12o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын бүх цаг үеийн шилдэг бокcчдын чансаа

2017-08-29 17:01:17

Герман улсын Хамбург хотноо болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах XIX тэмцээнд монголын 4 боксчин маш амжилттай оролцож дөрвүүл медалийн төлөө тулалдах эрхээ аваад байна. Хүрэл медалийн төлөө ОУХМ Г.Ган-Эрдэнэ Колумбын боксчин Риогийн олимпийн мөнгөн медальт Мартинез Юубержентай,  МУГТ Д.Отгондалай Венесуелийн тамирчин энэ оны Америк тивийн аваргын хүрэл медальт Кабрера Луистай, ОУХМ Б.Чинзориг Армены боксчин энэ оны Европын аварга Бачков Ховханнестай, ОУХМ Б.Түвшинбат Германы боксчин мөн энэ оны Европын аварга Абасс Бараоутай тус тус тулалдахаар шалгаран үлдээд байна. Манай ширэн бээлийтнүүд үнэхээр сайн тулалдаж байна.

 Монголын спортын топ төрлүүдийн эхэнд боксын төрөл бичигдэхэд гайхах зүйлгүй. Бидний монголчууд  спортын түүхээ сөхөж үзвэл нэг олимпоос алт, мөнгөн медалийг зэрэгцүүлж авчирсан төрөл одоохондоо монгол улсад боксоос өөр байхгүйбайна. Дараагаар нь мэдээж олимпийн нэг аваргатай ирсэн жудо, олимпийн нэг мөнгө, гурван хүрэлтэй чөлөөт бөх гээд  л цуварна. Дэлхий даяар спортын бүхий л төрлүүд амжилттай хөгжиж, тэмцээнд оролцогчид, хөгжөөн дэмжигчдийн тоо эрс өссөөр байна. Боксын төрөл гэхэд 1992 оноос олимпод тусгай эрх авч оролцдог болсон бол 2015 оноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн л тив тивүүдээс эрх авч оролцдог боллоо. Жендерийн асуудлыг тэргүүнд тавьдаг ОУОХ-оос саяхан эрэгтэй боксчдын жинг 2-оор багасгаж 8 болгон, эмэгтэйчүүдийн жинг 2-оор нэмэгдүүлж  5 болгох  шийдвэр гаргасан нь олимпийн наадамд оролцох эрх авахад улам илүү хүнд болж байгаагийн илрэл юм.

Энэ оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай ширэн бээлийтнүүд  4 эрх өвөртөлсөн нь тийм ч доогуур үзүүлэлт биш юм. Мэдээж Ази тивдээ эхний 5-д 2007 оноос хойш байнга багтаж байгаа /2007 онд  3 алт, 2 мөнгөн медальтайгаар 2-р байр эзэлсэн/ улсын хувьд  сэтгэл дундуур байж болох ч манай хүн амын тоо, бусад орнууд, тив, дэлхийн боксын спортын хөгжлийг харвал яах аргагүй өндөр амжилт юм. Энх-Амар, Цэндбаатар, Давааням гээд залуучууд азийн аваргадаа явсан бол дэлхийн аваргын эрх нэмэгдэх  байсан гээд бодохоор бас харамсмаар. Ур чадвар, туршлагын хувьд  дэлхийн шилдэг боксчдын зиндаанд багтчихсан  тэд нэг жил хагасын хугацаанд боксын том тэмцээнүүдийг өнжих хэрэгтэй болж байгаа юм. Ирэх жил үүсч хөгжсөнийхөө 70 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа боксчдынхоо түүхэн замналыг судалж, сөхөж үзвэл их сонирхолтой тоо баримтууд гарч байна.

70 жил хөгжсөн монголын боксын спортын алдартнуудыг үнэн зөвөөр тодруулж  хүүхэд залуучууд хойч үедээ танилцуулах, тэдний бахархлыг төрүүлэх,  боксын өндөр амжилтын төлөө тэмүүлэх хүсэл зоригийг бадраахад тус дэм болох болов уу гэсэн сэтгэлээр бүх цаг үеийн монголын боксчдын чансааг баримт,  судалгаанд үндэслэн үнэн зөвөөр тогтоохыг хичээв. Ингэхдээ Олон улсын боксын холбооны /АИБА/ яг одоо мөрдөгдөж байгаа чансаа тогтоох дүрмийн дагуу монгол улсад боксын спорт үүсч хөгжсөн 1948 оноос хойш тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн их наадам, Олимпийн их наадам, олимпийн эрхийн  тэмцээнд оролцсон байдлыг нарийн судалж дүгнэн шилдгүүдийг тодрууллаа. 1990-ээд оноос өмнөх үеийн боксчид маш хүчирхэг байсан ч ДАШТ 4 жилд нэг л удаа болдог, тухайн нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалж зарим олимп, дэлхийн аваргыг өнжсөн нь  амжилтанд нь нөлөөлснийг онцлон тэмдэглэх хэрэгтэй юм.

Дэлхий даяар боксын маш олон, олон улсын тэмцээн уралдаан болдог боловч ОУБХ зөвхөн дээр дурьдсан тэмцээнүүдийг дүрмэндээ оруулж  сүүлийн 2 жилийн байдлаар тодорхой оноогоор чансаа тогтоон тухайн цаг үед болж байгаа том тэмцээнүүдийнхээ оноолт хийхэд хэрэглэдэг  болсон билээ. Тодруулж хэлбэл өндөр чансаанд эрэмбэлэгдсэн боксчид доогуур даваанд хоорондоо таарахгүй гэсэн үг. 2009 оноос мөрдсөн энэ дүрэм дэлхийн нийт боксчдод, бидэнд ч гэсэн  ихээхэн таалагдсан шударга шийдвэр байсан. Амжилтын оноог өгөхдөө медальд хүрсэн тулаан бүрийг тооцсон бөгөөд хэрэв цөөхөн тамирчинтай тэмцээнд тулаангүйгээр эсвэл сугалаагаар гоц мөргөж медальд хүрсэн бол онооны 50 хувийг, шагналт оноотой  5-10р байранд шалгарсан бол оноог олгохгүй байхаар тооцоолсон болно. Харин эмэгтэй боксчдын хувьд аль ч тэмцээнд зөвхөн эхний 5 байранд оноо өгч байгаа нь учир дутагдалтай учир хүрэл медалийн төлөө тулаанд мөнгөн медаль авсан боксчинд ялагдсан бол 6-р байранд эрэмбэлэгддэг дүрмээр оноо өгөх нь зүйтэй гэж үзсэн.

Эмэгтэй боксчдын хувьд аль ч тэмцээнд 6-10 р байранд орсон боксчидшагналын оноо авахааргүйгээр АИБА-ийн дүрэмд заасан байгаа. Тогтвортой олон жил тулалдаж өндөр амжилт гаргасан МУГТ У.Мөнх-Эрдэнийн тэргүүлж байгаа  энэхүү жагсаалт бол АИБА-гийн бүх тэмцээний нийлбэр дүнгээр гаргасан чансаа бөгөөд хэрэв нэг тэмцээнээр тооцвол монголын түүхэн дэх хамгийн өндөр амжилт үзүүлсэн боксчин бол мэдээж хэрэг Олимпийн аварга МУХБ, МУГТ Э.Бадар-Ууган юм. Олимп, дэлхийн аварга болсон ч тэр жилийнхээ дэлхийн чансааг тэргүүлж чаддаггүй тохиолдол олон байдаг. Монгол улсын боксчдоос хамгийн анх дэлхийн боксчдын чансааг тэргүүлсэн тамирчин бол МУГТ Т.Үйтүмэн юм. Тэрээр 1997 оны ДАШТ-ээс мөнгөн медаль  авсан ч 1998 оны чансаанд дэлхийн аварга  Александр Малетины өмнө нэгдугаарт эрэмбэлэгдэж байсан түүхтэй.  Дараа нь Бадар-Ууган, Сэрдамба аваргууд маань дэлхийн чансааг тэргүүлж байв. Эхний даваанд л олимп, дэлхийн аваргатай  оноолт таараад мултарч байсан түүх манай шилдэг боксчдод цөөнгүй  тохиолдож байв. 

Манайд 70 жил боксын спорт хөгжсөн түүхэнд Монгол улсын нэрийг төлөөлөн дээр өгүүлсэн  тэмцээнүүдэд эрэгтэй, эмэгтэй нийтдээ ердөө 144 тамирчин оролцож байсан баримт байна. Өөрөөр хэлбэл монголын хамгийн шилдэгширэн бээлийтнүүд энэ 144 боксчид дотроос тодорч байна гэсэн үг. Энэ чансааг тогтоосноор түүхэн тамирчдын хөдөлмөрийг хамгийн шударгаар үнэлж, тэднийг урамшуулах, алдаршуулах залуу үедээ танилцуулах, залуу боксчдыг энэ чансаанд  дээгүүр зогсохын төлөө ялан дийлэх хүсэл эрмэлзлэлтэй болгох өргөн боломж бүрдэх юм. Залуу үе маань ам дамжсан яриагаар л ахмад үеэ ойлгодог байсан бол одоо баримт нотолгоотойгоор ахмад үеэрээ бахархах болно.

Чансаа тогтоох оноо АИБА-ийн дүрмийн дагуу хэд хэдэн удаа бага зэрэг өөрчлөгдсөн бөгөөд хамгийн сүүлчийн 2017оны 4-р сард батлагдсан дүрмийг баримтлаж дүнг гаргав. 1992 оны олимпоос эхлээд эрх олгох маш том тэмцээнүүд бий болсон бөгөөд 2016 оны олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд л гэхэд  105 орны  469 боксчид оролцсон нь ямар хэмжээний тулаан болсныг харуулж байна. Энэхүү чансаанд олимпийн эрх авсан тохиолдолд 200 оноо олгосон нь тивийн аваргын 5-р байртай тэнцэхүйц  үнэлгээ юм. Манай ахмад тамирчдын дотор маш өндөр зэрэглэлийн боксчид олон байсан. Тэднийг алдаршуулах, зохих шагнал урамшлыг олгуулахад энэ чансаа ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.Өнөөдөр ОУХМ З.Энхзориг, Б.Түвшигбат, Н.Алтанхуяг, Б.Алтангэрэл гээд тоочвол дэлхийн дээд зиндааны олон шилдэг тамирчид амжилтандаа тохирсон шагнал урамшууллыг аваагүй явж байгаа нь жагсаалтаас харагдаж байна. Ер нь шагнал урамшил бол хамт олон дотроо ч хэл ам, маргаан их дагуулдаг, мэргэжлийн талаас нь их нягталж, судалж  үзэх ёстой асуудал. Энэ асуудлыг л зөв зохицуулах үүднээс үнэн зөв, шударга тогтоосон амжилтын чансааг гаргах нь тун ач холбогдолтой юм.  

Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын шагналын алба ч гэсэн спортын бүх төрлүүдийн мэргэжлийн байгууллагын гаргасан ийм жагсаалтанд анхаарал хандуулах ёстой. Хамгийн томд тооцогдох энэ 5 тэмцээнээс гадна АИБА-ийн дүрэмд заагдаагүй дэлхийн боксчдын чансааны оноонд тооцдоггүй тэмцээнүүд болох Дэлхийн цомын аваргаас У.Мөнх-Эрдэнэ  мөнгөн медаль, Дэлхийн залуучуудын аваргаас З.Энхзориг хүрэл медаль, Дэлхийн армийн аваргаас Б.Чинзориг алтан медаль, Дружба-84 тэмцээнээс Н.Энхбат мөнгөн медаль, Дэлхийн оюутны аварга ба Универсиадаас Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, Н.Төгсцогт, Б.Түвшинбат, Х.Энх-Амар нар тус тус алтан медаль хүртсэн нь түүхэн ховор амжилтуудын нэг  гэдгийг бас тэмдэглэх ёстой. ОУХМ Х.Энх-Амар гэхэд дэлхийн хошой аварга, олимпийн мөнгө, хүрэл медальт оросын боксчин Миша Алояныг нутаг дээр нь ялж Универсиадын аварга болж,  Олимпийн их наадамд шалгаран оролцож байсан мөртлөө Ази тивийн аваргад зодоглож үзээгүй  гэх мэт өөр олон сонин баримтууд байна.

Шүүгч нарын будлиантай шийдвэрүүдээс монголын боксчид  хохирч байсан тохиолдол боксын түүхэнд цөөнгүй гарсан бөгөөд Н.Энхбат, Т.Үйтүмэн, Э.Цогтжаргал, Д.Отгондалай, Н.Алтанхуяг, Ц.Амаржаргал нар гаргасан амжилтаасаа дээгүүр байж болох олон тулаанд ялагдал хүлээж байсан байх юм.Түүнээс гадна азийн аварга болон түүнээс дээш тэмцээнд оролцож үзээгүй ч дэлхийн шилдэг боксчдын эгнээнд зүй ёсоор тооцогдох ур чадвар, хүч зориг нь тэгшхэн ОУХМ Даваажавын Аюур, ОУХМЛхангаажавын Батбаяр, спортын мастер Балдоржийн Дамдинсүрэн, ОУХМ Базарсүрэнгийн Чулуунбат, ОУХМ Жадамбаагийн Энхтөр  гээд  энэхүү жагсаалтанд ороогүй,олон боксчдыг нэрлэж болох байна. Бас бүх цаг үеийн шилдэг 50-д багтаагүй ч алдар суу, арга техник, хүч зоригийн бахархал болсон Азийн наадмын хүрэл медальт ,ардын багш ОУХМ Буянгийн Ганбат, ОУХМ  Хастын Жамган, ОУХМ Сандуйжавын Дүгэржав нарыг онцгойлон нэрлэмээр байна.

Ер нь монголын боксчдод Ази тивийн аваргаас медаль авахаас  монгол улсын аварга болох нь илүү хүнд шалгуур юм.  Монгол улсаасаа шалгараад л тив дэлхийн аваргад оролцсон хэн ч гэсэн   медаль хүртэх бүрэн боломжтой гэсэн үг. Монгол хүний бие бялдар, сэтгэл зүйд хамгийн сайн тохирсон спорт нь бокс гэдгийг нотолсон үйл явдал бол  17-хон насандааманай гаригийн шилдгүүдийг ялж, дэлхийн аваргын мөнгөн  медаль хүртэж, Монголын түүхэн дэх хамгийн залуу “ Гавьяат тамирчин “ цол хүртсэн Нямбаярын Төгсцогтын амжилт юм. Олимп, дэлхийн аваргатай болсон 2008, 2009 оноос хойш монголын хүүхэд залуучууд боксын спортыг ихээр сонирхож спортын зааланд багтахаа  больж дасгалжуулагчид, шүүгчдийн ажиллах сонирхол ч эрс дээшилсэн нь монголын боксын ирээдүйг тод гэрэлтүүлж байна. Монголын бүх цаг үеийн шилдэг 50 боксчдын энэ чансааг  тогтоосон нь алдаа оноо гарсан, зарим хүмүүст таалагдахгүй  байж болохыг үгүйсгэхгүй  ч үнэн сэтгэлээр шударгаар эрэмбэлэхийг эрмэлзсэн болно.  Цаашид тив, дэлхийн  аваргын тэмцээн тив, олимпийн наадмуудын дараа шинэчлэгдээд явах юм.

Монгол улсын гавьяат дасгалжуулагч, боксын спортын ОУХМ, Олон

улсын боксын холбооны 3 одтой шүүгч Цэвэгсүрэнгийн Нандигжав

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
cgs
Тэр жагсаалт нь тэгээд яг хаана байгаан бээ ?
2017/09/22 202.21.124.17
  • Recent
  • Most Read
  • Most Comment