Болгар улсын Пловдив хотод сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн ахмадын ХIХ дэх ДАШТ болж байна. Чөлөөт бөхийн “В”, “Е” ангиллын бөхчүүдийн барилдаан өчигдөр болж Монголын есөн бөх дэвжээнд гарлаа. “В” ангиллын 130кг-д барилдсан улсын начин, ОУХМ М.Улаанбаатар хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Ираны бөх Бахалдин Мохаммад Каримзаденийг 10:4 ялж, хагас шигшээ барилдаанд Туркийн бөх Ядин Халимоглуд 2:4 дийлдсэн. Хүрэл медалийн төлөө барилдаанд Энэтхэгийн бөх Харандер Сингхийг 5:0 дийлжээ. Хоёр хоногийн өмнө М.Улаанбаатар сонгомол барилдааны “В” ангиллын 130кг-д ахмадын дэлхийн аварга цол хүртсэн билээ.