8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Манлай баатар Дамдинсүрэнгийн зээ охин байртай болж, Залуучууд анх удаа эрхээ баталгаажуулсан хуультай болсон өдөр

2017-05-18 18:40:00

 

ЭХ ОРОН ГЭДЭГ ТӨРЖ ӨССӨН НУТАГ УС
ЭХ ОРОН ГЭДЭГ ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭЦЭГ ЭХ 
ЭХ ОРОН ГЭДЭГ МӨР ЗЭРЭГЦСЭН АНД НӨХӨД 
ЭХ ОРОН ГЭДЭГ МӨНГӨӨР ҮНЭЛШГҮЙ ХУВЬ ЗАЯА.....


Бид эх орон гэж цээжээ дэлддэг ч Эх орныхоо төлөө халуун амиа үл хайхрам тэмцэж явсан өвөг дээдэс үр хүүхдүүдийш нь  бид мартжээ. Үүнийг нотолсон нэгэн үйл явдал өнөөдөр болж өнгөрлөө. Тодруулбал,  Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав гэх буурай хүйтэн хонгилд амьдарч яваа тухай видео нийтлэл өнөөдөр олон түмэнд хүрсэн. Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав өдгөө Дархан-Уул аймагт нийтийн байранд амьдардаг юм байна. Тэрбээр өдгөө зээ хүүгийн хамт Дархан хотод нэг жижиг өрөө байрыг 150 мянган төгрөгөөр түрээслэж амьдардаг аж. Их хэлмэгдүүлэлтэд өртөж, ар гэрийнхэнийг нь хүртэл хэлмэгдүүлэлтийн хар шуурга нөмөрсөн тухай ярьсан Лхамжав гуайд  Их аварга Асашёорюү Д.Дагвадорж эх үрсийн баярыг тохиолдуулан түүнд Дархан хотод 2 өрөө байр бэлэглэж байгаагаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Д.Дагвадорж аварга фэйсбүүк хуудсандаа  “Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав гуайд өөрийн зүгээс Эх үрсийн баярыг тохиолдуулан Дархан хотод хоёр өрөө байр бэлэглэж байгааг уламжилаарай.Эх оронч миний шүтээн өвөг дээдсийн сүнс амирлах болтугай” хэмээн жиргэв. Аваргын энэ үйлдэл олон ч хүмүүсийн талархлыг хүлээлээ.Лхамжав гуай төр засгаас нэг өрөө байр өгөх болов уу хэмээн олон жил хүлээсэн тухайгаа ярьсан нь сэтгэл эмзэглүүлж, зүрх шимшрүүлэв. Түүний энэ хүслийг Их аварга харж, туслахаар боллоо гэсэн таатай мэдээллээр өнөөдрийн Монголын нэг өдөр тоймоо хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Storify: Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн талаар хэн юу хэлэв

Хэдхэн хоногийн өмнө батлагдсан Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хууль нэлээд асуудал дагууллаа. Тус хуулинд эхчүүд заавал хөхөөрөө хооллох нэмэлт тэжээл өгөхөөр бол эмчийн бичгээр зөвшөөрөлтэй эмийн сангуудаар зарах талаар тусгасан. Мөн үүнээс гадна сүүлийн жилүүдэд хөхний сүүгээр дамжиж халдвар авах магадлалтай хэмээн бусдын хүүхдийг хөхүүлдэг ээжүүд ч багассан. Гэтэл тус хуульд бусад ээжүүдийн сүүг хадгалах "банк" байгуулах тухай бас нэг заалт орсон байгаа. Тодруулбал, Сүү ихтэй ээжийн сүүг авч хадгалаад сүүндээ цадахгүй байгаа нярайд дамжуулж өгөх банк гэнэ. Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд үүнийгээ олон улсын жишиг хэмээн тайлбарлаж сууна. Эхийн сүү нь хүүхдийн биед шаардлагатай уураг, тос, нүүрс ус, эрдэс бодис, аминдэмүүдийг хамгийн зохистой харьцаагаар агуулдагыг бид мэднэ. Харин тус банкинд хадгалуулсан эхийн сүүний чанарын асуудал яригдаж эхэлнэ. Эхийн сүүг хүүхэд хөхнөөс шууд хөхдөг учир муудах, хуучрах, бохирдох аюул байхгүй. Харин тэр сүүг хадгалаад ирэхээр чанар, хүнсний аюулгүй байдал яригдаж эхлэнэ. Энэ мэт олон зөрчилтэй заалт орсон тус хууль болон Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн талаар хэн юу хэлсэн талаар мэдээлэл хүргэе. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 
 

Эх орноо мөнгөөр солиогүй эгч нь дүүгээ эмчлүүлэх итгэл дүүрэн явна

Эх орноо мөнгөөр солиогүй эгч нь дүүгээ эмчлүүлэх итгэл дүүрэн явна 
-Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая-

2016.07.20-нд Рио Де Жанейрогийн зуны олимпод оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээн дээр "М.Анхцэцэг эгч шигээ хүндийг өргөлтийн мундаг тамирчин болоод, олимпод оролцох юм сан" хэмээн битүүхэн мөрөөдөж, эгчээрээ бахархан зогсож байсан М.Номин-Эрдэнэ ердөө хоёр сарын дараа сургууль дээрээ түлэгджээ. Есдүгээр сарын 1 дөхөх тусам ангийнхантайгаа уулзах гэж, сургуульдаа очихоор яаран цүнх дүүрэн дэвтэр, хичээлийн хэрэгсэл зэхүүлсэн охин хичээл дөнгөж эхлээд байхад ангийнхныхаа хоолыг (20-ын кострюльтай хоол) өргөж яваад өөр дээрээ алдаж айхтар түлэгдсэнээр энэ жил хичээлдээ яваагүйгээс гадна сая төгсөлтийн зургийн цомогтоо ч зургаа авахуулж чадаагүй юм.

Гэхдээ багш нар нь боломжоороо гэрээр нь ирж түүнд хичээл зааж байсан учраас охин удахгүй есдүгээр анги төгсөх улсын шалгалтаа өгөх гэж байгаа. Тухайн үед монгол эмч нар эхний арга хэмжээг авч, арьс нөхөх хагалгаа хийсэн ч өнгөрсөн найман сарын турш М.Номин-Эрдэнэ "Хүйтэнд даарч, халуунд халж болохгүй" гэсэн эмчийн захиасыг ягштал биелүүлж, 21 хоног тутамд ургаж төлжсөн арьсаа зөөллөх 10 өдрийн курс эмчилгээнд орсоор өнөөг хүрчээ. Түлэгдсэнээсээ хойш охин уургаа маш ихээр алдах болсон тул амархан ядарч сульдан, юм л бол ямар нэг өвчинд өртчих гээд байнга эмнэлэгт хэвтэх болжээ.
"Охин минь урьд нь тариа гэхээс үнхэлцгээ хагартал айдаг байв. Шүдний эмнэлэгт очоод, өвчин намдаах тариа хийлгэх гэж бөөн юм болоод, шүдээ ч авахуулж чадалгүй ааваараа үүрүүлэн гэртээ ирж байсан хүн шүү дээ. Гэтэл одоо тариа байтугай, олон зүйлийн ард гарч чадахаар их тэвчээр хатуужилтай болсон. Охиноо яаж тэвчээр гаргаж байгааг нь харахаар хурдхан мэс засал хийлгээд, цоо эрүүл болгох юмсан гэж яардаг" хэмээн ээж Д.Мөнхчимэг нь ярилаа. БНСУ-ын "Ханган сү" эмнэлгийнхэн охины түлэгдлийн шарх сорвийг ор мөргүй эмчлэхэд 65 сая төгрөг шаардлагатай гэсэн хариу өгчээ. Түлэгдсэнийх нь дараахан нэг өнжөөд л 150 мянган төгрөгийн боолт хэрэгсэл сольдог, байсхийгээд 300 мянган төгрөгийн үнэтэй дусал хийлгэдэг амаргүй цаг хугацааг туулсан ар гэрийнхнийх нь хувьд бол бүр ч ярвигтай байсан нь лавтай. Аав Ч.Мөнхжанцан нь Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженерээр ажилладаг бөгөөд охиныхоо эмчилгээний зардлын хагас хугасыг ч болсон бүтээхээр Афганистаныг зорьж, энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

С.Ганбаатар: Сонгуулийн зардлаа ард түмнээс босгоно

МАХН-аас “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийлээ. СЕХ өчигдөр тус намаас нэр дэвшүүлсэн Сайнхүүгийн Ганбаатарыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэснээ мэдэгдэж, тогтоолоо ирүүлсэн байна. Хэвлэлийн хурлын үеэр МАХН-ын гишүүн С.Ганбаатар " Бүлэглэлүүдтэй ард түмнийхээ эрх ашгийн төлөө тэмцэж байхад намайг хамгаалж байсан иргэддээ баярлалаа. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа үндсэн шалтгаан бол бидэнд Монгол орноо аврах төлөвлөгөө байна.Та бидэнд хоёр сонголт байна. Өнгөрсөн хугацаанд ямар байсан шигээ байя гэвэл МАНАН-г сонгох, арай өөрийг хүсч байвал МАХН-ыг сонгох гэсэн сонголт байгаа.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэнэтийн шийдвэр байсан” хэмээн хэллээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд намын зүгээс зарцуулах зардлын дээд хэмжээ 6.8 тэрбум, нэр дэвшигчийн хувьд 3.9 тэрбум байхаар тогтоосон. Харин нэр дэвшигч С.Ганбаатарын хувьд энэ мөнгийг томоохон компаниас биш иргэдээсээ цуглуулах боломжтой гэдгээ хэллээ. 

Ээжийгээ зодсон эмэгтэйг долоо хоног баривчлахаар болжээ

Төрүүлсэн ээжийгээ байрныхаа тагтан дээр хөөн гаргаж, улмаар хараан зүхэж буй бичлэг өчигдөр цахим ертөнцөд цацагдаж, нэлээд шүүмжлэл дагуулсан билээ. Төрсөн охин нь ээжийгээ  “Үхэхгүй яагаад амьдраад байгаа юм бэ. Аав үхчихээд байхад та яагаад амьд байгаа юм. Үхээд өгөөч” зэргээр харааж, юм шидэж байв.Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж ээжийгээ зодсон эмэгтэйг долоо хоног баривчлахаар болжээ. 

 

Залуучууд анх удаа эрхээ баталгаажуулсан хуультай боллоо
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан юм. Гишүүд хуулийн төсөлтэй холбоотой байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой зарим асуултыг асууж, хуулийн төслийг дэмжиж үг хэлсэн юм.

Ингээд хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилж өргөн мэдүүлсэн Залуучуудын хөгжлийн тухай хуулийн төслийг баталлаа.
Энэхүү хуулийн төсөл нь 15-34 насны залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоог тодорхойлж, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх болон эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах зорилготой 7 бүлэг, 24 зүйлтэй. Хуулинд нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүрэг, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх чиглэл, хэлбэр, арга зам, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллага, залуучуудын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгав. 

Мөн залуучуудын хөгжил оролцоог дэмжих чиглэлээр дараах зохицуулалтыг тусгалаа. Үүнд:
•    Залуучуудыг түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие даан амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх цэргийн мэргэжил олгох сургалтанд хамруулах, /эрэгтэй заавал, эмэгтэй сайн дурын үндсэн дээр/
•    Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд их, дээд сургуульд суралцах болзол хангасан залуучуудыг Боловсролын зээлийн сангаас олгож буй оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах,
•    Залуучуудын оролцоог бүхий л түвшинд хангах, залуучуудын төлөөллөөс бүрдсэн үндэсний болон салбар зөвлөл байгуулах, 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

С.Жавхлан: Намайг хүн гэж тоохгүй байна

УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлсэн юм байна. Шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 25-ны дотор өгөхгүй бол Байнгын хороо болон чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ илэрхийлсэн юм. 

Тэрбээр энэ талаараа “Намайг хүн гэж тоохгүй миний тавьсан шаардлагад хариу өгөхгүй байна. Хүний олон хүнээ барьдаггүй гэдэг. Гэтэл барьдаг болчихсон цаг болж. Түмэн олны төлөө нэг ч шийдвэр гаргадаггүй төрд байх нь зөв ч юм уу буруу ч юм уу. Шаардлагын хариу ирэхгүй бол би дараа долоо хоногт дахин мэдэгдэл хийнэ” гэлээ.

Элэг хөших нь дээ, Д.Дамба-Очир минь!

Архиар шахсан нэгэндээ “Хөгшин нь одоо уухгүй ээ, яг Дамба-Очир шиг болчихлоо” гэсэн онигоо хүртэл гарчихаад байхад “Би огт архи уудаггүй хүн. Хэл ам ээдэрснээ мэдээгүй” гэж тайлбар өгч суугаа энэ гишүүн эрүүл болов уу. УИХ-д хоёр удаа сонгогдохдоо эцэг эхээс заяасан нэрээ нэг ч удаа сайнаар гаргасангүй. Түүнийг царайг танихгүй хүн олон байдаг атлаа Там-Очир гэх нэрийг нь сонсоод л Лүнгийн замыг хэдэн жилээр сунжруулж, олон хүнд эд материалын хийгээд эрүүл мэнд, амь насны хохирол учруулсан нөхөр гэж мэддэг. Мөн Анод банкны дампуурлын шалтгаанд гар бие оролцсон хүн ч гэж ярьдаг. Энэ бүхнийг нь сануулахад Их хурлын танхимд “Эрдэнэт үйлдвэрийн талаар ярьснаас болоод намайг хэвлэлээр дарамталж байна, үүнийг шийдэж өгөөч даргаа, бүлгийн хурлаар хэлэлцэж өгөөч” гэж хэлсэн. Таны барьсан тамын зам Эрдэнэт хоёр хоорондоо ямар холбоотой юм бэ? Хариуцлага нэхэхээр хаа хамаагүй асуудлын хормойд шургаж нуугдах гэсэн арга барил чинь төрийн түшээ хүнд ичмээр биш үү? Эрдэнэтчүүдийн сонголтыг ингэж доромжилж болохгүй ээ, Дамбаа минь...

Өнөө шөнө зарим нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

Өнөөдөр ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 Тодруулбал, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна. 21-нээс нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх журмыг баталлаа

“Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ыг хавсралтаар баталлаа.

Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч тайван цагт алба хаах, цэргийн академи, их, дээд сургууль, коллеж, дамжаанд элсэх болон энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд эрүүл мэндийн байдлыг тодорхойлж, дүгнэлт гаргахад дээрх журмыг мөрдөх юм.

Хугацаат цэргийн албанд татагдсан болон цэргийн гэрээт албанд элсэхээр хүсэлт гаргасан иргэнд хийх эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах, эмч нарын комисс хоёр жилд нэг удаа төв, орон нутагт ажиллаж иргэнийг тайван цагт цэргийн албанд татахгүйгээр бүрмөсөн чөлөөлөх шийдвэр гаргах зэрэг зохицуулалтыг шинээр тусгасан байна.

Мөн тайван цагт иргэнийг эмчилж эрүүл болгох, эрүүл мэндийн сургалт явуулах үүрэгтэй байгууллагуудыг нарийвчлан тодорхойллоо. Архаг суурь өвчнөө нуун дарагдуулсан тухайн иргэний өвчин алба хаах хугацаанд нь сэдэрч, цэргийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд цэргийн анги, байгууллагаас гарсан эрүүл мэндийн зардлыг өөрөө хариуцахыг ч журамд заасан байна.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид бодлогоор өрсөлдөж, мэтгэлцээнээр хэн болох нь харагддаг

2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан олон нийт болон зарим улс төрчдийн зүгээс энэ удаагийн сонгуульд халз мэтгэлцээнийг дэлхийн жишгээр явуулья, нэр дэвшигчдийн бодлогын шийдлийг бүх нийтээр хэлэлцэе гэдэг уриалга, санаачилгууд гарч байгаа нь ихээхэн дэмжүүштэй, сонгогчдын боловсролд эерэгээр нөлөөлөх алхам учраас энэхүү өгүүлэлд дэлхийн улс орнууд халз мэтгэлцээнийг хэрхэн явуулдагийг авч үзлээ.

Дэлхийн улсуудын сонгуулийн дүнд нөлөө үзүүлэгч чухал үйл ажиллагаа нь намын лидерүүд болон ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн байдаг. Халз мэтгэлцээний гол мөн чанар бол бодлогын асуудлаар өөр хоорондоо мэтгэлцэх, өрсөлдөгчийн байр суурийг няцаах, сул талыг илрүүлэх явдал билээ. Сонгуулийн кампанийн төгсгөл дэх улс төрийн лидерүүдийн халз мэтгэлцээн нь сонгогчдын хамгийн ихээр сонирхон үздэг телевизийн сурталчилгаа болдог. Тиймээс халз мэтгэлцээнд тухайн лидер хэрхэн оролцох нь сонгуулийн эцсийн дүнд хүчтэй нөлөө үзүүлдэг байна.

Нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас улбаатай. Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн кампанийн сүүлийн мөчид гурван удаагийн цуврал мэтгэлцээнд оролцдог юм. Халз мэтгэлцээний гол мөн чанар бол бодлогын асуудлаар өөр хоорондоо мэтгэлцэх, өрсөлдөгчийн байр суурийг няцаах, сул талыг илрүүлэх явдал билээ. Сонгогчид халз мэтгэлцээнийг хамгийн ихээр сонирхон үздэг тул мэтгэлцээнд тухайн лидер хэрхэн оролцох нь сонгуулийн эцсийн дүнд хүчтэй нөлөө үзүүлдэг байна.

Халз мэтгэлцээн Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд шууд нөлөөлдөг болохыг харуулсан анхны түүхэн үйл явдал бол 1960 оны 9 сарын 26-нд сенатын гишүүн Ж.Кеннеди болон дэд ерөнхийлөгч Р.Никсон нарын хооронд явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээн юм. Хоёр нэр дэвшигч тухайн үед Америкийн олон нийтийн хамгийн анхаарал татаж байсан асуудлууд болох олон улсын бодлого болон боловсролын асуудлаар мэтгэлцсэн байна. Тэр үед телевиз Америк айл бүрийн хэрэглээ болж чадаагүй нийт айл өрхийн тэн хагас нь л телевизтэй байсан хэдий ч хамгийн анх удаа олон хүн үзсэн телевизийн нэвтрүүлэг болсон юм. Тухайн үед гэртээ телевизор байхгүй хүмүүс радиогоор уг мэтгэлцээнийг шууд сонссон ажээ.

Энэхүү мэтгэлцээн улс төрийн үйл явц, сонгуулийн кампанийн түүхэнд эргэлт гэмээр үр дүн авчирсан юм. Мэтгэлцээний дараа хийсэн олон нийтийн санаа бодлын судалгаанаас үзэхэд телевизээр үзсэн хүмүүсийн олонх нь Ж.Кеннедиг ялалт байгуулсан гэсэн бол радиогоор сонссон хүмүүсийн ихэнх нь Р.Никсоныг илүү байсан гэж хариулжээ. Тухайн үед рейтинг нь ойролцоо байсан ч мэтгэлцээнээс эхлэн Ж.Кеннедигийн рейтинг тогтмол өсч, Р.Никсоных буурсаар сонгуулийн үр дүнд шууд нөлөөлсөн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment