8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: О.Баасанхүү ноцтой баримт дэлгэхээр болж, сонгуулийн дараа 22235 төрин албан хаагч ажилгүй болжээ

2017-05-22 18:36:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр өнгөрч байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар. Ухамсараа алдсан тохиол бүрээ тунгаа. Гутлын улныхаа хээг биш, хvн болж тереед хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ сэхээр. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг  “Монголын нэг өдөр” тойм булангаа ийнхүү  хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

30 баримт: Манай улсад 18-35 насны 70-90 мянган хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байна

Өнгөрсөн тав дахь өдрийн УИХ-ын чуулганы  үдээс хойших хуралдаанаар “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоог бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт мэдээлэл өгсөн. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хар тамхитай холбоотой гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, төрөөс гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх бодлогын баримт бичгийг баталсан байна. Тус бодлогын баримт бичигт гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилт тавиад байгаа. Өнөөдрийн байдлаар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 57 эрэгтэй, 9 эмэгтэй ял шийтгэгдэн ял эдэлж байгаа бол 13 эрэгтэй, 9 эмэгтэй сэжигтнээр шалгагдаж байна. Сүүлийн үеийн мэдээллээр хар тамхины тархалт маш их ихсэж байгаа бөгөөд одоогоос хоёр жилийн өмнө буюу 2015 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нэг 12-14 насны нэг ангийн 14 хүүхэд хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан байдаг. Хар тамхи гэж энэ тахалыг одоо л зогсоохгүй бол ирээдүй хойч үе залуус маань хар тамхинд донтож, ухаанаа алдаж байгааг Засгийн газар анхааралдаа авч эхэлсэн байна.  Манай улсыг аалзны тор мэт хэрсэн хар тамхины талаар сэрэмжлүүлэг болгох үүднээс дараахь 30 баримтаар мэдээлэл хүргэе.

  1. 1999 оны судалгаагаар анх хар тамхи хэрэглэж мансуурсан  45 хүүхэд хүүхэд бүртгэгдэж байсан байна. 
  2. 2006-2016 онд үйлдэгдсэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт дүн шинжилгээ хийхэд нийт гэмт хэргийн 0,2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг байдаг байна. Үүнээс  82,1 хувь нь Улаанбаатар хотод, 17,9 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн бөгөөд  жилд дунджаар 32, сард 2,7 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлэхтэй холбоотой  гэмт хэрэг 388 бүртгэгдэж, 1112 хүн холбогдон шалгасан байна.
  3. Өнөөдрийн байдлаар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 57 эрэгтэй, 9 эмэгтэй ял шийтгэгдэн ял эдэлж байгаа бол 13 эрэгтэй, 9 эмэгтэй сэжигтнээр шалгагдаж байна Уг гэмт хэрэгт холбогдсон холбогдогчийн насны байдалд судалгаа хийвэл 18 насны буюу насанд хүрээгүй холбогдогчийн тоо 2 дахин, 19-25 насны холбогдогч 24.2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 3.6  хувиар тус тус өссөн байна.
  4. Монгол Улсын иргэд гадаад оронд зорчихдоо хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон тохиолдол анх 2006 онд бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 117 хүн шалгагджээ.
  5. Хар тамхыг хууль бусаар тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан гэх зүйл ангиар 1 иргэн тус тус шүүхээс ял шийтгэгдсэн байна. 
  6. Манай улс өнөөдрийн байдлаар 1200 орчим нэр төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх нэг ширхэг төхөөрөмжтэй гэдгийг холбогдох газрууд танилцуулсан талаар Хууль зүйн сайд С.Бямбацогт мэдээлэл өгсөн.
  7. Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд шинэ лаборатори байгуулах чиглэлээр судалгаа хийх үүргийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн байна. Үүний үр дүнд 9.5 тэрбум төгрөгийн төсөв бүхий төслийг боловсруулжээ. Нэг удаа 7.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр лабораторийн техник, технолгийг шинэчлэх бөгөөд цаашид жил бүр 1.8 тэрбум төгрөгийн урсгал зардалтай байхаар төлөвлөгдсөн байна.
  8. Түүнчлэн хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг, хамааралтай хүмүүсийн талаарх хэд хэдэн янзын тоо, баримт яригддаг бол цагдаагийн байгууллагад бүртгэлтэй 1100 гаруй хүн, нэг хүний цаана 4-5 хүн хамааралтай байдаг гэж тооцвол 6000-6500 орчим хүний хүрээнд яригдах юм байна.
  9. Манай улсаас БНХАУ-д 94, ОХУ-д 5, Казакстанд 3, Германд 1, Малайзад 5, Унгарт 3, Бангладешт 3,  Грект 1, Болгарт 1, Славак улсад 1 нийт 117 хүн хар тамхи мансууруулах бодистой холбогдсон байна.
  10. БНХАУ-аас манай улс руу ихэвчлэн амфетамин, метамфетамины төрлийн мөс /ICE /болон мансууруулах ургамлын гаралтай шавар /HASHISH/ бодис нийлүүлэгдэж байна.
  11. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альша, Баяннуур аймгуудтай хиллэдэг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Гашуун сухайтын хилийн боомт, Гурван тэс сумын Шивээ хүрэнгийн хилийн боомтуудаар оруулж ирээд байгаа  “Ми Ми” гэх нунтаг цагаан бодисын хэрэглээ сүүлийн үед ихссэн байна.
  12. 2014 оноос 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 38,3 килограмм Каннабис, 1,6 килограмм Мөс, 134 грамм Гашиш, долоон ширхэг экстази, 3542 ширхэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, 0,4 грамм кокаин хураагджээ. Эдгээрийг мөнгөн дүнгээр тооцвол нийт 964,520,000 төгрөгийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодис хууль бусаар зарагдсан байна.
  13. Монгол Улс нь Эрүүгийн хуулиар мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисын бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан тохиолдолд 2-25 жил хүртэлх хорих ял шийтгэхээр заасан байдаг. Дэлгэрэнгүй мэдээлллийг энд дарж үзнэ үү. 

2016 оноос сонгуулийн дараа 22235 төрин албан хаагч ажлаасаа халагдсан байна

2016 оны сонгуулийн дараа нийтдээ 22235 төрийн албан хаагч ажлаасаа халагдсан байна. Тиймээс эрх баригчид өнөөдөр Төрийн албаны тухай хуулийг яаран батлах гэж байгаа цаад учир нь улс төрийн аргаар дээрхи солигдсон төрийн албан хаагчдыг төрийн албан хуулиар хадгалах үлдээх оролдлого хийж байж ч болзошгүй гэсэн хардлага төрүүлж байгаа АН-ын бүлгийн дарга онцолсон байна. Хэрвээ Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах юм бол үүнийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолыг давхар гаргах баталж гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар энэхүү хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө өнөөдөр ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчдыг яг энэхүү хуульд нийцүүлсэн аттестачлалыг заавал явуулахыг шаардаж, төрийн албанд боловсрол мэдлэгтэй залуучуудыг орж ажиллах боломжийг нээж өгөх ёстой хэмээн АН-ын бүлэг үзэж байгаа аж.

Жуулчдыг ердийн хөсгөөр аялуулах зөвлөмж гаргажээ

Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын аялагчид, жуулчид Монголын уламжлалт нүүдлийн соёл морь, тэмээн хөсгийг ихээр сонирхох болсон төдийгүй аялал зохион байгуулагч аж ахуйн нэгж, байгууллагууд ердийн хөсгийн үйлчилгээ /морь, тэмээ унах/-г аяллын багцдаа ямар нэг хэлбэрээр багтаах болсон.

Иймд ердийн хөсгийн үйлчилгээг эрхлэгчид нь дадлага, туршлагатай хөтөчтэй байх, эрсдэлгүй  аюулгүй байдлыг ханган, эрх зүйн зохицуулалт, нэгдсэн зохион байгуулалтай  байх шаардлага гарч байгаа юм.

Үүнийг зохицуулах зорилгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын тушаалаар “Ердийн хөсгөөр аялах, аялуулах зөвлөмж”-ийг батлан гаргалаа. Зөвлөмжид ердийн хөсгийн үйлчилгээг эрхлэгчдийн үүрэг, хариуцлага, аялалд морь, тэмээн хөсгөө бэлдэх, аюулгүй байдлыг хэрхэн хангах болон ердийн хөсгөөр аялагчид нь морь тэмээтэй хэрхэн харьцах зэрэг зөвлөмжийг тусгажээ. 

Д.Эрдэнэбат: Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр АН руу дайрч байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр /2017.05.22/  ээлжит хурлаа хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Прокурорын тухай хуулийн төслийн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн танилцуулгыг, Монгол Улсын Ерөнхийлөгч, мөн УИХ-ын гишүүн Тогтохсүрэн нарын  өргөн барьсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн  ахлагч УИХ-ын дэд дарга , УИХ-ын гишүүн Я.Санжмятавын мэдээлэл болон бусад асуудлыг  хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад харууллаа.

"Приус” машины татвараас 100 хувь чөлөөлөх асуудлыг тавих болно

-“Приус” машины татварыг нэмэхгүй байх асуудлаар танай намын бүлэг санал гаргаж байсан. Гэтэл Х.Нямбаатар гишүүний санаачилсан төслөөр хэлэлцэж байгаад ямар байр суурьтай байна вэ?

Б.Пүрэвдорж: Хоёр долоо хоногийн өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат татварын хэрэгжиххугацааг хойшлуулах хүсэлтийг Засгийн газарт өгсөн. бүр хугацааг хойшлуулсанаар нөхөж төлөх ямар орлго байна вэ гэдэг талаар бүр аргыг нь зааж өгөөд явуулсан. Гэтэл бүлгийн даргад хариу өгөөгүй. Мэдээж олоннийтийн эсэргүүцэлтэй холбоотойгоор өөрийнхөө намын гишүүний саналаар хийж байгаа мэтээр Засгийн газар УИХ -руу оруулж ирж байгаа. Цаашдаа бид бүхэн ард түмний унаа болсон "Приус” машины татварыг хойшлуулах биш татвараас 100 хувь чөлөөлөх асуудлыг тавих болно.

Д.Эрдэнэбат: Эдийн засгийн амьдралыг ялангуяа иргэдтэй холбоотой амьдралын асуудлыг битгий улстөржүүлээч. тухайлбал, "Приус” машины татварыг чөлөөлье гэж хэлэхээр буцаагаад сөрөг PR-руу орсон. Батерей нь муу, хадгалж болдоггүй, хар тугалгатай гэхчлэн сөрөг зүйл яриад эхэлсэн.. Үүнийг би Засгийн газрын зүгээс хийгээд байна уу хардаж байгаа. Д.Эрдэнэбат байна уу, Х.Нямбаатар санаачилна уу хамаагүй. Энэ ард түмэнд хэрэгтэй зүйл байсан учир Засгийн газар шийдээд оруулж ирэх хэрэгтэй. Үүнд битгий улс төрийн хандлага гаргаач ээ. Эрх баригчид асуудлыг хумхын тоосын чинээ жижиг байсан ч  улстөржүүлдэг боллоо.

-УИХ-ын ирц хангалтгүй байна гэдэг байр суурийг ганцхан О.Баасанхүү гишүүн хөндөн ярьж байна. Танай намын бүлэг энэ асуудлын тухайд ямар байр суурьтай байна вэ?

Д.Эрдэнэбат: Ирцийн тухайд, эрх баригчид 65 гишүүнтэй шүү дээ. Гэтэл ирцийг манай тал руу наалдуулах юм. Энэ нам өөрийнхөө болохгүй асуудлыг заавал Ардчилсан нам руу наадаг.  Чуулганы танхимд МАН-ын 15, АН-ын 4 гишүүн сууж байхад "АН-ын есөн гишүүн бүгдээрээ байх ёстой" гээд байх юм. Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр АН руу дайрч байна. Ингэхээ боль. АН руу дайрах арга хайх хооронд чинь ард түмний амьдрал хэцүүдлээ.

Б.Бат-Энэрэл хүү эмчилгээ хийлгэхээр Бээжинг зорьсон байна

Б.Бат-Эрдэнэ хүүд зориулсан “Хаан заяатай орчлон” хандивын тоглолт өнгөрсөн амралтыг өдөр болсон.  “Орчлонг хайрлаарай”, “Хаан заяатай орчлон”, “Ухаарал” зэрэг уран бүтээлүүдээ гаргаж олны хайрыг татсан Б.Бат-Энэрэл хүү эмчилгээ хийлгэхээр Бээжинг зорьсон байна. Бяцхан хүү төрөлхийн харааны бэрхшээлтэй бөгөөд мэс заслын аргаар харааг нь сайжруулах боломжтой гэж үзсэнээр хандивын тоглолт зохион байгуулсан билээ. МУГЖ дуучин С.Батсүхийн шавь Б.Бат-Энэрэл нь одоо таван настай, зургаан нас хүрэхээс нь өмнө мэс засалд орвол бусдын адил хорвоог харах боломжтой гэсэн эмчийн дүгнэлт гарсан билээ. 

С. Алимаа: "Яг түүн шиг"-т сонгодог урлагийн хүн түрүүлж болохгүй юм шиг байна

Endemol Shine Group-ийн "Яг түүн шиг" шоу -г "Боловсрол суваг" телевиз албан ёсны эрхтэйгээр хоёр дахь жилдээ үзэгчдийн хүртээл болгон амжилттай зохион байгуулж байна. Өчигдөрийн буюу “Яг түүн шиг” шоуны 8 дахь дугаарын ялагчаар Б. Ариунцэцэг шалгарлаа. Энэ удаад Б.Ариунцэцэг Хар сарнай хамтлагийн дуучин С. Амармандахыг дууриаж тэргүүн байр эзэллээ.  Найм дахь дугаарт оролцогчид бүгд сайн байсан бөгөөд түүн дотроос С. Алимаа өөрийгөө хүчтэй өрсөлдөгч гэдгээ дахин батлан харуулсан. Тэрбээр  (Eminem- Real slim shady) дууг дуулж, өөрийгөө өөр өнцгөөс харуулсан. Гэвч харамсалтай нь энэ удаагийн шүүлтэнд төгөлдөр хуурч С. Алимаа нэлээд гомдолтой үлдсэн бололтой. Тэрбээр өчигдөр цахим хуудаснаа ийнхүү сэтгэгдэлээ үлдээсэн байна. 

Дэлхийн удирдагчдын боловсрол

АНУ-ын Ерөнхийлөгчөөр 43 насандаа сонгогдсон Жон Кеннеди “Үндэсний хүчирхэг байдлыг нэмэгдүүлэхэд боловсролын түвшин хамгийн чухал нөлөөтэй. Ирээдүй хойч үедээ чухал хөрөнгө оруулалт хийхийн тулд энэ улс орныг удирдан залагч хүмүүс өөрсдөө боловсрол өндөртэй байх ёстой” хэмээн хэлсэн байдаг. Ганц Ж.Кеннеди ч биш олон улсын судлаач, мэргэжилтнүүд тухайн улс орныг гадаадад төлөөлдөг улс орны тэргүүнд тавигдах хамгийн чухал шалгуур нь боловсролын түвшин гэж үздэг аж.

Олон улсын судлаач, мэргэжилтнүүд дэлхийн хүчирхэг гүрний нэг АНУ болон хамгийн баян орны нэг Сингапурыг хөгжилд хүргэсэн нэр нөлөөтэй улс төрчдийн боловсролын түвшинг судалж үзэхэд АНУ-ын түүхэнд тодорсон 44 Ерөнхийлөгчийн 34 нь коллеж болон түүнээс дээш боловсролтой, 80 хувь нь өндөр боловсрол эзэмшсэн, 32 хувь нь доктор, профессор цолтой байна. Цөөн жишээ дурдахад, 1901-1909 онд Ерөнхийлөгчөөр ажилласан Теодор Рузвельт Харвардын их сургуулийг төгссөн бол 2009-2017 онд засагласан Барак Обама Харвард болон Колумбын их сургуулийг дүүргэсэн. 1913-1921 онд Ерөнхийлөгчөөр ажилласан Нобелийн энх тайвны шагналт Вудро Вильсон Принстоны их сургуулийг төгсөж улмаар Жонс Хопкинсийн их сургуульд докторын зэрэг хамгаалж байжээ.

Өнөөдөр Америкчууд Ерөнхийлөгч болох хүндээ

·         Хууль, эрх зүйн өндөр мэдлэг

·         Түүхийн тухай мэдлэг

·         Улстөрийн онолын мэдлэг

·         Өндөр боловсрол эзэмшсэн байх

·         Цэрэг, армийн тухай мэдлэг

·         Гадаад харилцааны мэдлэг

·         Бусдыг удирдан, манлайлах чадвартай байх зэрэг шалгуурыг тавьдаг юм байна.

Дэлхийн хамгийн баян орнуудын нэг Сингапурын Ерөнхийлөгч Тони Тан Кенг Яам мөн л Сингапурын их сургууль, Аделаид их сургууль, Массачусетсийн технологийн институтийг төгссөн байна. 63 жижиг арлаас бүтдэг Сингапур Монгол Улсын нутаг дэвсгэрээс 2000 дахин жижиг газар нутагтай, 4.5 сая хүн амтай. Энэхүү жижиг улсыг 50 жилийн дотор дэлхийн зургаа дахь баян орон болтол хөгжүүлсэн гавьяатай хүн нь Сингапур улсыг үүсгэн байгуулагч, Сингапурын эцэг гэгддэг Ли Куан Ю юм.

Тэрээр 1950 онд Их Британийн Кэмбрижийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж ирээд байгалийн баялаг байтугай ундны ус ч үгүй, оршин суугчдын ихэнх нь хятадууд боловч Малайз, Энэтхэг зэрэг олон үндэстнээс бүрдсэн, Английн колони байсан жижиг арлыг хөгжүүлсэн байдаг. 1959 онд Сингапурын Ерөнхий сайдаар томилогдмогцоо ажлын байр тасралтгүй нэмж, хүн амынхаа амьдралын түвшинг дэлхийн хамгийн баян орнуудынхтай зэрэгцэж ирсэн түүхтэй.

АНУ болон Сингапурын дээрх түүхийг болон улс орны жишгийг судалдсан олон улсын мэргэжилтэн шинжээчид тухайн улс орныг удирдан залж байгаа, олон улсын хэмжээнд улс үндэснийхээ нүүр царай болдог энэхүү Төрийн тэргүүн хэмээн албан тушаалын эхний шалгуурт гарцаагүй боловсролын түвшин орно гэдэг дээр санал нэгдэх болжээ.

Ирэх сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Өөрөөр хэлбэл бүх ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, олон улсад эх орноо төлөөлөх Монгол Улсын нэрийн хуудсаа монголчууд сонгох гэж байгаа. Энэ удаа Ерөнхийлөгч гэж хэн бэ гэдгийг сануулах үүднээс Үндсэн хуульд заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлээс цөөн хэдэн заалтыг дор дурдав.

·  Гадаад улс орнуудад Монгол Улсаа бүрэн эрхтэйгээр төлөөлөх эрхтэй.

· УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс Олон улсын гэрээ байгуулах эрхтэй. Уучлал үзүүлэх, Монгол Улсын харьяат болгох, харьяатаас гаргах, Монгол Улсад орогнох эрхийг олгох эрхтэй.

·        Улсын нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт онц болон дайны байдал зарлах, цэрэг хөдөлгөх, захирамж өгөх эрхтэй. Гэхдээ онц буюу дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор УИХ хэлэлцэж цуцлах эсвэл батална. Ерөнхийлөгч Улсын зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байна.

Энэ бүгд Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хэмжээний эрх мэдэлтэй, ямар чухал албан тушаал вэ гэдгийг харуулах аж. Харин Монгол Улсын нэрийн хуудас болохоор өрсөлдөж буй нэр дэвшигчдийн боловсролын түвшин ямар вэ? Ийм харьцуулалтыг сонгогчид тавих эрхтэй. Нэр дэвшигчид ч хариулах ёстой билээ.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд: 1964.07.19-нд төрсөн. 1987 онд МУИС-ийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1996 онд Япон Улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн. 1988 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. 

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга: 1963.03.03-нд төрсөн. 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар: 1970.07.30-нд төрсөн. 1989-1991 онд Политехникийн дээд сургуулийн Геологийн факультетад сурч байсан. 1991-1994 онд Кемерово хотын уул уурхайн их сургуулийг Геофизикийн ухааны магистрт сурч байсан. 1994-1998 онд Хамерсмит Вест Лондон коллежийг НND бизнес санхүүгийн удирдлагын ангид сурч байсан.

Намтрыг гүйлгэн харвал ийм мэдээллүүд урсаж байна. Улс орны амьдралыг залж, нийгмийг удирдан чиглүүлэхийн тулд өөрийн гэсэн боловсрол эзэмшсэн байх ёстой. Бас эзэмшсэн мэргэжил, мэдлэгийн давуу тал, ажлын дадал чухал байх. Монголчууд эртнээс төрөө дээдэлж ирсэн ард түмэн. Төр, нийгмийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт, хувь заяаг хариуцдаг төрийн бодлого алдагдахад нийгэм хэрхэн уруудан доройтож байгааг сүүлийн жилүүдэд монголчууд хангалттай харсан. Гашуун үр дүнг нь хамтдаа амсаж явна. Өнөөдөр бидэнд төсөл хөтөлбөрөөс мөнгө цавчиж, зөвхөн өөрийгөө бодсон биш төр барих арга барилаа мэддэг, бодлогоо боловсруулдаг, нийгмийн хүчийг шийдэх ёстой асуудалд зангидаж чаддаг, эх орон гэсэн ард түмнээ гэсэн сэтгэлтэй Ерөнхийлөгч хэрэгтэй билээ.

О.Баасанхүү: Би удахгүй ноцтой баримт дэлгэнэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүү, Зөрчлийн хуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ “Сая Эрүүгийн хуулийн 40 орчим заалтыг өөрчилсөн ч гол өөрчлөлтийг хийгээгүй. Үүний нэг нь хар тамхитай холбоотой хэргийг ялаас чөлөөлчихсөн явдал хар тамхины ялыг ингэж зөөллөсөн түүх аль ч улсад байхгүй. Өмнөх хууль ч хар тамхины хэрэгт тийм хатуу байгаагүй. Гэтэл лоббигоор улам хөнгөрүүлж, ял шийтгэлийг нь гурав дахин багасгалаа. Хар тамхины хэрэгт холбогдсон бол хэзээ ч ялаас чөлөөлдөггүй. Энэ хэрэг дээр хохирол шаардахаа больсонд харамсч байна. Хамгийн хатуу шийтгэх ёстой гэмт хэрэг бол хар тамхитай холбоотой болон эх орноосоо урвасан хэрэг. Би удахгүй эх орноосоо урвасан гэмт хэргийн талаар ноцтой баримт дэлгэнэ” хэмээн хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment