8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Элчин сайд нарыг эргүүлэн татах албан бичигт хариу өгч, О.Баасанхүү гишүүн С.Зоригийн хэргийн талаар Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлсэн өдөр

2017-07-20 18:40:00

“Юуг ч маргааш гэж бүү хойшлуул. Энэ нь цаг хугацааны үнэ цэнийг мэддэг хүний давуу тал” гэсэн сайхан үгийн хамт эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ таны хувьд цаг хугацааны хувь үнэ цэнэтэй нэг өдөр байсан гэдэгт найдаж байна. Өнөөдөр улс эх оронд болсон үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Элчин сайд нарыг эргүүлэн татах албан бичигт хариу өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Элчин сайд нарыг эгүүлэн дуудах тухай” албан бичгийг өчигдөр УИХ-ын даргад хаяглан ирүүлсэн. Уг албан бичигт Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хариу илгээжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандсан “Хариу өгөх тухай” эл албан тоотод:

“Танаас ирүүлсэн “Элчин сайд нарыг эгүүлэн дуудах тухай” албан бичигтэй танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна” гэж тус тус заасан.

Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.

Дээрх хуульд заасан журмын дагуу Засгийн газрын санал болгосноор Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг Улсын Их Хуралд ирүүлж, зөвшилцдөг. Хуулийн энэ зохицуулалт 1992 оноос хойш ямар ч салаа утгагүй хэрэглэгдэж ирсэн бөгөөд үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гарын үсэг бүхий албан бичгээр Улсын Их Хуралтай харилцаж ирсэн болохыг Танд үүгээр мэдэгдэж байна.

Цаашид хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн харилцааны хэвшин тогтсон ажил хэргийн уламжлалыг алдагдуулахгүйгээр Улсын Их Хуралтай харилцаж байхыг хүсье” гэжээ. М.Энхболд өөртөө хариуцлага тооцож ажлаа өгөх үү

М.Энхболд өөртөө хариуцлага тооцож ажлаа өгөх үү

МАН-ын дарга М.Энхболд өчигдөр цахим хуудсаар дамжуулан ирэх сард болох намын Бага хурлаа хэлэлцэх асуудлыг нийтэлсэн билээ. Түүний оруулж ирсэн гурван асуудлыг тус намын Удирдах зөвлөлийн гишүүд дэмжсэн аж. 

Ирэх сард болох МАН-ын бага хурлаар МАН-ын шинэ удирдлагыг сонгох, намын дунд хугацааны зорилго зорилтыг тодорхойлох, 2020 оны сонгуульд бэлтгэх ажлыг эхлүүлэх нь хэрэгтэй гэж үзэж буйгаа давхар санал болгосон билээ. 

Үүнтэй зэрэгцэн М.Энхболд өөртөө хариуцлага тооцож ажлаа өгөх үү гэсэн асуулт олны дунд гарч эхлэв. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотой хариуцлага тооцох асуудал нээлттэй болсон энэхүү яриа гарах үндэс болоод байна. 

М.Ганбаатар: Бид намын удирдлагуудад нэг нэгээр нь шаардлага хүргүүлнэ

-Д.Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр хариуцлагаа хүлээж ажлаа өгөхийг шаардав-

МАН-ын бага хурлын гишүүд болон МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар нар өнөөдөр намын удирдлагуудад хариуцлага тооцох тухай асуудлаар мэдээлэл хийсэн юм.

Хурлын эхэнд МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар: Бид МАН-д элсээд 16 жил боллоо. Энэ хугацаанд чин үнэнч шударгаар намдаа зүтгэж ирсэн. МАН бол зөв нам. Зөв нам учраас хариуцлагын тогтолцоо зөв байж улс төрийн соёлыг тогтоох ёстой. Энэхүү зарчмыг бий болгохын тулд шаардлага гаргасан. МАН-ын гишүүдийн хөдөлгөөнийг бид байгуулсан. Энэ нь хэн нэгэн хүнийг огцруулаад хариуцлага тооцоод тарах хөдөлгөөн биш. Цаашдаа шат шатанд зөв зүйлийг бий болгохын төлөө явна. Бид намын удирдлагуудад нэг нэгээр нь шаардлага хүргүүлнэ. Эхний удаад бид МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардах бичиг хүргүүлж байгаагаа онцолсон юм.  

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий менежер Д.Амарбаясгалан нь сонгуулийн үйл ажиллагаанд намын анхан шатны байгууллага болон гишүүд дэмжигчдийнхээ хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилал, шударга зарчмыг баримтлан ажиллаж чадаагүй. Мөн дотоод удирдлагаар хангаж, оновчтой үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргаагүй учраас бид ялагдсан хэмээн үзэж байгаа ч дурдсан юм.

Тиймээс Д.Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр хариуцлагаа хүлээж ажлаа өгөхийг шаардаж байна. Зөвхөн нэг хүнтэй хариуцлага тооцоод дуусахгүйгээр уриалга гаргана гэдгээ мэдэгдэв.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тахилгын ёслолд оролцох төлөөлөгчдийг томилох тухай захирамж гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тахилгын ёслолд оролцох төлөөлөгчдийг томилох тухай захирамж  өнөөдөр гаргалаа. Уг захирамжид 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр болох Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгчдийг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилов.

Төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэнг томилоо. Төрийн элч төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Төрийн ёслолын албаны дарга Х.Жанцан, Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц, болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөллийг оролцуулахаар болжээ.

“Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын 2.2 дахь хэсэгт Монгол Улсын Төрийн тэргүүн өөрийн биеэр оролцох боломжгүй тохиолдолд Төрийн тахилгын ёслолд оролцох төлөөлөгчийг томилж болох тухай заасан байдаг юм.

Төрийн тахилгын ёслолд Төрийн элч  төлөөлөгч оролцуулдаг байсан төрт ёсны уламжлалтай ажээ. Монгол Улс тусгаар тогтносон даруйдаа 1911 онд “Тайх тахиглах ёслолын хууль” гаргаж, 1912 онд Отгонтэнгэр хайрханыг анх тахиж байжээ. Уг тахилгад Зарлигаар тайх сайдаар Улиастайн сайдыг гаргах тухай Богд Живзундамба хутагт зарлиг буулгаж байсан түүх байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч нэг удаа овоо тахилгад оролцохоор явахад 30 сая төгрөгийн зардал гардаг. Энэ жил Хан Хөхий, Алтан овооны тахилга болно, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг тахилгад биечлэн оролцолгүй элч төлөөлөгчөө томилж явуулснаар улсын төсвөөс 60 сая төгрөг хэмнэгдэх юм. 

ШТС-ын хажууд гарсан галыг шуурхай ажиллаж унтраажээ

Өнөө өглөөний 5 цаг 5 минутад үед тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийн дугуй буудаж гал гарчээ. Тодруулбал Хан- Уул дүүргийн Өлзийтийн Авто Тээврийн Шалган Нэвтрүүлэх Товчооны дэргэдэх Мон-Суль шатахуун түгээгүүрийн хажууд энэ хэрэг гарсан байна. Улмаар гал түймрийн дуудлага өгч дуудлагын дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал тйүмрийг бүрэн унтраасан байна. 

С.Зориг агсны хэрэгт ял сонссон Б.Содномдаржаагийн асуудлаар О.Баасанхүү Ерөнхийлөгчид хандсаны учир

Өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэгт буруутгагдан шүүхээс 23-24 жилийн ял сонсоод байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн асуудлаар  Ерөнхийлөгч Х.Баттулгад ханджээ. Тодруулбал,  С.Зориг агсны амь насыг хохироосон асуудалд шүүхээс ял авсан, Орхон аймгийн Их Залуу багийн иргэн Б.Содномдаржаагийн асуудлаар Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад хандсан байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Согтуурсан үедээ эхнэрээ хутгалаад зугтсан хэрэг гарчээ

Согтуурсан үедээ эхнэрээ хутгалаад зугтсан хэрэг гарсан байна. Тодруулбал энэ сарын 19-ны өдөр Багануур дүүргийн нэгдүгээр хороонд суух эмэгтэй 27 настай иргэн Х -г нөхөр болох Баянгол дүүргийн аравдугаар хороонд суух эрэгтэй 32 настай иргэн О нь согтуурсан үедээ зодож, зүүн хөлийн шилбэнд хоёр удаа, баруун хөлийн шилбэнд нэг удаа хутгалж зугтаасан аж. Холбогдох байгууллага дуудлагын дагуу гэмт этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан байна. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. 

12 түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

2017 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 10:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1, Хүдэр суманд 1, Төв аймгийн Эрдэнэ суманд 1, нийт 3 түймэр асаж байна.

Харин Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3, Мандал сумын 3, Хүдэр суманд 1, Төв аймгийн Батсүмбэр сумын 4, Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, нийт 12 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Түүнчлэн Булган аймгийн Гурванбулаг сумын 1, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1,  Төв аймгийн Батсүмбэр сумын 2, Эрдэнэ суманд 1, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 6 түймрийг бүрэн унтрааж, холбогдох албаны хүмүүст хүлээлгэн өглөө.

Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 448 албан хаагч, 30 автомашин, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс 308 албан хаагч, 27 автомашин, орон нутгаас 432 хүн, 32 автомашин, нийт 1188 хүн, 89 автомашин, техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

30636 жолоочид онооны урамшуулал олгогджээ

Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам 2016 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 138 мянга 688 жолоочийн оноо хасагдаж, 1046 жолоочийн зөрчлийн оноо дуусч эрх түдгэлзүүлсэн аж. Тэгвэл оноо сэргээгдэх урамшууллын нөхцлөөр 503 жолооч заавар журмын дагуу эрхийг нь сэргээжээ. Түүнчилэн "Жолоочийн оноо тооцох журам"-д "Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээнэ" гэж заасны дагуу 30636 жолоочид онооны урамшуулал олгогдсон.

Өнөөдөр Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаагаа эхэлсэн өдөр

1990 оны 7 дугаар сард Монголд анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж  Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулсан билээ. Энэхүү Ардын Их Хурал “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль батлан гаргаж, уг  хуулийн дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага болох Улсын Бага Хурлыг байгуулсан юм.  Ингэж 1990 оны 9 дүгээр сарын 13-нд Улсын Бага Хурлын анхдугаар чуулган үйл ажиллагаагаа эхэлснээр  манай оронд байнгын ажиллагаатай Парламент хэмээх  төрийн байгууллын  шинэ тогтолцоо  бүрэлдэн тогтсон түүхтэй. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment