8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Шалгалтын материал задалсан багшийг ажлаас нь халж, Хятад эмэгтэйг “Шар хад”-ны эмнэлэгт хүргүүлсэн өдөр

2017-05-26 18:40:00

Дуулиан шуугиан, амжилт бүтээл  дагуулсан ажлын өдрүүд ийнхүү дуусаж байна. Эрхэм уншигч таны ажлын өдрүүд амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Маргааш амралтын өдөр учраас гэр бүлээрээ хэрхэн юу хийх талаар төлөвлөж сууна уу. Тэгвэл танд хэрэгтэй нэгэн мэдээлэл дуулгахад өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар сэрүүсч, Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 29-нөөс ихэнх нутгаар дулаарах юм байна. Харин одоо та бүхэндээ нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн мэдээ, мэдээллийг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна.


Өнөөдрийн тоймоо хүлээн авна уу. 

Хар тамхины наймаанд оролцож байсан, Монгол Улсын нэр хүндийг гутааж байсан хүнийг Элчин сайд болгох нь зөв үү

Өчигдөр УИХ-ын чуулганаар зургаан улсад суугаа Элчин сайдыг эргүүлэн татаж шинээр томилох асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, Швейцараас В.Пүрэвдорж, Францаас М.Батсайхан, Германаас Ц.Болор, Японоос С.Хүрэлбаатар, АНУ-аас Б.Алтангэрэл, Канадаас Р.Алтангэрэл нарыг эгүүлэн татлаа. Улмаар Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг 60.4 хувийн саналаар Швейцарь, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөрийг 88.2 хувийн саналаар Франц, ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбатыг 78.4 хувийн саналаар Герман, Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэрийг 96.1 хувийн саналаар Япон, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаярыг 100 хувийн саналаар АНУ, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Чимгүүндарийг 96 хувийн саналаар Канад улсад суух Элчин сайдаар томиллоо. Хэлэлцүүлгийн шатанд шинээр томлогдож байгаа Элчин сайдуудад хандаж зарим гишүүд ширүүхэн үг хэлсэн. Ингээд Элчин сайдуудын талаар “Хэн юу хэлэв” булангаа хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хэдэн дарга нарт долигнож гүйдгээ болих хэрэгтэй

Элчин сайд болчихоод томилогдсон хүндээ үйлчилж, хэдэн дарга нарт долигнож гүйдгээ болих хэрэгтэй. Тэнд байгаа ад иргэддээ үйлчлэх хэрэгтэй.   Очсоныхоо маргаашнаас эхлээд хэний төлөө ажиллахаа сайн бодоорой.  Сонгосон, томилсон, нэр дэвшүүлсэн дарга нартаа үйлчлээд байв. МУ-ын Ерөнхийлөгч хувь биш шүү. Үеийн үед байх албан тушаал гэдгийг зөвөөр ойлгож ажиллаарай. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:Тамхины наймаанд оролцож байсан, Монгол Улсын нэр хүндийг гутааж байсан хүнийг сонгох нь зөв үү

Элчин сайдаар томилогдож байгаа хүмүүсийн асуудалд анхааралтай, нухацтай хандах ёстой. Томилогдож байгаа Элчин сайдууд улсын нэр хүнд гутаагаад, эргүүлэн татах асуудал үүсч байгаа юм билээ. Томилогдож байгаа хүмүүс дотроос Р.Пүрэвсүрэнг элчин сайдаар дэмжихгүй байна. УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн ахлагчийн хувьд зөвшөөрөхгүй байна. Оффшорын эсрэг бүлгийнхээ зүгээс Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллага, эрхзүйн зарим товчоод банкуудтай тодорхой харилцааг эхлүүлсэн байна. Энэ хүн томилогдсоноор бидний ажиллагаанд доголдол үүснэ гэж үзэж байна. Засгийн газрын үйл ажиллагаанд доголдолтой ажилладаг, “ховч хар” гэдэг нэр авсан. Европын холбооны улсуудад нэвтрэх эрхгүй болсон гэх мэдээлэл байна. Тийм байтал Монгол Улсыг төлөөлөхөөр Европын холбоо руу явах нь маш буруу. Монгол төрд бодлого байх ёстой. Монгол Улс нэр хүндээ бодох ёстой. Тамхины наймаанд оролцож байсан, Монгол Улсын нэр хүндийг гутааж байсан хүнийг сонгох нь зөв үү. Өөр хүн олдохгүй байна уу. Дэлгэрэнгүй мэдээлллийг энд дарж үзнэ үү. 

Хар тамхины хэргээр 66 хүн ял эдэлж байна

Сүүлийн 10 жилийн судалгаагаар хар, тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг  нийт гэмт хэргийн 0.2 хувийг эзэлжээ. Үүнээс 82 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байна. Хэрэгт холбогдсон хүмүүсийн 65 хувийг 18-24 насныхан эзэлж байгаа ажээ.

Энэ хэрэгт 66 хүн ял эдэлж, 22 хүн сэжиглэгдэн шалгагдаж байгаа гэнэ. Сүүлийн үед хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга  улам нарийсаж, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа,  өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нууж нэвтрүүлэх, борлуулахдаа товлосон газар нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын данс ашиглан авах зэргээр зохион байгуулалттай болжээ. 

Шалгалтын материал задалсан багшийг ажлаас нь халжээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2016-2017 оны улсын шалгалт энэ сарын 22-30-ны өдрүүдэд явагдана. Өчигдөр 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалтыг авсан ч хүчингүй болгосон.

Учир нь математикийн хичээлийн шалгалтын материалыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн ахлах ангийн сургалтын менежер П.Өлзийхишиг шалгалт эхлэхээс өмнө задалж, олон нийтийн цахим хэрэгслээр тараасан зөрчил илэрчээ.

Иймд тус сургуулийн захирал тушаал гаргаж /2017.05.25/ П.Өлзийхишигийг албан үүргээс нь чөлөөлсөн байна. Өнгөрсөн 2016 онд мөн элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задарсан тухай гомдлыг сурагчид мэдээлж байсан удаатай.

Аялахаар төлөвлөж байгаа хүмүүст зөвлөмж хүргүүллээ

Зуны хамгийн гайхалтай цаг мөчүүд гэр бүл, найз нөхдийн аялал зугаалганаас эхэлдэг. Харин та болон таны гэр бүл энэ зун аюулгүй зугаалахад бэлэн үү? Танд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Нэгдүгээрт: Таны тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг сайтар шалгаарай.

Хоёрдугаарт: Өөрийн болон өөрийн хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж хамгаалах бүсийг тогтмол хэрэглээрэй.

Гуравдугаарт: Хэрвээ та бага насны хүүхэдтэй хамт явж байгаа бол түүний нас, биеийн өндөр, жинд тохирсон хамгаалалтын суудлыг заавал хэрэглээрэй.

Дөрөвдүгээрт: Гол анхаарлаа зөвхөн жолоонд хандуулаарай. Өөрөөр хэлбэл гар утас хэрэглэх болон бусад жолоочийн анхаарлыг сарниулах үйлдэл бүү хийгээрэй. Энэ нь таныг болон таны гэр бүл, найз нөхдийг эрсдэлд оруулна.

Тавдугаарт: Зуны улиралд хүмүүс мотоцикль, мопед, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцох нь их байдаг учир анхаарал болгоомжтой байж, тэднээс зай барих хэрэгтэй юм.

Нэр дэвшигчид маргааш үнэмлэхээ гардана

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшихээр болсон.СЕХ-оос маргааш  09.00 цагаас МАН, 10.30 цагаас МАХН, 11.30 цагаас АН-ын нэр дэвшигчид нэр дэвшигчийн үнэмлэх олгох юм байна. Хуулийн дагуу  санал хураах  өдрөөс 30 хоногийн өмнө  дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах ёстой юм.

Эх үрсийн баяраар бэлэг сонгохдоо юуг анхаарах вэ

МХЕГ-аас Нийслэлийн 9 дүүргийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 26 иргэн, 115 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийж байна. Шалгалтын үеэр нийт 211 зөрчил илрүүлснээс 104 зөрчлийг газар дээр нь арилгуулж улсын байцаагчийн 30 заалт бүхий 4 албан шаардлага хүргүүлэн ажиллалаа.
Хяналт шалгалтын явцад шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж худалдаалсан болон хугацаа нь хэтэрсэн 74 нэр төрлийн, 448 ширхэг, 1.565.710 төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч устгуулах арга хэмжээ авсан. Үүнээс 69 нэр төрлийн, 1.444.910 төгрөгийн бүтээгдэхүүн нь хугацаа хэтэрсэн байсан. /ундаа, жүүс, сок, гаа, бохь, шоколад, набор, кесел, чокопай, резинэн чихэр, модон чихэр, тоглоомтой чихэр/
Гэсэн хэдий ч өмнөх оны шалгалтын дүнтэй харьцуулахад зөрчил дутагдал харьцангуй багассан нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн хадгалах, сонгож авах талын мэдлэг нэмэгдсэнтэй холбоотой байна.
1. Эх үрсийн баяраар хүүхдүүддээ бэлэг сонгохдоо дараах зүйлийг анхаарна уу:
– Боосон бэлэг дотор байгаа хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг нэг бүрчлэн үзэж шалгах
– Хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, хаяг шошгыг унших боломжгүй, эргэлзээтэй бүтээгдэхүүн сонгохгүй байх.
– Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байх. Дундаж хэмжээтэй ундаа жүүсэнд гэхэд ойролцоогоор 50-80гр сахар агуулагддаг бөгөөд энэ нь таны хүүхдэд шүд өвдөх, харшил үүсгэх богино хугацааны нөлөөтэйгөөс гадна цаашлаад зүрх судас, бөөрний өвчлөлд нөлөөлөх сөрөг үр дагавартай юм.
– Амархан муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн боосон бэлгийг худалдан авахгүй байх. /Жишээ нь, бүржмэл чихэр, кремтэй нарийн боовны төрлийн бүтээгдэхүүн гэх мэт/
– Хямдрал нэрийн дор худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар харж авах,
2. Бялуу, хиам зайдсан бүтээгдэхүүн, өндөг гэх мэт түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчний хэмд хадгалж, тэр өдөртөө хэрэглэж дуусгах.
3. Гадаа аагим халуун болж, агаарын хэм +31 хүрч байгаа энэ үед худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ автомашиндаа хадгалахгүй байх.
4. Хүүхдүүдийг хөдөлгөөнт автомат тоглоом дээр тоглуулахдаа аюулгүй байдлыг бүрэн хангуулах буюу хувь хүмүүсийн баталгаагүй, зориулалтын бус тоглоом дээр тоглуулахгүй байх.
5. Нарны хурц туяанаас хамгаалж, малгай, нарны хаалт тогтмол хэрэглэх, наршихаас хүүхдүүдийг хамгаалах.
6. Хүүхдийг гадаа тоглосны дараа болон гаднаас орж ирсний дараа даруй гарыг савандаж угаалгах.
Баярын өдрөөр хүн ихтэй газруудад хүнсний бүтээгдэхүүн худалдаалах тохиолдол олон байдаг. Тиймээс эцэг, эхчүүд баярын үеэр хүүхэддээ бэлэг болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа найдвартай газраас, хадгалах хугацаа дууссан эсэх хадгалалтын горим зөв явагдаж байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Гудамж талбайд ил задгай худалдаалж буй жимс, чихэр, бэлэг зэргийг худалдан авахгүй байх. Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг болохыг анхааруулж байна. Ингэснээр та бидний үр хүүхэд болзошгүй аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлэх юм.

Дугуй унаж явсан хүүхдийг мөргөж насыг нь хохироожээ

Өчигдөрийн байдлаар зам тээврийн ослын 240 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 9 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 6, унадаг дугуйтай холбоотой осол 1, мөргөлдсөн 13 осол тус тус бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд явган зорчигч болон зорчигч хэлбэрээр 0-10 хүртэлх насны 3 хүүхэд өртсөн байна. 

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 60 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

Тухайлбал:

  1. БЗД-ийн нутаг Эрдэнэтолгойн автобусны буудлын замд марк, улсын дугаар тодорхойгүй мотоциклийн жолооч  нь явган зорчигч 66 настай Л-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явсан хэргийг Замын цагдаагийн алба шалгаж байна.

Орон нутагт:

  1. Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын нутаг аймгийн төвөөс 3 км-т асфальтан замд Зил-130маркийн автомашины жолооч И нь унадаг дугуй унаж явсан 17 настай Т-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ. 

Мөн СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргасан байна. 

Зуны хамгийн гайхалтай цаг мөчүүд гэр бүл, найз нөхдийн аялал зугаалганаас эхэлдэг. Харин та болон таны гэр бүл энэ зун аюулгүй зугаалахад бэлэн үү? Танд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Нэгдүгээрт: Таны тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг сайтар шалгаарай.

Хоёрдугаарт: Өөрийн боло өөрийн хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж хамгаалах бүсийг тогтмол хэрэглээрэй.

Гуравдугаарт: Хэрвээ та бага насны хүүхэдтэй хамт явж байгаа бол түүний нас, биеийн өндөр, жинд тохирсон хамгаалалтын суудлыг заавал хэрэглээрэй.

Дөрөвдүгээрт: Гол анхаарлаа зөвхөн жолоонд хандуулаарай. Өөрөөр хэлбэл гар утас хэрэглэх болон бусад жолоочийн анхаарлыг сарниулах үйлдэл бүү хийгээрэй. Энэ нь таныг болон таны гэр бүл, найз нөхдийг эрсдэлд оруулна.

Тавдугаарт: Зуны улиралд хүмүүс мотоцикль, мопед, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцох нь их байдаг учир анхаарал болгоомжтой байж, тэднээс зай барих хэрэгтэй юм.

Арван мянгыг хулгайлаад шоронд, 14 их наядыг “салхинд хийсгээд” гадаадад! Шударга уу?

Авсан хүн нэг тамтай, алдсан хүн арван тамтай гэгчээр Монголбанкны өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд явуулж ирсэн бодлогоос болж 60 гаруй мянган аж ахуйн нэгж хаалгаа барьсан гэх баримт байна. Олон мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, эдийн засаг уруудсан жишээг бид дөрөвхөн жилийн дотор хангалттай үзлээ, харлаа, амслаа. Эдийн засаг уруудаад ард иргэдийн амьдрал доройтсоноор бүх зүйл зогссонгүй. Гаднын зах зээл дээр “Чингис” хааныхаа нэр нүүрээр тахлан байж олж ирсэн мөнгөөр Монгол Улсын Төвбанкийг удирдаж байсан хүн “гараа угааснаас”, 60 сая малтай, байгалийн баялаг ихтэй цөөхөн монголчууд зээлийн дарамтанд орчихоод бадар барин сууж байна.

Баримт дурдъя. 2012 оныг хүртэл Монголбанк алдагдалгүй ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл, аливаа улс орны Төвбанкинд заавал байх валютын нөөц, өөрийн хөрөнгө байх ёстой баланстаа байсан байна. Гадаад валютын албан нөөц 2012 онд 4.1 тэрбум ам.доллар байсан бол 2016 онд 1.3 тэрбум ам.доллар болж огцом буурчээ. Харамсалтай нь, 2012 оны наймдугаар сараас эхлэн 2016 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд Монголбанкны алдагдал хэвийн байх хэмжээнээсээ хэтэрч хуримтлагдсан алдагдал гурван их наяд төгрөгт хүрсэн байна. Жишээ татахад, “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрт хамрагдсан 45 аж ахуйн нэгж зээлийн мөнгөө зориулалтын бусаар ашиглажээ. Зарим аж ахуйн нэгжийг сонгохдоо сонгон шалгаруулах журам зөрчиж, сонгосон байна. Тухайлбал, Х.Баттулгыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд байх үед 13 аж ахуйн нэгжийг хууль бусаар шалгаруулж, 127.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байх юм.

Монгол Улсын Төвбанкийг удирдаж байсан хүн “гараа угааснаас”, 60 сая малтай, байгалийн баялаг ихтэй цөөхөн монголчууд зээлийн дарамтанд орчихоод бадар барин сууж байна.
Түүнчлэн нефть импортлогч компаниудад 2013-2015 оны хугацаанд нийт нэг тэрбум 579.95 сая ам.долларыг зах зээлийн ханшаас 300 хүртэлх төгрөгөөр хямд худалдсан. Үүнээс Монголбанк 354.2 тэрбум төгрөгийн ханшийн зөрүүний бодит алдагдал хүлээжээ. Энд нэг зүйл анхаарал татаж байна. Төвбанк 226.4 тэрбум төгрөгийг жилийн 0.89 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудад олгож, жинхэнэ дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэгч болжээ. Арилжааны банкууд 0.89 хувийн хүүтэй авсан зээлээ 2.91 хувийн хүү нэмж,  шатахуун импортлогч компаниудад олгосон байна. Энд дурдсан бүх баримт бол Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн УИХ-ын шалгалтын ажлын хэсгийн гаргаж ирсэн баримтууд гэдгийг тодотгоё.

Бизнесээ эхлүүлэх гэж байгаа иргэн Дорж, цалингаас цалингийн хооронд өдөр шөнөгүй махийтлаа ажилладаг Дугар цалингийн эсвэл бизнесийн зээл авахад жилийн хүү нь 22-23 хувь байдаг. Гэтэл цөөн хэдэн аж ахуйн нэгжид жилийн нэг ч хувь хүрэхгүй зээл өгсөн нь хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэнэ гэгч болжээ. Эндээс Монголбанк гаднаас 5-7 хувийн хүүтэй олж ирсэн зээлээ ийм бага хүүтэйгээр цөөн хэдэн аж ахуйн нэгжид өгөх байсан юм бол олон компанид өгөхгүй яасан юм бэ гэж ёжилсон асуулт гарч ирж байна. Тэгвэл цөөхөн бус нэлээд олон тооны компани бага хүүтэй зээлээр бизнесээ хөгжүүлж, тэр хэрээр ажлын байр бий болж, эргээд улсад төлөх татвар ч нэмэгдэж, төсвийн ачаанаас үүрэлцэх байсан ч байж болох. Нэгэнт л Н.Золжаргал гэдэг хүн төрийн мөнгөөр хэрэгтэй хэрэггүй своп хэлцэл хийж, алдагдал хүлээж байсан учир аж ахуйн нэгжүүдээ дэмжих энэ мэт зээл олгож болох байсан гэх гаргалгаа гарч ирээд болдоггүй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын хүү Э.Анарыг “Урт хутгат" хэмээн өөрийгөө нэрлэсэн нэгэн мессэжээр заналхийлж, гэр бүлийг нь сүрдүүлж буй  талаар тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа бичээд, гар утсандаа ирсэн мессэжийг цахим ертөнцөд дэлгэсэн нь олны анхаарлыг татаад байна. 

Э.Анарыг сүрдүүлээд буй “Урт хутгат" гэдэг нь нийтлэлч А.Баатархуягийн нийтлэлийн нэгэн дүр бөгөөд түүнд ирж байгаа сүрдүүлэг энэ нэрээр ирж байгаа учраас тэрбээр А.Баатархуягийн нэр дээр гомдол гаргажээ. 




Энэ талаараа тэрбээр “Хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон мэдээллүүд гарч байна. Тиймээс хүүгийн хувиар аавыгаа, гэр бүлээ өмгөөлж хамгаалах шаардлагатай байх гэж бодож байна. Би улс төрийг сайн мэдэхгүй. Надад улс төр хамаагүй. Гэхдээ нэр төрд минь халдах, өвөг дээдсийг минь гутаан доромжлох нь байж болохгүй зүйл гэж бодож байна. Би спортын хүн. Спортод бол дүрэмтэй тоглодог. Гэтэл улс төр ингэж дүрэмгүй байж болохгүй байх гэж бодож байна” гэв. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Хүүхэд хулгайлхыг завдсан Хятад эмэгтэйг “Шар хад”-ны эмнэлэгт хүргүүлжээ

Хятад эмэгтэй бага насны гурван охиныг хулгайлахыг завдсан байж болзошгүй хэрэг өчигдөр гарсан талаар бид мэдээлсэн.Тэгвэл дээрх эмэгтэйг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү хүргүүлж, албадан эмчилгээнд хамруулахаар болжээ. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ee enhbayar guai noiton hamuu shig gonshignoh yum daa
2017/05/26 103.26.194.133