Улсын нийслэл Улаанбаатар хотыг зорин ирэх их нүүдлийн цуваа өдрөөс өдөрт үргэлжилсээр л... Тэд юуны төлөө ийн хотыг зорин ирнэ вэ... Зөвхөн амьдрал, ахуй, ар гэрийн амьдралаа дээшлүүлэх зорилго өвөртлөх гэх ганц хариулт бий бизээ.
Хотын амьдрал хүн бүхний хүслийг биелүүлдэг бирд биш. Энд хэн түрүүлж алхсан нь ажилд орж, сайн сайхан амьдралын үзүүрээс атгадаг хатуу дүрэмтэй. Цаг хугацааны шуурганд уруудаж, ноорхой хувцас, халтар шуудайгаар амьдралаа сольсон тэднийг бид архичин, тэнүүлчин, хулгайч л гэж дууддаг. Тэд яагаад ийм болсон, юу тохиолдсон нь хэнд ч сонин биш. Гэвч тэд адилхан л хүмүүс...
Хэн нэгний хайр нь болж, хэн нэгнийг баярлуулсаар ирсэн үрс. Хэдийгээр бусад шиг ходоод нь дүүрэн, хонох газаргүй ч гэлээ амьдралдаа сэтгэл хангалуун... Амьдрахын сайхныг өөрөөрөө мэдэрч яваа хүмүүс. Амьдралдаа алдаж, хазгай гишгэсэн ч хулгай хийдэггүй, хүний хөрөнгөөс хумсалдаггүй, хөдөлмөрөөрөө амиа зогоож байгаагаа тэд учирлаж сууна...
Бидний хэлж заншсанаар “Хог түүдэг, Хогны хүн” гэх нэр зүүсэн хүмүүстэй ярилцаж тэдний дотоод сэтгэл рүү жоохон ч гэсэн өнгийх гэсэн сониуч зандаа хөтлөгдөн сэтгүүлч миний бие өглөө эртлэн "эрэлд мордлоо".
Эдгээр хүмүүсийг олж уулзах амархан байсан ч чин сэтгэлээсээ надтай ярилцаж амьдралынхаа түүхийг өгүүлэх хүнийг олох амаргүй байсныг нуух юун. Олны дунд сайнтай, муутай гэдэг. Ашиг хонжоо харж, худал ярих хүн байсан бол амьдралынхаа чин үнэнийг сэтгэлээсээ ярих хүн ч байсан юм.
Өглөөний 8 цаг 30 минутын үед “Хархорин” захын ойролцоо байрлах хоёрдогч түүхий эд авах цэг дээр ирлээ. Түүхий эд авах цэг аль хэдийнэ онгойж, "үйлчлүүлэгчидээ" хүлээж байв. Зарим нэг хүмүүс нь аль хэдийнэ "бараагаа" тушаачихаад явжээ. Дараагийн ээлжнийхнийг нь хүлээж байх зуур түүхий эд авагч н.Тулгаатай хэдэн хором хөөрөлдлөө. “Энд олон янз бүрийн хүмүүс их байдаг. Ихэнх нь олон жилийн өмнө хөдөө орон нутгаас ирээд ажил төрөл олдоогүй зарим нь архинд орсон хүмүүс байдаг. Архины шил, удааны сав, пивоны лааз түүж авчирч тушаадаг.
Тэд өглөөний таван цаг гэхэд шөнө цуглуулсан юмаа тушаах гээд ирдэг. Одоо 9 цаг болж байна. Одоохон ингээд цаадуул чинь хүрээд ирнэ. Тэгэхээр нь хэн нэгэнтэй нь ярилцахгүй юу даа. Гэвч тэнд нар сэтгүүлч энэ тэр гэхээр бараг л ихэнх нь худлаа ярих байхаа” гэлээ.
Хоёрдогч түүхий эд авдаг цэг дотор төрөл бүрийн ундааны хуванцар сав, архины шил, пивоны шил, лаазыг тус тусанд нь ялган шуудайлж давхарлан өржээ. Тэд боргио, нийслэл, сэнгүрийн нэг ширхэг шилийг 30 төгрөг, архины шил 0,5-тай шилийг 20 төгрөг, 0,75-тай шилийг 50 төгрөг, лааз хуванцар савыг 1 кг 300 төгрөгөөр авдаг аж.
Хэсэг хүлээсний дараа нэлээд их хуванцар сав үүрсэн нэг эмэгтэй, гурван эрэгтэй хүн ирэв. Тэд үүрийн 4 цагаас хойш ажилдаа гарчээ. Энэ тушааж байгаатай нь нийлээд 3 удаа дахь удаагаа тушааж байна гэв. Тэд нарынх нийлээд 4030 төгрөг болжээ. Одоо дахиад баарлуу явнаа гээд явцгаав.
10 цаг 20 минут /Хоёрдогч түүхий эд авах цэг/
Ирсэнээс хойш 2 цаг гаруй хугацаа өнгөрлөө. 50, 30 орчим насны болтой хоёр эмэгтэй хоёр ирэв. Тэр хоёртой ярилцах гэтэл “Юун чамтай ярилцах. Юугаа ярьдаг юм. Чи харж байгаа биздээ. Ингэж ярилцлага авлаа гээд юу өөрчлөгдөх юм” гэж нэлээд уцаарлав. Харин цаана нь зогсож байсан эгч "Наашаа хүрээд ир яах гэж яваа гэнээ" хэмээн намайг дуудав. Эгч өөрийгөө Лхамжаа гэж танилцуулаад чи миний зургыг авахгүй юм байгаа биздээ гээд бид хэсэг ярилцлаа.
Би Ховд аймгийн Буянт сумын уугуул.
Анх 1980-аад онд хотруу орж ирсэн. Хуучин цэргийн ангид сувилагч хийж байсан. Манай даргыг Даш гэдэг байсан. Би 4 хүүхэд төрүүлсэн. Том хүүхэд маань автомашины осолд орж өнгөрсөн. Түүний дараа сэтгэл санаагаар унаж архи уудаг болсон. Нөхөр маань 2 хүүхдээ аваад надаас салсан. Би бас 19 дүгээр сургуульд цэвэрлэгч хийдэг байлаа. Цэвэрлэгчийн ажлаасаа гарсанаас хойш ингэж хог түүж явна даа. Миний ингэж яваад хэн ч буруугүй би өөрөө л ингэж явж байна" гэлээ.
- Та бага хүүхдээ асрамжийн газар өгсөн гэсэн. Аль асрамжийн газар вэ. Очиж уулздаг уу?
- Үгүй ээ, уулздагүй. Батсүмбэр дэх улсын асрамжийн газарт өгсөн. Очиж уулзаад яах ч юм билээ.
- Одоо хэдэн настай хүүхэд байгаа вэ. Хэзээ асрамжийн газар өгсөн юм?
- Одоо 13 настай хүүхэд байгаа. Нэлээн хөгширсөн хойноо гаргасан 37-той байхдаа. Нэг ойтой байхад нь асрамжийн газар өгсөн. Одоо ч намайг танихгүй байх даа.
- Та салсан нөхөр болон нөгөө хоёр хүүхэдтэйгээ холбоотой байдаг уу?
- Ямар ч холбоо байхгүй ээ. Сургуульд цэвэрлэгч хийж байхад л нэг удаа ирж уулзуулсан. Түүнээс хойш огт таарч уулзаагүй. Хаана явдаг юм бүү мэд.
- Танд хамаатан садан гэх хүмүүс байгаа юу?
- Би төрсөн ганц ахтай байсан. Аав ээжийгээ өнгөрсөнөөс хойш ахыгаа бараадаж хотод ирсэн юм. Тэгээд хүнтэй сууж тусдаа гарсан. Гэвч ах маань тархиндаа цус харваж өнгөрсөнөөс хойш тэднийд очихоо байсан. Холбоо тасарсан даа.
- Та ховд аймгийн Буянт сумынх гэж байна. Ээж аавын тань садангууд байгаа биздээ. Нутагтаа очиж болоогүй юм уу?
- Би чинь хотод 14-н настайдаа 1980-аад оны үед ирсэн. Буцаж очих ямар ч бодол байгаагүй. Очоод ч таних хүн байхгүй.
- Өдөрт хэдэн төгрөгийн орлоготой вэ. Орлогоороо юу хийх үү?
- Өдөр өдөр янз бүр байдаг. Сайн байвал 5000-6000 төгрөгийн орлоготой. Идэх л юм авч иднэ дээ.
- Танай гэр чинь хаана байдаг юм бэ?
- Гэр гэх зүйл байхгүй ээ. Траншейнд л хоног төөрүүлнэ.
- Хоол ундаа тэндээ хийж иддэг үү?
- Санаа нийлсэн хүмүүс нийлээд орлогоо нийлүүлээд жаахан мах гурил аваад түүхий эд авч байгаа газрынхаа зуухан дээр нь хоол хийж иддэг гэлээ.
Ийнхүү Лхамаа эгч бид хоёрыг хөөрөлдөх зуур нэлээн олон хүмүүс цуглуулсан шил, лааз, хуванцар саваа тушааж зарим нь түүхий эд худалдах цэгт хоол хийж байлаа. Гэтэл нэгэн халамцуу ах бид хоёрын яриан дундуур орж "Чи бидний амьдралыг сонирхож байгаа бол мөнгө төл. 3000 төгрөг өгчих чиний сонирхож байгаа зүйлийг ярьж өгье" гээд Лхамаа эгчийг аваад явчихав. Лхамаа эгч бид хоёрын хөөрөлдсөн яриа үүнээс хойш үргэлжлээгүй юм. Бидний ярианд оролцсон хүнийг Жааяа гэх бөгөөд олон жил архи уусан, энэ хавьдаа атман нь гэнэ. Тэд хоол хийх зуураа шилэнд үлдсэн үлдэгдэл архи, пивыг ууж суув. Түүхий эд худалдаж авдаг Тулгаагийн эхнэр Энхээ "Эдгээр хүмүүс өдрийн орлогоороо өл залгадаг. Орлогынхоо ихэнхээр нь архи авч уудаг. Энэ гудамжны амьдралдаа дасан зохицож, ямар ч зорилгогүй болчихсон. Энэ амьдралаас нийгмээс өөрсдийгөө сайн дураараа тусгааралсан хүмүүс шүү" гэлээ. Ийнхүү цааш явж Цамбагаравын ард хоёрдогч түүхий эд авдаг цэг дээр очлоо.
12 цаг 40 минут /Цамбагаравын ард байрлах хоёрдогч түүхий эд авах цэг/
Энд хоёрдогч түүхий эд тушааж байгаа хүмүүс олон байлаа. Гэвч надтай ярилцах хүн олдсонгүй. Тамхины мөнгө өгчих, ганц архи авах мөнгө өгчих гэсэн хүмүүс л байв. Нэг эгч “Чи эндээс яв. Заавал ийм зүйл хөөцөлдөж байхаар өөр зүйл бич. Энд байгаа эмэгтэйчүүд чамд юу ч ярихгүй. Надтай хамт яваа хоёр эмэгтэй гэхэд л хамтран амьдардаг нөхрүүдэдээ зодуулчихсан. Би гэртэй хонуулах гээд л байж байна” гэлээ.
Ингэж явсаар 25 дугаар эмийн сангийн урд хогийн савнаас сав түүж яваа нэгэн ахтай тааралдлаа. Тэр ах миний ажил арай дуусах болоогүй байна, чи 2 цагийн дараа миний утас руу залгачих. Би одоо цэг хаахаас өмнө энийг аваачиж тушаана гэв.
Хамт яваад тушаая гэж ахыг шалсаны эцэст н.Гантөмөр гэдэг ахтай ярилцахаар боллоо.
Хамт алхаж явахдаа хуванцар савнаас нь түүлцэхэд “Хөөе чи чинь яаж байгаа юм. Болохгүй ш дээ, ичдэггүй юм уу"
гээд л ихэд сандран "Ийм залуу хүн байж ингэж болохгүй. Хүмүүс чамайг юу гэж бодох юм” хэмээн зандрав. Хулгай хийсэн биш энэ чинь хөдөлмөр биздээ гэхэд н.Гантөмөр “Уг нь ч тийм л дээ. Ямар хулгай хийж байгаа биш. Гэхдээ биднийг хүмүүс хулгайч гэж боддог. Бид бол хулгай хийдэггүй, гуйлга ч гуйдаггүй. Сүүлийн үед сав түүдэг хүмүүс залуужиж байгаа шүү. Одоо миний үеийнхэн бараг унаад дуусч байна. Чиний хэлдэгээр мөнгө өгчих гэж байгаа биз. Манай үеийнхэн бол тийм биш байсан" хэмээн хууч хөөрлөө.
- Таны бодлоор яагаад энэ хүмүүс залуужиж их байна гэж бодож байна?
- Ажил олдохгүй байна гэдэг. Мэргэжилгүй байтугай мэргэжил эзэмшсэн хүмүүст ажил олдоггүй гэсэн. Харуул манаач хийж үзсэн гэдэг. Гэтэл цалин мөнгийг нь гүйцэт өгдөггүй. Хулгай хийсэн гэж гүтгээд ямарч цалин өгөхгүй хөөчихдөг юм гэсэн. Тэгээд л сав түүж ганц зуун грам архины мөнгөө олчихоод ингэж яваад байгаа байх.
- Зуу гэсэнээс та зуу татна биз. Хэр хэмжээтэй уудаг вэ?
- Татна татна юуг нь нуухав. Энэний хүчинд л өдөр, шөнө, өвлийн хүйтэнг давж байна. Энэ байхгүй бол өвлийн хүйтэн шөнийг орцонд авах хэцүү шүү дээ. Өдөрт жижиг 450 гр архи, орлого сайн байвал 0,5-тай хараа авдаг. Би тасартлаа их уудаггүй. Бага багаар уудаг өдрийн нором гэхүү дээ.
- Хоёулаа нэг тухтай газарт орж сууж ярилцах уу?
- Харин ээ. Тийм газрууд чинь намайг орохоор хөөгөөд байдаг юм. Дэлгүүрт ороход хүртэл хөөдөг. Надаас муухай үнэр үнэртэж байгаа биздээ. Энүүхэнд нэг цайны газар бий тэнд орох уу? Тэр цайны газрын хүмүүс хааяа намайг орохоор хоол цай өгдөг юм.
н.Гантөмөр ах цайны газарлуу орсон даруйдаа ийшээ тийшээ харж хүмүүсээс санаа зовсон байгаа нь илт харагдаж байлаа.
- Та суугаач гадуур хувцасаа тайлчих. Цай уух уу, ямар хоол идэх үү?
- Яахын бэ? цай л ууя. Хүмүүс бид хоёр руу хараад байна. Хамаагүй хоол идвэл хурцадна шүү дээ.
- Та аль нутгийн хүн бэ? хэдэн онд хотруу орж ирсэн бэ?
- Завхан аймгийн Алдархаан сумынх. 3-р ангийн сурагч байхдаа хотруу орж ирсэн. Хотын есдүгээр арван жилд сурч, дараа нь барилгын техникиум төгссөн. Ханын материалын үйлдвэрийн шавыг тавилцаж явлаа. Тоосгоны үйлдвэрт оппартор хийж байсан. Үйлдвэр дампуурсаар 1993 онд ажилгүй болсон тэрнээс янз бүрийн л ажил төрөл хийж байлаа.
- Та эхнэр хүүхдийнхээ тухай яриач
- Би 4 хүүтэй байсан. Гэвч хамгийн том хүү маань Сонгинын цэргийн ангид алба хааж байхдаа нас барсан. Эхнэр маань 2005 онд нойр булчирхай өвчнөөр нас барсан. Түүнээс хойш миний амьдрал оронгоороо эргэсэн дээ.
- Одоо та хэдэн нас хүрч байгаа вэ?
- Сая 12 дугаар сарын 22-нд 59 хүрсэн. Ирэх жил 60 хүрнэ. Би улсад 21 жил ажилласан болохоор тэтгэвэрт орох байх л гээд горидоод байж байна.
- Та бусад хүүхдүүдтэйгээ холбоотой байдаг уу?
- Дундах хоёр хүүгээ хаана юу хийж явааг сайн мэдэхгүй байна. Нэг нь лав Дархан байдаг сурагтай. Харин бага хүү маань хааяа надтай холбоо барьдаг. Оны өмнө хальт уулзсан. Надад мөнгө өгсөн.
- Та утастай юм байна шүү дээ. Яаж энэ утсыг авсан юм бэ?
- Миний хүү энэ утсыг авч өгсөн юм. Одоо дөрвөн жил болж байна. Хүйтэнд ил гаргахаар царцаад асдаггүй юм. Тийм болохоор хүзүүндээ байгаа пакспандаа хийчихдэг. Заримдаа унтарчихаар нь дэлгүүрийн хүмүүсийн барааг нь зөөж өгөөд хариуд нь цэнэглүүлдэг.
- Таныг бага хүү чинь хамт байя. Ингэж явахаа боль гэдэггүй юм уу?
- Тэгж хэлдэг л юм. Гэхдээ би хүүдээ, төрөл садандаа дараа болохыг хүсдэггүй. Манай хүү эхнэртэй болж байгаа гэсэн. Би ганц ч удаа хараагүй ээ. Худ болох хүмүүсээ ч танихгүй. Миний хүүг над шиг ийм аавтай гэдгийг мэдвэл охиноо хүүтэй минь суулгахгүй байх гэж айдаг. Миний хүү одоо ажилд орох гэж байгаа гэсэн. Хаана ямар ажилд орохыг нь мэдэхгүй байна.
- 2005 оноос хойш гэхээр 10 жил өдөр шөнөгүй гадуур явсан гэсэн үг үү?
- Тийм ээ. Эхнэр хүн гэдэг чинь эр хүний түшиг тулгуур. Унаад өгөхөөр эр хүн гэдэг чинь хэцүүддэг юм билээ. Эхний нэг жил маш хэцүү байсан. Хүмүүстэй юм яриад суухаар дэргэдээс нэг зүйл алга болчихсон юм шиг. Гэр юу ч үгүй хоосон юм шиг санагддаг болсон. 24 жил хажууд минь ханилсан хань шүү дээ. /уйлав/ Түүнээс хойш 10 гаруй жил байрны орцоор хонож явна даа ах нь.
- Дөрвөн хүү төрүүлсэн дархан бэр байжээ. Ямар ажил хийдэг хүн байсан бэ?
- Дөрвөн хүү төрүүлсэн болохоор дархан бэр байлгүй яахав. Төмөр замд нийтийн хоолны үйлчлэгч хийж байсан.
- Та орцны жижүүр ч юм уу? Ямар нэгэн өөр ажил хийе гэж боддог уу?
- Би орцны жижүүр хийж үзсэн. Цалингаа өгдөггүй юм байна лээ. Барилгын ажил хийх гэхээр хүрзний иш даахгүй байж барилгын ажил хийж чадах уу гэдэг. Тэгээд л чадах зүйл минь сав түүх болсон доо.
- Орцны жижүүрийн сарын цалин нь хэд байдаг юм бэ?
- Уг нь 70 мянга байдаг. Тэгээд 9 давхар байрны орцыг нь цэвэрлэнэ. СӨХ нь цалингаа бүтэн өгдөггүй. Тийм ч ийм юм гэж хассаар байгаад би яг 46 мянган төгрөг авсан. Бүтэн 1 сарын турш ямар ч мөнгөний бараа харахгүй байж байгаад 40-өөд мянган төгрөг авахаар хэцүү биз дээ. Тэгсэнээс өдөрт өвөлдөө 8000 төгрөгийн орлоготой энэ саваа түүгээд, идэх юм олж идчихээд зуугаа авчихвал дээр байгаа биз дээ. Орцны жижүүр хийхэд уг нь хонох газартай л юм даа. Бас 4-р цэцэрлэгт манаач хийж байсан. Тэгсэн хуучин ажиллаж байсан хүн нь ирчихлээ гээд намайг халчихсан.
- Зуны улиралд шил, сав их олдог байх?
-Дулааны улиралд мэдээж ундааны сав их гарна шүү. Зуны улирал сайхан. Гадаа унтсан ч даарахгүй, хүмүүст ч хөөгдөхгүй. Өвөл бол яахав ээ болж байна.
- Танд яг одоо хэдэн төгрөг байна.
- 2210 төгрөг байна. Уг нь чамтай таараагүй бол нарны гүүрны тэнд нэг цэг байдаг юм. Тэнд түүсэн саваа аваачиж тушаасан бол бараг 3000 төгрөг болох байсан маргааш өглөө тушаахаас одоо хаачихлаа.
- Та тэгээд нэг орцондоо л хоноод байдаг уу. Шөнө болгон өөр өөр газар хонох уу?
- За тэгээд л явж байгаад л хүмүүсийн хөл чимээ тасрахаар онгорхой жижүүргүй орц байвал ороод хэвтээд өгнө дөө.
- Тэгээд хэд гэж босох уу?
- Шөнө 1 цаг юм уу 2 цагийн үед ороод жоохон л хөлийн чимээ гарахаар л гараад явчихдаг. 3 цаг л унтсан болоод л. Тэгээд гараад саваа түүнэ. Баар сав хаах үеэр шил сав их олдог. Тэгээд өглөө болтол цуглуулж байгаад тушаана.
- Таны гутал өвлийн гутал уу? хувцасаа хаанаас яаж авдаг юм
- Энэ уг нь өвлийн гутал. Гэхдээ их халтирдаг юм. Гадуур хувцсыг зам цэвэрлэдэг миний нэг найз надад өгсөн юм. Зарим сайхан сэтгэлтэй хүмүүс хувцас, хоол өгдөг.
- Та хамгийн сүүлд хэзээ халуун усанд орсон бэ?
Усанд ороогүй удаж байна. Хэлэхээс ичмээр бараг 8 сарын өмнө байхаа 7-н буудлын тэнд их гоё халуун усны газар байдаг тэнд орсон. Тэрнээс хойш ороогүй ээ. Би хаана ч хамаагүй хэвтээд унтчихдаг болохоор миний гадуур хувцас ийм байгаа юм. Гэхдээ дотуураа өмссөн хувцаснууд гайгүй шүү. /инээв/ Зун бол Туул гол дээрээ очоод л орчихно. Оймсоо угаагаад наранд хатаачихна. Зун их гоё шүү.
- Олон жил гадуур хонож өдөр бүр зуу татна. Та ер нь эмнэлэгт үзүүлж байсан уу?
- Таван жилийн өмнө нэг үзүүлсэн элэг муу гэсэн байхаа. Үзүүлбэл эрүүл эрхтэн гэж байхгүй байна биз дээ. Сэтгэлийн зовлон нэмэгдэнэ шүү дээ. Нэг л өдөр энэ хорвоог орхих нь үнэн.
- Саяхан 2016 он гарлаа. Шинэ оноо хэрхэн угтсан бэ?
- Орцонд. Шинэ оноо гаргасан хүмүүс баярлаж байсан болохоор намайг хөөгөөгүй.
- Таны хамгийн ихээр хүсэж байгаа зүйл юу вэ?
- Би уг нь ганц охинтой байсан бол арай ч ийм байдалтай байхгүй байсан болов уу гэж боддог. Чамайг охин болохоор чинь л ингэж ярилцахаар зөвшөөрсөн шүү. Эрэгтэй хүн надтай ингэж ярилцья гэсэн бол би ярихгүй. Хамгийн түрүүнд ачаа үзчихвэл ч... Гэхдээ бараг л үзэхгүй болов уу даа. Би чинь уг нь улсад 21 жил хөдөлмөрлөсөн ирэх жил 60 хүрнэ. Тэтгэвэрт орох болов уу яах бол гэж их бодох юм. Уг нь ганц газар ажиллаж байсан юм чинь нэг газраас бичиг баримтаа бүрдүүлээд өгчихнө гэж бодоод л байна. Арван жил энэ тэр нэмээд байгаа гэсэн сураг байсан. Нээлтэй өдөрлөг болж байна гэхээр нь очсон чинь надад сайн тайлбарлаж өгөөгүй.
- Танд иргэний цахим үнэмлэх байдаг уу?
- Байгаа. Би ингэж гадуур явдаг болохоор хаячих байх гэж бодоод нэг айлд хадгалуулсан байгаа.
- Таны амьдралын хамгийн жаргалтай үе хэзээ байв?
- Улс орондоо хөдөлмөрлөж, халуун ам бүлээрээ бужигналдаж байсан үе маань л миний амьдралын хамгийн сайхан үе байж дээ охин минь...
Ийнхүү хэсэг ярилцсаны дараа н.Гантөмөр ах "Чи чинь ямар их юм асуудаг хүүхэд вэ? одоо гарья" гээд цэвэр усны савтай архинаасаа нэг татаад гарлаа. Тэгтэл ах “Ах нь хүмүүсийг над руу хараад байна гэсэн чинь миний энэ ард телевиз байсан байна ш дээ. Энэ хүмүүс надруу биш телевизрүү харж байжээ” гээд инээв.
Бид хоёрыг гарахад харанхуй болчихсон оройны 19 цаг өнгөрч байв. Бид 25 дугаар эмийн сангийн явган хүний гарцаар зам гарахад “Чи замаар гарахдаа заавал гарцаар гарж байгаарай. Ах нь дүрмээ барьж явдаг хүн шүү” гэлээ.
Гудамжаар алхах зуураа замд таарсан ганц хоёр сав түүсэн шиг явсаар бараг хоёр буудал шахуу газар алхсан байлаа. н.Гантөмөр ах “Ах нь бүр нэг их сайхан болчихлоо. Сэтгэл хөдлөөд. Намайг ингэж хог түүдэг болсоноос хойш хог ч гэж дээ энэ сав түүдэг болсоноос хүмүүс надтай ер нь ингэж харьцаж байгаагүй юм байна. Пий паа л гэдэг. Би чинь автобусанд ч суудаггүй хүн шүү дээ. Алхаад л явчихна. Дүүдээ баярлалаа, сайхан хоол идлээ” гээд нүдэнд нь нулимс цийлэгнэж байлаа..
- н.Гантөмөр ахаа хүн бүрт дуулах дуртай дуу байдаг даа. Та ямар дуулах дуртай вэ?
- Би залуудаа дуулдаг байлаа. Бас банзан гитар тоглодог. Одоо ч чадахаа байсан. Би ер нь "Хонх"-ын хэдэн дууг мэднэ. Одоо ч бараг мартсан даа...
...Сайн сайн гэвүү тийм тийм
Муугийн ёс биш Монголын ёс
Сайхан уу гэвэл сайхан инээнэ
Муугийн ёс биш Монголын ёс...
Бас ...
Эсгий дэлгээд гадаа ч нойрсчихдог
Эмээл дэрлээд хээр ч хоночихдог
Эрхисийн дор чөлөөтэй амьсгалсан
Эцэг дээдсийнхээ голомтыг сахьсан
Би, жинхэнэ монгол
Билиг танхай хөдөөний хүн... ингээд л дуулна даа... Охин минь амьдрал сайхаан”
Үнэхээр н.Гантөмөр ахын хэлдэгээр энэ “Амьдрал сайхаан”. Бид алдаж онож, жаргаж, зовох нь амьдралын бичигдээгүй хууль. Бидэнтэй өдөр тутам гудамжинд таарах энэ хүмүүс муухай үнэртэй, ноорохоо хувцастай, шуудай үүрч бидний хэлдэгээр хог түүдэг ч тэд яг л бидэнтэй адил. Тэдэн хүсэл, мөрөөдөл бий. Сэтгэлдээ нандингнаж, хайрлаж явдаг дурсамж цаашлаад үр хүүхэд бий... Сэтгүүлч миний бие нэг өдрийн турш эдгээр хүмүүстэй ярилцахыг хүсч, тэдэнтэй уулзаж, хүн бүхэнтэй нэг бүрчлэн тулж ярилцаж чадаагүй ч гэлээ. Тэдний хэлдэг ганц л үгийг ойлгож авсан билээ.
“Бид хог түүдэг, хогны хүмүүс ч гэлээ хотоо цэвэрлэдэг хүмүүс шүү” гэж... Үүнэхээр ч тэд хулгай хийсэнгүй, хүн залилсангүй, газар шороогоо ухаж төнхсөнгүй... Хэнд ч гай удахгүй амьдарч яваа хүмүүс. Ёстой л нөгөө ариун цагаан хөдөлмөр гэдэг нь энэ биз дээ.
Сэтгүүлч: Дорждэрэм