8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: “60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй баримт гарч ирж, Хүний амь аварсан цагдаа нар шагнуулсан өдөр

2017-09-18 18:45:00

Яг одоо өөрт буй бүхэндээ талархал илэрхийл. Магадгүй таны ойшоодоггүй зүйл хэн нэгний хүсээд ч олдохгүй зүйл байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ амьдралдаа та үргэлж талархаж яваарай. Шив шинэхэн 7 хоногийн мэндийг эрхэм уншигч та бүхэнд хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг“Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.   

МУ-ын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэсэн дүнг олон нийт өгчээ

Энэ сарын 7-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Монгол Усын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлдэг Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцруулсан.  УИХ-ын 76 гишүүнээс 73 гишүүн ээлжит бус чуулганд оролцож 57,5 хувийн саналаар ийнхүү Мэргэжлийн Засгийн газар огцорсон юм. Мэргэжлийн гэх тодотголтой мэргэжлийн бус сайд нартай Засгийн газрыг огцорсны дараа Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн бэ гэсэн асуулт сэдэв олон нийтийн ярианы цөм болоод байна. Нээрээ л Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн болох вэ, хэн байвал зохих бэ. 

Мэргэжлийн гэх тодотголтой мэргэжлийн бус сайд нартай Засгийн газрыг огцорсны дараа Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн бэ гэсэн асуулт сэдэв олон нийтийн ярианы цөм болоод байна. Нээрээ л Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн болох вэ, хэн байвал зохих бэ.  

 Тэгвэл 30 дахь Ерөнхий сайдад хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа. Тодруулбал, УИХ-ын дэд дарга, гишүүн Ц.Нямдорж, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар юм. Ж.Энхбаяр Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Д.Хянхярваа нарын нэр ч Ерөнхий сайдын таамагт явж байна. Гэхдээ ганцхан хүн л 30 дахь Ерөнхий сайд болно. Тэгвэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн бэ нэгэн сонирхолтой судалгаа явуулахад бүгд нэг адил үр дүн гарчээ. 

Тэгвэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн бэ нэгэн сонирхолтой судалгаа явуулахад бүгд нэг адил үр дүн гарчээ. 

Тухайлбал манай CHUHAL.MN сайт 7 хоногийн хугацаатай Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд таны бодлоор хэн бэ? А. У.Хүрэлсүх, Е. Ж.Энхбаяр, В.Ц.Нямдорж, Б.С.Бямбацогт, Г.Ч.Хүрэлбаатар, Д.Д.Хаянхярваа гэсэн судалгаа явуулсан юм. Судалгаанд нийт 59928 хүн санал өгч оролцсон байна/2017.09.18 өглөөний 08:50 минут/.  Үүнээс санал асуулгад оролцсон нийт хүний 24.8 хувь нь У.Хүрэлсүхийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болно гэсэн дүн гарчээ. Харин Е. Ж.Энхбаяр 20.9 хувиар  удаалсан бол Ц.Нямдорж 16.0 хувь, С.Бямбацогт 15.8 хувь, Ч.Хүрэлбаатар 15.8 хувь, Д.Хаянхярваа 6.8 хувийг тус тус авсан байна.Манай энэхүү санал асуулгад 60 мянга орчим хүн оролцсон байна.  Хэр барагийн судалгаанд энэ хэмжээний олон хүн оролцсон тохиолдол ховор байдаг. Үүнээс харахад Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн болох нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа нь харагдаж байна. 

Time.mn сайт дараагийн Ерөнхий сайдаар хэнийг томилох хэрэгтэй вэ? гэсэн санал асуулга явуулсан байна. Энэхүү санал асуулгад У.Хүрэлсүх Н.Энхболд, Ц.Нямдорж, С.Баяр, Ж.Энхбаяр нарын хүмүүсийн нэр дэвшсэн байна.  Санал асуулгад оролцогчдын 52 хувь нь У.Хүрэлсүхийг Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдаар томилох хэрэгтэй гэсэн дүн гарсан байна. Улмаар Н.Энхболд, Ц.Нямдорж нар тус тусдаа 20 хувийг саналыг авчээ. Харин С.Баяр 6 хувийн, Ж.Энхбаяр 3 хувийн санал авсан судалгаа гарсан байна.

Мэдээллийн сайтуудын явуулсан санал асуулгаас гадна хувь хүмүүс цахим хуудастаа 30 дахь Ерөнхий сайд хэн байх вэ гэсэн асуулга явуулсан байна. Тухайлбал Сэтгүүлч Урантогтохын явуулсан санал асуулгыг харвал.  Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад хэнийг дэмжих вэ? гэсэн санал асуулга явсан байна. Уг судалгаанд У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Н.Энхболд, гурван хүн нэр дэвшжээ. Судалгаанд оролцогчдын 70  хувь нь Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэсэн санал өгсөн байна.  Улмаар Ц.Нямдорж 14 хувь,  Н.Энхболд 16 хувийн санал авсан байна.

Жиргээч Батка: Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд хэн бэ? гэсэн санал асуулга явсан байна. Уг судалгаанд У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар нарын дөрвөн хүн нэр дэвшжээ. Судалгаанд оролцогчдын 51 хувь хувь нь Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэсэн санал өгсөн байна.  Удаах байрт Ц.Нямдорж 18 хувь, Ч.Хүрэлбаатар 17 хувь, Н.Энхболд 14 хувийн санал авсан байна.

Харин С1 телевизийн сэтгүүлч Тэгшээгийн явуулсан санал асуулгад 1081 хүн оролцсон байна. Санал асуулгад оролцсон иргэдийн 49 хувь нь Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэж санал өгчээ. Энэ дүнгээс харахад  санал асуулгын хувь хэмжээний харьцаа хөл зөрүүтэй байгаа нь харагдаж байна

Ийнхүү дээрх  судалгаанаас харахад Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэсэн дүнг олон нийт өгсөн байна. Ямартай ч энэхүү судалгаануудын үр дүн 30 дахь Ерөнхий сайд хэн байвал илүү тохирох вэ гэдгийг харуулж байна гэхэд болно.  Дашрамд дуулгахад энэ долоо хоног гэхэд МАН-ын бүлэг хуралдаж Ерөнхий сайдын асуудал хэлэлцэж нэгдсэн байр сууринд хүрэх болов уу гэсэн чигтэй байгаа.

Д.Төрбат: Шигшээ баг амжилт үзүүлэхэд бэлэн болчихсон, бидэнд зөвхөн цаг хугацаа л хэрэгтэй байна

Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн “Атлетик 220” клубийн хамгаалагч , 2016 оны ганган гоолын эзэн, Монгол Улсын шигшээ багийн ахлагч Д.Төрбаттай ярилцлаа.

-Энэ жилийн “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн тоглолтын талаар мэдээлэл өгөхгүй юу. Та энэ жилээс багаа сольж “Атлетик 220”-д тоглож байгаа гэсэн. Шинэ багтайгаа хэр амжилттай явна?

-Лигийн тоглолт эхлэсэн цагаас хойш нэлээд ширүүн өрсөлдөөнтэй явж байна. Сүүлийн тойргуудын тоглолт бүр ширүүсч, бүх баг хожиж амжилтаа ахиулахын төлөө өрсөлдөж байна. Би олон жил тоглосон “Хоромхон” багаасаа гарч, шинээр “Атлетик 220” багт орсон. Олон жил хамт тоглосон унаган багын найз Н.Наранболдтой хамт шинэ багт  ирсэн. “Атлетик 220” баг нь шинээр дээд лигт орж ирсэн баг. Одоогийн байдлаар оноогоороо 3 дугаар байранд явж байна. Хоёр дугаар тойргоос эхлээд л багуудын хувьд маш чухал тоглолтууд үргэлжилж, өрсөлдөөн нэлээд ширүүсч  байна. Үлдсэн сүүлийн гурван тойрогт оноо алдах л юм бол байр солигдох хэмжээний эрсдэлтэй байна. Хэрвээ хожигдох юм бол медальт шагналын байрнаас хасагдана. Тийм учраас үлдсэн гурван тоглолтдоо заавал хожих шаардлагатай байна.

-Та Атлетик 220” клубийн хамгаалагчаас гадна Монголын шигшээ багийн ахлагч болсон. Ахлагч болсоноос хойш маш их хариуцлага нэмэгдэнэ. Багаа хэр удирдаж байна?

-Шигшээ багийн ахлагчаар өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Малайз улсад зохион байгуулагдсан тэмцээний өмнө томилогдсон байгаа. Багийн ахлагч болсоноор маш их хариуцлага нэмэгдсэн. Тамирчдынхаа дуу хоолой болохоос гадна талбайн гадна, дотно лидер байж, багаа манлайх ёстой. Багаа сайн удирдаж авч явахын тулд хичээж байна. 

-Өмнө нь Үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Д.Лүмбэнгарав байсан. Д.Лүмбэнгаравтай хэдэн жил хамт тоглосон. Тэр хүний туршлагаас бас нэлээд суралцсан байх?

-Д.Лүмбэнгарав ахтай хамгийн анх 2008 онд хамт тоглож байсан. Мөн 2014, 2016 онд хамт тоглож байсан. 2014 онд бол зэрэгцэж хамт тоглодог байсан. Түрүү жил болохоор Д.Лүмбэнгарав ах миний урд талын байрлалд тоглодог байсан. Өдий зэрэгтэй  явахад Д.Лүмбэнгарав ахын зааж сургасан юм маш их бий.

-Та хэдэн настайгаасаа эхлээд хөлбөмбөгөөр хичээллэв. Хэдэн оноос эхлээд “Хоромхон” багт тоглож эхэлсэн юм бэ?

-Анх 2005 оноос эхлэн хөлбөмбөг тоглож эхэлсэн. Хамгийн анх “ub united” багт тоглож байсан. Түүний дараа 2007 онд “Хоромхон” багт нэгдэж, 2017 оны хавар хүртэл тоглосон. “Хоромхон” багт 10 жил тоглосон.

-Монгол Улсын шигшээ баг ирэх сард ОУ-ын чансаа ахиулах тэмцээнд явах гэж байгаа гэж сонссон. Ер нь жилдээ хэдэн удаа ОУ-ын тэмцээнд оролцож байна вэ?

-Өнгөрсөн жил нэг цомын тэмцээн, урьдчилсан шатны нэг тэмцээнд явсан. Харин энэ жилийн тухайд ирэх сард FIFA-ийн чансаа ахиулах тэмцээнд оролцоно. Тайванын багтай тоглоно. Энэ тоглолтын дараа Бангладешд Азийн цомын тэмцээнд оролцох байх. Хамгийн  том зорилго бол 2018 оны сүүл  2019 оны эхэнд болох Дэлхийн аваргын урьдчилсан шатны эхний шат болон Азийн аваргын урьдчилсан шатны эхний шатны тоглолтуудад амжилт гаргахыг хүсэж байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Карибын тэнгисийн арлууд томоохон шуурганд бэлтгэж байна

Irma хар салхины улмаас сүйрсэн Карибын арлуудын зарим хэсэг нь хоёр долоо хоногийн дараа болох магадлалтай хоёр дахь томоохон шуурганд бэлтгэж байна. Тропик хар салхи   нь АНУ-ын Үндэсний хар салхины төвд өнгөрсөн бүтэн сайн өдөр нэгдүгээр ангилалд багтжээ. Одоогийн байдлаар  Гваделуп, Доминика, Стрит Киттс, Невис, Монцэрат нарт хар салхины сэрэмжлүүлэг өгчээ. АНУ болон Британий Виржин Арлууд, Сент-Мартин, Страсс, Саба, Сент-Эктатиус, Ануилла хар шуурганы бэлэн байдалд байна.

 Энэ сарын эхээр зарим арлууд нь хар салхи Ирмад нэрвэгдсэн бөгөөд (5-р зэрэгийн хар салхи) наад зах нь 37 хүн нас барсан ба 1 тэрбум долларын үнэтэй хохирол учруулжээ.

Мягмар гаригийн 21:00 цагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын мэдээлсэнээр Мариа нь 75 миль (120 км / цаг) хүчтэй салхитай байх бөгөөд Даваа гаригийн шөнө Leeward арлуудыг гатлах төлөвтэй талаар мэдээлэл гарсан байна.

Энэ сарын эхээр Ирма хар салхи нь St Martin-ийн аралын (Sint Maarten гэгддэг) нийт хүн амын 2/3  хувийг нь цахилгаан, хий, ундны усгүй амьдрах боломжгүй болгожээ.

Францын Засгийн газар энэхүү аралыг 1.2 тэрбум евро буюу 1.44 тэрбум ам.долларын хохирол амссан гэж мэдэгдсэн байна. Их Британийн Виржинийн арлууд дээр бүхэл бүтэн дүүрэг хавтгай болсон байна.Газар дээр нь очсон Британийн Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Борис Жонсон хохиролыг "Дэлхийн нэгдүгээр дайнаас авсан зураг шиг" гэж хэлжээ.

Виржин Арал дээр амьдардаг Виржиний дарга Ричард Брэнсон шуурга ирэхийг урьдчилан таамаглаж байгаа тул аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна хэмээн Twitter дээрээ бичжээ.

НИТХ-ын дарга Ц.Сандуй хил гарч зугтсан уу

Энэ сарын НИТХ-ын дарга Ц.Сандуйг өнгөрсөн тав дахь өдөр НИТХ дээр  албан ёсоор ажлаа өгч буй талаараа мэдэгдсэн. Тодруулбал, Өнгөрсөн тав дахь өдөр хуралдсан НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэж,  “Миний ажлаа өгч байгаа шалтгаан нь цахим орчинд гарч байгаа элдэв асуудал бус нийслэлийн намын даргын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд 7 дүүрэгт ялагдал хүлээсэн болохоор ажлаа өгч байна. Үүнээс өөр шалтгаан байхгүй”  хэмээн хэлсэн. Тэрбээр сүүлийн хоёр жилийн хугацаанд нэр холбогдоод байгаа МАН-ын удирдлагуудтай холбоотой 60 тэрбумын хэрэгтэй холбоотойгоор ажлаа өгөөгүй хэмээн мэдэгдсэн.

Үнэн хэрэгтээ Ц.Сандуй дарга хүчин мөхөсдөж, олон эсэргүүцэлтэй тулгарсан нь ажлаа өгөхөд хүргэсэн. Тодруулбал,  НИТХ-ын гишүүд болон нийслэлийн иргэд 60 тэрбумтай нэр холбогдсон Ц.Сандуйг огцрохыг шаардаж, жагсаал цуглаан зохион байгуулсан. Мөн МАН-ын нэр нөлөө бүхий хүмүүс намын нэрийг шороотой хутгасан Ц.Сандуйг намаас хөөх нь зүйтэй гэсэн саналыг МАН-ын бүлгийн хурал болон МАН-ын УЗ-ийн хурал дээр удаа дараа санал гаргасан. Энэ бүх эсэргүүцэлтэй нүүр тулгарсан НИТХ-ын дарга Ц.Сандуй ажлаа өгөхөөр болоод байгаа. Гэхдээ НИТХ-ын дарга Ц.Сандуйн ажлаас огцрох хүсэлтийг албан ёсоор хэлэлцээгүй байгаа. Албан ёсоор ажлаа хүлээлгэн өгөөгүй байж НИТХ-ын дарга Ц.Сандуй  сүүлийн хэдэн өдөр Нийслэлийн иргэдийн хурлыг хуралдуулахгүй байгаа талаар НИТХ-ын зарим төлөөлөгч нар бухимдалтай байгаа аж, Сүүлийн үед ажлаараа ч ирэхээ больж, сураггүй алга болсон НИТХ-ын дарга Ц.Сандуй хил гарч зугтсан уу. Аль эсвэл Нийслэлийн иргэдийн хурлыг хуралдуулахгүй байгаа нь өөр шалтгаантай юу. 

Хүний амь нас аварсан цагдаа нар шагнуулав

Үер ус, галын аюулаас хүний амь насыг аварсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтсийн дэслэгч Г.Эрдэнэбаяр, Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтсийн дэслэгч Б.Энхбаяр, дэд ахлагч Х.Ганзориг нарыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Гал, усны аюул ослоос эрдэнэт хүний амь насыг аварсан цагдаагийн албан хаагчдаараа бахархаж байна. Ард олныхоо амгалан тайван байдлыг сахин хамгаалж, аюулгүй амьдралын манаанд халуун хүйтнийг үл ажран нүд цавчилгүй зогсдог хүмүүс бол манай цагдаа нар юм. Өргөсөн тангарагаа өндөрт өргөж яваа цагдаагийн албан хаагчдадаа баяр хүргэе” гэлээ.
Цагдаагийн дэслэгч Г.Эрдэнэбаяр, С.Батсумьяагийн хамт 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд албан үүргээ гүйцэтгэж явахдаа үерийн аюулд өртсөн таван хүүхэд, дөрвөн том хүний амийг аварсан юм. Тэднийг Жаргалант тосгон орчимд ажиллаж байхад нэг хүн гэрээ тойроод гүйгээд байгааг анзаарчээ. Учир байдлыг тодруулахаар дөхөж очиход гэрийн эзэн сандарсандаа тэдний асуултанд ч хариулж чадахгүй байж. Гэрт ороход ташаагаар татсан устай бага насны 4 хүүхэд, 5 том хүн эрсдэлтэй нөхцөл байдалд байжээ. Тиймээс хүүхэд болон томчуудыг үүрч аюулгүй газар аваачсан байна. Энэ үед гэрийн эзэн иргэний үнэмлэхээ гэртээ орчихсон байна гээд эргэх хооронд гэр нь урсаад явчихсан гэдгийг Г.Эрдэнэбаяр ярьсан юм.

Харин дэслэгч Б.Энхбаярын хувьд 2017 оны 09 дүгээр сарын 05-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд айлын гэр шатаж байна гэх иргэний мэдээллийн дагуу цагдаагийн дэслэгч Х.Ганзоригтой хамт газар дээр нь очжээ. Тус хороонд оршин суугч Н хоёр охины хамт таван ханатай монгол гэрт утаанд ухаан балартсан байдалтай байжээ. Хаалгыг нь эвдэж орох гэсэн ч онгойгоогүй учраас ханыг нь сугалж ороод эхлээд хоёр хүүхэд дараа нь ээжийг нь галын аюулаас аварчээ.

“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй баримт гарч ирлээ

Прокурорын байгууллага хэд хоногийн өмнө “60 тэрбум”-ын бичлэг нотлогдоогүй тул хэргийг хаасан гэсэн мэдээлэл  гаргасан. 60 тэрбумын бичлэг цацагдсан энэ хоёр жилийн хугацаанд бодит байдал дээр энэ бичлэг хэрэгжсэн эсэх нь олны анхаарлыг татаж байгаа. Тэгвэл энэ бичлэг бодитоор хэрэгжсэн байж болох нэгэн баримт гарч ирсэн байна.  Шинжлэх ухаан технологийн сан гэж судалгаа боловсруулалтын ажлыг хэрэгжүүлэх, түүний үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, санхүүжүүлэх, зарцуулсан хөрөнгийн ашиглалтад хяналт тавих, нэгтгэн тайлагнах үндсэн чиг үүрэг бүхий байгууллага байдаг. Олон нийт энэхүү байгууллагыг төдийлөн сайн мэдэхгүй ч их хөрөнгө, мөнгө зарцуулдаг газар юм байна.

Харин энэ сангийн захирал нь МАН-ын харьяалалтай Д.Энхжаргал гэдэг хүн байдаг. Тэрээр ажилтнуудаасаа мөнгө, эд зүйл, бэлэг нэхэж дарамталдаг.Эд зүйл бэлэг нэхэхдээ  “...Дарга нарт аваачиж өгнө” гэдэг гэнэ. Энэ талаарх тодорхой баримтуудыг тэнд ажилладаг, ажиллаж байсан хүмүүс нийтэд тун удахгүй дэлгэх юм байна. Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын удаа дараагийн энэхүү үйлдэл нь “60 тэрбум”-ын бичлэг бодитоор хэрэгжсэний жишээ гэж үзэх хүмүүс ч байна. 

Хүүхдийн мөнгийг ирэх сард олгоно

Олон улсын валютын сангаас тавьсан шаардлагын дагуу хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгож байсан.  Энэ дагуу он дуустал олгох хүүхдийн мөнгийг төсөвт суулгаад байсан юм. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бүх хүүхдэд олгохоор болж, өмнө нь төсөвт суулгасан мөнгийг тарааж дуусгажээ. Үүнээс үүдэж есдүгээр сард хүүхдийн мөнгө олгох санхүүжилтгүй болсон байна.

Есдүгээр сарын хүүхдийн мөнгийг олгохын тулд 110 тэрбум төгрөг шаардлагатай гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлсэн. Тэрхүү санхүүжилтийг аравдугаар сард хуралдах УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэж, баталсны дараа хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгоно хэмээн хэлсэн байна. 

А.Санжмятав: Багш нар энэ сарын 21-26-нд орон даяар ажил хаяна

Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооныхон багш ажилчид ажил хаялт зарлах болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ талаар бид Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооны гишүүн А.Санжмятаваас тодрууллаа. Тодруулгыг энд дарж үзнэ үү. 

Нийтийн тээврийнхний өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна

Эдгээр өдрүүдэд өвөлжитийн бэлтгэл ажил ид дундаа өрнөж байна. Тэгвэл өчигдөр Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад албаныхан нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж, үүрэг даалгавар өгөв. Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү “Нийслэлийн иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг тээврийн хэрэгсэл бол нийтийн тээвэр. Тиймээс нийтийн тээврээр үйлчлүүлэгсдийн эрүүл, аюулгүй байдлыг хангахын тулд нийтийн тээврийн хэрэгсэл өнгө үзэмжтэй, цэвэр тохилог, хамгийн гол нь өвөлдөө дулаахан байх шаардлагатай. Олон нийт, иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу өнгөрсөн наймдугаар сард нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цэвэрлэгээ, жолоочийн ёс суртахууны асуудалтай холбоотой саналууд ирсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн автобусуудад үзлэг, шалгалт хийж, үүрэг даалгавар өгсөн. Гэвч өнөөдөр иргэдээс цэвэрлэгээ, жолоочийн соёлын асуудал дээр санал, гомдол тасрахгүй ирсээр байна. Тиймээс энэ тал дээр нийтийн тээврийн байгууллагууд онцгойлон анхаарч ажиллах, цэвэрлэгээ үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй байна. Нийслэлийн зүгээс мөн туслаж, дэмжих тал дээр анхаарч, зайлшгүй шийдвэрлэх ганц хоёр асуудлыг шийдвэрлэж өгөх болно” хэмээлээ.

Нийтийн тээврийн компаниудын зүгээс “Автобусны эцсийн зогсоолууд дээр цэвэрлэгээ хийхэд төвлөрсөн хогийн цэг, хогийн цэгийн асуудал хүндрэлтэй байдаг гэлээ. Тиймээс хогийн төвлөрсөн цэг, савны асуудлыг шийдэж өгөхийг хүслээ. Мөн нийслэлээс тавьж буй шаардлагын дагуу автобусны суудлын бүрээсийг арчиж, цэвэрлэхэд хялбар байх тал дээр анхаарах болно. Тогтмол хөнгөн цэвэрлэгээг хийх тал дээр анхаарья” хэмээж байсан юм.

Нийтийн Тээврийн газрын даргын А/71 тоот тушаалын дагуу нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг ажлын хэсэг үе шаттайгаар шалгаж байгаа аж. Энэ үеэр албаныхан нийтийн тээврийн компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байгааг хэллээ. Ирэх сарын 1 гэхэд өвөлжилтийн бэлтгэл бүрэн дуусах юм байна.

Анх удаа дөнгөж төрсөн ихэр нярайд цус бүрэн солих эмчилгээг амжилттай хийжээ

Дөнгөж төрсөн ихэр нярайд цусыг бүрэн сольж, сэлбэх эмчилгээг Баянхонгор аймагт анх удаа амжилттай хийжээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт нутгийн иргэн есдүгээр сарын 14-нд жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр заалтаар кесар мэс заслаар амаржиж, ихэр охинтой болжээ.
Ихэр охин "Эх ургийн цусны резүс үл тохирооны шалтгаант нярайн цус задрах өвчин"-ий улмаас нярайн цус задрал, хүнд хэлбэрийн цус багадалт, хүнд хэлбэрийн шарлалт үүсч амь нас нь эрсдэлд орсон байна. Тиймээс цусыг бүрэн сольж, сэлбэх эмчилгээг хийсэн байна. Цусыг сольж сэлбэх нь эрхтэн шилжүүлэн суулгахтай адилтгах ажилбар бөгөөд орон нутагт, ихрүүдэд нэгэн зэрэг хийгдэж байгаагаараа ховор тохиолдол.
Энэ ажилбарыг хийж, охидын амь насыг аврахад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярай судлалын тасгийнхан удирдан чиглүүлжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсаж байна
60 тэрбум бол бодит луйвар, уг хэргийг энхболдын даалгавараар түүний хуулийн цэргүүд хаасан. ХЭНД ч эргэлзээ байхгүй. ИЙМ хуулийн ажилтан нартай төр улсыг хөгжүүлэх гэдэг үлгэр
2017/09/19 103.229.120.61
unshigch
Ene site shal mangar um bichne.
2017/09/18 76.26.150.152
  • Recent
  • Most Read
  • Most Comment