Иргэн Б.Цогтгэрэл өнгөрсөн сараас эхлэн Шилэн дансны тухай хуулийн дагуу байгууллагуудын Шилэн дансанд үзлэг шалгалт хийж заримыг нь зохих байгууллагуудад нь шалгуулахаар хандаад байгаа билээ. Тодруулбал Үндэсний Аудитын газрын даргыг АТГ-т өгсөн. Учир нь тэд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, орон байраар хангах гэсэн гүйлгээний утгаар төсвийн 180 сая төгрөг зарлагдсан нь хуульд нийцэж байгаа эсэхийг шалгуулахыг хүссэн юм. Энэ талаар Б.Цогтгэрэл "Үгсэн хуйвалдсан, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, албан тушаалын байдлаа ашиглаж эд хөрөнгө олж авсан байж болзошгүй тул эдгээр хүмүүсийг АТГ-т өгч байна. Татвар төлөгчдийн өгсөн 180 сая төгрөгөөр байр авчихаад ажлаа хийхгүй бол хийлгээд өгдөг газарт нь хандахаас яахавдээ" хэмээн мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл АТГ-ынхан түүний хүсэлтийн хариуг ирүүлжээ. Үндэсний аудитын газрын энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.