8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: СХД-т хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэг нээлтээ хийж, Ерөнхийлөгч ээлжит бус чуулганыг ЯАРАЛТАЙ хуралдуулахыг шаардсан өдөр

2017-09-15 18:40:00

Аз жаргалын тухай ойлголт хүн бүхэнд өөр байдаг.Өсвөр насныхан ихэнхдээ аз жаргал гэдгийг тансаг машин унаж, сайхан байранд амьдрах гэж хэлдэг. Үгүй юм. Аз жаргал ердөө л дэргэд чинь байдаг. Олон хүн жаргалаа алдсаны дараа жаргалтай байснаа мэддэг гэдэг. Та аз жаргалыг холоос бүү хайгаарай. Таны дэргэд байгаа гэр бүл, хань, үр хүүхэд, аав ээж, эх орон, өвчин зовлонгүй эрүүл саруул амьдарна гэдэг хамгийн том аз жаргал шүү. Аз жаргалын гол түлхүүр нь зөвхөн өөрийгөө анхаарах биш, мөн бусдад анхаарал халамж тавих юм. Иймээс хүн бүр хувиа хичээсэн хүслээ хаяж нүдээ том нээж эргэн тойрноо сайн хараасай гэж хүсэж байна. Магадгүй яг одоо таны тусламж хэн нэгэнд хэрэгтэй байгаа. Энэ нь маш энгийн, уурласан найзынхаа зовлонг сонсоод зөвлөгөө өг, хүүхдийн тэргээ даахгүй шатаар буулгаж яваа эмэгтэйд туслаарай. Хэн нэгэнд зориулж байгаа үйлдэл бүхэн тань хэмжээлэшгүй аз жаргал өгч байгаа гэдгийг та мэдрэх болно. Хэн нэгнийг аз жаргалтай байлгаж, инээмсэглүүлнэ гэдэг нь өөрөө жинхэнэ аз жаргал юм болов уу.Харин таны хувьд Аз жаргал гэж юу вэ, та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Ц.Ганцэцэг: Олон улсын шинжээчид НД-ын тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэдгийг онцолсон

“Нийгмийн даатгалын шинэчлэл- өнөөгийн байдал- цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын форум өчигдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.  Энэхүү форумаар хэлэлцэж буй гол асуудал нь нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл, нийгмийн даатгалын бодлогын болон тэтгэврийн шинэчлэлийн олон улсын чиг хандлага, нийгмийн даатгалын хамралт ба эдийн засгийн өсөлтийн асуудал юм. Энэ үеэр ЭМНДЕГ-ын НДБХСГ-ын дарга Ц.Ганцэцэгтэй ярилцлаа.

-“Нийгмийн даатгалын шинэчлэл-өнөөгийн байдал-цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын форумын гол зорилго, ач холбогдол юу вэ?

-Энэ жил нийгмийн даатгалын 75 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү олон улсын форум зохион байгуулагдаж байгаа нь ихээхэн онцлог болж байна. Олон улсын байгууллага, Дэлхийн банк, Японы Жайка, ОХУ-ын тэтгэврийн сан, Японы тэтгэврийн сан, Германы ослын даатгалын газар зэрэг маш олон байгууллага хамтарч, төлөөлөл нь оролцож энэ форумыг хийж байна.  Эдгээр байгууллагын төлөөлөгч нар салбар хуралдаан зохион байгуулж цаашдын чиг хандлага, хэрхэн ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар харилцан ярилцаж санал бодлоо хуваалцсан чухал ач холбогдолтой форум болж байна.

-Монгол Улсын тэтгэврийн сангийн даатгалын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. Нийт хэчнээн хүн даатгалд хамрагдаад байна?

1995 он хүртэл улсын төсвөөс санхүүжиж явдаг байсан. Харин 1995 оноос хойш нийгмийн даатгалын шинэ тогтолцооны багц хуулиуд хэрэгжиж эхэлснээр манай улс тэтгэврийн даатгалын үнэ тогтолцоонд шилжсэн.

-Манай улсын тэтгэврийн даатгалын сан олон жилийн түүхтэй. 1995 он хүртэл улсын төсвөөс санхүүжиж явдаг байсан. Харин 1995 оноос хойш нийгмийн даатгалын шинэ тогтолцооны багц хуулиуд хэрэгжиж эхэлснээр манай улс тэтгэврийн даатгалын үнэ тогтолцоонд шилжсэн. Өөрөөр хэлбэл иргэд ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол өөрөө нийгмийн даатгал төлж ирээдүйд учрах нийгмийн эрсдлээ хамгаалах учиртай. Энэ утгаараа төлсөн шимтгэл, цалин хөлс, хугацаанаас хамаарч тэтгэвэр тогтоолгодог болсонТэтгэврийн даатгалын санд албан журмаар буюу сайн дураараа нэг сая гаруй хүн даатгал төлж байна. Энэ сангаас 380 орчим мянган хүн тэтгэвэр авдагҮүний 280 орчим мянга өндөр настны тэтгэвэр, 60 мянга нь  тахир дутуугийн тэтгэвэр, үлдсэн 30 орчим мянга нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно

 

Олон улсын валютын сан Монгол Улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн  хөтөлбөр”-ийг тодорхойгүй хугацаанд хойшлуулсан гэсэн мэдээлэл гарсан. Мөн үүнээс гадна Сангийн яам  хүүхдийн мөнгийг сүүлийн хоёр сард өгөөгүй байгаа бөгөөд хэзээ өгөх нь тодорхойгүй байгаа юм. ОУВС болон  хүүхдийн мөнгийг хэзээ олгох  талаар  Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас тодрууллаа.

-ОУВС-гийн Монгол Улсад хэрэгжүүлж байсан хөтөлбөр зогссон гэсэн мэдээлэл хоёр хоногийн өмнөөс гарч эхэлсэн. Сангийн яаманд энэ талаар албан ёсоор мэдэгдсэн үү?  

-Сангийн яаманд энэ талаар албан ёсоор мэдэгдээгүй. Сангийн яам болон  Монголбанкинд албан ёсоор энэ талаар ямар ч мэдээлэл ирээгүй байна. 

-ОУВС-аас эхний ээлжинд орж ирсэн мөнгийг юунд зарцуулсан вэ. Хөтөлбөрийн хүрээнд одоо хичнээн хэмжээний санхүүжилт хийгдэх бэ?

-Эхний орж ирсэн мөнгийг төсвийн алдагдалыг санхүүжүүлэх зорилгоор төсөв рүү оруулсан. Нийтдээ 3.3 тэрбум ам.доллар орж ирнэ. Үүний тал хувийг төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр байгаа.  Нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах төсөл  хөтөлбөр. Үлдсэнийг нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна. Төсвийн алдагдлаа санхүүжүүлэхгүй бол төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрнэ. Сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг нэмэх нь битгий хэл тавьж чадахгүй нөхцөлд хүрнэ.

- Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох бүрэн боломжтой боллоо гэж Сангийн яамнаас мэдэгдэж байсан. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгөө аваагүй хүүхдүүдийн мөнгийг хүртэл нөхөж олгосон. Гэтэл өнгөрсөн сараас эхлээд хүүхдийн мөнгийг яагаад олгосонгүй.  Цаашид үргэлжлүүлэн олгох уу?

-Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно.  Өнөөдөр төвсийн тодотголыг өргөн барих сүүлийн хугацаа. Төсвийн тодотголыг өргөн барьсны дараа бүх хүүхдийн мөнгийг нөхөж олгоно. 

 

Д.Хаянхярваа: МАН-ын бүлгийн хурлаар дотооддоо эв нэгдэлтэй байх асуудлыг ярилаа

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж өндөрлөлөө. Бүлгийн хуралдаан дууссаны дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийсэн юм.  Тэрбээр "МАН-ын бүлгийн хурлаар дотооддоо эв нэгдэлтэй байх асуудлыг ярилаа. Учир нь МАН-ыг дотооддоо хоёр хуваагдсан мэт ойлгож байгаа. Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар манай бүлэг дээр зарчмын зөрүүтэй байр суурь үүссэн нь үнэн. Гэхдээ бид энэ бүх асуудлаа орхиж, цаашид асуудлаа намын дүрмийн хүрээнд шийдэх учиртай гэсэн байр суурин дээр нэгдсэн. "Харин Ерөнхий сайд болон шинэ Засгийн газрын бүтцийн тухайд чадварлаг багаар бүрдүүлж байж бид цаашаа явна гэдгийг гишүүд ярилж байна. Засгийн газрын бүтцийг тодорхой байдлаар яриагүй. Ээлжит бус чуулган зарлах тухайд одоо ажил хэвийн үргэлжилж байгаа тул шаардлагагүй гэж үзсэн" хэмээн хэллээ. Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулахаас гадна ямар асуудал хэлэлцэх вэ?
-Намын Бага хурлаар хэлэлцэх асуудлаа эцэслэн тогтоогоогүй байна. Ирэх долоо хоногт Удирдах зөвлөлөө хуралдуулж Бага хурлаараа хэлэлцэх асуудлаа эцэслэн тохирно. Бага хурлын өмнө Удирдах зөвлөл хуралдаад Ерөнхий сайдаар нэр дэвшүүлэх хүний асуудлыг хэлэлцэнэ гэж ойлгож болно.

-Бүлгийн гишүүд Засгийн гаазрыг бүрдүүлэхдээ ямар зарчим баримтлах талаар санал солилцсон гэсэн. Засгийн газрын гишүүдийн хэд нь УИХ-ын гишүүн байх нь зүйтэй гэж үзэж байгаа вэ?
-Бүлгийн гишүүд өнөөдөр Засгийн газрыг УИХ-ын гаднаас, дотроос бүрдүүлнэ гэдэг дээр тогтож яриагүй. Ер нь ямар шалгуур тавих вэ гэдгээр л санал солилцсон. Тухайн салбараа мэддэг, дадлага туршлагатай хүмүүсээр Засгийн газрыг бүрдүүлэх ёстой гэдгийг бүлгийн гишүүдийн олонхи нь хэлсэн.

-Яамдын тоог нэмж магадгүй гэсэн яриа гарах боллоо. Энэ хэр зэрэг бодитой мэдээлэл вэ?
-Ийм зүйл огт яригдаагүй.

-Ерөнхийлөгч ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Үүнийг бүлгийн хурлаар хэлэлцээгүй юм уу?
-Бүлгийн гишүүд энэ талаар УИХ-ын даргаас асуусан. УИХ-ын дарга “Одоогоор миний гар дээр тийм албан бичиг ирээгүй байна” гэсэн хариулт өгсөн. Өвөлжилтийн бэлтгэл хүндрэх нь гэсэн асуудал яригдаж байгаа. Гэхдээ үүрэг гүйцэтгэгч Засгийн газар ажиллаж байгаа учраас тулгамдсан асуудлаа шийдвэрлээд явж байгаа гэж ойлгож болно. Ер нь Засгийн ажлын замгамж чанар алдагдаагүй. 

Ц.Нямдоржийн туулай гүйцэх цаг

CHUHAL ХҮН:

Өдгөө эрх барьж буй МАН-ын лидерүүдийн жагсаалтад эрс өөрчлөлт оржээ. Уг нь үеийн үед намынхаа жолоог атгаж буй дарга нь хамгийн өндөр рейтингтэй байж ирсэн уламжлал энэ удаа алдагдсан байна. Н.Энхбаяр тус намын дарга байх үед тэр зөвхөн намын лидерийн хэмжээнд биш, үндэсний удирдагчийн хэмжээнд зангараг, нэр нөлөөтэй байсан. С.Баярын үед түүний рейтинг мөн л өндөр байж, өөрөө ч жинхэнэ лидер хүний байдлаар биеэ авч явдаг, бодлогоо хэрэгжүүлж чаддаг байлаа. Харин өнөөдөр М.Энхболд хамгийн үнэмлэхүй эрх мэдэл дээр сандайлсан хэрнээ лидерийн орон зайгаа хэдийнэ Ц.Нямдоржид алдчихаад байна. Монголын улс төрд 27 жилийн амьдралаа зориулсан Ц.Нямдорж одоо л албан ёсоор лидер гэж хүлээн зөвшөөрөгдөх түвшинд гарч ирсэн гэсэн үг. Үүнээс өмнө тэр үргэлж хоёрдугаар эгнээнд явж ирсэн. Намын дарга болох шаанс түүнд хоёр ч удаа таарч байсан ч тэр өөрөө хойш суусан юм. Нэгдүгээртхэнэггүй лазангаас болж боломжоо алдсанХоёрдугаарт, хэзээний хэдэр адайр, хэл амтай, хэрүүлч гэгддэг түүнд яах аргагүй нэг сул тал байсан. Тэр нь юу гэвэл, намынхаа дотоодод өөрийн гэсэн фракцгүй. Нам болон төрийн удирдах түвшинд ийм удаан ажилласан хүн өдий хүртэл фракц ч үгүй юу хийж ирсэн нь нэг талаар сонин. Ц.Нямдорж олон хүнийг улс төрийн өндөрлөгт дэмжиж гаргаж ирсэн. Бас тэднийхээ заримыг доош нь татаж, дээш өгсөх замд нь дэгээ тавьдаг ч гэмтэй.  Өдий хүртэл фракцгүй, намынхаа аль нэг улстөрчтэй салж хагацахгүй болтлоо наалдаж, дотносоогүй яваагийн учир ч энэ байх. Ц.Нямдоржоос ер нь хэр баргийн улстөрч зэнзийрхэж, ширвээтнэ шүү. Ц.Нямдоржид тэмцэгчийн дүр тун зохидог. Шазруун, хэгжүүн, зэвүүн, хэлэмгий энэ улстөрч өнөөдөр ч тэмцэл хийсээр байгаа. Ялах эсэхийг нь, эсвэл яг хэнтэй тэмцээд байгааг нь саяхныг хүртэл хэлэхэд бэрх байв. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах чуулган дээр хэлсэн үгээрээ хэнтэй тэмцэж буйгаа ил тод зарлачихлаа. 

Монголын улс төрд 27 жилийн амьдралаа зориулсан Ц.Нямдорж одоо л албан ёсоор лидер гэж хүлээн зөвшөөрөгдөх түвшинд гарч ирсэн гэсэн үг. Үүнээс өмнө тэр үргэлж хоёрдугаар эгнээнд явж ирсэн.

Энэ хүн өнөөдөр дараагийн Засгийн газрын тэргүүнд өрсөлдөх гурван хүний нэг хэмээн яригдаж байна. Түүнийг хэд хэдэн үндэслэлээр улс төрд өрнөж буй хувьсгалын шинжтэй үйл явцыг тэргүүлэгчдийн дунд зайлшгүй байх ёстой хүн гэж үздэг юм билээ. Гагцхүү Ерөнхий сайд хийх үү, УИХ-ын дарга хийх үү гэдэг сонголт түүний өмнө бий. Эзгүй байгаа Ерөнхий сайдын суудал хийгээд эзэнтэй байгаа УИХ-ын даргын сэнтий Ц.Нямдоржид ихдэх, эсвэл багадах эсэх тухай ярих нь илүүц биз. Учир нь тэр хангалттай бэлтгэгдэж, хат суусан улстөрч. Гэхдээ түүнд Ерөнхий сайдаас илүү УИХ-ын даргын албан тушаал яг зохино. Ерөнхий сайд бол багийн тоглолт их шаарддаг алба. Ц.Нямдорж шиг мэргэшсэн парламентчид хууль тогтоох байгууллагыг удирдах нь үр өгөөжтэй санагдаж байна. Гагцхүү яагаад УИХ-ын даргын ажлыг М.Энхболдоос илүү хийж чадна гэж үзэж байгаагаа тайлбарлахын тулд М.Энхболд яагаад огцрох ёстой вэ гэдэгт эхлээд хариулах ёстой болно.Ж.Эрдэнэбатын Засгийн газрын огцруулах асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх үед хууль зөрчин байж завсарлага авсан нь М.Энхболдын огцрох үндэслэл биш, харин шалтаг төдий юм. Түүний огцрох хамгийн том үндэслэл нь 60 тэрбумын хэрэг буюу төрийн албыг мөнгө болгож хувиргасан тогтолцоог бий болгосон явдал юм. Энэхүү тогтолцоогоо аварч, хадгалж үлдэхийн тулд М.Энхболд ба түүний бүлэглэл эцсээ хүртэл бууж өгөхгүй тэмцэж байна. Живж буй хөлгийн ахмад М.Энхболдод одоо найдвар тавьж байгаа цөөхөн боломж үлдсэн. Эхнийх нь өөрийн багийн гишүүдийн нэгийг Ерөнхий сайд болгохоор зүтгүүлэх. Харамсалтай нь, өнөөдөр хамгийн бүтэх магадлал багатай хувилбар болчихоод буй. Уг нь засаг огцроогүй байсан бол хууль, хүчний байгууллага, эрх мэдлээ ашиглаж байгаад ч болтугай Ж.Эрдэнэбатыг МАН-ын дарга болгох төлөвлөгөөтэй байсан. Тэр нь бүтэлгүйтмэгц одоо С.Бямбацогт, Н.Энхболд хоёрыг сойж байгаа бололтой. Хэрвээ санаа нь бүтвэл хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан М.Энхболд хариуцлага хүлээж буй сэтэр зүүж, намын даргын суудлаа хүлээлгэж өгөх боловч нэдэр дээрээ өөрийн эрх мэдлээ үргэлжлүүлэх бололцоотой болно. М.Энхболд УИХ-ын даргын сэнтийгээсээ мултрахгүй байх нөхцөл бүрдэнэ.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ерөнхийлөгч ээлжит бус чуулганыг ЯАРАЛТАЙ хуралдуулж ЕС-ыг томилох саналаа ирүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээв.

Уг албан бичигт:

“Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулснаас хойш найм хоног өнгөрлөө.

Намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх зэрэг хариуцлагатай цаг үед Монгол Улс үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах тул ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16,3-т тус тус заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нэн даруй буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд хуралдуулах саналтай байна.

Аль нэг намын дотоод ажил, асуудлаас шалтгаалан Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын ажил саатах учиргүй тул дурьдсан хугацаанд ээлжит бус чуулганыг товлон зарлана уу.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.

Талийгаач охины үхлийн шалтгааныг тогтоожээ

Өнгөрсөн наймдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр “Очир" төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг  харамсалтай хэрэг гарсан билээ. эл хэргийн хохирогч охины үхлийн шалгааныг тогтоосон байна.  Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр талийгаач охин их хэмжээний согтууруулах ундаа уусны улмаас хордлогод орсон, хоолойн гүйлсэн булчирхайн хордлого зэргээс үүдэн амь насаа алдсан гэсэн дүгнэлт гарсан байна. байна. Мөн талийгаач охин бэлгийн харьцаанд орсон болох нь тогтоогджээ. Тиймээс  А. Ж нарыг насанд хүрээгүй хүнд архи согтууруулах уулгасан, хүчирхийлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Тарваган тахал өвчнөөс сэргийлэх шалгалт үргэжилж байна

Чингэлтэй дүүргийн  Майхан толгой, Гүнтийн даваа, Зуслангийн бүст өнгөрсөн наймдугаар сарын 25-30-ны хооронд мөн энэ сарын 6-нд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлыг эрчимжүүлэх зорилгоор шалгалт хийжээ. Уг шалгалтыг Чингэлтэй дүүрэг дэх МХХ-ийн мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Мэндсүрэн, дүүргийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дэслэгч В.Мягмаржав, 19 дүгээр хорооны цагдаагийн хэсгийн төлөөлөгч нартай хамтарч явуулсан байна. Нийт гурван албан тушаалтан, 18 иргэнийг шалгалтад хамруулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Японы ЗГ өдөөн хатгасан "үл тэвчих" үйлдэл гэжээ

Хойд Солонгос нь Япон улсын дээгүүр баллистик пуужинг хөөргөжээ. Уг пуужин 770 км (478 миль) өндөрт хүрч, 3,700 км явсан гэж Өмнөд Солонгосын цэргийн ангийнхан хэлжээ. Номхон далайд буухаасаа өмнө Японы Хоккайдо арал дээргүүр пуужин нисч явсан гэж албаны хүмүүс онцолжээ. Өнгөрсөн сард Хойд Солонгос улс Япон улсын дээгүүр пуужин хавсанаас болоод Япон улсын иргэд  "Манай улсад урьд өмнө байгаагүй аюул заналхийлсэн" хэмээн ярьцгааж байна.

Өмнөд Солонгосын цэргүүд хамгийн сүүлийн туршилтаар пуужин хөөргөсөн нь Пхеньянд болсон байна. Пуужин баасан гаригт орон нутгийн цагаар 07:00цагт (пүрэв гаригт 22:00 GMT) хөөргөжээ.  Энэхүү пуужин нь  8-р сарын 29-нд хөөргөсөн, 2.700 км (1,678 миль) замыг туулж,өндөрийн хамгийн дээд цэг болох 550 кмт хүрсэн пуужингаас илүү хол, өндөрт хүрсэн гэнэ.

НҮБ-ээс хойд солонгост шинэ хориг тавьсаны дараах анхны туршилт энэ аж.  АНУ-ын Номхон далайн командлалын хэлснээр туршилтын эхний зорилго нь "дундын баллистик пуужин (IRBM)" -ийг хөөргөх гэжээ. Хамгийн сүүлийн пуужин Пхеньянаас 3,400 км-ийн зайд орших Гуамын Номхон далайн бүс нутаг болох АНУ-ын Номхон далайд хүрч очсон байна. Японы Засгийн газрын тэргүүн нарийн бичгийн дарга Yoshihide Suga пуужинг зүүн өмнөд Номхон далайд унахаасаа өмнө Хоккайдогын дээгүүр нисч явсан гэжээТэрээр хэлэхдээ хүмүүст аваарын дохиогоор аюулгүй байдалд орохыг анхааруулсан байна. Энэ явдал нь өдөөн хатгасан "үл тэвчих" үйлдэл байсан гэжээ.

Өнөөдөр хөөргөсөн пуужин өнгөрсөн сарынхтай төстэй байсан бөгөөд Хойд Солонгос цаашид туршилтыг хийх болно гэж мэдэгджээ. Өчигдөр Пхеньян НҮБ-ын шинэ хориг арга хэмжээний эсрэг "Японыг далайд живүүлэн,  Америкийг үнс болгон хувиргана" гэж заналхийлсэн байнаӨмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордон, Цэнхэр ордон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг яаралтай дуудан хуралдахаар болов. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл нь Япон, АНУ-ын хүсэлтээр өнөөдөр уулзаж, Хойд Солонгосын хамгийн сүүлийн үйл ажиллагааг хэлэлцэх юм байна. Өнгөрсөн сарын сүүлээр Хойд Солонгос дотооддоо хийсэн "Hwasong-12 пуужинг" Япон улсын дээгүүр харважээ. Пхеньян нь Номхон далай дахь цэргийн ажиллагааны "эхний алхам" гэж хэлсэн байна. Hwasong-12 нь мөн Хоккайдогын дээгүүр гарч олон нийтийн дохиог идэвхжүүлсэн, Японы эргээс хойд Номхон далайн 1,180 kм зайд буусан байна. Энэ сарын эхээр Пхеньян нь устөрөгчийн бөмбөгийг туршсан гэж мэдэгдэв. Энэ нь атомын бөмбөгнээс хэд дахин илүү хүчтэй зэвсэг аж. Бас энэ зэвсэг нь холын зайны пуужинд суурьлуулах боломжтой юм байна.НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Хойд солонгосын хийсэн үйлдэлийг дахин дахин буруутгасаар байна. 

Эх сурвалж: BBC.COM

БНСУ-ын засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

БНСУ-ын Засгийн газраас 2018 оноос эхлэн суралцах Бакалаврын зэрэг олгох дөрвөн жилийн болон Мэргэжлийн сургалтад хамруулж үнэмлэх олгох хоёр жилийн  тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зарлажээ. Монгол Улсаас бакалаврын зэрэгт мэргэжил, сургууль харгалзахгүйгээр гурван оюутныг БНСУ-с Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан сонгон шалгаруулахаар болжээ.

БНСУ-с Монгол Улсад суугаа элчин сайдын яамаар дамжуулан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчдын материалыг 2017 оны есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 5-ны хооронд Элчин сайдын яамны байранд хүлээн авна.

Тус хөтөлбөрт нийт гурван хүнийг сонгон шалгаруулах тул сонирхож буй оюутнууд дээрх хугацаанд БНСУ-ын Элчин сайдын яаманд материалаа бүрдүүлж өгнө.

Харин байгалийн ухаан болон инженерийн чиглэлээр орон нутгийн сургуулиар дамжуулан бүх улсуудаас нийт 25 оюутныг тэтгэлэгт хамруулах бөгөөд орон нутгийн сургуулиудаар дамжуулан хүсэлт гаргах бол өөрийн сонгосон сургуультайгаа холбогдон материал хүлээн авах хугацааг тодруулах боломжтой юм.

-Ерөнхий шалгуур-

1.ИРГЭНШИЛ: Өргөдөл гаргагч оюутан өөрөө болон эцэг эх хоёулаа Монгол Улсын харъяат иргэн байна   

2.НАС: 2018 оны 3 сарын 1-ний байдлаар 25 хүртэлх насны иргэд (1993 оны 3 сарын 1-нээс хойш төрсөн иргэд)   

3.Боловсролын байдал:

2016 оны 8 сарын 31-ний байдлаар бүрэн дунд боловсролын үнэмлэхээ гардан авсан болон гардан авах гэж байгаа сурагч  

Төгсөх ангийн сурагчийн хувьд материал өгөх үедээ төгсөх гэж байгаа тухай тодорхойлолтоо хавсаргаж өгөх бөгөөд төгссөний дараа 2018 оны 3 сарын 1-ний өдрийг хүртэл бүрэн дунд боловсролын үнэмлэхээ хавсаргаж нөхөн өгөх

Өмнө нь БНСУ-ын Засгийн газрын өөр ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байгаагүй байх

4.ДҮН: Хамгийн сүүлд төгссөн сургуулийн бүх улирлын дүнгийн голч оноо нь (GPA) дараах болзлыг хангасан байна 

4.0 бүрэн онооноос голч дүн 3.49 дээш байх 

4.3 бүрэн онооноос голч дүн 3.75 дээш байх 

4.5 бүрэн онооноос голч дүн 3.91 дээш байх 

100 онооны системтэй бол голч дүн 90-аас дээш оноотой байх 

Дүнгийн оноог хувилан бодохдоо хавсралт Appendix A. GPA хуваарийг ашиглах

Дээрх болзлыг хангаагүй хүний материалыг шалгуурт тэнцээгүйд тооцно.

Материалд хавсаргаж өгсөн дүнгийн жагсаалтад голч оноог тэмдэглээгүй аль эсвэл GPA аргачлалаар оноог хувилж тооцоход бэрхшээлтэй тохиолдолд тухайн төгссөн сургуулиас авсан албан ёсны тайлбар тодорхойлолтыг хавсаргаж өгнө.

Хүсэлт гаргах маягт болон заавар гарын авлага, сургуулиуд, мэргэжлийн тэнхимүүдийн талаарх мэдээллийг доорх холбоосуудаар орж татаж авна уу.

2 жилийн мэргэжлийн сургалтанд хамрагдах хүсэлт гаргах

Элчин сайдын яамаар дамжуулан бакалаврын тэтгэлэгт хүсэлт гаргах

Сургуулиар дамжуулан бакалаврын тэтгэлэгт хүсэлт гаргах

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцан төгсөгчдийн холбоо/ KGSP-Alumni Mongolia / болон БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн элч нар хамтран уг тэтгэлэгт хүсэлт гаргагчдад зориулсан мэдээлэл олгох семинарийг есдүгээр сарын 21-ний 18:30 цагт “Монгол Шуудан” ХК-ийн 3 давхарт 306 тоотод зохион байгуулна. Семинарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийг kgspalumnimgl@gmail.com хаягаар авах боломжтой.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment