8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоон жилийн зорилгодоо хүрсэн “АРВИС” КЛУБ

2017-10-24 12:16:39

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран “Хүрхрээ үндэсний лиг”-ийг зохион байгуулсан гурван жилийн хугацаанд дээд доод лигийн өрсөлдөөн улам сонирхолтой болсон.

Үүнийг нотлох зүйл бол 2017 оны улиралд “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн багууд “Хүрхрээ үндэсний лиг”-т дэвшихийн төлөө маш хүчтэй тэмцэл өрнүүлсэн явдал юм. Монголын хамгийн өндөр шагналын сантай тэмцээнд оролцох эхний эрхийг Д.Лүмбэнгарав дасгалжуулагчтай “Арвис” клуб өөрсдийн болгов. Үндэсний шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Д.Лүмбэнгараваар удирдуулсан эхний жилдээ “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн аварга болсон нь “Арвис” клубийн хамгийн том амжилт байлаа.

Анх 2010 онд үүсгэн байгуулагдсан “Арвис” клубийн өсвөр, идэрчүүдийн баг УАШТ, “Идэрчүүдийн лиг”-ийн олон медаль хүртэж байсан дээд лигийн эрх бүхий “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн алтан цомыг өргөсөн нь яах аргагүй түүхэн үйл явдал юм. Улирлын турш 18 тоглоход 14 хожиж, нэг тэнцэн, гурав хожигдсон 43 оноо цуглуулсан нь 2018 оны “Хүрхрээ үндэсний лиг”-ийн улиралд дэвшихэд хангалттай үзүүлэлт байв. “Арвис” клубийн бүрэлдэхүүний дийлэнх хувь нь өөрсдийн бэлдсэн залуу тоглогчдоос бүрдсэн онцлогтой.

Монгол улсын футзалын 20 хүртэлх насны шигшээ багийн тоглогчид болох Б.Гарамбазар, О.Есүхэй, П.Бадамсэрээжид нар “Арвис” клубийн гол тоглогчид байсныг дурдах нь зүйтэй. Тэднээс гадна Б.Мөнгөнбагана 14 тоглолтод 17 гоол оруулсан нь түүнийг эзгүйд ч эвдэгдэлгүй, “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн мэргэн бууч болсон юм. Мөн олон гоол оруулж, цэнгэлдэхэд нэрээ дуудуулж байгаагүй ч багийнхаа хамаг “хар ажил”-ыг хийн, эсрэг багийн довтолгоог няцааж байсан Н.Зоригт “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн шилдэг хагас хамгаалагчаар тодорлоо. Дурдаад байвал барагдахгүй олон авьяаслаг залуу тоглогчдыг зөв зохион байгуулалтад оруулж чадсан Д.Лүмбэнгарав дасгалжуулагч энэ амжилтын гол хүн гэдэгтэй маргах хүн үгүй. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш анх удаа үндэсний дээд лигт дэвшин, “Хүрхрээ дээд лиг”-ийн шилдэг 10 багийн нэг болж чадсан “Арвис” клубт амжилт хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл