Олон улсын бизнесийн хууль болон хуулийн фирмүүдийн чансааг илэрхийлдэг томоохон хоёр товхимолд Монгол Улсын таван фирм багтсан талаар хэдэн жилийн өмнө шуугиж байлаа. Тухайлбал, “Ананд ба Батзаяа эдвокатс” фирмийг нэр нөлөө бүхий товхимлууд Монголоос сонгогдсон фирмүүдийн тэргүүнд санал болгосон, энэ судалгааг Их Британийн “Chambers and Partners” байгууллагаас жил бүр эрхлэн гаргадаг хэмээн их л сайхан зүйлийн талаар мэдээлж байв. Гэвч энэ үед тус хуулийн фирмийн захирал нь татвараас зайлсхийсэн, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэсэн хоёр зүйл ангиар шалгагдаж, хоёр ч удаа аавын хаалга татна чинээ хэн санах билээ.
Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд шилдэгээр нэрлэгдэж байсан “Ананд ба Батзаяа эдвокатс” фирмийн талаар үүнээс өөр сайн мэдээ дуулдсангүй. Тус хуулийн фирмийн захирал Б.Батзаяа мэргэжлийн ёс зүйгээ зөрчсөн, үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг бусдад худалдсан гээд л байж болох хамгийн муу мэдээллүүд түглээ. Ямар сайндаа л тэднийг хуулийн хүрээнд хэрхэн хулгай хийх талаар албан тушаалтнуудад зөвлөдөг, гэмт хэрэг хийчихээд хэрхэн гэм, зэмгүй мэт мултрах талаар аргыг зааж өгдөг хэмээн шуугихав. Алдартай хуулийн фирм, зартай луйварчин болон хувирах нь тэр. Нийгэмд нэртэй өмгөөлөгч зартай хэрэгт холбогдсон нь олон хvний анхаарлыг татаад зогсохгүй Б.Батзаяа гэж яг хэн юм бэ гэсэн асуулт хариултаа хайсаар... Тэрбээр өмнө нь МАН-ын бага хурлын гишүүн, мөн МАН-ын дэргэдэх “Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишvүүн байжээ. Байжээ гэсний учир нь 2013 онд ИНЕГ-ын удирдлагуудын хэрэгт холбогдсноос болж НАМЗХ-ныхон удирдах зөвлөлийн гишүүнээс хассан аж.
Ингээд түүний холбогдож байсан хэргүүдийн талаар сонирхлоо.
“Хар гэр’’-т саатуулагдсан түүх
- Тэрбээр 2013 онд мөнгө угаасан гэх асуудлаар шалгаж, “хар гэр’’-т саатуулж байсан. Учир нь АТГ-аас сүүлд өгсөн мэдээллээр эл хэрэгт холбогдуулан С.Батмөнхийн өмгөөлөгч, “Ананд энд Батзаяа” хуулийн фирмийн захирал Б.Батзаяаг сэжигтнээр тооцож, цагдан хоригдсон юм. АТГ-аас энэ талаар зайлшгүй шаардлага гарсан хэмээн мэдээлж байсан. Бүхэл бүтэн зургаа, долоон жилийн турш төрийн өмчит компанийн хөрөнгийг үнэгүйдүүлж, хувьдаа завшиж байсан С.Батмөнх нартай мөнгө, санхүүгийн хувьд “хам хэрэгтэн үү”, өөр асуудал байна уу? гэдэг нь өөрийн эрхгүй анхаарал татсан. Гэвч тэрбээр С.Батмөнх нарын хамтрагч гэхээс илүүгээр мэргэжлийн ёс зүйгээ зөрчсөн гэх. Тодруулж хэлбэл, ИНЕГ-ын удирдлагуудыг томоохон тендерүүдийн асуудлаас гадна өнгөрөгч таван жилийн хугацаанд 600 хүнд 14 тэрбум 64 сая төгрөгийн орон сууц, орон сууцны дэмжлэг үзүүлсэн, нэг жилийн дотор гадаад томилолтын зардалд нэг тэрбум 248 сая төгрөгийг зарцуулсан, чанаргүй бараа бүтээгдэхүүн шахсан гэх хэрэгт буруутган шалгаж байгаа. Тэгэхээр эдгээр асуудлын нарийн ширийнийг мань хүн “эсрэг” нөхдөд арилжсан болж таарч байна.
Тэгвэл энэ удаа...
- Өнгөрсөн сарын 25-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Ананд энд Батзаяа” хуулийн фирмийн захирал Б.Батзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.1, 148.4 гэх хоёр зүйл ангиар хэрэг үүсгэн яллагдагчаар татаж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. 166.1-д Татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин 148.4-т Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн тус тус заажээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар МИАТ-ийн мөнгө угаасан хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Ч.Хоролсүрэн хохирлоо барагдуулахыг хүссэн бололтой. Түүнээс хоёр сая ам.долларыг нь залилсан хэмээжээ. Харин татвараас зайлхийсэн гэх асуудал нь өөрийнхөө эрхлэн явуулдаг хуулийн фирмийнхээ үйл ажиллагааны талаар татварын газарт үнэн зөвөөр мэдүүлэлгүй улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгаж байна.
Бас нэгэн хэрэг...
- Үүнээс гадна өмгөөлөгч Б.Батзаяаг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хэнтий аймгийн Бигэр суманд бусадтай нийлж хууль бус ан хийж байсныг сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Үүнийг эх сурвалжаас лавлахад, Бигэр сумын цагдаагийн хэлтсийн дарга Г.Отгонжаргал “Хууль бус ан агнасан хэргийг шалгахад Бигэр сумын V багийн иргэн Д.Батжаргал хууль бус ан агнаснаа хүлээн зөвшөөрсөн. Иргэн Д.Батжаргалтай хамт 3-4 хүн явсан.Түүний нэг нь өмгөөлөгч Б.Батзаяа байсан. Хууль бусаар хоёр буга, гурван чоно, нэг зэрлэг гахай агнасан иргэн Д.Батжаргалд хэрэг үүсгэж, хавтаст хэргийг аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн. Гэтэл тухайн хүн өнөөдөр орон нутагтаа ямар ч гэмт хэрэг хийгээгүй мэт аж төрж байгааг би гайхаж байна. Гэтэл түүнтэй хамт явсан хүнд хулгайн ангаар хэрэг үүсгэж, цагдан хорих дээрээ тулсан гэхэд эргэлзээтэй” хэмээн мэдээлжээ. Хууль бус ан агнахыг эрүүгийн хуулийн хүндэвтэр гэмт хэрэгт тооцож, дийлэнх тохиолдолд мөнгөн торгууль ногдуулдаг байна.