8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Дэлгэрмөрөн: Зуун зуунаар тасарсан Монголын их аварга зодог шуудгаараа хурайлна

Сэтгүүлч Б.Анхтуяа
2017-11-10 10:43:00


Монголын рок поп урлагийн салбарт өөрийн өнгө төрх, орон зайг Номин Талст хамтлагаас эхлэн бий болгож, бие даасан уран бүтээлээ тасралтгүй туурвиж буй Морин хуур наадмын Гран При шагналт, Пентатоник наадмын шагналт, Алтан микрофон наадмын шилдэг эрэгтэй дуучин МУСТА Т. Дэлгэрмөрөн НАЯН БУЛГИЙН АЯЛГУУ тоглолтоо энэ сарын 17-ны өдөр МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨ-нд эрхэм үзэгч таньд өргөн барих гэж байгаа билээ. Бид НАЯН БУЛГИЙН АЯЛГУУ тоглолтын талаар дуучин Т.Дэлгэрмөрөнтэй ярилцлаа.

-Номин талст хамтлаг 2007 онд 10 жилийн ойн тоглолтоо 11 сард хийж байсан. Түүнээс хойш 10 жилийн дараа та тоглолтоо хийх гэж байна. Ямар хэмжээний дуучин болсон гэдгээ тайлангаж, ард түмнээрээ дүн тавиулах гэж байна. Олон жил хүлээлт үүсгэсэн тоглолтын бэлтгэл ажил хангагдсан уу?

-Хүн байх хугацааныхаа 20 жилийн хугацааг би монголын эстрад урлагт үлдээсэн. Энэ дотроо би  10 жил өөрийнхөө уран бүтээлийг  хав дарсан. Өнөөдөр үг үсгийн алдаагүй Т. Дэлгэрмөрөнгийн дуулсан “Тэнгэрийн бүсгүй” дууг ард түмэн мэддэг болсон. Энэ бол миний хөдөлмөрийн үнэ цэнэ. Монгол эх орондоо үлдээж байгаа миний амьдралын оршихуй. Үүнийг би 10 жил хав дарахдаа хүсэлт хүлээлтийг бий болгож хав дарсан. “Тэнгэрийн бүсгүй”, “Наян булаг” дууг дуулчихаад 1 жилийн дараа тоглолт хийсэн бол өнөөдрийнх шиг хүлээлт үүсэхгүй байсан. Үүний цаана нэр төр, цаг хугацаа, хөдөлмөр явж байгаа. Ийм гоё тоглолт үзэгч олныг байлдаг дагуулдаг. Ийм тоглолт сэтгэлд мөнхөрдөг. Энэ тоглолт гоё болсон гэсэн яриа үлгэр домог шиг яригддаг.

-Тоглолтын найруулга тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ. Ямар онцлогтой тоглолт болох вэ?

-Энэ тоглолт найруулга зүйн хувьд шинэчлэл байх болно. Үндэсний их урлагийг эстрад урлагтай нийлүүлж “Үлэмжийн чанар”, “Тэнгэрийн бүсгүй”, “Наян булаг” дуунуудыг мэргэжлийн бүжигчдийн дунд дуулна гэдэг бол язгуур болсон этник урсгал. Би өөрөө монгол поп хүн. Тоглолтын хоёр дугаар хэсэг бол надтай хамтарч уран бүтээл хийсэн хүмүүс ирж дуулна. Би урлагийн бүх төрөл жанраар дуулсан байдаг. Тоглолтын гуравдугаар хэсэгт бол Т.Дэлгэрмөрөн эстрад урлагийн дуучин. “Эргэж дуучин битгий хар”, “Найзлахын үед чи хэзээ ч” гээд л бүх дууг амьд хөгжимтэй дуулна. Энэ хэсэгт Баянмонгол жазз оркестр  орж ирж эстрад урлагийг ямар гал цогтой байдаг гэдгийг харуулна. Энэ бүхнийг холбож байгаа найруулга зүй шинэчлэгдэж байгаа.Дээрээс нь Т.Дэлгэрмөрөн ямар хэмжээний дуучин болж байгаа юм бэ гэдгээ тайлагнаж байгаа миний бие даасан хоёр дахь тоглолт. Энэ тоглолтын дараагаас би эстрад дуунуудаа дуулж эхэлнэ. Монголын анхны “boy band”-уудын дотроос хамгийн анх соло цомог гаргаж, хамгийн анх дээл өмсөж дуулсан. Тэр дуунууд бол “Тэнгэрийн бүсгүй”, “Үүлэнд тээсэн үлгэр”, “Наян булаг”, “Уянга цагаан хуруу”. Үүнийг өнөөдөр хэн ч үгүйсгэж чадахгүй.

Дуучин хүн гэж хэнийг хэлдэг юм бэ. Ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг хэлнэ. Анх би дуулдаг байхдаа хүн дуулж үзүүлдэг байсан. Их маяг ихтэй байжээ. Харин одоо бол би дууг дуулж өгдөг болсон. Дуулж өгнө гэдэг бол үлгэр ярихтай ижилхэн. Энэ бүхэнд цаг хугацаа их орно. Гэхдээ би өнөөдөр дуучин гэж зарлуулж байгаа ч гэсэн “дуучин” гэж болж чадсан уу гэдгээ мэдэхгүй л байгаа.

Энэ тоглолт бол ашгийн бус. Энэ тоглолтонд дор цугларах хайр хишиг бол дандаа уран бүтээлчдэд л очно. Монгол бөхийн өргөөний түрээс, тайз гэрэл засал, найруулга, хөгжимчид гээд маш их орж байгаа. Хамгийн гол энэ өдөр охин бид хоёрын мэндэлсэн өдөр. Энэ баяр жаргал, зовлонгоо ард түмэнтэйгээ хуваалцмаар байна. Миний бодож байгаа нэг зүйл бол энэ бол тэнгэрээс ирж байгаа бэлэг. Миний эхнэр   тэнгэрт халихаасаа өмнө надаас “Нохой аваад өгөөч” гэж гуйсан . Тэгээд жаахан гөлөг аваачаад өгөхөд “Анады” гэж нэрлэж байлаа. Анады гэж “Үнэнч нөхөр” гэсэн утгатай санскрит үг. Арван жил хүлээсэн миний энэ тоглолтыг “Анады” гэж компани зохион байгуулж байна. Тэгэхээр энэ бол тэнгэрээс ирж байгаа гайхамшигтай бэлэг. Үүнийгээ би ард түмнийхээ дунд сэтгэлийн тэнхээгээр хийнэ.  Охин маань ч гайхамшигтай зүйлийг бэлдэж байгаа.

Тоглолтын нэг онцлог бол Ардын жүжигчид өөрсдийнхөө монологоор холбоно. Монгол бөхийн өргөөг монгол гэр болгоно. Магад зуун зуунаар тасарсан монголын их аварга зодог шуудгаараа хурайлана. Энэ л миний тоглолтын онцлог. Т.Дэлгэрмөрөн бол толгойдоо соёмботой ганц хүн. Өв соёл үндэсний үзэл гэж юу байдагийг харуулах гэж энэ хорвоо дээр амьдарсаныхаа тайлалыг хийж байна.

Тэр тэнгэрээс ээжийгээ буулгаж ирж тоглоно

-Таны тоглолтонд олон уран бүтээлчид оролцоно. Мөн Т.Зөөлөнсий охин оролцох юм байна. Таны охин талийгаач ээждээ зориулж нэг дуу зохиосон гэж сонсож байсан. Тэр дуугаа дуулах уу. Тэр дууны талаар ярьж өгч болох уу

-Тэр дуугаа дуулна. Би хүүхдээ ер нь тоогоогүй л дээ. Манай охин хөгжим бүжгийн сургуулийн утсан хөгжим урлагийн чиглэлээр суралцдаг учраас охиноо дуу зохионо чинээ төсөөлөөгүй. Гэтэл аав намайг ерөөсөө тоохгүй байна гээд гомдоллоод байхаар нь сонссон чинь дуу зохиосон байсан. 6 настай охиноосоо ийм үг гарна гэж бодоогүй. Тэр ингэж хэлсэн.

“Гэрэлтсэн асах нарны хажууд хөх сар байдаг

Гэгээнтэн бурхадын хайрын сургаальд амьдрал байдаг

Хязгааргүй огт оргүй хэмжээлшгүй хэн ч даахгүй

Ийм л хайрыг бурхан бидэнд өгчээ” гээд л хэлчихсэн юм даа.

Би 20 жил урлагт байхдаа ийм үгийн сонголтоор ингээд хэлчихэж чадаагүй л юм даа. Тэгэхээр миний урлагийн удмын сан цаашаа лавтай гүн үргэлжлэх юм байна даа гэж бодсон. Сэвжидийн Сүхбаатарын Амармандах гэдэг шиг үргэлжилнэ. Миний охин тайзан дээр “Хунгийн дууль”-ийг тоглох гэж байна. Өглөө оройгүй бэлдэж байна. Тэр тэнгэрээс ээжийгээ буулгаж ирж тоглох юм гэсэн. Тэнд харин би эр хүний ноён нуруу хаана хугардаг бол гэдгийг үзүүлнэ дээ. Энэ бол миний 20 жил зүтгэсэн 10 хүлээсэн ханасан тоглолт. Магадгүй миний олон олон тоглолтуудын хамгийн цогц цоморлиг болсон тоглолт байх аа.

-Та энэ 20 жилийн хугацаанд олон ч хүнтэй хамтарч дууллаа. Зохиолын дуучидтай ч хамтарч дууллаа. Харин хамгийн анх МУГЖ Т.Ариунаатай хамтарч дуулсан байдаг. Тухайн үедээ таныг Т.Ариунаа гавъяатад нэлээд загнуулж гологдож байсан гэж сонссон?

-Би Номин талст хамтлагийнхаа баритон хоолойтой дуучин. Манай Хаянаа, Сүхээ хоёр тонер хоолойтой. Хангэрэл бол базз хоолойтой. Нарийн бүдүүн хоёр хоолойг холбогч бол   баритон хоолой байхгүй юу. Тэгэхээр би бол бүх юмыг холбож өгдөг хүн. Дээшээ орилж болохгүй, доошоо дугарч болохгүй. Дундыг баримталж дуучдыг тодотгож өгдөг хоолой. Энүүгээр бол би дуулаад ч байгаа юм шиг, дуулахгүй зогсоод ч байгаа юм шиг ийм л хүн байсан л даа. Тэгээд Т.Ариунаа эгчтэйгээ “Шөнө дундын бүжиг” гэдэг дууг дуулах санал хүлээж аваад дуулсан. Дуулах гэсэн чинь би үнэхээр гологдсон. Т.Дэлгэрмөрөн чи дуулахгүй байна, чамаас зөвхөн сэтгэл гараад байна гэж хэлсэн. Тэр үед маш их ичсэн, уур хүрсэн. Тэгээд л би орилж эхэлсэн. Тэгэхэд л би шинэ хоолойтой юм байна гэдгээ олж авсан юм даа. Энийг Т.Ариунаа эгч надад олж өгсөн юм. Тэгээд би “Чиний.......” /дуулж үзүүлэв/ гэдэг энэ хоолойг олж авсан байхгүй юу. Одоо бол дугарч чаддаг болсон. Энэ гайхамшигтай зүйлийг Болгарын хөгжмийн их  сургуулийг төгсөөд ирсэн НҮБ-ийн элч дуучин  МУГЖ Т.Ариунаа надад ойлгуулж өгч байлаа. Тэр цагаас хойш өнөөдөр МУАЖ Т.Долгор, Харангын Лхагваа ахаасаа зөндөө их зүйл сурсан. Одоо би дуучин болох гэж байна уу даа л гэж боддог. Харангын Лхагвасүрэн бид хоёрын дунд санал асуулга явуулахад намайг хол хаяна.

Би гуйж ороогүй гуядаж орж ирсэн

-Таныг анх Номин талст хамтлаг орох гэж байхад тэнцээгүй гэсэн хариу авч байсан гэж сонссон. Тухайн үед хамтлагийн гишүүн  Хаянаа миний найз орохгүй бол би ч гэсэн орохгүй гэж хэлээд л таныг хамтлагч авч байсан гэж сонссон?

-Энэ бүхэн үнэн.  Бас л Т.Ариунаа эгчтэй холбоотой. Болгарын хөгжмийн их сургуулийг төгсөөд ирсэн Т.Ариунаа анх “Эрос номер 1” гэж нэрлээд тоглолт хийж байсан. Тэр тоглолтын ард талд Хаянаа бид хоёр бакалист хийж байсан. Халаалтанд “Номин талст” хамтлаг гардаг байсан.  Тоглолтын дараа бид нар уулзалдсан л даа. Тэгээд “Номин талст” хамтлаг намайг би Хаянааг авах санал тавьж байсан. Тэр үйл явдалын дараа анхны монголын сонгуулийн мөнгөний ажил эхэлсэн. Тэгэхэд “Номин талст”-ынхан Хаянааг орхиод хөдөө орон нутаг руу явчихсан. Хөдөө орон нутгаас эргээд ирэхэд нь бид хоёр буцаад нийлчихсэн байсан. Тэгэхэд Хаянаа хүн чанар гаргасан. Дээгийтэйгээ орохгүй бол би орохгүй гэсэн ч юм уу.... мэдэхгүй. Ийм л үндэслэлээр би орсон. “Номин талст” хамтлагийнхан тухайн үед бүжиглэдэг, дуулдаг 16-уулаа байсан. Тэгээд On'n off продакшний найруулагч С.Ононбат 16 хүүхдээс бидэнд 4 хүүхэд л хэрэгтэй гэсэн шалгуур, шалгалт авсан. Мөн чанар, мөнчигрөөрөө өрсөлдөж өнөөдрийн дөрөв “Номин талст” хамтлагийг үргэлжлүүлж авч явсан түүхтэй. Монголчуудыг байлдан дагуулж байсан “Номин талст” хамтлагийн 25 хувийг баталгаатай эзэмшигч нь би. Би гуйж ороогүй гуядаж орж ирсэн.

Одоо бол “Номин талст” хамтлагийгаа маш гоё өнгөтэй барилга гэж төсөөлдөг. Тэр барилга бат суурь хундаамтай байх ёстой. Тэр суурь нь Хангэрэл. Харахад даруухан, намуухан ч гэсэн маш сууртай. Тэр өнгөт гоё барилга нь бол Батсүх. Тэр дотор байгаа чанартай тавлига бол Хаянхярваа. Тэр барилга дотор хүн амьдардаг. Тэр нь би.

-Энэ жил Номин талст хамтлагийн 20 жилийн ой тохиож байна. “Наян булгийн аялгуу” тоглолт дээр хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулах уу. Хамтлагийн ой тохиож байна. Ойн дээрээ хамтдаа дуулах болов уу гэсэн хүлээлт байна?

-Би тэднийгээ гэр бүлтэй нь  урих ёстой. “Номин талст” хамтлагийн 20 жилийн ой ш дээ. Би найзуудыгаа дуул гэж шаардаж чадахгүй. Надад ийм эрх байхгүй. Гэхдээ бид саналаа солилцоно. Нэр төрөө бодох хэрэгтэй байх гэж бодож байна. Янз янзын юм амлаж чадахгүй. Гэхдээ тэр бодол дотор нэг тийм гоё юм яваад байна. Магадгүй энэ тоглолтыг “Дурлаж бичсэн шүлэг” дуугаар дуусгачихвал хамтлагийн 20 жил ч харагдана. “Номин талст”-аас үүссэн Т.Дэлгэрмөрөн ч цэцэглэж харагдана.Тэгээсэй гэж хүсэж байна.

-Та чинь Рок попын дуучин. Мөн хип хоп, сонгодог, зохиолын төрлөөр ч дууллаа. Энэ олон төрлөөс яг аль дуу нь Т.Дэлгэрмөрөн гэж хүнийг илэрхийлсэн, дөхөж очсон гэж хэлэх вэ?

-Би олон дууныхаа аль нэгийг нь сонгож хэлмээргүй байна. Ер нь бол би уран бүтээл хийгээд монголоо нэг, дэлхийг нэг тойрсон. Энэ хугацаанд би дуучин хүн гэж хэн юм бэ гэдгийг л би хайж явсан. Дуучин гэж ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг л хэлнэ. Түүнээс биш Улаанбаатараас гарч үзээгүй хүнийг дуучин гэж хэлэхэд хэцүү. Дууг бол дуулж үзүүлэх биш дуулж өгөх ёстой. Миний зүрх сэтгэлээсээ дуулсан дуу хүний зүрх сэтгэлд л  тамгалагдаж чадаж байвал миний хийсэн хөдөлмөр юм байна гэж цэгнэнэ.Би эхнэрийнхээ төрхийг нүдээрээ харсан. Тэрийг харсан хүн хамгийн түрүүн ээжийгээ л боддог юм байна лээ. Захгүй тэнгэр шиг нэртэй ижий гэдэг хүний тухай бодсон эр хүн бол эхнэрээ төрхийг харсанаараа “Тэнгэрийн бүсгүй” дууг амилуулсан. Түүнээс биш энэ дууг олон хүн дуулсан.

-2008 онд та тоглолтоо хийж байсан. Түүнээс хойш 9 жилийн дараа тоглолтоо хийх гэж байна. Энэ хугацаанд та хүнд хэцүү цаг хугацааг ч тууллаа.

-Хүн бол амьдарч байх цаг хугацаандаа амьдарч байх цаг хугацаанд жаргал зовлонг туулдаг л юм байна. Гэхдээ ганцаараа би туулаагүй. Энэ бүхэн намайг сэрээсэн. Ер нь бол ах нь үнэнд гүйцэгдсэн. Үнэнд гүйцэгдэнэ гэдэг маш хэцүү. Зөвхөн үнэнд гүйцэгдсэн хүн үнэнг л олж харна. Олж харсан үнэн бол ээжийгээ хайрлах мэт үнэн байсан. Үүнийг л энэ тоглолтонд харуулна. Тэр үед ашиг орлого нэр алдарын төлөө явж байсан тоглолт, өнөөдөр зүрх сэтгэлийн тайтгарал орчлон хорвоо амьдын заяаг ухаарсан тоглолт болно. 

-Та хэдэн сарын өмнө гурван дуучин охины тоглолтыг зохион байгуулж байсан.  Тэр гурван охин уран бүтээлээ хийж байгаа юу. Олон сайхан авъяаслаг залуус сайн менежергүйн улмаас шантрах урлагаа орхих нь их байна л даа?

 -Улсын чанартай тэмцээн уралдаан дээрээс гарч ирсэн энэ хүүхдүүд менежер зохион байгуулалтгүй улмаас буцдаг шантардаг. Энэ амьдралыг тойроогүй дайраад гарсан хүний хувьд гараас нь бугуйнаас бариад хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганад хүргэе гэсэн хүн чанар л байна. Би тэр гурван охиныг “Номин талст”-ын замаар явуулж байгаа.Манай хамтлаг шууд “Гэрэл сүүдэр”, “Эргэж битгий хар” дууг дуулаад гарч ирээгүй юм. “Номин талст” бол “Сэтгэлд мөнхөрсөн ижий” гэдэг дуугаар олонд танигдаж байсан. Яг л энэ замаар явуулж байгаа. Магадгүй ирээдүйд “Номин талст” хамтлагийн эмэгтэй хувилбар. Би ингэж харж байгаа. Тэр охидууд цаанаасаа төрсөн авъяаслаг охидууд. Миний тоглолтонд тэр охидууд гэнэтийн бэлэг барьж орно.

-Та тоглолтын найруулга, гэрэл техникийн асуудалд хэр их оролцож байна. Манай ихэнхи дуучид тоглолтоо бараг өөрөө зохион байгуулж харагддаг. Харин та хэр оролцож байна?

-Бүх тоглолтыг зохион байгуулагчид хийж байгаа. Би бол хошуу нэмж байгаа. Ер нь бол дуучин хүн дуу хоолойгоо хайрлах ёстой. Тэр тайзан дээр хэдий чинээ гоё сонсголтой дугарч чадна төдий чинээ хүмүүст гоё сонсогдоно. Бусад зүйлийг зохион байгуулагчид хийх үүрэгтэй. Олон зүйлд санаа зовоод юм юм руу ороод байхаар сүүлдээ дуучин өөрөө ядардаг. Тэгээд тоглолт болохоор хоолой нь сөөдөг. Одоо бол би бага ярьж их унтана.

-Танд баярлалаа. Амжилт хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
Exneriigee uheed 2 dolooch honoogui bhad GALT SHUVUU gedeg fb tei huuhend durlaad uilj guigaad suid bolson gee bij dee tegej baij naiz zaluuud n zoduulj baij neg hand n daragdsan gee bij dee
2017/11/11 174.102.210.34
jjfd
Exneriigee uheed 2 dolooch honoogui bhad GALT SHUVUU gedeg fb tei huuhend durlaad uilj guigaad suid bolson gee bij dee tegej baij naiz zaluuud n zoduulj baij neg hand n daragdsan gee bij dee
2017/11/11 174.102.210.34
хаянаа
Өөрийгөө арай дөвийлгээд бгам бишүү. Юун 20 жилийн хөдөлмөр үхсээ баас. Эхнэр нь өнгөрөхөөр юм ойлгосон лаг сдаа болчдымуу. Хэдэн цомог гаргачаад юу бүтээсэн юм. Мэдэхгүй юм байна.
2017/11/11 49.0.212.168
dd
mundag yumaa Deegii, setgeliin tenheetei bna, amjilt husey
2017/11/10 139.5.219.37
ссс
охин ямар агуу бэ
2017/11/10 139.5.219.37
дээгий
гайхалтай
2017/11/10 139.5.219.37