Монголчууд бид урин цагт утаагаа мартаж хүйтний эрч чангарахад агаарын бохирдлоо санаж эхэлдэг сонин ард түмэн. Агаар дахь хорт бодисын хэмжээ жилээс жилд нэмэгдсээр өнгөрсөн онд дэлхийн дунджаас 5-6 дахин их буюу аюултай түвшинд хүрч Бээжинг ардаа орхисон. Хорт утааг эсрэгүүцэж олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан эцэг эхчүүд анх удаа нэгдэж “Боож үхлээ” тайван жагсаалыг төв талбай дээр өнгөрсөн нэгдүгээр сарж эхлүүлж байсан бол энэ сарын 10-нд дахин жагсах гэж байна. Тэд Улаанбаатар хотын дарга С.Батболдын ажлын өрөөний гадна буюу Чингисийн талбайн баруун талд 12:00-14:00 цаг хүртэл тайван жагсаал хийх гэнэ. Энэ талаар өнөөдөр “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас мэдээлэл хийсэн. Тус байгууллагын гишүүн Ц.Пүрэвхүүгийн хэлсэнээр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад дэд бүтцэд анхаарах хэрэгтэй. Төлөвлөгөө ёсоор энэ сард гэр хорооллын 5000 айлыг дэд бүтцэд холбочихсон байх ёстой төсөл нь удааширсаар одоо хүртэл газар чөлөөлөлтийн ажил дээрээ л явж байна. Гол шалтгаан нь хотын дарга энэ мөнгийг өмнө жил төсөвлөөгүйтэй л холбоотой. Мөн Сөүлийн орон сууцны корпорациас 100 тэрбум воннын хөрөнгө оруулалт аваад “орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, түрээсийн орон сууцанд оруулна гэж амласан. Харамсалтай нь нүдэнд харагдаж гарт баригдах бүтээн байгуулалт алга” гэсэн юм.
Цаашид тус байгууллага утааны эсрэг цуврал жагсаалыг зохион байгуулахаар болжээ.
Үе үеийн Ерөнхий сайд, хотын удирдлагууд утаанд 2011-2015 онд 135.5 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн байдаг. Улс, нийслэлийн төсөв болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын буцалтгүй тусламж, зээлээр энэ хөрөнгийг бүрдүүлсэн байна. Энэ мөнгөний багагүй хэсгийг буюу 50 хувийг нь гадаадын аль нэг оронд үйлдвэрлэсэн, дэвшилт төхөөрөмж, технологи нутагшуулж, туршихад зарцуулан, хэдэн арван төсөл, хөтөлбөр санаачилсан боловч тууштай хэрэгжүүлж үр дүнгээ өгсөн нь үгүй юм. Учир нь агаарын бохирдлын 90 хувийг бүрдүүлдэг нийслэлийн гэр хорооллын өрхөд “Дөл” “Өлзий”, “Хас” гэх мэт зуух, шатаадаг хий зэргийг хөнгөлттэй үнээр өгсөн боловч эрдэнэт хүний амь нас эрсэдсэн бүтэлгүй туршилт болсон гашуун түүх бий. Хэдийгээр Засгийн газар гэр хорооллын айл өрхөд шөнийн тарифыг тэглэх шийдвэр гаргаж цаг үеэ олсон зөв ажлыг хэрэгжүүлсэн ч айл өрх бүрт энэ нь хэрэгждэггүй гэхэд хилсдэхгүй. Хөнгөлөлтөнд хамрагдахын тулд заавал хоёр тарифт тоолууртай байх хэрэгтэй юм. Гэтэл цахилгаан хэрэглэгч бүр энэ тоолуурыг шинээр авч өндөр үнэтэй цахилгаан халаагуур, шалны халаагуур, зуух гэх мэт утааг бууруулах шидтэй, өндөр үнэтэй төхөөрөмжийг авах иргэд тун цөөхөн байгаа нь үр дүнгээ өгөхгүй байх нэг шалтгаан болоод байна.
Бидний хамгийн эмзэг сэдэв болсон утааг бууруулахад Нийслэлээс өнгөрсөн жил таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Төр засгаас ирэх 2018 онд 28 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар агаарын бохирдлыг бууруулах хамгийн богино хугацааны шийдэл нь цахилгаанаар ажилладаг, 2.5 сая төгрөгийн өртөгтэй төхөөрөмжийг гэр хорооллын 189 мянган өрх хэрэглэдэг болчихвол агаарын бохирдлыг 90 хувиар бууруулах боломжтой гэнэ. Тэгвэл агаарын бохирдлыг бууруулах үлгэрийг нэг мөр төгсгөл болгоход бүтэлгүй туршилтанд зарцуулж салхинд хийсгэсэн дээрх хөрөнгийг дэд бүтцэд зориулсан бол өнөөдөр агаарын бохирдол бага ч болов буурах ёстой байлаа.