8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: 120 удаа хулгай, дээрэм хийсэн хүүхдүүд баригдаж, Авлига авсан гаалийн байцаагч нарт ял оноосон өдөр

2017-06-07 18:45:00

Эрхэм уншигч та бүхэнд оройн мэнд х үргэе. Өнөөдөр төлөвлөсөн ажил нь бүтэмжтэй байж, амжилт дүүрэн байхыг хүсье. Өнөөдрийн амжилтыг бүтээнэ гэдэг таны маргаашийн өнгө юм. Тиймээс өдөр бүрийг сайхнаас угтаж өнөөдрөөс илүү маргааш биднийг хүлээж байгаа гэдгийг энд онцолмоор байна. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг монголын нэг өдөр тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо “Монголын нэг өдөр”  тоймоо хүлээн авна уу.

30 баримт: С.Ганбаатар, М.Энхболд, Х.Баттулга нар мөрийн хөтөлбөрөөрөө юу гэж амлав

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн нэр дэвшигчидийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд өчигдөр Тусгаар тогтнолын ордоноос сурталчилгаагаа албан ёсоор эхэлсэн бол АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас эхэллээ. Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Улаанбаатарын төв талбай болох Сүхбаатарын талбайгаас албан ёсоор сурталчилгаагаа эхлүүлсэн. Ард иргэдийн зүгээс энэ удаагийн гурван нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй сайтар танилцаж, сонголтоо хийнэ гэсэн байр суурьтай байна. Ингээд 
Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын мөрийн хөтөлбөрийг  Онцлох 30 баримтаараа танилцуулж байна. Мөрийн хөтөлбөртэй сайтар танилцаж сонголтоо зөв хийхийг уриалж байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.  

Хөвсгөл аймагт ипотекийн зээлийн санхүүжилтэд 1.9 тэрбум төгрөг хуваарилагдсан 

Хөвсгөл аймгийн Монгобанкны салбарын захирал Батнасантай тус аймаг дахь ипотекийн зээлийн санхүүжилтийн тухай ярилцлаа.

-Хөвсгөл аймагт ипотекийн зээлийн эрэлт ямар байна вэ, өмнөх онуудтай харьцуулахад ямар түвшинд байна вэ?

2014 оноос хойш Хөвсгөл аймагт орон сууцны барилгажилт өмнөх жилүүдээс эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэдийн ипотекийн зээлд хамрагдах сонирхол ч нэмэгдэж байна.  2016 оны байдлаар 82 иргэнд 4,2 тэрбум төгрөгийн ипотекийн 5%, 8%-ийн хүүтэй зээл олгосон. Энэ нь 2014  оноос 27.3 хувиар, 2015 оноос 15.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Иргэд 8 хувийн ипотекийн зээлээр аймгаас гадна Улаанбаатар хотод баригдсан орон сууц худалдан авах хүсэлт их байдаг. Мөрөн сум 2013 онд дулааны цахилгаан станцтай болсоноос хойш орон сууцны барилгажилт явагдах суурь үндсэндээ тавигдсан гэж хэлж болно. Тиймээс орон сууцны хорооллууд нэмж баригдахаар хот төлөвлөлтөд тусгагдсан.   

-Тэгэхээр, хүсэлт гол төлөв Мөрөн сумын иргэдээс ирж байна уу ?

Тийм ээ. Дэд бүтэц нь илүү төвлөрсөн болохоор Мөрөн суманд баригдсан орон сууцнаас худалдан авах гэсэн зээлийн хүсэлт давамгайлдаг. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд аймгийн төвд 260 гаруй айлын орон сууц баригдсан байна. Хөвсгөл аймгийн төв болох Мөрөн сум 36,900 гаруй хүн амтай, 11,500 өрхтэй, үүний 6 хувь нь орон сууцанд амьдардаг, 94 хувь нь гэр байшин хороололд амьдарч байна.

-Шинээр баригдах орон сууцнууд нэмэгдэж байна гэж та хэллээ, эрэлт цаашид нилээдгүй өсөх нь ээ?

Хөвсгөл аймгийн онцлог нь ой мод ихтэй, иргэд модон байшин барих боломж нь их тул орон сууцжилт багатай. Харин сүүлийн жилүүдэд орон сууцнууд шинээр баригдаж, иргэд ч орон сууцанд тав тухтай амьдрахыг илүүд үзэх болжээ. Орон сууцны хорооллууд ч шинээр бий болж, барилгын ажил явагдаж байна. Цаашдаа орон сууцанд амьдрах иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь Засгийн газар, Монголбанкнаас хамтран хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн бага хүүтэй урт хугацаатай зээл олгодог болсонтой холбоотой. Мөрөн суманд шинээр 215 айлын 5 орон сууц баригдаж байна. Эдгээр барилгууд 2017 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн.

-Ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 25 хувийг хөдөө орон нутагт хуваариладаг болох чиглэлийг Монголбанк банкуудад өгдөг болоод байна. Танай аймагт одоогоор хэрхэн хэрэгжиж байна вэ?

Манай аймагт 1.9 тэрбум  төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдсэн. Энэ нь банкуудад судлагдаад олгохоор шийдвэрлэсэн зээлийн  эх үүсвэр юм. Өмнө нь ингэж аймаг аймагт нь хуваарьлаж байгаагүй, банкууд МИК-д худалдсан эх  үүсвэрээрээ олгож байсан. Шалтгаан нь зээлийн эрэлт их, ипотекийн зээлийн санхүүжилт дутагдалтай байсантай холбоотой байх.

-Хөвсгөл аймагт арилжааны хэдэн банкны салбар байна вэ? Бүгд жигд санхүүжилтийг олгож чаддаг уу?

Хөвсгөл аймагт Хаан, Хас, Голомт, Капитал, Төрийн банк зэрэг таван арилжааны банкны салбар үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн саруудад банкуудын ипотекийн зээлийн санхүүжилтээс шалтгаалсан зээл олголт буурсан. Одоогоор банкуудад судлагдахаар хүлээгдэж буй 40 гаруй иргэний зээлийн хүсэлт байна.

-Танай аймагт ипотекийн зээлийн эргэн төлөлт ямар байна вэ?

Орон сууцны ипотекийн зээлийн журамд зээлийн эргэн төлөлтийг зээл хүсэгчийн орлоготой уялдуулан өрхийн орлогын 45 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож олгохоор тусгасан тул зээлийн эргэн төлөлт сайн байгаа. Төлбөрийн чадварын эрсдэл ч бага байна.  Ипотекийн зээлийн хугацаа хэтэрсэн зээл нийт зээлд 0.1 хувийг эзэлж байгаа бол  ипотекийн зээл дотроо  чанаргүй зээл нь 2.1 хувийг эзэлж  байна.

-Зээлийн санхүүжилттэй холбоотой ямар асуудлыг иргэд голдуу тавьдаг вэ?

Урьдчилгаа төлбөр өндөр, мөн банкууд ипотекийн зээлийн санхүүжилтээс шалтгаалан зээл олголт удааширч байна гэсэн санал гомдол гол төлөв ирдэг дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Сэлэнгэ: Түлэгдсэн үед элсэн чихэр, барааны саван түрхэх гэхээс илүү мэргэжлийн эмчид хандах нь чухал

Бага насны хүүхдүүд осол, гэмтэл өртөж эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад эндэх маш олон шалтгаан бий. Эдгээрээс дийлэнх хувийг нь түлэгдэлт эзэлдэг аж. Ингээд бага насны хүүхдийн түлэгдэлт болон үүнээс хэрхэн сэргийлэх талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн осол гэмтэл хариуцсан мэргэжилтэн Г. Сэлэнгэтэй ярилцлаа.  

 -Жилд 2500 гаруй хүүхэд түлэгдэж гэмтдэг гэсэн харамсалтай тоо баримт байна. Юунаас үүдэж хүүхдүүд түлэгдээд байна вэ?

- Дэлхий дахинд осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл гэж үздэг. Байгалийн гамшиг гарцаагүй тохиолддог бол харин түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Хүүхдээ аюулгүй эрсдэлгүй орчин бүрдүүлж эцэг эх, асран хамгаалагч та бид хариуцлагатай байснаар хүүхдээ түлэгдэлтээс сэргийлэх бүрэн боломжтой. Бага насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг түлэгдэлт. Өнгөрсөн 2016 оны байдлаар Гэмтлийн эмнэлэгт нийт 4059 үйлчлүүлэгч түлэгдлийн улмаас яаралтай тусламж авсны 63  хувь  буюу  2525  нь тав хүртэлх насны хүүхдүүд байсан.  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2016 оны тоо мэдээгээр тав хүртэлх насны хүүхдийн нас баралт нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байна. Үүний 76.5 хувь нь түлэгдсэн шалтгаанаар нас барсан байна.

-Аль насныхан илүү түлэгдэлтэд өртөөд байна вэ. Судалгаанаас үзэхэд 0-5 хүртлэх насныхан илүү байх юм?

-Түлэгдсэн хүүхдүүдийг дийлэнх хувийг тав хүртэлх насныхан эзэлж байна. Тэр дундаа түлэгдсэн шалтгаанаар ГССҮТөвд нас барсан хүмүүсийн 70.3 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байсан байна. Эдгээр хүүхдүүд нь ихэнх нь 7 сартайгаас таван насны хүүхдүүд байх бөгөөд 84.6 хувь нь 1-2 настай хүүхдүүд байна. 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2016 оны тоо мэдээгээр тав хүртэлх насны хүүхдийн нас баралт нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байна. Үүний 76.5 хувь нь түлэгдсэн шалтгаанаар нас барсан байна.

-Хүүхдүүд юунд илүү их түлэгдэж байна вэ?

-Түлэгдсэн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун тогоонд байсан  хоол, цайнд түлэгддэг. Үлдсэн 23 хувь халуун усанд шалзлагдаж түлэгдсэн байдалтай эмнэлгийн үйлчилгээ авч байна. Түлэгдэлтийн зэрэглэлээс харахад  биеийн олон хэсгийн 3-р зэргийн түлэгдэлттэй байдаг. Түлэгдсэн хүүхдүүдийн дийлэнхи нь амьдарч буй гэр орондоо түлэгдэж байна.Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Авлига авсан гаалийн байцаагч нарт 1-6 жилийн ял оноолоо

Гааль татварын ерөнхий газрын Замын Үүд суман дахь Гаалийн байцаагч нарт холбогдох авилга хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон 36 хүнд холбогдох шүүх хуралдаан 2017.05.31-ний өдөр эхэлж 6 сарын 2,5,6-ны өдрүүдэд хуралдаж өчигдөр эцэслэн шийдвэрлэлээ.

Шүүхээс: 
1. Гаалийн байцаагч Б.Ө-д ЭХТА-ийн 268.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан,

2. Гаалийн байцаагч Б.Ц-д нэмж нэгтгэн 3 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих ялаар, /ЭХТА 268.2,269.1/ 

3. Гаалийн байцаагч Т.М-д 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих ял ЭХТА268.2/ 

4. Гаалийн байцаагч И.Н-т 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жилийн хорих ялаар,/ЭХТА 268,2/

5. Гаалийн байцаагч М.Э-д 1 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ял /ЭХТА 268.2/ 6. Гаалийн байцаагч Б.О-т нэмж нэгтгэн 3 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж, гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хасаж 6 жил 6 сарын хорих ял /ЭХТА 268.2, 263.2/ 

7. Гаалийн байцаагч Н.Б-д 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ял /ЭХТА268.2/

8. Гаалийн байцаагч Д.Н-т гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 1 жил хасаж 2 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /ЭХТА263.2/ 6 хүнд ЭХЕА 551-д заасныг журамлан 3 ,5-3,7 жилийн хорих ял оногдуулсан /ЭХТА269.2/ 19 хүнд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан/ 1 хүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хойшлуулж шийдвэрлэсэн байна. 

Сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа эсэхээ ингэж ШАЛГААРАЙ

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулсан байна.

Тодруулбал Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.burtgel.mn цахим хуудаст сонгогчдын нэрийн жагсаалтыг оруулжээ. Иргэн та цахим хуудсын шалгах гэсэн хэсэгт регистрийн дугаараа оруулаад өөрт холбогдох мэдээллээ нягтлаад баталгаажуулах юм байна.

Захиралдаа хүчиндүүлсэн гэх эмэгтэй амиа хорложээ

Энэ сарын 5-ны өдөр 22 настай бүсгүй байшингийн дээвэр дээрээс үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тус хэрэг Нарны хороололд гарсан байна. 
Талийгаачийн гэр бүлийн зүгээс 22 настай охин амиа хорлоогүй хэн нэгний дарамтад орсон хэмээн үзэж байгаа аж. Учир нь талийгаач  өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “Ажилладаг газрынхаа захиралд зодуулчихлаа” хэмээн гомдол гаргаж байсан аж. Тус өдөр “С”–ХХК-ийн захирал талийгаач эмэгтэйг ажлын өрөөнд нь хүчирхийлэх гэж завдаж, түүнийг эсэргүүцэхэд , нүдийг нь хөхөртөл зодсон талаар мэдээлэл байна. Охиныг зодуулж байхад хамт ажилладаг хүн нь харж салгаж авсан байна. Талийгаач охин  захирлыгаа цагдаад өгч, өргөдөл бичсэн байна. Харамсалтай тус өдөр талийгаач эмэгтэй Нарны хорооллын ...р байрны 16-р давхараас унаж амиа алдсан байдалтай олдсон аж. Одоогоор амиа алдсан бүсгүйг захирал нь зодсон уу, эсвэл өөр хүнд зодуулсан уу гэдэг тодорхой болоогүй байна. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. 

120 удаа хулгай, дээрэм хийсэн хүүхдүүд баригджээ 

Өчигдөр Чингэлтэй дүүргийн 11-р хороо буюу 32-ын автобусны буудал дээр 12 настай хүүхдийг дээрэмдсэн хэрэг гарсны дагуу ээж нь цагдаагийн байгууллагад ханджээ.

Тодруулбал Чингэлтэй дүүргийн 12-р  хороонд суух 12 настай эрэгтэй Т, Э нарын Trend маркын гар утас, марк тодорхойгүй гар утас, өмсөж явсан гутлыг Баянзүрх дүүргийн 12 хороонд суух 14 настай эрэгтэй О, Сонгинохайрхан дүүргийн 24 хороонд суух 16 настай эрэгтэй Т нар бүлэглэн дээрэмдсэнийг илрүүлэн шалгаж эхэлжээ.

Дээрмийн хэрэг үйлдсэн 14 болон 16 настай хоёр хүүхэд Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Багануур дүүрэг, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт дээрэм, хулгайн нийт 120 үйлдэлтэй болох нь тогтооджээ. 

Шалгалтаар үнсийг цементтэй хольж савласан зөрчил илэрчээ 

“Би Эй Ди Эм Жи” ХХК нь “Хөтөл” цементийн үйлдвэрийн задгай цементийг цахилгаан станцын хаягдал үнстэй хольж савласан нь шалгалтаар илэрчээ. Тодруулбал, уг хуурамч цементээ “Менгоа” нэр бүхий шошготой уутанд савалсан байжээ.

Энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлэн шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment