Унгарын Будапешт хотноо Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр эхэлж байна. Тэмцээн ирэх сарын 3-ыг хүртэл зохион байгуулагдах аж. Монгол улсын шигшээ багийн 19 тамирчин өрсөлдөхөд бэлтгэлээ хангажээ. Үүнд эрэгтэй долоон жинд манай улс есөн тамирчнаа буюу бүтэн багаа илгээж байгаа бол эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд тамирчид маань хүч сорино. Харин холимог багийн төрөлд ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг-д хүч үзэхээр болсон байна. Тус тэмцээнд зодоглох Монгол улсын шигшээ багийг ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжинням удирдах бөгөөд туслах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Дашгомбын Баттулга, Хишигбатын Эрдэнэт-Од, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа нар ажиллах юм. Харин шүүгчээр олон улсын шүүгч Төрбатын Энхцэцэг сонгогджээ.
Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ
2017-08-28 13:25:00