8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: ОУВС-гийн захирлуудын зөвлөл шөнө хуралдахаар болж, Соёмботой ууланд газар ашиглах эрхийг цуцалсан өдөр

2017-05-24 18:40:00

“Өөрийнхөө бүтээсэн ертөнцөд үнэ цэнэтэй оршиж, Өрөөлд уусч, өрөөлийг цэнэглэж амьдрах хамгийн дээд жаргал” гэсэн урмын үгийн хамт эрхэм уншигч таны энэ өдрийн мэндийг эрье.  Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Монгол Улсын хувь заяа ОУВС-гийн зээлээс хамаарах уу

ОУВС-гийн захирлуудын зөвлөл Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ. Өнөөдөр ямар шийдвэр гаргах эсэхээс хамаараад Монгол Улсын ирээдүйн хувь заяа шийдэгдэнэ. Өмнө нь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ОУВС-гийн зээлийн талаар мэдээлэл өгч байхдаа “ОУВС -гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр цаашаа явах боломжгүй болсонОУВС гийн холбогдох хүмүүстэй ярилцаж, УИХ-ын 29 тогтоолын 11 дэх заалтаа өөрчлөх шийдвэрийг гаргалаа. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Ерөнхийлөгчийн сонгууль дөхчихсөн, улс төр нэлээд халчихсан учраас аливаа нэг шийдвэр гаргахад улстөржүүлж хараад байна. Хэрвээ улс төрийн сонгуулийг бодоод явсан бол ОУВС- гийн хөтөлбөр болон бусад асуудлыг нийгэмд таалагдах байдлаар шийдлийг гаргаад явна.Улсынхаа эдийн засгаар тоглосноос гашуун ч гэсэн хатуу шийдвэрээ гаргаж, эдийн засгаа эрүүлжүүлье гэдэгт бүлэг улс төрийн хариулт өгч, зарчмын шийдвэрийг гаргасан” хэмээн мэдээлэл өгч УИХ-ын 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон. Тус хөтөлбөрт хамрагдахын тул заасан үүрэг даалгаврыг манай Засгийн Газар бүгдийг онц биелүүлсэн. 

Тэдний зүгээс тавьсан шаардлагуудыг биелүүлж, төсөвтөө тодотгол хийж, долоон төрлийн татвар нэмсэн.Өнөөдөр ард иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Үүнийг эрх баригчид мэдэж байгаа ч гэсэн нүдээ аниад татвараа нэмсэн. Хамгийн сүүлд нь  тэдний хүсэлтийн дагуу УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтыг хүчингүй болголоо. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тодорхой шаардлага нөхцлүүдийг хангах талаар манай Засгийн газар шийдвэрээ гаргаж, олны итгэлийг алдсан. Тухайлбал, ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт үргэлжлүүлэн олгох, цалинг ирэх хоёр жилд нэмэгдүүлэхгүй байх, тэтгэврийн насыг өндөрсгөх, хадгаламжийн хүүнд татвар ногдуулах, хүүхдийн мөнгөнөөс гарах илүүдэл мөнгийг ядуу гэр өрхөд хүнсний талон олгох замаар зарцуулах, мөн өнгөрсөн хугацаанд Засгийн газар маш их хэмжээний үнийн дүн бүхий Концессын гэрээг хувийн хэвшлийнхэнтэй байгуулсан асуудлыг эргэж харах талар ОУВС-д амлалт өгсөн. 
Үнэндээ манай улс хойд ааваасаа мөнгө горьдож суугаа хүүхэд шиг нөхцөл байдал орсон. Хэрвээ дахиад ОУВС-гийн захирлуудын зөвлөл зээл олгох асуудлаа хойшлуулах, өөр юм шаардвал яах вэ . Өмнө ийм үйл явдал гарч байсан учраас манай эрх баригчид түр амь зогоох  “Б” төлөвлөгөө боловсруулж байгаа аж. Тодруулбал, ОУВС-аас зээл авах боломжтой болсоноор манай улс гуравдагч хөрш орнуудаас авах зээлийн асуудлууд мөн нааштайгаар шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. 

О.Алтангэрэл: Сангийн сайд Б.Чойжилсүрэн өөрөө Үндсэн хууль зөрчөөд албан тоот бичсэн

УИХ дахь Ардчилсан намын бүлэгт  нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн О.Алтангэрэл УИХурлын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтыг хүчингүй болгосон Улсын Их Хурлын  30 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, Үндсэн хуулийн цэцэд мэдэгдэл гаргах гэж байгаа тухай хүсэлт ирүүлсэн байна. Ардчилсан намын бүлэг уг асуудлыг хэлэлцээд, иргэн О.Алтангэрэлийн хүсэлтийг нь дэмжиж, нэн шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх нь зүйтэй гэж үзсэн байна. Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтын тухайд Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож, олон уллсын валютын нэмэгдүүлэх заалт юм. Гэтэл үүнийг Улсын Их Хурал 30 дугаар тогтоолоороо хасаад байгаа юм.

 Тэгвэл өнөөдөр иргэн О.Алтангэрэл Улсын Их хурлын 30 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, Үндсэн хуулийн цэцэд мэдээллээ хүргүүллээ. Энэ үеэр О.Алтангэрэл "2017 оны 29 дүгээр тогтоолыг Улсын Их Хурлаас гаргасан. Энэхүү тогтоолоор нэлээд олон асуудал зохицуулсан. Түүний нэг нь гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн борлуулалтын орлогыг монгол дахь банкны дансаар дамжуулдаг байх заалт байсан. Сүүлийн үед уг заалтыг зөвхөн Оюутолгойтой холбоотой мэтээр тайлбарлаад байгаа. Огт тийм биш. Энэ бол "Боро гоулд", "Центера Гоулд", "Тавантолгой" гээд бүх том төслүүдтэй холбоотой заалт юм. Гэтэл энэхүү заалтыг "ОУВС-ын захирлуудын зөвлөлийн хурал хойшлогдчихлоо" гээд Сангийн сайд байнгын хороо руу албан тоот бичээд явчихсан. Энэ нь нэгдүгээрт, уг асуудлын процесс өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд заасанаар Монгол Улсын Ерөхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газар хууль санаачлах эрхтэй байдаг. Гэтэл Б.Чойжилсүрэн сайд Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөд нэг албан тоот бичээд, түүнийг нь байнгын хороо хүлээн аваад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулсан. Улмаар Улсын Их Хурлын 30 дугаар тогтоол гэчийг гаргаад, Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтыг хүчингүй болгосон. Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд болоод үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд "эдийн засгийн бие даасан байдлыг хангах замаар үндэсний аюулгүй байдлаа ханган" гэсэн байдаг. Тэгвэл бид бие даасан баймаар байна шүү дээ. Гэтэл энэхүү чухал заалтыг үгүй хийгээд, Монгол Улсын Үндсэн хуультай харшилсан олон улсын гэрээ бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй байх ёстой. Гэтэл "ОУВС-ын захирлуудын зөвлөлийн хурал хойшлогдчихлоо" гэдэг зүйлээр Монгол төр процессоо зөрчөөд, ийм шийдвэр гаргаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа нь харамсалтай байна. Тиймээс би Үндсэн хуулийн цэцэд мэдэгдэл гаргаж байна"  гэлээ. Мөн тэрбээр "Ард түмнийхээ язгуур эрх ашгийг бодоод Монгол Улсын Үндсэн хуулиар асуудлыг харах уу, ОУВС яах бол гэсэн айдсаар асуудалд хандах уу гэдэг хоёр өнцөг л байгаа. Миний өнөөдөр гаргасан мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцэ шийдвэрээ гаргах байх. Хэрвээ "30 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн байна" гэвэл  Улсын Их Хурал тэрхүү шийдвэрээ өөрчлөх л ёстой. Түүнээс ОУВС яах бол гэж эргэлзэх учиргүй. Үр дагавар нь ямар ч байсан Үндсэн хуулийн дагуу л явах ёстой шүү дээ" гэлээ.

Төв талбайд бие зассан гадаадын хоёр иргэнийг 15 мянган төгрөгөөр торгожээ

Өнгөрсөн бямба гарагт болсон “Улаанбаатар марафон 2017”-ийн үеэр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын үүдэнд гадаадын хоёр иргэн бие засаж буй зураг олон нийтийн сүлжээгээр тарсан. Уг хоёр иргэнийг эрэн сурвалжилсны дагуу илрүүлэн Захиргааны хэргийн бүртгэл хийж шүүхэд шилжүүлсэн талаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мэдээллээ.

Тэднийг олон нийтийг илтэд үл хүндэтгэн танхайрсан гэж үзсэн бөгөөд шүүхээс Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 15 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. Тэдний хувьд тус өдөр болсон марафон гүйлтэд оролцохоор Сүхбаатарын талбайд өглөө эрт ирсэн байна. Хэлмэрчгүй, дээр нь бие засах газар хайгаад олоогүй тул ийн зөрчил гаргасан гэж тайлбарлажээ Мөн өөрсдийн гаргасан үйлдэлдээ гэмшиж, Монгол Улсын иргэдээс уучлалт гуйсан байна.

Ийнхүү гадаадын хоёр иргэн төв талбайд бие засаж түүнийхээ торгууль болох 15 мянган төгрөгийг төлж, бас Монголчуудаас уучлалт гуйгаад өнгөрлөө. Эдгээр хүмүүс цагдаагийн газарт тайлбар өгөхдөө бие засах газар олоогүй учир ийн зөрчил гаргасан хэмээн тайлбарлажээ. Төв талбай тойрсон өндөр шилэн барилгуудын нэг рүү нь гүйж ороод бие засах гэсэн юм гэхэд л  асуудлаа шийдэж чадахаар байлаа. Харамсалтай нь  ёс зүйгүй ийм үйлдэл гаргасан гадаад хүмүүсийг торгосон мөнгөн дүн нь ердөө 15,000 төгрөг. Цаашид иймэрхүү үйлдэл гаргасан гадаад, дотоодын хүмүүст арай өөр торгууль, шийтгэл ногдуулдаг байвал зүгээр дээ, хотын даргаа.

Даршилсан загасанд хордсон иргэдийн 8 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна

Шилэн саванд даршилсан загас худалдан авч идсэн 20 орчим иргэн хоолны хордлогод орсон талаар мэдээллийг хүргэсэн билээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нэг иргэнээс энэ сарын 16-17-нд “Цэнхэр далайн өгөөж”, “Хар ус нуур” нэрийн шилтэй загас, “Далай ээж” хүнсний захаас “Дүүрэн нуур”, “Хөвсгөл хатгал”, “Хатан загас”, “Хөвсгөл цагаан загас” нэрийн шилтэй загам болон утсан загас худалдан авсан  иргэд хордож, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Дээрх шилтэй загаснууд нь хаяг шошгоны зөрчилтэй, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүд байжээ. Одоо Халдварт өвчин судлалын үндэсний төвд 8, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 7 өвчтөн хэвтэн эмчлэгдэж, Орхон аймагт 3 хүн гэрээр эмчлүүлж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

"Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг олж, хариуцлага тооцох ёстой"

Эдийн засгийн байнгын хороогоор өнөөдөр /2017.05.24/ Монгол банкны 2012-2016 онд явуулсан үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэв.Байнгын хорооны гишүүд “Монголбанкны нөхцөл байдал Н.Баяртсайханы  үйл ажиллагаанаас үл хамаарч үүссэн тул өмнөх Ерөнхийлөгч Н.Золжаргалыг олж, хариуцлага тооцох ёстой” гэж үзэв. Мөн алдагдалд оруулж, концессын гэрээг хууль бусаар хийсэн этгээдэд хариуцлага тооцох ёстойг ч сануулж байлаа. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрт хамрагдсан 45 аж ахуйн нэгж зээлийн мөнгөө зориулалтын бусаар ашигласан. Зарим аж ахуй нэгжийг сонгохдоо сонгон шалгаруулах журам зөрчиж, сонгосон талаар УИХ-ын гишүүн Т.Аюурзана тайлбарлалаа.Монголбанк үнэ тогтворжуулна гэдэг нэрээр компаниудад гурван их наяд төгрөгийг 2012-оос тараасан. Ингэхдээ Н.Золжаргал нь авилга хээл хахууль авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ-ын Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна.  Шалгах явцад Н.Золжаргал нь биеийн байдал тааруу гэдэг шалтгаанаар гадагшаа эмчилгээнд яваад өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй байгаа гэсэн мэдээлэл байна. 

Я.Санжмятав: Монголын төрд хоноцын сэтгэлээр хандаж болохгүй
ОУВС-гийн шийдвэрийг маргааш танилцуулна

ОУВС-гийн захирлуудын зөвлөл өнөөдөр орой хуралдаж, Монгол Улсыг ОУВС-гийн хөтөлбөрт хамруулах эсэхийг шийдвэрлэнэ. Тиймээс Сангийн яам маргааш хэвлэлийн бага хурал зарлаж, ОУВС-гийн шийдвэрийг танилцуулахаар болжээ.

Соёмботой ууланд газар ашиглах эрхийг цуцаллаа

Соёмботой уулыг ухаж байна гэсэн зураг, мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр гарсан. Тэгвэл өмнө нь зөвшөөрсөн Газар ашиглах эрхийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган цуцаллаа. Ингэснээр Зайсан толгойн аман дахь Соёмботой уулыг ухаж барилга барьж байсныг таслан зогсоосон юм.

Үндэсний их баяр наадмаар хэд хоног амрах вэ

Ирэх долдугаар сард Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн үндэсний их баяр наадам болно.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилсан. 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар наадмаар ажлын таван өдөр амардаг болсон. Харин энэ жилийн наадмын эхний өдөр буюу долоодугаар сарын 11-ний өдөр тухайн долоо хоногийн мягмар гарагт, 15-ны өдөр бямба гарагт таарч байна. Тодруулбал, ажлын дөрвөн өдөр амрах юм байна.

Монголчууд бид Африкаас дор орно гэж байх уу?

Монголчууд сарын дараа ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Морьтойгоо дэлхийн талыг эзэлсэн монголчууд бид шинэ зууны хөгжлийн жолоогоо атгуулах хүнээ зөв сонгох эгзэгтэй мөчид ирлээ. Энэ цаг үед ерөнхийлөгч ер нь боловсролтой хүн байх ёстой юмуу, эсвэл сэтгэл байхад боловсрол хамаагүй юмуу гэсэн хэлэлцүүлэг сошиал сүлжээ болон олны дунд өрнөж байна. Нэр дэвшигчдийн боловсролын талаар янз бүрийн байр суурь, сэтгэгдлүүд харагдах юм. “Их гүрэнд их , дунд зэргийн улсад дунд, бага буурай улсад бага боловсрол л хаваасаг” гэсэн постууд ч явж байх юм.

Тэгвэл ер нь бидэн шиг бага буурай орнууд ямар хүнээр төр бариулдаг, ямар шалгуураар ерөнхийлөгчөө сонгодгийг зарим бүс нутгийн улсуудаас хармаар байна.

       Төр улсаа төвхнүүлээд зуун жил ч болоогүй ядуу буурай Африкчууд хүртэл ерөнхийлөгчөө сонгоход боловсролыг нь хардаг байна. Африкийн эдийн засгийн хөгжлөөр тэргүүлж байгаа 10 улсын ерөнхийлөгчийн боловсролыг жишээ болгон үзүүлье. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

​Венесуэлийн экс Ерөнхийлөгч Уго Чавесийн гэрийг шатаажээ

Венесуэль улсад эдийн засгийн хямрал газар авч, тус улсыг удирдаж байсан экс Ерөнхийлөгч Уго Чавесийн гэрийг шатаасан байна.  Өчигдөр цагдаа нар 19 настай оюутныг хөнөөсний дараа ард иргэд хилэгнэн гудамжид гарч түүний гэрийг шатаажээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Венесуэлийн парламент улс оронд хүмүүнлэгийн хямрал нүүрлэснийг зарлаж, гадаадын тусламжийн сувгийг нээхийг уриалсан юм. Улс төрийн хямрал гүнзгийрсээр эдийн засгийн хямралд хүргэж, инфляц хэдэн зуун хувиар нэмэгдэж, гол хэрэглээний бараа ховордож үнэ нь тэнгэрт хаджээ. Сөрөг хүчнийхэн энэ хямралд Ерөнхийлөгч Мадурогийн харалган бодлого буруутай хэмээн үзэж түүнийг огцрохыг шаардсаар байна.

Хүн барьцаалсан Б.Мөнхбаярт оногдуулсан 7 жил хорих ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцлээ.     

Б.Мөнхбаяр нь 16 настай Б-д цаасны хутга тулгаж, ам, гар, хөлийг нь хүлэн “Хажууд чинь тэсрэх бөмбөг тавьсан, хөдлөх юм бол тэсэрнэ шүү” гэж амь биед нь заналхийлж, түүний аав руу утсаар ярьж 80 сая төгрөг нэхэн болзол тавьж, насанд хүрээгүй хүнийг барьцаалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2.1, 112.2.5, 112.2.6, 112.2.8 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээлээ. 

Төр тэргүүлэх хүн боловсролтой байхаас аргагүй

Сүүлийн үед төрийн тэргүүн хүн ямар байх ёстой талаар нэлээд нухацтай ярилцаж байна. Яагаад ч юм урьд өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ сэдвийг төдийлөн хөнддөггүй байжээ. Сурсан сургуультай, мэдлэг боловсролтой, дотоод төдийгүй гадаадын нэртэй сургуулиудыг төгссөн хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшдэг байсан болохоор энэ тийм чухал сэдэв биш байжээ. Харин өнөө жил чухал сэдвүүдтэй зэрэгцээд ямар хүн төрийн тэргүүн болох ёстой вэ гэдэг асуудал нийгмийн томоохон сэдэв болоод байна.

       МЭӨ 209 онд Хүннү улсад Модун Шаньюй хаан төрийн жолоонд суусан үеэс Монголд төр үүссэн гэж үздэг. Чингис хааны үеэс Алтан ургийнхан Монголыг төрийн жолоог барих болсон. Монголын хаад Чингис хааны төр барих уламжлал гэрээсийг ямагт болгоож, төрөө удирдан залж байлаа. Төрийн тэргүүн хүнд улс иргэн, хүн ардаа гэх сэтгэл, ноён нуруу ардыг ачлах, төр засах эрдэмд суралцсан байхыг гол шалгуур болгон тавьж ирсэн нь түүхэнд үлджээ.  Монгол ноёд угсаа залгамжлах хүүгээ  5, 6 настайгаас  нь эхлэн гэрийн “элит” сургуулиар бэлтгэдэг байв. Бичиг үсэг сурган, түүх шаштир, буддын гүн ухааны номд шамдуулж, түшмэл ёсонд сургасны дараа сая угсаа залгамжлах эрхтэй болно. Тулуй, Сорхагтин хоёр хөвгүүдээ ийм зарчмаар сургаж, хэн нь ч хаан болж төрийн жолоог атгахад бэлэн болохоор сургаж хүмүүжүүлсэн байдаг нь нэг гэрээс олон хаад төрсөн түүхээс харагддаг. Үе, үеийн монгол төрийн бодлого энэ зарчимд тулгуурлаж ирсэн юм.

      Социализмын үед бага залуугаас нь салбар салбарт боловсон хүчнээ бэлтгэж, улмаар тэдэн дундаас хамгийн шилдгээр нь төр засгаа удирдуулахаар болдог байсан. Ардчилал чөлөөт нийгэмд шилжиж, Ерөнхийлөгчдөө ард иргэдийн саналаар сонгож ирсэн өнөө цагт ч хамгийн шилдэг боловсон хүчнүүд энэ өндөр албан тушаалд нэр дэвшиж байжээ.

Анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Пунсалмаагийн Очирбат чамгүй өндөр боловсролтой нэгэн байжээ. Тэрээр Ленинград хотын уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн инженерээр төгсөж техникийн ухааны дэд эрдэмтэн, эдийн засгийн шинжлэх ухааны доктор профессорын цолтой, харин удаах Ерөнхийлөгч Нацагийн Багабанди Ленинград, Украин, Москва зэрэг ЗХУ-ын шилдэг их дээд сургуулиудад суралцаж, хүнсний технологийн инженер мэргэжлээр төгссөн байна. Гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр ч мөн адил хойд хөршид боловсрол эзэмшиж, Их Британид боловсролоо дээшлүүлжээ. Харин өнөөгийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан, түүнээс өмнө алдарт Льевовын цэрэг улс төрийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Энэ бол монгол төрийн тэргүүнүүдийн боловсрол. Зөвхөн төрийн тэргүүнд ийм боловсролтой хүмүүс нь шалгарч гараад байсан ч юм биш, нэр дэвшигчид нь угаасаа өндөр боловсролтой байх шалгуур уламжлалаасаа бидэнд байсан. Төрийн тэргүүнд өрсөлдөж байсан эрхмүүдийн боловсролын түүх ч бидний бахархлыг төрүүлэхээр байж ирснийг дурдах хэрэгтэй. Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч доктор, профессор Лодонгийн Түдэв, Новосибирскийн их сургуулийн шинжлэх ухааны доктор профессор Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, алдарт монгол судлаач Лувсандамбын Дашням гэх мэтээр өрсөлдөгчдийн боловсрол мэдлэгийн түвшинг дурдаж болно.

Гэтэл өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн боловсролын асуудал эрхгүй анхаарал татаж байна. Дунд боловсролтойгоо энгийн үзэгдэл мэт тайлбарлаж, сургууль сольж хольж туйлбаргүй загнаснаа нуусан ард түмнээ хуурсан хүмүүс энэ хүндтэй албан тушаалд горилно гэдэг харамсалтай. XXI зуун оюун ухаан, техник технологийн хөгжлийн зуун болно. Энэ зуун бидэнд ухаалаг, боловсролыг дээдэлдэг төрийн тэргүүнтэй байхыг шаардаж байна. Төр нь, төрийн тэргүүн нь тийм байж шинэ залуу үедээ үлгэр дуурайл болж, бахархал төрүүлэн, боловсролыг эрхэмлэх үзэл санааг суулгах учиртай. Төр тэргүүлэх хүн боловсролтой байх учиртай, учигтай.

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл