УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг эрүүгийн хэрэгт сэжигтнээр татсан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. А.Гансүх уг асуудалтай холбоотойгоор тайлбар хийлээ. А.Гансүх хэлэхдээ “Намайг Зам тээврийн сайдаар ажиллаж байх хугацаанд надтай хамт Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяатай холбоотой эрүүгийн хэргийн шалгагдаж байгаа явцын талаар буруу ташаа, андуурсан, хардсан мэдээлэл явж байгаа. Гадаадад явах эрхийг хориглоогүй. Япон улсад албан томилолтоор ажиллаад ирсэн. Төмөр замтай холбоотой дамжсан хэргийг шалгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ асуудлаар өмнө нь би өөрийн хүсэлтээр АТГ, цагдаад шалгуулж байсан. Энэ асуудлаар АТГ-т өөрийн биеэр хоёр удаа очиж байцаалт өгч, тайлбар, нотлох баримтуудыг хүлээлгэж өгсөн. Одоо энэ шалгагдаж байгаа асуудалтай холбоотой Засгийн газрын удаа дараагийн шийдвэр, тогтоол, тэмдэглэл, үндэсний аюулгүй байдлын зөвлөмжүүд УИХ-ын тогтоолууд гарсан байдаг. Төрийн эрх байгууллагуудын тогтоол шийдвэрийг хуулбарлан хууль хяналтын байгууллагуудад хүргүүлж хамтран ажиллаж байна.
Миний хувьд ердийн журмаар ажил үүргээ гүйцэтгэж байна. Ялангуяа найман хувийн Ипотекийн зээлтэй холбоотой асуудлууд дээр ажлын хэсгийнхэнтэй хамтран ажиллаж байна. Энэ сардаа найман хувийн зээлийн эрхзүйн орчныг бүрдүүлэх асуудал шийдэгдэх байх.
Мөн найман хувийн зээлийн хүү буух эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байна. Гадаадад явах эрхийг хориглоогүй. Япон улсад албан томилолтоор ажиллаад ирсэн. Мөн маргааш УИХ-ын даргын захирамжийн дагуу АНУ-д албан томилолтоор ажиллах болно” гэсэн хариултыг өглөө.