8o
Улаанбаатар хот
mobile menu

ТАНИЛЦ: МҮБХ-ны баталсан шинэ журам

2017-10-03 09:35:29

МҮБХ-ны Тэргүүлэгчид энэ  сарын 27-ны өдөр хуралдаж шинэ журам баталсан байна. Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бөхчүүд бэлтгэлээ чамбайруулж, байнга барилдан өөрсдийн барилдааны ур чадвараа нэмэгдүүлэн, улмаар богино хугацаанд цолоо батлах, ахиулах боломж нөхцлийг бүрдүүлэх, барилдааныг шимтэн үзэх үзэгчдийн таашаал сонирхлыг ханган Монгол үндэсний бөхийн барилдааны болон бөхчүүдийн нэр хүндийг улам өсгөх, наадмаас наадмын хоорондох нийт барилдааныг хугацааны хувьд 9 дүгээр сараас цагаан сар хүртэл, цагаан сараас наадам хүртэл гэсэн 2 үечлэлд хуваан үечлэл бүрд бөхчүүдэд урамшуулал олгох, хариуцлага тооцох зорилготойгоор уг журмыг гаргасан байна.
 

 Журам гаргах шаардлага


1.Наадмаас наадмын хооронд МБӨ-нд болох барилдаанд улсын цолтой бөхчүүдийн заавал оролцон барилдах барилдааны хувийг дараах байдлаар тогтооно. Үүнд: 
А.35-аас дээш настай бөхчүүд барилдаанд тааллаараа оролцон барилдана.
Б.30-34 настай бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 50 хувь/10 удаа/-д оролцон барилдана.
В.29 ба түүнээс дооших насны бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 70 хувь/14 удаа/-д оролцон барилдана.

2.Гэмтэл бэртэлтэй бөхчүүд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны мэргэжлийн эмчийн албан ёсны актаа, хувийн гачигдалтай бөхчүүд нотлох баримт бичгээ тухайн барилдааны өмнө МҮБХ-нд албан ёсоор өгсөн тохиолдолд барилдаанд оролцоогүй гэж үзэхгүй.
 

Урамшуулал


1.Улсын аварга, арслан, гарьд цолтой бөхчүүд барилдаанд оролцох бүрд дараах нэмэгдэл урамшууллыг олгоно. Үүнд:
А.Аварга цолтонд 330 000 төгрөөг,
Б.Арслан цолтонд 220 000 төгрөг,
В.Гарьд цолтонд 110 000 төгрөг.

2.Улсын аварга, арслан, гарьд цолтой бөхчүүд барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 2 бөхөд барилдааны үечлэл бүрийн төгсгөлд тусгай урамшуулал олгоно(нийт 4 бөхөд олгоно).

3.Улсын аварга, арслан, гарьд цолтнуудаас жилийн туршид барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 1 бөхөд наадмын өмнө “Үзэгчдээ дээдлэгч бөх” цом, 10.0 сая төгрөгийн урамшуулал олгоно. 

3.Улсын заан, харцага, начин цолтой бөхчүүд барилдааны үе бүрд барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 4 бөхөд барилдааны үечлэл бүрийн төгсгөлд тусгай урамшуулал олгоно(нийт 8 бөхөд олгоно).

4. Улсын заан, харцага, начин цолтнууд барилдвал зохих барилдааныхаа хувийг давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 1 бөхөд наадмын өмнө “Үзэгчдээ дээдлэгч бөх” цом, 5.0 сая төгрөгийн урамшуулал олгоно.

Хариуцлага


1.Жил бүрийн 9 дүгээр сараас 11 дүгээр сар дуусталх барилдаанд тогтоосон хувьд хүрч барилдаагүй бөхчүүдийг нэр заан олон нийтэд мэдээлнэ. Мэдээллийн мөрөөр олон нийтийн зүгээс шүүмжлэл өрнүүлэн, шаардлага тавьсан тохиолдолд уг шаардлагыг бөхчүүд биелүүлэх үүрэг хүлээнэ.

2.Жил бүрийн 9-11 дүгээр сард заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд 11 дүгээр сараас цагаан сар хүртэлх барилдаанд дутуугаа нөхөн барилдах тоог зааж өгч барилдуулна. Энэ шаардлагыг биелүүлээгүй бөхийг цагаан сарын барилдаанд барилдуулахгүй.

3.Цагаан сараас 4 дүгээр сар хүртэлх хугацаанд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд 4-7 дугаар сар хүртэлх хугацаанд дутуугаа нөхөн барилдах тоог зааж өгч барилдуулна. 

4.Барилдааны жилийн дүнгээр тодорхой шалтгаангүйгээр барилдвал зохих хувьдаа хүрч барилдаагүй бөхийг улсын наадамд барилдуулахгүй.

5.Барилдааныхаа үечлэл бүрд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй, дараагийн үедээ дутуугаа нөхөн барилдаагүй бөхчүүдийн цалинг олгохгүй байх саналыг харьяа байгууллага, эвээн тэтгэгч байгууллагуудад тавьж, хамтран хариуцлага тооцож ажиллана.
 
Жич:
1.Барилдах тоогоо гүйцээхдээ нэмэлт 2 барилдаанд барилдсаныг хуваарьт 1 барилдаанд барилдсантай адилаар тооцно.
2.Барилдаанд оролцсон боловч барилдааны дүрэм болон жудгийн журмыг зөрчин барилдаанаас хасагдсан бөхийг уг барилдаанд оролцоогүйгээр тооцно.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл