8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, Прокурор 60 тэрбумын хэргийг хааж, Дэлхийн аваргууд эх орондоо ирсэн 7 хоног

2017-09-09 10:50:00

Монгол Улсын Засгийн Газар огцорлоо

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Монгол Улсын ЗАСГИЙН ГАЗАР бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.УИХ-ын 76 гишүүнээс 73 гишүүн ээлжит.бус чуулганд оролцож 57,5 хувийн саналаар огцорлоо.Дараагийн Засгийн газар бүрдтэл Ж.Эрдэнэбат Засгийн газрыг  удирдана гэж МАН-ын дарга М.Энхболд хэллээ.

Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Ерөнхий сайд огцорсон учир түүний оронд Шадар сайд У.Хүрэлсүхийг орлон гүйцэтгэгчээр томилж болдоггүй юм уу" гэсэн санал гаргасан ч УИХ-ын даргын зүгээс "Хуульд тийм заалт байхгүй" гэснээр ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.  Ээлжит бус чуулган дөнгөж сая хаалтаа хийлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зориг агсны хэргийн хавтаст хэрэгтэй танилцана

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Олон Улсын парламентийн төлөөлөгчидтэй уулзахаар болжээ. Уулзалт ирэх ням гарагт болох юм байна.  Олон Улсын парламентийн төлөөлөгчид С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан Хүний эрхийн асуудлаар илтгэл тавих юм байна. Уулзалтад С.Зориг агсны ар гэрийнхэн болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү мөн албаны зарим хүмүүс оролцох аж. Уулзалт болох гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү ШЕЗ-ийн дарга Д.Лүндэндоржид С.Зориг агсны хэргийн хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт хүргүүлжээ.  Улмаар сарын өмнө гаргасан О.Баасанхүү гишүүний хүсэлтэд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч хариу өгөх юм байна. Хэрвээ хүсэлтийг хүлээн зөвшөөрвөл УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зориг агсны хэргийн хавтаст хэрэгтэй танилцана. 

Р.Содхүү даргын хууль бус үйлдэлийг илчилсэн хоёр иргэнийг саатуулжээ

Хэд хоногийн өмнө  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)-ын дарга Р.Содхүүг өөрийн хамаатан гэх 17 хүнийг ажилд авсан гэсэн мэдээлэл гарсан. Энэхүү мэдээллийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)-ын  ажилтнууд ил болгож, Эрүүгийн цагдаагийн албанд шалгуулахаар гомдол гаргаад байсан билээ. Тэгвэл Р.Содхүү даргатай холбоотой мэдээллийг илчилсэн хоёр иргэнийг саатуулсан байна. Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)-ын дарга Р.Содхүүг  цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Мөн нэр дурьдагдсан 17 хүнээс мэдүүлэг авч байгаа аж. 

ОУПХ С.Зоригийн хэрэгт хяналт тавина

Олон улсын парламентын холбоо/ОУПХ/-ны Хүний эрхийн төлөөлөгчид энэ сарын 10-нд Монголд ирэх юм байна. Тэд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэнтэй уулзах хүсэлтэй байгаагаа Монгол Улсын Их Хуралд мэдэгдсэн аж. Олон улсын парламентын холбоо нь  1998 оноос  С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт хяналт тавьж ирсэн байна. Мөн хэргийг хурдан илрүүлэх, шийдэх талаар манай УИХ, төр, засгийн холбогдох байгууллагууд, Хүний эрхийн комисст удаа дараа мэдэгдэл, шаардлага, зөвлөмж хүргүүлж байжээ.
 
Өнгөрсөн 18 жил ОУПХ-ны асуултад манай улс шалгаж байна гэсэн ганцхан хариуг л өгч ирсэн аж.  Өнгөрсөн жилээс хэргийг илрүүлэхэд ахиц гарсан, гэмт хэрэгтнүүдийг илрүүлсэн, мөрдөн шалгаж байгаа, шүүх хурал үргэлжилж байна гэсэн мэдээллийг хүргүүлсэн байдаг. Энэ удаа “Хэргийг шийдсэн” гэсэн дүгнэлттэйгээр тэднийг угтах нь. Харин ОУПХ Б.Содномдаржаа. Т.Чимгээ нарын ар гэрийнхэнтэй уулзана гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг ихэд татаад байна. 

"Coal Mongolia-2017" эхэллээ

“Coal Mongolia” 2017 чуулган  Шангри Ла зочид буудалд эхэллээ. Coal Mongolia чуулганыг Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник, технологи нэвтрүүлэх нь уриан дор амжилттай зохион байгуулдаг. Энэ жилийн чуулганыг нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулж, энэ салбарын хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх нь гэсэн уриан дор зохион байгуулж байна. Мөн олон улсад нэр хүнд бүхий, Хятадын www.sxcoal.com цахим хуудсыг эрхлэгч “Фэнвэй энержи мэдээллийн технологи” компанитай түншилж, чуулганыг хамтран зохион байгуулж байгаа аж

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийт 215 газар өмчлүүлжээ

Нийслэлийн Засаг даргын 2017 оны наймдугаар сарын 1-ны өдрийн А/655 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 27 иргэнд, Сүхбаатар дүүргийн 11 иргэнд,Чингэлтэй дүүргийн 13 иргэнд, Хан-Уул дүүргийн 15 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 147 иргэнд нийт 215 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ. Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран газар өмчилсөн 66 иргэний дахин газар өмчлөх эрхийг нээж өглөө. Мөн нийслэлийн Засаг даргын 2017 оны 9 дугаар сарын 1-ны өдрийн А/654 дүгээр захирамжаар нийслэлийн зуслангийн бүсэд газар эзэмшиж буй Сүхбаатар дүүргийн 36 иргэнд,Чингэлтэй дүүргийн 32 иргэнд нийт 68 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ. 

Ард түмнийг басамжилсан прокурорын байгууллагын дүгнэлт

“МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд сонгуулийн дараа 60 тэрбум төгрөг босгох тухай” гэх 90 минутын бичлэг анх 2016 оны УИХ-ын орон нутгийн үеэр цацагдсан. Түүнээс хойш хоёр сонгууль дамнан "МАН-ын удирдах албан тушаалтнууд Төрийн албыг ашиг болгон үнэлж "60 тэрбум” төгрөгний 162 минутын бичлэг цацагдаад байна. Тус бичлэгт нэр дурьдагдсан МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Ц.Сандуйн туслах А.Ганбаатар бүгд тус бичлэгний талаар хариулт өгсөн. Тодруулбал, 

2017.08.16МАН-ын Удирдах зөвлөл энэ өдөр хуралдаж, 60 тэрбумын схем тойрсон асуудлыг хэлэлцсэн байдаг. Тус удирдах зөвлөлийн хурал дээр Ц.Сандуйд хариуцлага хүлээлгэх талаар яригдсан ч “сайн” ах М.Энхболд өмөөрч авч үлдсэн. МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үеэрээ “60 тэрбумын бичлэг анх гарахад нь би эвлүүлэг гэж хэлж байсан. Одоо ч энэ байр суурин дээрээ байгаа” хэмээн хэлсэн. Бичлэгдсэн анх цацагдсанаас өнөөдрийг хүртэл МАН-ын дарга М.Энхболд бичлэгийг эвлүүлэг гэсэн байр суурьтай байгаа. 

2017.08.17: Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжихыг завдсан хэрэгт нэр холбогдоод байгаа МАН-ын гишүүн, “Шинэ Монгол хаадууд” группын захирал А.Ганбаатар анх удаа хэвлэлийн хурал хийсэн. Тус хэвлэлийн хурлын үеэр А.Ганбаатар “Г.Доржзодов өөрийнхөө хийсэн санхүүгийн схемийг бидэнд санал болгож надтай хэд хэдэн удаа уулзсан. “Та дарга нартаа танилцуулаад, зөвөөр ойлгуулаад өгөөч.  Энэ схем ОХУ-д хэрэглэгддэг. 2012 онд АН хэрэглэсэн. 2016 онд хүчтэй сонгууль болно. Танай нам үүнийг ашиглабал ялах магадлал өндөр” гэж байсан хэмээн хэлсэн байдаг. Тус хэвлэлийн хуралд А.Ганбаатар 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш, ийм яриа болсон нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.  

2017.08.16: Энэ өдөр МАН-ын УЗ-ийн хурал болсон. Уг хуралд МАН-ын УЗ-ийн гишүүн, НИТХ-ын дарга Ц.Сандуй  60 тэрбумын бичлэгийг бодит гэж  хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүнийг ийм үг хэлсэний дараа МАН-ын УЗ-ийн гишүүд Ц.Сандуйг огцрох ёстой гэсэн байр суурьнаас хандсан байдаг. 

Ард түмнийг доромжилсон прокурорын дүгнэлт

Ингээд бичлэгт нэр холбогдсон гурван хүний 2 нь ийм яриа болсон нь үнэн, бичлэг бодит гэдгийг хүлээн зөвшөөрчихөөд байхад Улсын Ерөнхий прокурорын газраас бичлэгийг хуурамч гэж үзээд хэргийг хаасан байна. Тодруулбал, өчигдөр НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТАНД БАЙГАА ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН ЗАРИМ ХЭРГҮҮДИЙН ШИЙДВЭРЛЭЛТ, ЯВЦ БАЙДЛЫН ТАЛААР НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ, Ж.АРИУНАА ярилцлага өгсөн байна. Монголын төрийг 60 тэрбумаар үнэлж, зарах асуудал яригдаж байхад бүхэл бүтэн Улсын Ерөнхий прокурорын газар нэг орлогчоороо яриа өгүүлчээд, хэргийг хаачихсан байх юм.  Бичлэгтэй холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 6 удаагийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур өөр шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 1 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Уг дүгнэлтээс  М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургийг оруулсан мөн бичгийн хэлбэрээр текст оруулсан дуу, дүрсний бичлэгийн хувьд эвлүүлэг, монтаж хийгдсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гаргажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment