8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Б.Төгс 25 сая төгрөг олоод эзэнд нь эргүүлж өгч, 29-р сургуулийн сурагч багшийгаа зодож танхайрсан өдөр

2017-05-17 18:40:00

Сэтгэл бол хүний ертөнцийн шууд тусгал юм. Сэтгэл бол далайн давалгаа мэт долгилж, зүрх мэт лугшиж байдаг. Ийм л сайхан сэтгэгдэл төрүүлсэн нэгэн сайхан өдөр өнгөрч байна. "Лантуун дохио" ТББ-ын гишүүн МУИС-ын Хууль зүйн сургуулийн оюутан Б.Төгс нүүр номондоо нэгэн зар тараасан нь олны анхаарлыг татсан билээ. Тэрбээр "Их хэмжээний мөнгө хаясан хүн байвал мөнгөө Налайх дүүргийн цагдаагийн хэлтэсээс ирж авна уу" гэсэн зарыг өөрийн нүүр хуудаснаа тавьсан билээ.

Б.Төгс тавдугаар сарын 15-ны орой 21-н цагийн орчим "Налайх-Багшийн дээд" гэсэн автобусанд сууж явахдаа 25 сая төгрөг олсон байна. Зарын дагуу  эзэн нь олджээ. Мөнгөө хаясан эмэгтэй одоогоор хүүхэд нь өвчтэй эмнэлэгт байгаа бөгөөд дараа долоо хоногт Цагдаагийн хэлтэсээс очиж мөнгөө авахаар болжээ. Энэ өдөр оюутан Б.Төгс гэх охиноор бахархах, өмнөөс баярлах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэж ардын мэргэн үг байдаг. Мөнгөө алдаж шаналж яваад тэр хүнийг баярлуулж мөнгийг олж өгнө гэдэг хэн хүнээс гарахгүй ухаан. Энэ сайхан сэтгэлийн хариу хэзээ нэгэн цагт түм бум болж буцах ирнэ гэсэн сайхан ерөөлөөл өнөөдрийн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

А.Цогцэцэг сайдад хөхний сүү хуульчлахаас өөр ажил байна уу

Өнгөрсөн жил эхчүүдийг дэмжих үүднээс “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн таатай мэдээлэл гарч, энэ талаар засгийн газар ч удаа дараа хуралдаж байсан. Гэтэл хэдхэн  сарын дараа  ээжүүд хүүхэд  төрүүлж, өсгөхдөө торгуулж, донгодуулах хуультай боллоо. Учир нь өнгөрсөн тав дахь өдөр УИХ-ын чуулганаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав. Ингэснээр 0-6 сартай хүүхдэд эхийн сүүнээс өөр ямар ч нэмэлт бүтээгдэхүүн өгөхгүй байхыг хуульчилсан. 


Хэрэв хууль дагаж мөрдөөгүй тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар шийтгэх шийтгэлтэй. Хуулийн нэр томьёогоор нь дурдвал Нялх, балчир хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн 19.2-т зааснаар “...энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ. 


Энэ хуулийг санаачиж батлуулсан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эх үрийн хоорондох зан үйлийг хуулиар зохицуулах гэж байгаа учраас олон нийтийн шүүмжлэлийн бай болоод байна.  Дөнгөж төрсөн нялх биетэй ээж өөрийгөө ч үл хайхрам үрдээ ангир шар уургаа амлуулж аль болох хөхөөрөө хооллохыг хичээдэг. Гэхдээ зарим нялх биетэй ээж болон нярай хүүхдийн биеийн байдлаас болоод хөхөөрөө холлож чадахгүй эхчүүд ч байгаа. Хоол хайгаад шувууны ангайхай шиг амаа өмөлзүүлэн байгаа нялх үрээ хараад ямар ч эх сүүгүй ч гэсэн хоосон хөхөө хөхүүлдэг. Энэ зовлонг хөхний сүү муутай ээж болгон ойлгоно.  Гэтэл эрхэм сайд өөрөө эх хүн байж, харгис хатуу хуулийг дэмжиж батлууллаа. 

 Хуулийн хэлэлцүүлгийн үеэр  УИХ-ын гишүүн М.Билэгт хэлэхдээ “Нийгэмд мартагдсан зарим зан үйлийг хуулиар зохицуулах ёстой. Одоо манай эцэг, эхчүүд бараг л ямар брэндийн сүүгээр хүүхдээ хооллож буйгаараа уралддаг болж. Эхийн сүүг орлуулах ямар ч бүтээгдэхүүн байхгүй. Дөнгөж төрсний дараа сүү муу баймагц манайхан шууд л сүү орлуулагч хэрэглэх гэдэг болчихож. Төрсний дараах нэг, хоёр хоногт хүүхэд уйлахад хөхөө навшуулж байгаад сүү оруулдаг байхгүй юу. Хүүхдээ уйлуулж байгаад ч хамаагүй хөхөө навшуулаад байвал сүү ордог юм” хэмээн хичээл “заав”. Ер нь ямар ч эцэг хүүхдээ яаж хөхүүлэхээ эрхэм гишүүдээр заалгахгүй. Хууль батлаад зогсохгүй бас эхчүүдэд бас хичээл заагаад амжив. 

Үүнээс гадна одоогийн хуулиар сүү орлуулагчыг эмчийн бичгээр олгох тухай заалт орсон. Өмнө нь сүү татарсан, сүү муутай эхчүүд сүү орлуулагчийг хамгийн ойр  газраасаа түргэн шуурхай аваад хэрэглэдэг байсан бол шинэ хуулиар эмчийн бичгээр авч байхаар болсон. Одоо эцэг эхчүүд үр хүүхэдээ асран хамгаалахаас гадна эмнэлэг явж эмчийн бичгэнд оочерлодог болох нь. Сайдынхаар бол эмчийн дүгнэлт хүлээж хүүхдээ харангадуулах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

О.Баасанхүү: С.Ганбаатарыг МАХН-аас нэр дэвшвэл, намаасаа гарна

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Эл шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “МАХН-ын Бага чуулганаар олонхийн саналаар Босоо гэгддэг Ганбаатарыг дэмжсэн гэдгийг дууллаа. Өчигдөр оройг хүртэл С.Ганбаатар руу залгаад МАХН-аас нэр дэвших үү гэдэг асуудлыг ярьж байсан. Миний хувьд намын Бага чуулганд өөрийн байр суурийг илэрхийлж байсан.

Төрийг барих зангарагтай, хуулийг ясчлан биелүүлэх, нэр цэвэр хүн нэр дэвшээсэй гэж хүсэж байсан. Нам дээр ирээд нэг цаг 30 минутад сэтгэлийн хөөрлөөр нэр дэвшье гэж хэлсэн хүнийг дэмжих тухай ойлголт байхгүй. Намын харьяаллын хувьд МАХН, дорж хаяж нам бус гэдгээ баталгаажуулсан хүн байх ёстой гэж ойлгож байгаа.

Боловсролын талаас харвал гавьяат хуульч, доктор профессор С.Нарангэрэл гэдэг хүний нэрийг оруулж ирж байсан. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан гээд дурьдвал нэлээд туршлагатай улстөрч. Гэтэл дээд боловсролтой эсэх гадаадад сурч байсан эсэхээ худлаа тавьж байсан гээд хэвлэлээр бичигдэж байсан ийм хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь буруу гэж бодож байгаа.

Хуульзүйн хувьд ч боломжгүй, Үндсэн хуулийн хувьд ч боломжгүй гэж харж байна. Би УИХ-д сууж байгаа намын гишүүний хувьд  байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчийг дэмжихгүй багаагаа илэрхийлж байна.

Намайг улстөрийн хөдөлгөөн хийх нөхцөл байдалд битгий хүргээсэй. Хатуухан хэлэхэд намаасаа гарах нөхцөл байдал руу МАХН-ын удирдлагууд битгий түлхээсэй гэж хүсэж байна” гэСэн мэдээллийг хийлээ. 

29-р сургуулийн сурагч багшийгаа зодож танхайрчээ

Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагчид өнгөрсөн хугацаанд  суралцах эрхийнхээ төлөө тэмцэж нэлээдгүй шуугиан тарьсан. Хэсэг хугацаанд нам чимээгүй байсан тус сургуулийн асуудал дахин сөхөгдөж эхэллээ. Өнгөрөгч долоо хоногт нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийн сурагч багшийгаа зодож танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус сургуулийн 10 дугаар ангийн сурагч  Н өөрийн амьдардаг дотуур байрны жижүүр багштай хэрэлдэж, нүүрэн тус газар нь цохиж гэмтээсэн хэрэг гарчээ. Багш нь тус сурагчид шаардлага тавьсан ч эсэргүүцэж, нүүрэн тус газар нь цохиж гэмтээсэн байна. Мөн тус сурагч  дотуур байрныхаа хаалгыг эвдэлж, танхайрсан учир дотуур байрны сурагч цагдаад дуудлага өгчээ.

Хоёрдугаар амаржих газарт амаржихаар очсон эх учир битүүлгээр амиа алджээ

Нийслэлийн II амаржих газарт эрүүл, саруул амаржихаар очсон бүсгүй учир битүүлгээр амиа алдсан хэрэг энэ сарын 3-ны өдөр гарчээ. Эмч нар бүсгүйг амьсгал хураах үед хэвлий дэх хүүхдийг нь кесерова хагалгаагаар гарган авсан байна. Учир нь охин хүчилтөрөгчийн архаг дутмагшилтайгаас гадна тархи нь ажиллагаагүй, хөхөх рефлексгүй төржээ. Одоо охин Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм байна.  Харин талийгаач эмэгтэйн хувьд гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаад харамсалтайгар амиа алдсан байна.

Энэ сарын 01-ны өдөр талийгаач Нийслэлийн II амаржих газарт очиж, дотуур үзлэг хийгээд “41 недель арай болоогүй байна. Маргааш гэхэд 41 болчихно. Тэгээд ч өнөөдөр ор байхгүй байна. Маргааш ирээд хэвт” гээд буцаасан аж. Ингээд тус эмэгтэй энэ сарын 02-ны өдөр тус эмнэлэгт хэвтэж, 3-нд амиа алджээ. Эмч нар ар гэрийнхэнд “Энхчимэг бол маш хүнд. 10 мянгад нэг тохиолддог эмгэгтэй хүн байна. Та нар сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Ураг орчмынх нь шингэн судсаар нь гүйгээд бөглөрөл үүссэн. Тэрнээс болоод цус нь бүлэгнэхгүй, гарах боломжгүй бүх л газраар нь цус нь садраад тогтохгүй байна. Бид савнаас нь тайрч аваад оёсон ч оёдлоор нь цус шүүрээд байна. Булчин хэсгүүдийг нь оёсон ч цус тогтохгүй байна. Амьдрах найдвар тун бага” хэмээн хэлсэн.

Ар гэрийнхний зүгээс 10 мянгад нэг тохиолддог эмгэгтэй байсан байж болох ч нөгөө талаараа хугацаа алдаж, хайхрамжгүй хандсанаас болоод гарсан хүндрэлийг эмчилж чадаагүй учир гомдолтой байгаа аж.

Өмнө нь 1 дүгээр төрөхөд яг ийм оноштой жирэмсэн эмэгтэй төрж байсан талаар ар гэрийнхэнэ ярьсан байна.

ВИДЕО: М.Энхболд Ерөнхийлөгч болвол Н.Энхбаяр Ерөнхий сайд болъё гэжээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын ээлжит сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадсангүй. СЕХ-оо Н.Энхбаярын ялтай тооцох хугацаа дуусаагүй гэж үзэөд бүртгэхээс татгалсан. Сүүлийн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга М.Энхболдыг дэмжиж сонгуульд орох тохироо хийгдсэн гэх албан бус мэдээлэл гарсан. Энэ талаараа Н.Энхбаяр “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьжээ. Тэрбээр “10 гаруй хоногийн өмнө Ардын намын дарга М.Энхболдтой уулзсан. Чи Ерөнхийлөгчөөр нэр дэвш, би чамайг дэмжээд явья, дүүгийнхээ хүслийг биелүүлэхэд нь туслая, заавал би өрсөлдөх гээд байгаа юм алгаНэгэнтээ эвсэж нэгдэх бол би Засгийн газрыг толгойлж Ерөнхий сайд болоод хоёулаа гар нийлж, баг болон ажиллая гэж хэлсэн. Тэгсэн чинь энэ бүтэхгүй гэж хэлсэн” хэмээн ярьсан байна.

Тэгэхээр М.Энхболдыг дэмжиж сонгуульд орох тохирооны талаар яригдсан нь үнэн ч гэсэн ч ямар тохироонд хүрсэн нь тодорхойгүй байна.

 

Банк дампуурах тухай хуурамч мэдээлэл тараасан этгээдийг баривчилжээ

Монгол Улсын санхүү, эдийн засагт ноцтой сөрөг үр дагавар авчирч болох худал мэдээллийг хуурамч Facebook хаягаар түгээсэн гэмт этгээдийг баривчилжээ. 34 настай, эрэгтэй, Баянзүрх дүүргийн 2-р хорооны иргэн Н одоогоор тагнуулын байгууллагад саатуулагдаад байгаа аж.

Гэмт этгээд өмнө нь Худалдаа Хөгжлийн Банкнаас 100 сая төгрөг шантаажлах гэж оролдсон ч бүтээгүй учраас ийнхүү худал мэдээлэл цацсан байж магадгүй талаар эх сурвалжууд мэдээллээ.

Иргэн Н компьютерийн тусгай програм ашиглан ул мөрөө нуухыг оролдсон ч ийнхүү 24 цаг хүрэхгүй хугацааны дотор баригджээ.

Эдийн засаг сэргэснийг илтгэх гурван тоо

Мөнгө бол эдийн засгийн судсаар гүйх цус нь. Тэгвэл Монгол Улсын эдийн засгийн цусны эргэлт сайжирч буйг илтгэх нэгэн сайн мэдээ дуулдлаа. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаархи ээлжит дүн мэдээгээ уржигдар олон нийтэд танилцуулсны дотор гурван эерэг тоо байсан юм. Эдийн засагт сэргэлт гарсныг тов тодорхой батлах энэ гурван тооны эхнийх нь мөнгөний нийлүүлэлт. Нүцгэн тоо худал хэлдэггүй гэдэгчлэн 2017 оны дөрөвдүгээр сард мөнгөний нийлүүлэлт 12.4 их наяд төгрөг болж өмнөх сараас 220.9 тэрбумаар өссөн дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр эргэлдэх мөнгөний хэмжээ төдий хэмжээгээр өссөн нь бараа, ажил үйлчилгээний худалдан авалтад ч тэр хэрээр сайнаар нөлөөлсөн гэсэн үг. Хамгийн гол нь энэхүү нийлүүлэлт нь механик биш учраас эдийн засагт шууд утгаараа сэргэлт гарч байна гэсэн дүгнэлтийг эдийн засагчид хийхэд хүргэсэн биз.

Учир нь, 2012 оны сонгуулиар УИХ-д олон суудалтай болсон АН-ынхан ч бас Монголбанктай хамтран мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлж байсан удаатай. Засгийн газраас “Үнэ тогтворжуулах” гэсэн хөтөлбөр зарлаж зарим бараа, бүтээгдэхүүний үнийг хүчээр барихын тулд татаас өгч эхэлсэн нь эдийн засгийн хүндрэл, хямралын нэг шалтгаан болсон. Тэгэхэд судалгаагүйгээр эдийн засагт мөнгөний асар их нийлүүлэлт хийсэн нь төгрөгийн ханш суларч, нэг ам.доллар 2700 төгрөгт хүрэх эхлэлийг тавьсан билээ. Бодлогын алдаатай шийдвэрээс болж их хэмжээгээр хэвлэж тараасан төгрөг хоосон цаас шахуу болж байсан тэр үетэй харьцуулахад энэ удаагийнх зах зээлийн зарчмаараа явж байгаа гэдгээрээ онцлогтой. Тиймээс “галзуурч” байсан ам.долларын ханш унаж, улмаар тогтворжиж байна. Иймээс л энэ бол эдийн засагт сэргэлт гарч буйг илтгэх нэг тоо яах аргагүй мөн билээ. 

Тэгвэл хоёр дахь сайн мэдээ нь ДНБ-ий өсөлт. Үндэсний баялаг өсч байгааг илтгэдэг энэхүү тоо 2008-2012 оны хооронд хамгийн дээд төвшиндөө буюу 17 хувьд хүрсэн. Ази тивдээ төдийгүй  дэлхийд Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө гайхуулж байсан тэр үетэй харьцуулахад энэ удаагийнх хэдхэн нэгж ч 2016 оны хасах руу орж байсан үеийг бодвол хавьгүй сайн мэдээ юм. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2017 оны эхний улиралд 3063.9 тэрбум төгрөг болж ДНБ өмнөх оны мөн үеэс 122.7 тэрбумаар өссөн байна. Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг, цэвэр татварын хэмжээ өссөн нь нөлөөлсөн гэдгийг ч статистикчид мэдээллээ. 

Эдийн засагт шууд утгаараа онош тавьдаг голлох хоёр тоо ийм дүнтэй байгаа бол дам утгаараа илэрхийлэл болдог бас нэгэн үзүүлэлт бол гэмт хэргийн гаралт юм. Иргэдийн амьжиргаа дордож, амьдрал хүндрэхэд дагаад тухайн улсад гэмт хэргийн гаралт нэмэгддэг гэсэн бичигдээгүй хууль бий. Монгол Улсад ч энэ жишиг үйлчилдэг гэдгийг цагдаагийн байгууллагынхан мэдээлж байсан удаатай. Тэгвэл 2017 он гарсаар эдийн засагт сэргэлт гарч, иргэдэд ч итгэл найдвар төрснийг батлах тоог Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм. Өнгөрсөн сарын байдлаар Монгол Улсад 8860 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2016 оны мөн үеэс 1059-өөр буурсан үзүүлэлт ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Өнөөдөр Баян-өлгий, Увсын нутаг, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүснэ.

Малчид, иргэдийн анхааралд: 17-нд баруун аймгуудын нутгаар, 18-19-нд ихэнх нутгаар агаарын хуурайшилт ихсэж,  хүчтэй салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг онцгой анхааруулж байна.

Тавдугаар сарын 16-ны 20 цагаас 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн уулсаар секундэд 14-16 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор сэрүүсч 18-23 хэм, Алтайн өвөр говиор 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан.

Төвийн аймгуудын нутгаар: Хөвсгөлийн уулсаар үүлшиж, бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 30-35 хэм дулаан байна.

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө градус 9-11 хэм, өдөртөө 31-33 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 30-35 хэм байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 31-33 хэм дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

 

Төгсөгчдийг ЭЕШ-ын суудлын хуваариа хэвлэж авахыг анхаарууллаа

ЭЕШ-д нийт 40388 шалгуулагч бүртгүүлсэн байна. ЭЕШ-ыг Улаанбаатарт 27 шалгалтын байранд, хөдөө орон нутагт 22 шалгалтын байранд зохион байгуулна.

Бүртгүүлсэн шалгуулагчид www.eec.mn вебсайтаар орж, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авахыг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна.

Хэвлэхдээ эхлээд шалгуулагчийн булангаар нэвтэрч ороод хувийн мэдээлэл гэсэн хэсэгт дарна. Дараа нь зүүн дээд буланд байрлах хэвлэх гэсэн хэсэгт дарж хэвлэх ёстой аж. Шалгуулагчид Монгол хэлбичгийн шалгалт болон Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр ирэхдээ дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ.

1.Бүртгэлийн хуудас \ Баталгаажуулсан байх. Энэ онд ЕБС төгсөж байгаа бол сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулна. Өмнөх оны төгсөгч бол БҮТ-д ирж гарын үсэг зуруулж баталгаажуулна\

2.Суудлын хуваарь

3.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсролын баримт бичиг

4.Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

С.Ганбаатарыг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохоор боллоо

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр /2017-5-17/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж  холбогдох шийдвэр гаргалаа.

Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.5, 142.6 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэрийг нь дэвшүүлсэн Сайнхүүгийн Ганбаатарыг  Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр  бүртгэж, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу  Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг  олгохоор тогтсон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment