зардал чирэгдэл болж бараа нийлүүлэх гэж зүтгэдэг түүний хүсэл олон хүний гайхшийг төрүүлэх нь дамжиггүй.
Чухам ямар шалтгаанаар Оюутолгойд нийлүүлэх гэж улайрч буйг нь тодруулахад танил маань “Үгүй чи боддоо. Хувийн хэвшилд хаалгаа нээдэггүй Эрдэнэтэд бараа нийлүүллээ гэж бодъё. Хүмүүс намайг энэ хэн гэж улстөрчийн шахааны бизнес хийж яваа “бууны нохой” бол гэж харна, хардана. Харин Оюутолгойд би бараа нийлүүлдэг компанитай гэвэл хүмүүс намайг тэр том үйлдвэрийн чанарт нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг мундаг залуу юм даа гэж харна. Ялгаа ийм л байна” хэмээн амыг маань таглаж билээ. Үнэхээр л адилхан уул уурхайн компани атлаа “Эрдэнэт”, Оюутолгой хоёрт асар их зөрүү байдгийг эндээс харж болохоор.
Оюутолгой бол хувийн хэвшилд дийлэнх хувь нь байгаа уул уурхайн компани. Харин “Эрдэнэт” бол хэдхэн дарга нарын мэдэлд байгаа 100 хувь төрийн өмчит компани. /хувийн хэвшлийн оролцоо байсан ч төр хүчээр булаасан/. Тэр ч утгаараа Оюутолгойд хэн бараа нийлүүлж, хэдэн төгрөгөөр бүтээгдэхүүнээ зарж, хэрхэн ашигтай ажиллахыг хувийн хэвшлийн компани өөрөө шийднэ. Тэд хямд зардлаар ашигтай ажиллах зарчмыг баримталдаг. Оюутолгой компанийн албан ёсны вэб сайт буюу http://ot.mn сайт руу нэвтэрч хэдэн төгрөгөөр ямар бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой талаар мэдээлэл авч, мөн өөрсдийн бүтээгдэхүүнээ нийлүүлэх хүсэлт гаргах бүрэн боломжтой аж. Ажилчдын бээлийгээ ч тус компани нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, худалдан авдаг нь дээрх сайт руу ороход тодорхой байгаа юм. Дугаар хорооны Дулмаа та чанартай даавуун бээлий үйлдвэрлэж чаддаг л бол Оюутолгойд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой гэдэг нь хамгийн сайхан юм билээ. Миний танил шиг олон зуун залуус өөрсдийн хийсэн бүтээгдэхүүн, бүтээлээ шударгаар үнэлүүлж, эх орондоо сайхан амьдарч байгаа нь худлаа биш.
Харин “Эрдэнэт” үйлдвэрт хэн бараа нийлүүлж, ашигтай ажиллах уу гэдгийг хэдхэн дарга нар шийддэгээрээ ялгаатай. Цаашлаад, даргын шахааны бизнес чухал болохоос хямд зардлаар ашигтай ажиллах эсэх нь огт хамаагүй. Төрийн өмчит компаниудад бичигдээгүй хууль болтлоо хэрэгжсэн энэ тогтолцоо “Эрдэнэт” үйлдвэрт ч хэрэгжиж эхлэх нь тодорхой байгаа. Жишээлбэл, албаны хэрэгцээний бэлгэвч, 51.2 сая төгрөгийн чулуун арслан, 56 сая төгрөгийн массажны сандал, 60 ам.долларын белазны дугуй /бодит үнэ нь 20 ам.доллар/, нэр бүхий улстөрчийн нийлүүлсэн 100 сая төгрөгийн түлхүүрний оосор, 85 сая төгрөгийн үнэ бүхий гоёлын цаг, тоглоомын талбайгүй атлаа тоглохоор бэлтгэсэн теннисний бөмбөг зэрэг хэрэгцээгүй шахаануудаас бэлхнээ харж болно.
Энд Оюутолгойг онцолж магтахыг хүссэнгүй. Гагцхүү “Эрдэнэт” үйлдвэр Оюутолгой шиг нээлттэй ил тод үйл ажиллагаа явуулдаг бол хэчнээн их наяд төгрөг дарга нарын халаасыг зузаалахад бус ард түмний амьдралд зарцуулагдах байсныг хөндөхийг хүссэн хэрэг. Үгүй ядахдаа л компанийн хөрөнгийг хэн хаашаа хэрхэн зарцуулж, хэдэн төгрөгийн цалин авдаг нь ил тод байж болох байлаа. ОХУ-тай хамтран хувь эзэмшиж байхдаа ч Эрдэнэтийн худалдан авалт, бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг жижиг аж ахуйн нэгжийн нэр, данс тооцоо ил байгаагүй. Магад хоёр улсын гэрээнд нууц байхаар тохиролцсон байж мэдэх юм. Тэгвэл одоо яагаад ил болж болохгүй байна вэ. Эрдэнэт 100 хувь төрийн мэдэлд шилжсэн. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниудтай адилхан тендерээ ил тод зарлаж, хэдэн төгрөгийн гүйлгээг хэн хаашаа шилжүүлж буйг олон нийтэд ил тод мэдээлэх учиртай. Төрийн өмчийн мэдэл шилжиж, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа л бол тэд Шилэн дансны хуулиа хэрэгжүүлж, нээлттэй ажиллах хэрэгтэй. Уг нь энэ амлалтыг тус компанийн дарга Х.Бадамсүрэн сэтгүүлчдэд тайлбар хийхдээ өгснийг ард түмэн мэдэж буй. Тэрбээр, Уул уурхайн яаманд мэдээлэл хийх үедээ “Эрдэнэт үйлдвэр шил шиг тунгалаг, ариун байх болно. Нэг ч улстөрчийн шахааны бизнесийг авахгүй. Шилэн дансаа хэрэгжүүлдэг, хэдэн төгрөг хаашаа юунд зарцуулсныг ил тод тайлагнана” хэмээн амласан удаатай. Энэ амлалтыг өгснөөс хойш сар орчмын хугацаа өнгөрчихөөд байхад эрхэм даргын үйлдвэрт Шилэн дансны хууль хэрэгжсэнгүй.
Уншигч та “Эрдэнэт” үйлдвэрийн албан ёсны вэб сайт руу зориуд хайлт хийж ороорой. Сайтын дээд буланд байрлах “Шилэн данс” цэсийг нээгээд ороход “Уучлаарай таны хайсан хуудас олдсонгүй” гэсэн бичиг гарч ирдэг. Худалдан авалт хэсэгт ч нээлттэй тендер зарласан тухай нэг ч мэдээлэл алга. Уг нь энэ компанийн 49 хувийг эзэмшиж байсан хувийн хэвшлийн төлөөлөл Оюутолгой шиг зарчмаар ажиллана гэдгээ удаа дараа илэрхийлж, бүх худалдан авалт нээлттэй, данс тооцоо ил байх зарчмаар ажиллахаар төрийн төлөөлөлтэй ярилцсан юм билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.