Өвлийн тэсгим хүйтэн нэгэн өдөр өндөрлөж байна. Өнөөдөр эх оронд болсон үйл явдлын тоймыг хүргэдэг Монголын нэг өдөр булан эхлэж байна. Энэ өдөр монголын түүхэнд хараар тэмдэглэгдэн өнгөрсөн байдаг. Тэртээ 15 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан Шагдарын Отгонбилэг агсан өөд болж байжээ. Тэрээр 2001 оны их зуднаар НҮБ-ын төлөөлөгчдийн хамт зуданд нэрвэгдсэн айл өрх, малчдад тусламж хүргэхээр явж байгаад алтан амиа алдсан юм. Өнөөдөр түүний хүү О.Содбилэг аавыгаа нэхэн дурслаа. Тэрбээр “2016 оны 1-р сарын 14-ний өдөр. Гадаа -32С байна. Яг 15 жилийн өмнө 2001 оны 1-р сарын 14-ний өдөр. Гадаа -40С байв. Тэр өвөл 12 аймгийн 192 суманд зуд болж нийт 12 сая мал хорогдсон юм. Энэ өдөр миний аав НҮБ-ын олон улсын багтай байгалийн гамшиг зуданд нэрвэгдсэн малчидад туслахаар явж байгаад нисдэг тэрэгний осолд амь үрэгдсэн.Аавынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж таны хань, хүүхдүүд, бэр ба хүргэн, долоон ач зээ, ах дүү хамаатан, найз нөхөд тань мэхийн ёсолж байна!” гэсэн байна. Эрэлхэг дайчин, ард түмний хайртай хүү УИХ-ын гишүүн агсан Шагдарын Отгонбилэг агсаныг олон хүн өнөөдөр дурсаж сууна. Ингээд үйл явдалаар дүүрэн өнөөдрийн тойм мэдээлэл хүргэе.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
Өнөөдрийн гол мэдээлэл: Ирвэс хамгаалагч, биологч Т.Лхагвасүмбэрэлийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Талийгаач амиа алдахаасаа өмнө нь гурван удаа халдлагад өртсөн. Уг халдлагыг цагдаагийн байгууллагаас хэргийг хэрэгсгэхгүй болгосон гэж байсан бол цагдаагийн ерөнхий газраас хэргийг хаагаагүй үргэлжлүүлэн шалгаж байгаа гэсэн мэдээлэлийг өгөв. Мөн талийгаачийн амиа алдсан хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа гэсэн мэдээлэлийг өглөө. Улсын Мөрдөн байцаах газрын дэд дарга Э.Идэрцог: Хэргийн газар үзлэг хийхэд 5-6 удаагийн камерийн бичлэг үлдсэн байгааг шалгасан. Автомашины үзлэгээр 2 гар утас олдсон бөгөөд бичлэгтэй гар утас, мөн 0.5 литрийн хэмжээтэй сархад байсан. Талийгаачийн цогцос Хөвсгөл далайн 25 метрийн гүнээс олдсон. Түүнийг живэлтийн улмаас нас барсан бөгөөд хөнгөн зэргийн согтолттой байсан гэсэн шинжилгээний хариу гарсан гэсэн мэдээлэлийг өглөө.
1-р амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга М.Мөнхцэцэг: Албан ёсоор ар гэрийхнээс нь уучлалт гуйсан
Эрүүл мэндийн салбар эх үрийг уулзуулж, өвчтэй нэгнийг эрүүл болгодог буянтай салбар. Өвчтэй зовлонтой байгаа иргэдтэй өдөр бүр тулж ажилдаг. Тиймдээ ч олон нийтээс сайн, муу хэл ам салдаггүй. Өнгөрсөн арваннэг дүгээр сард Нэгдүгээр амаржих газарт эх нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн талаар манай сайт удаа, дараа мэдээ, сурвалжлага бэлтгэн хүргэж байгаа. Өнөөдөр тус хэргийн талаар анх удаа Нэгдүгээр амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Мөнхцэцэг хариулүт өглөө. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу
Хүүхдийн мөнгийг хэрхэн олгох талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна
Өчигдөрөөс эхлэн хүүхдийн 20 мянган төгрөгийг багасгаж 12000 төгрөг болох асуудал УИХ-ын түвшинд яригдаж эхэллээ. Хоёр хоногийн өмнө Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн. УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэж батлагдвал хүүхэд бүрт 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно. Харин энэ их хэмжээний мөнгийг монголын төр засаг өгч чадах уу гэдэгтэй улс төрчид тулгарч байна. Хүний хөгжил сангаас хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох талаар гишүүд ямар байр суурь илэрхийлсэнийг хүргэе. Та дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу
Таны суух автобус хаана явааг гар утаснаасаа харж болно
Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар смарт карт”ХХК хамтран нэгэн шинэ үйлчилгээг туршиж эхэллээ. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, Мэдээллийн болон Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний “UB smart bus” аппликейшны эхний хувилбарыг гаргаад байна. Энэ үйлчилгээг андройд үйлдлийн систем бүхий ухаалаг гар утастай хүн бүхэн татаж авч ашиглах боломжтой. Та google playstore хуудсаар дамжуулан “ulaanbaaatar smart bus”аппилейкшныг татаж авснаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, автобусны буудал, чиглэлийн зураглалыг харж болно. Мөн өөрийн тань сонирхсон буудлыг дамжин өнгөрөх бүх чиглэлийн мэдээлэл, автобусны хоорондын хүлээгдлийн хугацааг ч харах боломжтой. Хамгийн сонирхолтой нь та суух гэж байгаа чиглэлийнхээ бүх автобуснуудын байршлыг харж болохоороо онцлогтой. Одоогоор Android үйлдлийг системтэй утсанд зориулсан хувилбарыг Play store дээр байрлуулсан бөгөөд тун удахгүй IOS үйлдлийн системд зориулсан хувилбарыг Apple store-д байрлуулах юм
“Бүргэдчин охин” АНУ-ыг зорино
Дэлхий дахинд “13 настай бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпан охин аав, ээжийн хамт АНУ-ыг зорих гэж байна. Тэрбээр энэ сарын 18-нд АНУ-д очиж, “Бүргэдчин охин” баримтат киноны нээлтэд оролцох юм байна. Түүнийг өнөөдөр УИХ-ын гишүүн А.Бакей хүлээн авч уулзаж, амжилт хүсчээ. Дашрамд дурдахад, 2013 оны 11 дүгээр сард Израилийн зурагчин Ашэр Свиденски Монголд хийсэн аяллынхаа үеэр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат 13 настай Н.Айшолпан охины зураг, дүрсийг авсан нь улмаар дэлхийд алдартай BBC агентлагийн сувгуудаар хүртэл цацагдаж, охиныг олонд таниулсан юм.
Б.Батзаяа өлсгөлөн зарласанаас үүдэн эмнэлэгт хүргэгджээ
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг 2015 оны аравдугаар сарын 30-нд баривчласан. Түүнтэй хамт Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан байна. Түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих газар саатуулсан байдаг. Гэвч Б.Батзаяаг арваннэгдүгээр сарын 13-нд батлан даалтаар гаргасан боловч хэргийг шалгаж буй прокурор Б.Батзаяаг батлан даалтад гаргасанд шүүхэд гомдол гаргасан юм. Ингээд прокурорын гомдлыг хэлэлцэх шүүх хурал болж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар шийдвэрээ гарган Б.Батзаяа болон түүнтэй хамт шалгагдаж буй Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг үргэлжлүүлэн хорихоор болсон. Түүнийг Эрүүгийн хуулийн 148.4 буюу зохион байгуулалттайгаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан, 161'1.2 буюу зохион байгуулалттайгаар мөнгө угааж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа. Өдгөө Б.Батзаяа ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Тэрбээр хоригдож саяхнаас өлсгөлөн зарласан байна. Удаан хугацаанд өлсгөлөн зарласан учир хоёр бөөр нь муудаж, уушиг нь идээлсэн байна. Тиймээс Б.Батзаяаг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээнд хамруулжээ.
Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ 15-ны дотор өгөөрэй
Хүүхдийн хорин мянган төгрөгийг энэ онд бүх хүүхдүүдэд үргэлжлүүлэн өгөхөөр болсон. Харин энэ мөнгийг хуучин журмаар олгох бөгөөд иргэд хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбарыг мөнгө авах хүсэлтийн хамт энэ сарын 15-ны дотор харьяа хороондоо өгөх шаардлагатай юм.
Энэ хугацаанд багтаж хүсэлтээ өгөөгүй тохиолдолд эхний сарын буюу нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө олгохгүй юм. Мөн өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаагүй айл өрх энэ судалгаанд заавал хамрагдах ёстой гэж Баянгол дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэсээс мэдээлсэн юм. Өнөөдрийн байдлаар тус судалгаанд хамрагдаагүй 279 мянган хүүхэд байгаа байгаа ба эдгээр хүүхдүүд мөн хүүхдийн мөнгө авахгүй ажээ.
"Цагаан сар-2015" үзэсгэлэн эхэлнэ
Хүнс хөдөө ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас жил бүр хамтран зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв, Цагаан cap-2016” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-оос эхэлж, ирэх сарын 7 хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэн худалдаа “Хүннү молл”, “Хархорин” худалдааны төв, шөнийн захад тус тус болох юм. Тус үзэсгэлэн худалдаанд оролцох аж ахуйн нэгжүүдийг энэ сарын 19-22- ны өдрүүдэд бүртгэх аж.