8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Монголд гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн судалгаа гарч ,УИХ Ерөнхийлөгчийн хориг хүлээж аваагүй өдөр

2017-11-02 18:40:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна.Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж тереед хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж харНигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Ж.Батзориг: Цалингийн зээлтэй байгаа учраас энэ салбарт ажиллагсад өрийн сүлжээнд автагдсан

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо "Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээр"-ийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж хэлэлцээрийг орхижээ. Улмаар хэлэлцээрийн үр дүнг нийт гишүүддээ танилцуулж, хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа аж.Энэ асуудлаар  Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Ж.Батзоригтой ярилцлаа. 


НЭГ УДАА 300,000 ТӨГРӨГ ӨГВӨЛ ХАРИН Ч НИЙГЭМД ОЛОН СӨРӨГ ҮР ДҮН АВЧРАХ ОНОВЧГҮЙ АРГА ХЭМЖЭЭ БОЛНО


-Засгийн газрын зүгээс цалин нэмэх боломжгүй, төрийн албан хаагчдад нэг удаа 300,000 төгрөг олгох шийдвэр гаргаад байгаа. Үүнийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ. Та бүхэн одоо ямар шаардлага тавьж байна?
-Бид Засгийн Газрын саналтай эвлэрэх боломжгүй. Төр засгийн зүгээс 2017, 2018 онуудад төрийн албан хаагчдад нэг удаа 300,000 төгрөг олгох, заавал цалингийн санг нэмэхгүйгээр урамшуулал олгох боломжийг бүрдүүлэх тухай асуудлыг ярьж байгааг түр зуур аргацаах гэсэн арга хэмжээ гэж үзэж байгаа. Энэ маш бага мөнгө. Энэхүү мөнгө нь Боловсрол, Шинжлэх ухааны салбарт ажиллагсдын цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй, харин ч нийгэмд олон сөрөг үр дүн авчрах оновчгүй арга хэмжээ болно. Тиймээс бид хамтын маргаанаа үргэлжлүүлж, тэмцлийн үйл ажиллагаанд орж байгаагаа албан ёсоор зарлаж байна. 
Үйлдвэрчний Эвлэлд харьяалалтай бүх боловсролын байгууллагууд нэгэн зэрэг 2017 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт хийхээр болсон. Өнөөдрийн байдлаар багш нарын бодит амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Багш нар бүгд цалингийн зээлтэй байна. Цалингийн зээлтэй байгаа учраас энэ салбарт ажиллагсад өрийн сүлжээнд автагдсан. Тиймээс бид энэ тэмцлийг хийж байна.Нэг удаа цалингаа нэмүүлэх биш 12 сарынхаа цалинг 50 хувиас доошгүй нэмэгдүүлэх хүсэлтгүй байна. 

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээр"-ийн үр дүнг эмч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. 
-Засгийн газрын зүгээс тавиад байгаа саналаа өөрчлөхгүй бол энэ саналыг хүлээж авахгүй ямар ч боломжгүйТэгээд хэлэлцээрт гарын үсэг зурахгүй гэдгээ илэрхийлсэн. Салбар салбарын онцлог гэж байгаа. Эрүүл мэндийн салбарын хувьд  бол өөр боломжууд байна. Манай салбарын хувьд төсвийн боломж бололцоо байхгүй. Энэ төсвөөр ирэх жил цалингаа нэмнэ гэдэг зүйлийг ярих нь утгагүй болчихсон. Цалинг бид нарын хүсээд байгаа хэмжээд  хүргэж чадахгүй юмаа гэхэд арай өөр боломжийн санал тавих юм бол бид энэ асуудлыг нааштай хүлээж авна. 

-ОУВС-тай гэрээтэй байгаа учраас цалин нэмэх боломжгүй гэж сайд нар нэмэгдсэн. Эмч нар гэхэд цалин нэмүүлэхээс татгалзаад өөр аргаар нэмэх боломж байна гэдэг саналыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт саналаа хэлсэн гэсэн. Та нарын хувьд тийм гаргалгаа байна уу? Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

ТЕГ-ын шинэ дарга Т.Гэрэл гэж хэн бэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ТЕГ-ын дарга Б.Хурцыг чөлөөлж БНСУ-д суух элчин сайдаар томилох саналыг өргөн барихаар болсон. Харин түүний оронд  ТЕГ-ын даргаар Т.Гэрэл томилогдохоор болсон байна. ТЕГ-ын дарга Т.Гэрэл гэж хэн бэ?. Д.Гэрэл нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн.   ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг төгссөн. 

Өмнө нь 2013 онд Н.Алтанхуяг сайдын үед ТЕГ-ын даргаар ажиллаж байгаад Б.Ариунсанд ажлаа хүлээлгэн өгч байсан. Тухайн үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Би ганц агентлагийн дарга томилж болохгүй юу?" гэж толгойгоороо даана гэдгээ мэдэгдэж, ТЕГ-ын даргаар Б.Ариунсанг томилж байсан. Тухайн үед Т.Гэрэл дарга ТЕГ-ын даргаар зургаан жилийн хугацаагаар томилогдсон байсан бөгөөд бүрэн эрхийн хугацаа талдаа ч ороогүй байхад түүнийг халж байсан. Гэнэт Ерөнхий сайд асан  Н.Алтанхуяг Т.Гэрэлийг эмнэлэгт хэвтэж байхад Засгийн газрын хурлаа хийж, халж байсан түүхтэй.

Н.Алтанхуяг ажлаас халсан шалтгаанаа тайлбарлахдаа “ТЕГ-ын дарга бол Монгол улсын нүд чих болж зөв шийдвэр гаргахад мэдээллээр хангах байгууллага. Гэтэл үүргээ биелүүлж ажиллахгүй байсан.Тухайлбал, Якунины захидал надад ирэхээс өмнө сонин дээр гарсан. Яагаад тэгэв. Захидлыг задалсан хүнийг олоод ир гэхэд биелүүлээгүй. Солонгосоос шатахуун оруулж ирье гэхэд хэдэн авлигач нь нийлж байгаад Солонгосын компаниас 30 мянган ам.доллар идчихсэн байсан. Мөнгө хүлээж авсан хүнийх нь гарын үсэгтэй баримтыг олж өгөөд энэ хэргийг тодруул гэхэд тэгээгүй. “Роснефть” дээр очоод шатахууны үнээ битгийн буулга. Нэмээд бай гэж хэлсэн хүн бий. Тэр хүнийг мөн олоод ир гэсэн ирээгүй. Ийм байхад нь даргыг нь өөрчлөхгүй яах юм бэ” гэсэн тайлбарыг өгч байлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ширээн дээрээсээ чухал баримт бичгээ алджээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ын чуулганы хуралдаан дээр үг хэллээ. Ж.Мөнхбат гишүүн хэлэхдээ 30 гэр бүл бол утгагүй үндэслэл. Энэ бол буруу. Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өгөх асуудал бол Сангийн сайдын буруу. Хүрэлбаатар та ах дүү хамаатан садан, гэр бүлдээ ямар ч уул уурхайн лизенз байгаагүй гэж надад хэлсэн. Гэтэл баримт хуулга нь энд байна. Яагаад үүнийгээ та үгүйсгээд байгаа юм. Таныг Сангийн сайдаар тавьж байгаа энэ үед зөвхөн Хүрэлбаатар гэдэг хүний биш, МАН-ын нэр хүндэд халгаатай болж байна. Тиймээс та саналаараа  нэрээ татаад, шалгуулсны дараа сайдын ажлаа хийж болдоггүй юм уу.  Хар дээр цагаанаар бичсэн тамгатай бэлэн баримт надад байна. Үүнийг битгий үгүйсгэ. Би Ц.Даваасүрэн сайдтай уулзчихаад буцаад ороод ирэхэд баримт алга болчихсон. З.Энхболд даргын хувьд бол хуурамч бичиг баримт гаргаж ирээд ярьчихдаг хүн шүү дээ. Цаг зүүдэг л  гэнэ, нүүрс зарсан л гэнэ. Гэхдээ  хар дээр цагаанаар бичсэн баримт нь тамга тэмдэгтэй байна. Иймд би итгэж байна. Тэрнээс З.Энхболд дарга худлаа ярьдаг хүн нь гэвэл үнэн. Ч.Хүрэлбаатар сайд та нэрээ татчихаач дээ. Та бол олон удаа сайд, дарга  хийж байсан.  Хийж үзээгүй албан тушаал биш дээ. Шалгуулаад орж ирэх юм бол таныг бид бүгдээрээ Сангийн сайдад дэмжинэ" хэмээн хэлсэн. 

О.Баасанхүү: АСЕМ нэрээр мөнгө идсэн Ц.Элбэгдорж хаана байна

Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан. Тус асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, санал хэлж байна.  Хууль шүүхийн байгууллага өнөөдөр шударга ажиллахгүй байгаа. Ц.Элбэгдоржийг шалгах хэрэгтэй. АСЕМ нэрээр мөнгө идсэн Ц.Элбэгдорж хаана байна. Түүнийг шалгах хэрэгтэй. Ч.Хүрэлбаатар нь аравдугаар сарын 27-ны өдрөөр лицензтэй компанигүй байна гэж ярьж байгаа. Түүнээс өмнө байгаад зарсан байж болно шүү дээ. Сангийн сайд худалч байна гэдэг хулгайч байна гэсэн үг. Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар та хоёр намайг  их доромжилсон доо. Хөрөнгө оруулалтын тухай хууль гаргаж Хятадын банк оруулж ирэхийг би эсэргүүцсэний төлөө та нар намайг элдвээр доромжилсон хэмээн хэллээ. 

Ц.Нямдорж: 30 гэр бүлийг Х.Баттулгын тархинаас олох юм уу

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал бодлоо хэлж байна. Дөнгөж сая УИХ-ын гишүүн Ц.Нямдорж үг хэллээ. УИХ-ын Ц.Нямдорж  "Өнөөдрийн энэ хуралд би сэтгэл дундуур харамсаж байна. Зарим гишүүд хор, хов хоёрт ховсдуулсан юм шиг байна. 30 гэр бүл гэж ярьж байна. Гэтэл одоо байтлаа тэрийг өөрсдөө ол гэж байна. З.Энхболдын толгойноос олох юм уу, Х.Баттулгын тархинаас олох юм ууӨнөөдөр Монгол Улс гурван Ерөнхийлөгчтэй юм шиг боллоо" хэмээн хэллээ.

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал хууль зөрчжээ

Авлигатай тэмцэх газрын Хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар А.Дөлгөөнөөр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Өлзийт сум, Баян-Овоо сумдад ажиллав.

Ажлын хэсгээс Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, аймгийн ИТХ, түүний ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болон бусад төрийн байгууллага, орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдэд тус тус ажиллалаа.

Мөн төрийн байгууллагын албан тушаалтнуудаас гаргасан тушаал, шийдвэр, төлбөр хураамж тогтоосон баримт бичиг, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаа, концессийн гэрээтэй танилцаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан үзэж байна. Тухайлбал, сумын Засаг дарга орон нутгийн төсвөөс өөрийн хамаарал бүхий этгээдэд хөрөнгө захиран зарцуулах, урамшуулал олгохоор шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаар дээд шатны албан тушаалтандаа бичгээр тайлбар гаргаагүй нөхцөл байдал болон нөхөн сэргээлттэй холбоотой хандивын хөрөнгө оруулалтын зарцуулалт, нөхөн сэргээлт хийсэн үйл ажиллагааны талаарх холбогдох мэдээллүүдийг нарийвчлан үзэж байна.

Түүнчлэн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй уулзаж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 2-ний өдөр тус аймгийн Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал суманд, 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар болон зарим сумдад ажиллана.

Монголд гурван хүн тутмын нэг нь ядуу байна

Монголд гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэх мэдээллийг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахара өглөө. Харин нийт жирэмслэлтийн 14 хувь нь хүсээгүй, огт төлөвлөөгүй байдаг аж. Энэ нь охид, эмэгтэйчүүд жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл, холбогдох мэдээллийг авч чадахгүй байгаатай холбоотой юм байна. Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлснийхөө дараа тодорхой хугацаанд сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх эрхгүй болж хэн нэгнээс хараат болох шаардлага гардаг. Харин үүнийхээ төлөө гэсгээл хүртэх ёсгүйг мэргэжилтнүүд хэлж байв.

Амьдралын боломжгүй ядуу эмэгтэйчүүд эрүүл мэндийн байгуллагад хандаж, эмчилгээ авч чаддаггүй, нийгмээс гадуур үлдэж байгаад анхаарал хандуулах хэрэгтэй болжээ. 

НҮБ-ын Хүн амын сангаас өнөөдөр "Дэлхийн хүн амын байдал 2017" тайланг танилцуулсан юм. Энэ тайланд хамгийн ядуу эмэгтэйчүүдэд тулгарч буй тэгш бус байдлыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалахгүй бол дэлхийн хөгжлийн зорилтуудад хүрч чадахгүй байж болзошгүйг анхааруулжээ. 

СГЗ Б.Дашзэвэгийн хүчирхийлэхийг завдсан 7 настай хүүхэд нь зээ охин нь байж болзошгүй

Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч, яруу найрагч, доктор Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан талаар бид мэдээлсэн. Энэ хэрэг өнгөрсөн сарын 1-ны өдөр Шадивланд гарчээ. Түүний хүчирхийлэхийг завдсан 7 настай хүүхэд нь зээ охин нь байж болзошгүй. Мөн тэрбээр өмнө нь чалх сайжруулах тариа хийлгэсэн гэх талаар “Өдрийн сонин”-д дурджээ. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс албан ёсны мэдээлэл гаргасан юм.

Уг мэдээлэлд “Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14.10 дугаар зүйлийн 1, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон шүүхээс яллагдагч Бизъяагийн Дашзэвэгт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс” гэсэн байна. 

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсангүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ.  УИХ-ын 58 дугааар тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхйилөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байнгын хороодын дүгнэлтээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 84 хувийн саналаар Ерөнхийлөгчийг хоригийг хүлээж авсангүй. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл