8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Төрбат: Шигшээ баг амжилт үзүүлэхэд бэлэн болчихсон, бидэнд зөвхөн цаг хугацаа л хэрэгтэй байна

Сэтгүүлч Б.Анхтуяа
2017-09-18 09:06:00

“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн “Атлетик 220” клубийн хамгаалагч , 2016 оны ганган гоолын эзэн, Монгол Улсын шигшээ багийн ахлагч Д.Төрбаттай ярилцлаа.

-Энэ жилийн “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн тоглолтын талаар мэдээлэл өгөхгүй юу. Та энэ жилээс багаа сольж “Атлетик 220”-д тоглож байгаа гэсэн. Шинэ багтайгаа хэр амжилттай явна?

-Лигийн тоглолт эхлэсэн цагаас хойш нэлээд ширүүн өрсөлдөөнтэй явж байна. Сүүлийн тойргуудын тоглолт бүр ширүүсч, бүх баг хожиж амжилтаа ахиулахын төлөө өрсөлдөж байна. Би олон жил тоглосон “Хоромхон” багаасаа гарч, шинээр “Атлетик 220” багт орсон. Олон жил хамт тоглосон унаган багын найз Н.Наранболдтой хамт шинэ багт  ирсэн. “Атлетик 220” баг нь шинээр дээд лигт орж ирсэн баг. Одоогийн байдлаар оноогоороо 3 дугаар байранд явж байна. Хоёр дугаар тойргоос эхлээд л багуудын хувьд маш чухал тоглолтууд үргэлжилж, өрсөлдөөн нэлээд ширүүсч  байна. Үлдсэн сүүлийн гурван тойрогт оноо алдах л юм бол байр солигдох хэмжээний эрсдэлтэй байна. Хэрвээ хожигдох юм бол медальт шагналын байрнаас хасагдана. Тийм учраас үлдсэн гурван тоглолтдоо заавал хожих шаардлагатай байна.

-Та Атлетик 220” клубийн хамгаалагчаас гадна Монголын шигшээ багийн ахлагч болсон. Ахлагч болсоноос хойш маш их хариуцлага нэмэгдэнэ. Багаа хэр удирдаж байна?

-Шигшээ багийн ахлагчаар өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Малайз улсад зохион байгуулагдсан тэмцээний өмнө томилогдсон байгаа. Багийн ахлагч болсоноор маш их хариуцлага нэмэгдсэн. Тамирчдынхаа дуу хоолой болохоос гадна талбайн гадна, дотно лидер байж, багаа манлайх ёстой. Багаа сайн удирдаж авч явахын тулд хичээж байна. 

-Өмнө нь Үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Д.Лүмбэнгарав байсан. Д.Лүмбэнгаравтай хэдэн жил хамт тоглосон. Тэр хүний туршлагаас бас нэлээд суралцсан байх?

-Д.Лүмбэнгарав ахтай хамгийн анх 2008 онд хамт тоглож байсан. Мөн 2014, 2016 онд хамт тоглож байсан. 2014 онд бол зэрэгцэж хамт тоглодог байсан. Түрүү жил болохоор Д.Лүмбэнгарав ах миний урд талын байрлалд тоглодог байсан. Өдий зэрэгтэй  явахад Д.Лүмбэнгарав ахын зааж сургасан юм маш их бий.

-Та хэдэн настайгаасаа эхлээд хөлбөмбөгөөр хичээллэв. Хэдэн оноос эхлээд “Хоромхон” багт тоглож эхэлсэн юм бэ?

-Анх 2005 оноос эхлэн хөлбөмбөг тоглож эхэлсэн. Хамгийн анх “ub united” багт тоглож байсан. Түүний дараа 2007 онд “Хоромхон” багт нэгдэж, 2017 оны хавар хүртэл тоглосон. “Хоромхон” багт 10 жил тоглосон.

-Монгол Улсын шигшээ баг ирэх сард ОУ-ын чансаа ахиулах тэмцээнд явах гэж байгаа гэж сонссон. Ер нь жилдээ хэдэн удаа ОУ-ын тэмцээнд оролцож байна вэ?

-Өнгөрсөн жил нэг цомын тэмцээн, урьдчилсан шатны нэг тэмцээнд явсан. Харин энэ жилийн тухайд ирэх сард FIFA-ийн чансаа ахиулах тэмцээнд оролцоно. Тайванын багтай тоглоно. Энэ тоглолтын дараа Бангладешд Азийн цомын тэмцээнд оролцох байх. Хамгийн  том зорилго бол 2018 оны сүүл  2019 оны эхэнд болох Дэлхийн аваргын урьдчилсан шатны эхний шат болон Азийн аваргын урьдчилсан шатны эхний шатны тоглолтуудад амжилт гаргахыг хүсэж байна.

Үзүүлэлтийн хувьд хожигдсон ч гэсэн тоглолт агуулахынхаа хувьд манай баг хамаагүй давуу байсан

-Чансаа ахиулах тэмцээн гэхээр чухал хариуцлагатай тоглолт болох юм байна. Тайваний багтай өмнө тоглож байсан уу. Тухайн багийг судалсан уу?

-Өнгөрсөн жилийн 6 сард Гуамд болдог тэмцээнд оролцохдоо Тайваний багтай нэг зоонд таарч тоглож байсан. Тайваны багт тухайн үед тамирчдын ихэнхи нь залуучууд байсан. Тус тоглолтонд манай баг 2:0 ээр хожигдсон. Үзүүлэлтийн хувьд хожигдсон ч гэсэн тоглолт агуулахынхаа хувьд манай баг хамаагүй давуу байсан. Тоглолтын санаачлагыг гартаа авч, олон довтолгоог хийж байсан. Харамсалтай нь тус тоглолтонд хожигдсон.  Тайваний багт Хятадын нэгдүгээр лигт тоглодог тамирчид байдаг. Лигт тоглодог олон сайн тамирчидтай. Тус тэмцээнд манай баг Тайваний шигшээ багийг хожих, хожихгүй юм аа гэхэд оноо цуглуулж ирэх бодолтой байна. Судалгааны хувьд манай Герман дасгалжуулагч нэлээд судалж, бидэнд мэдээлэл өгсөн.

-Монголд хөлбөмбөг хөгжихгүй байна гэж зарим хүмүүс хэлдэг. Хөлбөмбөгийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хүмүүс ихэвчилэн шүүмжилж, Монголд хөлбөмбөг хөгжихгүй байна гэж хэлдэг. Багийн спорт маань эдийн засаг, багаараа бэлтгэл хийх цаг хугацааг шаарддаг. Шууд нэг тоглолтоор үндэсний шигшээ багийг дүгнэж болохгүй. Бэлтгэлээ сайн хангаад сайн тоглож байсан үе байгаа. Тэмцээнд явж ирээд тамирчид гэр гэртээ харина. Тэмцээн эхлэхээс өмнө нэгдэж бэлтгэл хийнэ. Бэлтгэл хийхэд зарим хүмүүс нь ямар нэгэн шалтгааны улмаас бэлтгэлээ хийж чадахгүй. Ингээд формоо хадгалж чадахгүй байна. Байнгын шигшээ баг бэлтгэл хийгээд явах юм бол цаашид илүү их хөгжинө. Шигшээ баг амжилт үзүүлэхэд бэлэн болчихсон байгаа. Бидэнд зөвхөн цаг хугацаа л хэрэгтэй байна.

“АРВАЙН ҮНДЭС” КОМПАНИЙН ХАМТ ОЛОНД МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧ БОЛОН ТОГЛОГЧДЫН НЭРИЙН ӨМНӨӨС БАЯРЛАЖ, ТАЛАРХАЖ БАЙГААГАА ХЭЛМЭЭР БАЙНА

-Сүүлийн 3 жилийн хугацаанд “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн шагналын сан өссөн. Үүнийг дагаад тамирчид болон багийн тоглолт илүү сайжирч байна. Та үүнтэй санал нэгдэх үү?

-Монголын хөлбөмбөгийн холбоо “Арвайн үндэс” ХХК-тай хамтраад “Хүрхрээ” лиг гэж нэрлэсэнээс хойш дээд лиг болон монголын хөлбөмбөг маш хурдацтай өсч байна. Хэний ч таамаглаж, төсөөлж байгаагүйгээр хөгжил хурдацтай явагдаж байна. Үүнийг дагаад томоохон компанийн захирлууд болон залгамжлагчид нь хөлбөмбөгийн спорт руу орж ирсэн. Өмнө нь сагс нэг хэсэг хүчээ авч байсан бол одоо эсрэгээрээ хөлбөмбөг хүчээ авч байна. Тамирчид мөн илүү олон тоглолт хийдэг болсон.  Тамирчид илүү чадварлаг, өнгөлөг болсон. Шагналын сан өссөн  мөн багууд дээд лигтээ үлдэхийн тулд хичээж байна. Өмнө нь дээд лигт хэдэн баг л байдаг гэдэг ойлголттой байсан. Одоо бол аль ч баг доошоо унаж болно. Аль ч баг түрүүлж болохоор өрсөлдөөнтэй болсон. Энэ дашрамд,

“Арвайн үндэс” компанийн хамт олонд монголын хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч болон тоглогчдын нэрийн өмнөөс баярлаж, талархаж байгаагаа хэлмээр байна.  Та бүхний хөлбөмбөгт оруулж байгаа хөрөнгө мөнгө бүгд ил тод харагдаж байна.Цаашдаа хөлбөмбөг хөгжих том суурийг тавьж өглөө. Та бүхэнтэй хамтарч ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Мөн Монголын хөлбөмбөгийн холбоо тэмцээн уралдаанаа цаг тухайн үед нь чанартай зохион байгуулж чадаж байгаа. Дотоодын тэмцээнийг ОУ-ын жишиг рүү орж зохион байгуулагдаж сайн ажиллаж чадаж байгааг дурьдах нь зүйтэй гэж бодож байна.

-Үүний тод жишээ нь танай баг байна. Шинэ баг гэхэд эхний 3-т явж байна?

-Өнгөрсөн жил “Атлетик 220” баг доод лигээс орж ирээд дээд лигт тоглож байгаа. Шинэ залуу тамирчид авч, багаа нэлээд зузаатгасан.

- Монголын дээд лигт тоглож байгаа Японы нэг тамирчин Монголын хөлбөмбөгчид биеийн хүч сайтай гэхдээ багийн тоглолт сул гэж хэлж байсан. Энэ хэр үнэний ортой вэ?

-Манай багуудын нэг сул тал нь багийн тоглолт хийхдээ сул байдаг. Гэхдээ багийн тоглолт сайтай “Дэрэн”, “Эрчим” гэх багууд бас байна. Энэ багууд багаараа ажиллах тал дээр илүү сайн анхаардаг гэж хэлж болно. Бусад багууд ч гэсэн багийн тоглолт сайн  хийхийг хичээж байна. ОУ-ын шинж чанартай тэмцээнд оролцоод явж байхад хурд биеийн хүчээрээ манай тамирчид дутахгүй сайн. Харин багийн тоглолт жоохон дутаж байна. Тоглолтын 90 минутын турш тамирчид нэгэн зэрэг ажиллаж чаддаггүй. 90 миунт зэрэг ажиллана гэдэг бол зөвхөн 3 сарын биш жилийн хөдөлмөр байдаг.

-Та түрүүн хэлэхдээ Шигшээ баг амжилт үзүүлэхэд бэлэн болчихсон байгаа гэж хэллээ. Амжилт үзүүлэхэд саад болж байгаа хүчин зүйл байна уу?

-Манай улс чинь жилийн дөрвөн улиралтай эрс тэрс уур амьсгалтай. Тийм учраас өвлийн цагт хөлбөмбөг тоглох боломжгүй байдаг. Хүйтэнд бэлтгэл хийх үед тамирчдын хувьд бэртэл гэмтэл их авдаг. ОУ-ын чанартай дэлхийн аварга, Азийн аврага шалгаруулах тэмцээн уралдаан хэзээ эхлэдэг гэхээр ихэнхи нь 2, 3 сард эхэлдэг. Тэр тэмцээнүүдэд оролцоно гэхээр шинэ жилээс хойш бид нар зааланд л бэлтгэлээ хийдэг. Цас мөсөө арилгаад гадаа бэлтгэл хийх хэцүү. Цаг агаараа тааруулаад орчиноо солиод бэлтгэл хийе гэхээр тамирчид нь ажилтай байж таардаг. Бид нар чинь зөвхөн хөлбөмбөг тоглоод амьдрахгүй. Хажуугаар нь ажил хийдэг. Хөлбөмбөгийн тамирчид чинь  өөрсдийнхөө амралтыг л хөлбөмбөгт зориулж байгаа хүмүүс. Ажлаа тараад бэлтгэлээ хийнэ. Амралтын өдөр лигтээ ирж тоглолтоо хийнэ.

-Та ямар мэргэжилтэй вэ. Хөлбөмбөг тоглоод амьдрах боломж байна уу. Та өөр ажил хийдэг үү?

-Би уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй. Хөлбөмбөг тоглохын хажуугаар хүнсний компанид борлуулалтын албаны даргаар ажилладаг. Ажлынхаа хажуугаар хөлбөмбөгөөр хичээллэж, тоглодог. Монголд хөлбөмбөг тоглоод амьдрах хэцүү. Тогтмол цалин аваад байж чадахгүй.  Лигийн тоглолтын хугацаандаа, эсвэл бэлтгэл эхэлсэн үед цалинждаг байгаа. Тогтмол цалинждаг систем ховор байгаа. Зарим нэг тоглогч тийм системд орсон байж магадгүй. Тухайн багийн клубиэс л ер нь шалтгаална. Хэр их ивээн тэтгэж байна, хэр их мөнгө зарцуулахаас л шалтгаална.

-Сүүлийн үед бизнес эрхэлдэг хүмүүс хөлбөмбөгийн спортод хөрөнгө оруулах нь ихэссэн. Үүнийг дагаад ирээдүйд хөлбөмбөг хурдацтай хөгжих байх?

-Хөлбөмбөгийн спорт чинь ашгийн бус.Ашгийн бус ч гэсэн энэ спортод хөрөнгө оруулж байгаа нь хөлбөмбөгийн хөгжил болон өрсөлдөөнийг  ч мөн нэмэгдүүлж байна. Мөн тамирчдын гэрээ нөхцөл байдлыг ч мөн сайжруулж өгсөн. Үүнийг дагаад тамирчдын үнэ цэнэ ч гэсэн өсч байна.

-Та чинь өнгөрсөн жил ганган гоолын эзэн болсон. Ганган гоолыг төрсөн өдрөөрөө өрсөлдөгчийнхөө хаалганд хийсэн бил үү. Ер нь та өөр ямар амжилт гаргаж байсан бэ?

-“Хоромхон” клубт орсоноос хойш дээд лигт 9 дэх жилдээ тоглож байна. Дээд лигээс 2014 онд алт, 2012 онд мөнгө, 2016 онд хүрэл медаль авч байсан. Холбооны цомоос мөн алт, мөнгө, хүрэл авч байсан. Миний бүх л амжилт Хоромхон багтай холбоотой. Хоромхонтойгоо байхад түрүүлж үзээгүй тэмцээн гэж байхгүй. Харин “Атлетик 220” баг маань шинэ баг. Энэ жил медальт болон шагналт байранд орохын төлөө хичээж байна. Цаашлаад дараа жил лигийн түрүү авах зорилготой байна. Шинэ баг, шинэ бүтэцтэйгээр тэмцээнд оролцож байгаа учраас энэ багийн түүхэнд бичигдэж үлдэх амжилт үзүүлэхийг зорьж байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Kkk
Belen bolchihson yam bol tsag hugatsaa yund heregtei baihuu
2017/09/18 202.179.24.217