8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлж, П.Орхон цэргийн ДЭЛХИЙН АВАРГА болсон өдөр

2017-09-22 18:45:00

Ирж яваа цагийн өнгө, буцах шувуудын ганганаанд уярч шаргалтана. Энгэр газрын хад чулуу, жаргах нарны илчинд  хоргодон хоргодож  чийг даана. Хааяахан уулын толгойд цагаан хяруу унаж намрын сэрүү оржээ.  Энэ бол намрын өнгө. Энэ сайхан өдрийн мэндийг уншигч та бүхэнд хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу. Амралтын өдрөө сайхан өнгөрүлээрэй. 

Хатуу “САМАР”-уудын “ХАТУУ” тохироо

Сайд нартаа өгсөн 807,8 тэрбумын төгрөгийн концесс, хүүхдийн мөнгө, алдаатай, эргэж буцсан шийдвэр гэх зэрэг үндэслэлээр МАН-ын нэр бүхий 31 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж УИХ-д өргөн барьсан. Энэ сарын 7-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрыг огцруулсан. Нэр бүхий 31 гишүүний 31 дэх нь УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж юм. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 29-ны өдөр болсон МАН-ын бүлгийн хуралдааны үеэр Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж бүлгийн гишүүдийнхээ нүдэн дээр “Алив тэр огцруулах бичгээ аваад ир” хэмээн гарын үсгээ зурж орхисон. Мөн концесст холбогдоод байгаа гишүүдийг "улаан нүүрэн" дээр хатуухан шүүмжилсэн талаар эх сурвалж онцолсон.

Тэр ийм л хүн. Хэгжүүн зан, зэвүүн үг хэллэг түүний “өнгө”. Энэ “өнгө” аясаар монголын төрд өөрийн орон зайг бий болгож, зарим гишүүд ч түүнээс хаширлана. Монгол төрийн түүх, үйл явц, УИХ-ын гишүүдийн алдаа оноог харин ч нэг түс тас ярьчихдаг. Тиймээс түүнийг хатуу “САМАР” гэдэг. Үүнтэй адил зан чанартай хүн бол Шадар сайд У.Хүрэлсүх. Түүний өөрийн үзэл бодолдоо тууштай, шударга, зоригтой, бурууг буруутгаж, зөвийг тунгааж, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг нэгэн.  Түүний шулуухан хэлж байсан үгнээс олны анхаарлыг татаж байсан энд онцолъё. 

 Тэрбээр  “Тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярын өмнөөс Монгол Улсын төрийг та удирдаад байна уу. Таны эхнэр чинь удирдаад байгаа юм уу. Та ер нь өөрийгөө магтах өвчин тусчихсан байна. Таныг шүүмжилснээр би энэ өвчнийг чинь эмчилж байна. Үүнийг буруугаар битгий ойлгоорой. Бурхны нэр барьсан буг битгий болоод бай гэж би сануулчихъя” гээд хэлж байсан ганц хүн У.Хүрэлсүх юм.

Ц.Нямдорж, У.Хүрэлсүх энэ хоёр хүн хэнээс ч айж эмээхгүй шулуухан хэлчихдэг зан  ааш нь нэг ч юм шиг.Тэд улс эрх орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг зан чанар адил, төсөөтэй. Тэд бол улс төрийн "ХАТУУ" самрууд. 

Гэтэл өнөөдөр монголын төрд аливаад шулуун шудрага, үзэл бодолтой хүн ховор. Хаана хэнд очиж ая тал засвал надад ашиг хонжоо ирэх бол гэсэн хэрээ мэдэхгүй зөөлөн сандалд “дурлагсад” олон. Үүний хамгийн том жишээ бол төрийн албыг наймаалцсан 60 тэрбумын бичлэг юм. Бичлэгт төрийн албыг нарийвчлан жижиглэн хэрхэн зарж мөнгө босгох тухай яригдаж байгаа. Энэ бүхэн монголын төр авлигалчдаар дүүрсэн, хууль хяналтын байгууллага эрх мэдэлтнүүдийн төлөө ажилладаг, хэн мөнгөтэйд нь хууль  үйлчилдэг гээд тоочоод байвал дуусахгүй зүйлийн эх үндэс. "МАНАН"-гийн бүлэг дараагийн хүмүүсээ шинээр байгуулагдах Засгийн газарт шургуулахыг хатуу “САМАР”-ууд хараад суухгүй бололтой.

Үүний эсрэг Хатуу “САМАР”-ууд “ХАТУУ” тохироо хийжээ. Тодруулбал, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нар 60 тэрбумын авлигалчдын эсрэг, МАНАН-гийн эсрэг тохиролцжээ.

Засгийн газар огцорсон ч дараагийн Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүн, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын асуудалд яригдаж эхэлсэн цагаас МАНАН-гийн бүлэг Ц.Нямдорж У.Хүрэлсүх нарыг хагарган, бутаргагч хэмээн цоллож иржээ. Саяхан Шадар сайд У.Хүрэлсүх “Намайг алчихдаггүй л юм бол би авлигалчидтай ясаа цайтал тэмцэнэ” хэмээж байсан удаатай. Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх чуулганы үеэр “Засгийн газрыг огцруулах асуудал нь олигархиудтай хийж буй тэмцлийн нэг хэсэг. МАНАН-гаас салья гэсэн ойлголт” гэж байр сууриа хатуухан илэрхийлсэн. Тэгвэл авлигалчдын эсрэг зогссон улстөрийн хатуу “САМАР”-уудын "ХАТУУ" тохироо хийж хэлсэн үгс нь биелэлээ олох нь цаг хугацааны л асуудал болоод байна. 

Д.Наранбаатар:А.Цогцэцэг сайдаас болж 2500-4500 хүний шинжилгээний хариу буруу гарсан ноцтой нөхцөл байдал үүссэн

"Оном" сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжээд нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдийн элэгний В, С вирүсийн шинжилгээ авч байгаа. Уг шинжилгээнд хэчнээн хүн хамрагдаад байна бэ?

-Энэ сарын 13-ны байдлаар 277 мянган хүн элэгний В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдаад байна. Судалгаанд хамрагдсан хүний 20 орчим хувьд нь С вирүсийн эсрэг биет, 10 орчим хувьд хепатитын В вирүсийн гадаргуугийн эсрэг тѳрѳгч илэрсэн. 2016 оны хүн амын тоо судалгаагаар 40-65 насны 757 орчим мянган хүн бий. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эдгээр 757 мянган орчим иргэдийг элэгний В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд 2017 ондоо багтаж хамруулах ёстой. Одоо 480 мянга орчим иргэн элэгний С, В вирүс илрүүлэх шинжилгээнд хамрагдах шаардлагатай байна. Иймээс элэгний В, С вирүсийн халдварыг эрт илрүүлэх аяны үйл ажиллагааг орон даяар улам идэвхжүүлэх хэрэгтэй байна.

-Нэг хүний шинжилгээнд зарцуулагдах үнэ өртөг бага тавигдсанаас болж чанаргүй, шаардлага хангахгүй багажаар шинжилгээ хийхэд хүрээд байна гэсэн гараад байна. Энэ үнэн үү?

-Нэг хүнд хурдавчилсан оношлуур хэрэглэн элэгний В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээний өртөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 2800 төгрөг гарган хийх болсон. Энэ үнэ өртөг бол маш багаар тооцоолж гаргасан үнэ. Зарим тохиолдолд  мѳнгѳндѳѳ баригдаад чанар муутай оношлуураар иргэдээс шинжилгээ авах, цусны дээжийг чанарын шаардлагад нийцээгүй хэрэгсэл хэрэглэн цуглуулаад байна. Үүнд анхан болон дунд шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэнүүдэд буруу байхгүй. Ер нь элэгний В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээний нэг хүнд гаргах өртөг 6 мянган төгрөг байвал зохимжтой байсан.

Гэтэл дэндүү бага үнээр тавьсан нь яг газар дээр ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд маш их хүндрэл үүсгээд байна. Энэ нь Эрүүл мэндийн сайдын үүргийг орлон гүйцэтгэгч А.Цогцэцэг сайдтай шууд холбоотой. Салбараа ойлгож, хэрэгцээ шаардлагыг ойлгож ажиллахгүй буруу шийдвэр гаргаснаас болж эрүүл мэндийн салбарт олон асуудал үүсч байна.

-Эрүүл мэндийн сайдын орлон гүйцэтгэгч А.Цогцэцэгийн “АллергиМед” эмнэлэг элэгний С вирүс тоолох шинжилгээ хийж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр гарах боллоо. Арьсны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг элэгний С вирүс тоолох шинжилгээ хийлгэж байна гэхээр ашиг сонирхолын зөрчил харагдаад байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Би нэг л зүйлийг энд хэлье ашиг сонирхлын зөрчилтэй, маш их өртэй хүнийг Эрүүл мэндийн сайдаар сонгосон нь маш буруу шийдвэр байсан. Мордохын хазгай гэдэг болсон доо. Үүнээс болоод жижигхэн ч гэсэн асуудал дээр ашиг сонирхол нь орж ирж байна. Хаанаас мөнгө олж болох байна тэр бүхэн рүү орж өөрийн ашиг сонирхолыг нэн тэргүүнд тавьж байна. Тэрнээс болоод ажил урагшлахгүй байна. А.Цогцэцэг сайд болохоосоо өмнө Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал хийж байхдаа хувьдаа “АллергиМед” эмнэлэг гэдэг эмнэлэгтэй болсон. Энэ эмнэлэг нь арьс, харшлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү эмнэлгийг бариулахдаа банкнаас зээл авсан гэсэн ХОМ өгсөн байсан.  Ингэхдээ 2.6 тэрбум төгрөгийн өр тавьсан тухай баримт ч бий. Ийм их хэмжээний өртэй хүн Эрүүл мэндийн яамны сайд болсон. Сайд болсон хүн мөнгө олж болох бүхий л нөхцөл боломжийг судалж мөнгөтэй болж өрөө дарахыг бодно биз дээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

“МАХ” Ө.Энхтүвшин Ерөнхий сайд болно гэнэ үү

 

МАН-ын Бага хурал энэ сарын 25-ны өдөр буюу ирэх даваа гаригт 30 дахь Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ. Засгийн газар огцорч, Бага хурлаар шинэ Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх тов гарсан өдрөөс хойш Ерөнхий сайдад өрсөлдөх хүмүүсийн нэрс хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж, олны дунд таамаг дэвшүүлсээр өнөөдрийг хүрэв. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ерөнхий сайдал нэрээ дэвшүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.  

Тэрбээр “Цаг үеийн ээдрээтэй нөхцөл байдал нь Ерөнхий сайдаа тодруулж ирсэн МАН-ын уламжлалыг энэ удаа өөрчилж, өрсөлдөөний зарчмыг сонгох бололтой. Намын удирдлага, гишүүдийн санаа бодол ч тийм байна. Иймд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, Бага хурлын төвшинд өрсөлдөхөө журмын нөхөддөө мэдэгдэж байна” хэмээн захилдал илгээж Ерөнхий сайдад нэр дэвшихээ мэдэгдлээ.

Тэгвэл 30 дахь Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж буй Ө.Энхтүвшин гэж хэн бэ. Монгол Улсын 30 Ерөнхий сайд болох уу, Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж чадах хүн мөн үү. Түүний улс төрийн түүхэн замналаас хэд хэдэн баримт мэдээллийг эргэж сөхье. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдож байгаа.  2005 онд "Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс" жигүүрийн тэргүүн гэдэг албан тушаал бий болгож намаа шинэчлэх тухай ярьж явсан.

 Ө.Энхтүвшинг 2006 онд БСШУ-ны сайдаар томилогдон цагаас хойш түүний байгуулсан "Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс" жигүүрээр шантаажилж байж тухайн үеийн БСШУЯ-ны сайд болж байсан түүхтэй.

2007 онд Засгийн газрыг огцруулан хэмээн дайрч байгаад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болж байсан. 2008 онд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдож байсан. “МАХ” Ө.Энхтүвшин гэдэг “хоч”-той болсон нь түүний улс төрийн амьдрлын “оргил” үе байсан гэхэд болно. Учир нь 2013 онд Шинэчлэлийн Засгийн газрыг ажлаа хийж чадахгүй байна, иргэдийн амьжиргааны төвшин буурсаар байна гэж шүүмжилж махны үнэ 1200 төгрөгт хүрчихлээ гэж хэлсэн нь олныг “мэл гайхуулж”, “цэл хөхрүүлж” байсан түүхтэй. 2013 онд нэг кг мах 8-10 мянган төгрөгийн үнэтэй байсан. Махны үнэ мэдэхгүй УИХ-ын гишүүн өнөөдөр Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж байгаа нь хэр зохистой вэ.  Хамгийн сонирхолтой баримтыг энд онцолъё. 2014 онд Ө.Энхтүвшин намын дарга М.Энхболдод "Нөхөрсөг зөвлөгөө, шүүмжлэл хэлэх тухай" гэх ил захидал хаяглан илгээж байсан.

Энэхүү захидалд “Улс төрийн боловсон хүчнийг шилж сонгохдоо мэдлэг, боловсрол, шударга, эх оронч чанар, ажлын дадлага туршлага, олон түмний үнэлгээ, улс төрийн ноён нуруу, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, хувийн эрх ашгаа доогуур тавьж чаддаг байх болон хариуцлага хүлээх ёс суртахуун, харьцангуй нэр цэвэр явсан зам мөр зэрэг гол шалгууруудыг гээгдүүлсэн ноцтой гажуудлаа нэн даруй засна” гэсэн утга агуулгатай зүйл бичиж байжээ.

Тэгвэл “МАХ” Ө.Энхтүвшин “МАНАН”-гийн гар хөл болох уу. “МАНАН”-г үргэлжлүүлэн Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болно гэнэ үү . Түүний хэлснээр Улс төрийн боловсон хүчнийг шилж сонгохдоо мэдлэг, боловсрол, шударга, эх оронч чанар, ажлын дадлага туршлага, олон түмний үнэлгээ, улс төрийн ноён нуруу, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, хувийн эрх ашгаа доогуур тавьж чаддаг байх болон хариуцлага хүлээх ёс суртахуунтай нэгний сонгох хэрэгтэй юм бол Монгол Улсын Ерөнхий сайд ХЭН БАЙХ бэ. 

БАЙР СУУРЬ: НИТХ-ын даргад өрсөлдөж байгаа нэр дэвшигч байр сууриа илэрхийлэв

НИТХ дахь МАН-аас Ж.Батбаясгалан, Д.Баярсайхан, С.Амарсайхан, Г.Төмөрбаатар нарын нэрийг НИТХ-ын даргад нэр дэвшүүлсэн.  Харин нэр дэвшигч Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нар нэрээ татлаа. Ингээд С.Амарсайхан, Д.Баярсайхан хоёр НИТХ-ын даргад өрсөлдөх юм байна. Өнөөдрийн НИТХ-ын хуралдаан завсарласан. 15:00 цагаас үргэлжлилж хуралдаж даргаа сонгох юм байна. Ингээд нэр дэвшигчдийн байр суурийг хүргэе. 

С.Амарсайхан: 60 тэрбумын бичлэг бол худлаа гэхэд дэндүү үнэн, үнэн гэхэд сэтгэл гонсойлгомоор бичлэг

 С.Амарсайхан:  " 60 тэрбумын бичлэг бол худлаа гэхэд дэндүү үнэн, үнэн гэхэд сэтгэл гонсойлгомоор бичлэг.  Улс үндэстнийхээ эрх ашиг, нийгмийн ёс суртахуун цаашлаад Монгол хүний, төрийн үнэ цэнийн тухай асуудлыг хөндсөн учраас Ц.Сандуйг цаашид иргэдийн хурлын даргын албан тушаалыг хашаад нийт нийслэлчүүдийн хувь заяа ажил амьдралыг аваад явах боломжгүй гэж үзэж байна.  Би албан тушаалын төлөө яваагүй. Намын нөхөд маань ажил явуул гэж намайг дэмжиж байгаа. Сүүлийн таван сараас хойш нийслэлийн удирдах зөвлөл нэг ч удаа хуралдсангүй.  НИТХ-ын төлөөлөгчид зөв зүйлд санаачлагатай хамтач байх ёстой" гэсэн юм. 

Д.Баярсайхан: МАН жендерийн тэгш байдлыг хангадаг нам

Д.Баярсайхан:  "Өнөөдөр НИТХ-ын ээлжит 11 дүгээр чуулган болж байна. 11 дүгээр хурлаар намайг НИТХ-ын даргад нэр дэвшүүллээ. Дэлхийн чиг хандлага эмэгтэйчүүдийг дэмжиж байна. МАН жендерийн тэгш байдлыг хангадаг нам" гэлээ. 

 Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлөв

Ц.Сандуйг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг НИТХ-ын ээлжит бус нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Ц.Сандуйг НИТХ-ын даргаас чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 81.82 хувь дэмжлээ.  Төлөөлөгчдийн зүгээс НИТХ муу ажиллаж байгааг буруушааж, байнгын ажиллагаа хоцорч буйг шүүмжилсэн байна.  

ОУХМ Пүрэвдоржийн Орхон цэргийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

"Парис-2017” чөлөөт бөхийн дэлхийн аварга ОУХМ Пүрэвдоржийн Орхон Литвын Клайпеда хотод болж буй 32 дахь удаагийн цэргийн ДАШТ-д алтан медаль хүртлээ. 2014 онд тус тэмцээнд мөнгөн медаль хүртсэн тэрбээр чөлөөт бөхийн төрөлд цэргийн ДАШТ-д түрүүлсэн Монголын зургаа дахь (Түүнээс өмнө гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, Сүхээгийн Цэрэнчимэд, ОУХМ Нармандахын Лхамгармаа, Оргодолын Үйтүмэн 2014 онд, Ганбаатарын Отгонжаргал өчигдөр түрүүлсэн) тамирчин боллоо. 2017 онс гарснаас хойш насанд хүрэгчдийн УАШТ, оюутны УАШТ, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, “Монголиа Опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын Гранпри, ДАШТ-д түрүүлээд байсан П.Орхон найм дахь алтан медалиа Литвын дэвжээнээс хүртэв. 
П.Орхон цэргийн ДАШТ-д түрүүлсэн ч энэ жил анхны ялагдлаа амссан юм. Түүний жинд таван бөх тойргоор барилдсан бөгөөд П.Орхон хоёрдугаар тойрогт 2014, 2016 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Жиа Липинд оноогоор ялагдсан ч Беларусь, АНУ, Украины бөхчүүдийг цэвэр ялснаар аваргалах болзлоо биелүүлсэн юм. 
Эмэгтэйчүүдийн 58 кг-д спортын мастер Нансалмаагийн Лхагвадулам, 60 кг-д спортын мастер Пүрэвхүүгийн Шинэхүү нар хүрэл медаль хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн 74 кг-д спортын мастер Бат-Эрдэнийн Бямбадорж хагас шигшээд ДАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Хетик Цаболовт, хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга, оюутны дэлхийн хошой аварга Ираны Реза Афзали нарт ялагдснаар тавдугаар байрт оров. Маргааш эмэгтэйчүүдийн 69 кг-д Пүрэвжавын Сүрэн, нөгөөдөр 75 кг-д Пүрвээгийн Номин-Эрдэнэ нар барилдана.

Зарим өндөр даваа, гүвээ тээврийн хэрэгслийг НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ болох эрсдэл үүсч болзошгүй!

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар нойтон цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурах цаг агаарын урьдчилсан мэдээтэй байна.

Дээрх байгалийн таагүй үзэгдлээс шалтгаалан замын үзэгдэх орчин хязгаарлагдах, зорчих хэсгийн гадаргууд хальтиргаа гулгаа үүсэх, зарим өндөр даваа, гүвээ тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх боломжгүй болох зэрэг эрсдэл үүсч болзошгүй. 

Иймд орон нутагт зорчиж буй жолооч нарт дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах. Зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх, 
Замын гадаргуу, тээж яваа ачаа, тээврийн хэрэгслийн онцлогт хурдаа тохируулан явах,
 Аюулгүй байдлаа хангаж жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг хэрэглэх,
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоож зайлшгүй зогсолт хийхдээ аюулгүй байдлыг хангаж зорчих хэсгийг чөлөөлж, ослын зогсолтын тэмдэг, ослын дохионы гэрлийг зайлшгүй хэрэглэх,
Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хөдөлгөөнд оролцохдоо өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлд гэрлийг шилжүүлж аюулгүй байдлыг хангах.
Ургац хураалт, тээвэрлэлт хийж байгаа тээврийн хэрэгслүүд “Ачаа тээвэрлэх журам”-г баримтлах зэргээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлнэ үү.
Замын цагдаагийн албанаас байнгын хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллах, албаны болон хувийн бэлтгэлийг сайтар хангах, ажлын багаж, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах зэрэг ажлын чиглэл хүргүүлж, иргэд олон нийтэд замын нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлж байхыг үүрэг болголоо.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл