8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Багш нар хугацаагүй ажил хаялт зарлахаар болж, 14 этгээдийг Интерполоор эрэн сурвалжлуулж эхэллээ

2017-11-10 18:40:00

Өнөөдөр таны ажлын сүүлийн өдөр. Тиймээс Ажлын өдрийн төгсгөлд хийвэл зохих  зүйлийг сануулъя. Ажил дээрх эхний цөөн хэдэн цагт ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог. Энэ үнэн. Гэхдээ амжилттай өглөөг эхлүүлэх нэг түлхүүр бол өмнөх өдрөө зөвөөр дуусгах явдал..

“Өдрийг хэрхэн дуусгаж байгаа нь чухал. Энэ нь дараа өдрийн эхлэл болно.” Хэмээн “Аймшигтай ажлын байрны улиглал” хэмээх номын зохиолч, үндэсний ажлын байрны мэргэжилтэн Лин Тэйлор хэлжээ.

“Энэ бол бүтээлч байхын тэн хагас нь гэсэн үг. Дараагийн алхам руу орох нэмэлт ажлуудыг хий. Тэд таны ажилд хандах үзэл бодол, хандлага болон бүтээмжийн түвшинд анхны бөгөөд сүүлийн сэтгэгдэл өгөх дуртай. Өдрийн төгсгөлд маргаашийнхаа шатыг бэлдэж, тэрхүү шатаа өнөөдрийн эхлэл болго.”

Тухайн өдрөө сайхан тэмдэглэл үлдээн дуусгаж байснаар ололт, амжилтаа эргэн харах, өглөө босч, ажилдаа явахдаа хялбар болгоход тустай. Тухайн өдрөө зөвөөр дуусгах бас нэгэн шалтгаан нь “Ажил дээрх хошин шог” хэмээх номын зохиогч, олон улсын бизнесийн илтгэгч Майкл Керр стрессийн түвшинд томоохон нөлөө үзүүлдэг бөгөөд гэртээ аз жаргалтай байснаар таны эрүүл мэнд, гэр бүлийн амьдрал, унтаж амрах, аз жаргалын ерөнхий түвшинд ихээхэн нөлөө үзүүлдэг гэсэн байна. Өнөөдрийн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Саранчимэг нар Төрийн сангийн мөнгөөр гадаад улсад суралцаад "мурьжээ"

ТГ-аас Боловсролын зээлийн сан /хуучин нэрээр Сургалтын төрийн сан/-гийн зээлээр гадаад улсад суралцаад сураггүй болсон хүмүүсийн нэрийг ил тод зарлах шаардлагыг холбогдох байгууллагуудад тавьсан. Энэ дагуу Боловсролын зээлийн сангаас Төрийн сангийн зээлээр гадаадад суралцаад холбоо бариагүй иргэдийн нэрсийг зарлалаа.Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр Гадаадын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцсан ч өнөөдрийг хүртэл холбоо бариагүй, заасан хугацаанд ирээгүй 393 иргэний нэрсийг албан ёсоор зарлав. 1997-2001 онд төрийн сангийн 8.3 сая ам.доллароор суралцсан 393 хүн өнөөг хүртэл эргэж холбогдоогүй, сураггүй байгаа юм.Эдгээр иргэдийн дунд  УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Саранчимэг нарын нэрс явж байгаа нь анхаарал татаж байнаЖагсаалтын 36-д УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэр байгаа бөгөөд түүнийг 1998 онд Хойд Каролайнагийн ИС  цөмийн физик атомын мэргэжлээр сурсан хэмээн бичсэн байна. 
УИХ-ын гишүүн А.Ундраагийн хувьд АНУ-ын Хойд Каролинагийн улсын их сургуульд физикийн ухааны докторын зэргийг хамгаалж байсан. Тэгвэл А.Ундраа гишүүн докторын зэрэг хамгаалахынхаа өмнө сургалтын төрийн сангийн зээлээр сурч байсан аж. Тэрбээр гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулийн анхны төгсөгчийн нэг МУИС-т физикч мэргэжил эзэмшжээ. 1996 онд Итали улсад Физикийн дээд энергийн олон улсын төвд нэг жилийн дипломын ажил хийсэн. 1998-2002 оны хооронд Америкийн Каролина мужийн Ралэйн их сургуульд докторын зэрэг хамгаалж байсан. 

Мөн тус жагсаалтад УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нэр мөн орсон байна.  УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн  хувьд Гавайн Пасифик ИС-д 1998 онд төрийн сангийн зээлээр суралцаад зээлээ төлөөгүй аж. 
Сургалтын төрийн сангаар гадаадад сурахад нэг жилд 16 000 ам доллар байдаг. Сурсан жилээр үржүүлвэл нилээд мөнгө гарна. Дээрх сургуулиудад харц ардын хүүхэд суралцах боломж байхгүй.   Бүх саадыг давж суралцах эрх авдаг юм аа гэхэд өчнөөн тэрбум хөрөнгийн баталгаа, байр орон сууцаа барьцаалахаас өгсүүлээд асуудал их. Энэ мөнгөөр суралцаад эх орондоо ирж ажиллаж байж төлөх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Саранчимэг төр түшилцэж байгаа эрхэм гишүүдийн хувьд яагаад төрийн сангийн зээлээ төлөөгүй байгаа хачирхалтай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Т.Дэлгэрмөрөн: Зуун зуунаар тасарсан Монголын их аварга зодог шуудгаараа хурайлна

Монголын рок поп урлагийн салбарт өөрийн өнгө төрх, орон зайг Номин Талст хамтлагаас эхлэн бий болгож, бие даасан уран бүтээлээ тасралтгүй туурвиж буй Морин хуур наадмын Гран При шагналт, Пентатоник наадмын шагналт, Алтан микрофон наадмын шилдэг эрэгтэй дуучин МУСТА Т. Дэлгэрмөрөн НАЯН БУЛГИЙН АЯЛГУУ тоглолтоо энэ сарын 17-ны өдөр МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨ-нд эрхэм үзэгч таньд өргөн барих гэж байгаа билээ. Бид НАЯН БУЛГИЙН АЯЛГУУ тоглолтын талаар дуучин Т.Дэлгэрмөрөнтэй ярилцлаа.

-Номин талст хамтлаг 2007 онд 10 жилийн ойн тоглолтоо 11 сард хийж байсан. Түүнээс хойш 10 жилийн дараа та тоглолтоо хийх гэж байна. Ямар хэмжээний дуучин болсон гэдгээ тайлангаж, ард түмнээрээ дүн тавиулах гэж байна. Олон жил хүлээлт үүсгэсэн тоглолтын бэлтгэл ажил хангагдсан уу?

-Хүн байх хугацааныхаа 20 жилийн хугацааг би монголын эстрад урлагт үлдээсэн. Энэ дотроо би  10 жил өөрийнхөө уран бүтээлийг  хав дарсан. Өнөөдөр үг үсгийн алдаагүй Т. Дэлгэрмөрөнгийн дуулсан “Тэнгэрийн бүсгүй” дууг ард түмэн мэддэг болсон. Энэ бол миний хөдөлмөрийн үнэ цэнэ. Монгол эх орондоо үлдээж байгаа миний амьдралын оршихуй. Үүнийг би 10 жил хав дарахдаа хүсэлт хүлээлтийг бий болгож хав дарсан. “Тэнгэрийн бүсгүй”, “Наян булаг” дууг дуулчихаад 1 жилийн дараа тоглолт хийсэн бол өнөөдрийнх шиг хүлээлт үүсэхгүй байсан. Үүний цаана нэр төр, цаг хугацаа, хөдөлмөр явж байгаа. Ийм гоё тоглолт үзэгч олныг байлдаг дагуулдаг. Ийм тоглолт сэтгэлд мөнхөрдөг. Энэ тоглолт гоё болсон гэсэн яриа үлгэр домог шиг яригддаг.

-Тоглолтын найруулга тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ. Ямар онцлогтой тоглолт болох вэ?

-Энэ тоглолт найруулга зүйн хувьд шинэчлэл байх болно. Үндэсний их урлагийг эстрад урлагтай нийлүүлж “Үлэмжийн чанар”, “Тэнгэрийн бүсгүй”, “Наян булаг” дуунуудыг мэргэжлийн бүжигчдийн дунд дуулна гэдэг бол язгуур болсон этник урсгал. Би өөрөө монгол поп хүн. Тоглолтын хоёр дугаар хэсэг бол надтай хамтарч уран бүтээл хийсэн хүмүүс ирж дуулна. Би урлагийн бүх төрөл жанраар дуулсан байдаг. Тоглолтын гуравдугаар хэсэгт бол Т.Дэлгэрмөрөн эстрад урлагийн дуучин. “Эргэж дуучин битгий хар”, “Найзлахын үед чи хэзээ ч” гээд л бүх дууг амьд хөгжимтэй дуулна. Энэ хэсэгт Баянмонгол жазз оркестр  орж ирж эстрад урлагийг ямар гал цогтой байдаг гэдгийг харуулна. Энэ бүхнийг холбож байгаа найруулга зүй шинэчлэгдэж байгаа.Дээрээс нь Т.Дэлгэрмөрөн ямар хэмжээний дуучин болж байгаа юм бэ гэдгээ тайлагнаж байгаа миний бие даасан хоёр дахь тоглолт. Энэ тоглолтын дараагаас би эстрад дуунуудаа дуулж эхэлнэ. Монголын анхны “boy band”-уудын дотроос хамгийн анх соло цомог гаргаж, хамгийн анх дээл өмсөж дуулсан. Тэр дуунууд бол “Тэнгэрийн бүсгүй”, “Үүлэнд тээсэн үлгэр”, “Наян булаг”, “Уянга цагаан хуруу”. Үүнийг өнөөдөр хэн ч үгүйсгэж чадахгүй. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү. 

Ирэх даваа гарагаас багш нар хугацаагүй ажил хаяна

Ирэх даваа гараг буюу 11-р сарын 13-аас Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар хугацаагүй ажил хаяхаар болсон талаар Монголын боловсрол Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс мэдээллээ. Боловсролын салбарын багш ажилтнуудын үндсэн цалинг 50-аас доошгүй хувиар нэмэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй учраас ажил хаях болжээ.  Сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдэж байгаа тул хүүхдийнхээ аюулгүй байдлыг хариуцахыг эцэг эхчүүдэд мэдэгдэж эхэлсэн байна.

Багш нарын ажил хаялт цалин нэмэх шийдвэр гартал үргэлжлэх юм. Ажил хаялтад ерөнхий боловсролын 650 гаруй сургууль, 850 орчим цэцэрлэг, 30 гаруй мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, 20 орчим шинжлэх ухааны байгууллага оролцох аж. Боловсролын салбарт ажилладаг 70 орчим мянган багш, ажилтан ажил хаялтад нэгдэх юм байна.

Охиныг эрэн хайх явцад үр дүнтэй мэдээлэл олдоогүй байна

Дорноговь аймгийн Замын-Үүдээс энэ сарын хоёрны өдөр алга болсон Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.Найман настай охин алга болоод найм хонож байна.  Харамсалтай нь охиныг эрэн хайх ажиллагааны үр дүнд төдийлөн ахиц гарахгүй байна. Охиныг эрэн хайх ажиллагааг алга болсон өдрөөс нь эхэлсэн ч одоогоор охиныг эрэн хайх явцад үр дүнтэй мэдээлэл олдоогүй байна. Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд даргын гаргасан захирамжийн дагуу эрлийн баг эрэн хайх ажиллагааг орон даяар хийж байгаа аж.

Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг Хятадын талаас хуурамчаар хэвлэсэн зөрчил илэрчээ

“Мэргэшсэн жолооч”-ийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Гашуунсухайт болон бусад боомтуудад хуурамчаар хэвлэгдсэн зөрчил илэрсэн гэх мэдээлэл гарсантай холбогдуулан Автотээврийн үндэсний төвийн Захирлын зөвлөл хуралдав.

Өнгөрсөн зургаадугаар сард хилийн Автотээврийн хяналтын улсын байцаагч нар Гашуунсухайт-Ганцмодны боомтын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж буй үйл ажиллагаанд Замын цагдаагийн албатай хамтран хяналт тавьж, хуурамч гэх үнэмлэхийг илрүүлэн, хураан авсан байна. Автотээврийн үндэсний төвөөс хууль цагдаагийн байгууллагад хандсанаар тус үнэмлэхийг Хятадын талаас хуурамчаар хэвлэсэн байгааг илрүүлэн шалгаж байгаа аж.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран “Мэргэшсэн жолооны үнэмлэхийг мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журмаас гадуур хууль бусаар тараасан зөрчилтэй хатуу тэмцэж, хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Цаашид Замын цагдаагийн албатай хамтран хууль хяналтын байгууллагад хандаж, Автотээврийн өдөр тутмын хяналтыг шат шатандаа чангатгана” гэлээ. Мөн тээврийн хэрэгслийн дугаар олгох болон хяналтын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, аливаа хууль бус үйлдэл, ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх үүргийг нийт дарга нарт өглөө.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн тасаг нь 2010 оноос “Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах үнэмлэх олгох” журмын дагуу улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар  нийт 49079 мэргэшсэн жолооч бүртгээд байгаа аж.

Цагдаагийн дарга нарыг шалгана

Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваагийн баталсан төлөвлөгөөнийн дагуу зарим дүүргүүдийн цагдаагийн дарга нарын үйл ажиллагаа, алба хаагчдын сахилга, хариуцлага, холбогдох журмын хэрэгжилтэнд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, заавар, зөвлөмж өгөх, учирч болох эрсдэлийг бууруулах хэсэгчилсэн шалгалтыг явуулж, шалган зааварлах ажлыг зохион байгуулж эхэлсэн байна.  
Шалгалтын хүрээнд дүүргийн дарга нарын ажилд үнэлэлт дүгнэлт хийн, хэргийн газрын үзлэгт оролцож биечлэн чиглүүлж зохион байгуулсан, хэсгийн байцаагчийн ажилтай биечлэн танилцсан, жижүүрийн шуурхай албаны үйл ажиллагаанд хяналт тавьсан, дүүрэг дэх хэлтсүүд болон бусад дүүргийн цагдаагийн хэлтэсүүдтэй хэрхэн хамтарч ажиллаж байгаа, албадын уялдаа холбоог хангаж ажиллаж байгаа байдал, Эргүүлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан, мэдээллийн сангаар хяналт тавьж байгаа байдал, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч хууль зүйн дагуу шийдвэрлэж байгаа эсэхэд хэрхэн хяналт тавьж ажилласан, шинээр батлагдан мөрдөгдөж байгаа хуулиудын хэрэгжилтийг хангуулах талаар зохион байгуулсан ажлууд, Дүүргийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хуралтай хамтран ажилласан зэрэг 10 үзүүлэлтээр дүгнэх юм байна.
 

 Шинэ төрсөн хүүхдүүд хүүхдийн мөнгөө хэрхэн авах вэ

Наймдугаар сараас хойш олгогдоогүй байсан хүүхдийн мөнгийг өчигдрөөс нэрийн данс руу шилжүүлж эхэлсэн. Хүүхдийн мөнгийг он дуустал олгохоор болоод байгаа. Харин шинэ төрсөн хүүхдүүд хүүхдийн  мөнгийг авахын тулд эх, эцэг нь өөрт ойрхон дурын арилжааны банкинд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлэн хүүхдийн мөнгөө авах боломжтой юм. 

Хэрэв хүүхдийн мөнгө авах өргөдлөө өгсөн боловч мөнгө аваагүй байгаа шинэ төрсөн хүүхдүүдийн хувьд өргөдөл өгсөн сараар нь тооцон энэ онд багтаан нөхөн олгох тул шаардлагатай мэдээллийг оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтнаас тодруулах юм байна.

14 этгээдийг Интерполоор эрэн сурвалжлуулж, 39 этгээдэд хилийн хориг тавьжээ

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн 4/178 дугаартай тушаалаар батлагдсан “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээг Улсын мөрдөн байцаах газраас 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс улсын хэмжээнд зохион байгуулжээ. Улмаар дүн мэдээг эхний 42 хоногоор нэгтгэн гаргасан байна. 

Энэ хугацаанд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн алба, газар, хэлтэс, нэгжүүдээс нийт 676 гэмт хэргийг илрүүлжээ. Улмаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан оргодол- 63, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 478-г эрэн сурвалжилж олж тогтоосон байна. Мөн 14 этгээдийг Интерполоор эрэн сурвалжлуулж, 39 этгээдэд хилийн хориг тавиулсан байна.

Бүх хүүхдийн мөнгийг шилжүүлж эхэллээ

Сангийн яамнаас хүүхдийн мөнгөний санхүүжилтийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын данс руу шилжүүлж эхэлжээ. 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригоос хамаарч хүүхдийн мөнгөний олголт түр саатаад байсан юм. Тус хоригийг УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаас хүлээж авахгүй байхаар шийдвэрлэсэн.

Тодруулбал, хүүхдийн мөнгийг өнгөрөгч 8 дугаар сараас хойш олгоогүй. Иймээс төсвийн тодотголд дутагдаж буй нийт 104,5 тэрбум төгрөгийг суулгасан юм. Тодотголд тавьсан хориг цуцлагдсан тул Сангийн яам яаралтай зохицуулалт хийж, шаардлагатай шилжүүлгийг хийж эхэлсэн байна.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар хүүхэд бүрийн нэрийн данс руу 8-10 дугаар сарын мөнгийг бүрэн шилжүүлэх ажлыг хийж байна. Нийт 62.5 тэрбум төгрөг зохих данс руу орж байгаа аж.

Лицензээр баяжсан гэх 30 гэр бүлтэй холбоотой мэдээллийг шалгахаар боллоо

Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүдээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр яригдаж олон нийтэд тархаад байгаа "..Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын газар, түүний хэвлий, ой ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтанд байна гэж заасан байхад төрийн байгууллагаас ашигт малтмалын лицензийг хууль бусаар олгож, бусдад шилжүүлсний улмаас... лицензээр баяжсан хэсэг бүлэг бүхий хүмүүс буюу 30 гэр бүл байна” гэх мэдээлэл их гарах болсон. Тэгвэл  Нийслэлийн прокурорын газраас 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар хэрэг бүртгэлийн хэрэг нээжээДээрх хэргийг тал бүрээс шуурхай бүрэн шалгуулж, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын Ерөнхий Прокурорын газраас мөрдөн шалгах хэд хэдэн байгууллагын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулж шалгах шийдвэрийг гарган  ажиллаж эхэлсэн. Ерөнхийлөгч Монголын баялагийг хувааж идсэн 30 гэр бүлийн талаар сүүлийн үед маш их ярих болсон.ЕТГ-ын дарга З.Энхболд тус 30 гэр бүлд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нар багтана гэдгийг хэлсэн. Тэгвэл энэ мэдээлэл үнэн бодит эсэхийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байна. 

Баянзүрх дүүрэг иргэдээс 278 сая төгрөгийн хандив авсан ноцтой зөрчил илэрлээ

АТГ нийслэлийн дүүргүүдэд хяналт шалгалт хийжээ. Багахангай, Чингэлтэйгээс бусад дүүрэгт 60 албан тушаалтныг бүтцийн өөрчлөлтөөр нэрээр ажлаас нь чөлөөлж тэдэнд 92.5 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна. Шүүхийн шийдвэрээр ажил албанд нь эргүүлэн томилсон 7 албан тушаалтанд 58.3 сая төгрөгийн нөхөн олговор олгосон ноцтой зөрчил илэрчээ.

Энэ нь  Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасныг Авлигатай тэмцэх газраас 9 дүүргийн удирдлагуудад анхааруулсан байна.

Баянзүрх дүүрэг нь 2015 онд 50 жилийн ойн баяр тэмдэглэн  ойн арга хэмжээнийг дүүргийн харъяа “Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв” ОНӨҮГ-аар дамжуулж зохион байгуулсан бөгөөд нийт 597 иргэн, аж ахуйн нэгжээс 278 сая төгрөгийн хандив авсан ноцтой зөрчил илэрчээМонголд аймаг сум, нийслэлийн баяраа  хутга тавихгүй мах идэж, хундага тавилгүй архи ууж өргөн дэлгэр тэмдэглэдэг. Гэхдээ голдуу нутгийн иргэдээс хандив тусламж авч, ойн баяраа тэмдэглэдэг нь нууц биш ээ. Үүний томоохон жишээ Баянзүрх дүүргээс харагдаж байна. Үүнээс гадна Багахангай дүүрэг 2015-2016 онд нийт 84 сая төгрөгийн хандив авсан зөрчил бас илэрчээ.

Энэ нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3-т заасныг тус тус зөрчсөн байна. Багахангай дүүрэг 2015-2016 онд нийт 84 сая төгрөгийн хандив авсан нь мөн хууль зөрчсөн болохыг тогтоосон байна.

Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмын 2.3-т “энэ журмын 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдсон арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж нийт батлагдсан хөрөнгийн 30-аас доошгүй хувийг Засаг даргын нөөцөд байлгана” гэсэн заалтыг зөрчиж хөрөнгийг зарцуулсан байна. Тухайлбал, Багахангай дүүрэг “Шинэ жилийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэхэд 4.6 сая төгрөг, “Санхүү, эдийн засгийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан шагнахад 5.1 сая төгрөг, Баянзүрх дүүрэг волейболын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг урамшуулахад 1.7 сая төгрөг, сагсан бөмбөгийн лигийн тэмцээн зохион байгуулахад 27.3 сая төгрөг, Чингэлтэй дүүрэг шагнал, урамшуулалд 132 сая төгрөг гэх мэтээр Засаг даргын нөөц хөрөнгийг шагнал урамшуулал, баяр наадам, тэмцээн уралдааныг зохион байгуулахад зарцуулж байгаа нь Авлигатай тэмцэх газрын анхаарлыг татаж байна.Нийслэлийн дүүргүүдийн санхүүгийн зарцуулалтаас харахад ихэвчлэн ой тэмдэглэх, тэмцээн уралдаан зохион байгуулахад нэлээд их хэмжээний мөнгө зарцуулсан байна.

Тиймээс Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.1.3-т заасан “Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх” гэснийг цаашид анхаарч үзэх хэрэгтэй болж байгаа юм. Анхаарч үзэж арга хэмжээ авахгүй бол ой тэмдэглэхэд ард иргэдээс 278 сая төгрөгийн хандив авч тэмдэглэсэн байх жишээтэйҮүнийг төр анхаарахгүй бол Засаг дарга нар хандивын мөнгөөр туйлж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Хандив тусламж төсөвийн мөнгөөр засаг дарга нар гараа угааж ард иргэднь өлөн зэлмүүн ядуу тарчиг 27жил явжээ.
2017/11/11 66.181.181.88