8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: “Чингис хаан” одонгоор Н.Түвшинбаярыг шагнахаар болсоныг албан ёсоор зарлаж, Харумафүжи башёг орхилоо

2017-11-15 18:40:00

Өвлийн тэргүүн сарын шинийн 1  буюу Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тун удахгүй тохиох гэж байна. Энэ өдрийг угтан Монгол Улсын төрийн дээд шагнал болох “Чингис хаан” одонг хүртээдэг уламжлалтай.Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 10 хүнийг шагнажээ. Харин энэ жилийн Чингис хаан” одонгоор Монголчуудын бахархал болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаярыг шагнахаар болсоныг албан ёсоор зарлалаа. Н.Түвшинбаяр 2006 оноос улсын шигшээд багтаж олон улсын тэмцээнд 100 кг жинд барилддаг болсон. 2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгө, 2008 онд Чэжүд болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Намар нь болсон олимпийн наадaмд таван учраагаа дийлж Монгол улсын түүхэнд анхны алтан медалийг авчирч байсан түүхтэй.  Ингэхдээ Японы Сүзүкиг давхар хамж цэвэр, Германы Берлаг юүко үнэлгээгээр, Өмнө Солонгосын Чанг коока үнэлгээгээр, Азербайжаны Миралиевийг цаг сунгаж юүкогоор, эцэстээ Казаxын Житкеевийг ваза-аригаар хожжээ. 2012 оны олимпод дөрөв ялж, Оросын Тагир Хайбулаевтай үлдээд мөнгөн медаль хүртэж олимпийн хос медальтан болж дэлхийд нэрээ дуурсгасан тамирчин билээ. Ийм сайхан гэгээлэг мэдээгээр өнөөдрийн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Б.Хурц: Хойд Солонгост Л.Болд гишүүнээс болж хоёр хүн цаазлуулсан

УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцыг БНСАУ-д Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.

-УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Солонгосын хойг олон улсын анхаарлын төвд байгаа. Бүс нутгийнхаа нөхцөл байдлыг нэр дэвшигч юу гэж үзэж байна. БНСУ-д манай иргэд олноор байгаа. Тэдний асуудлыг хэрхэн шийдэх гэж байна.

Нэр дэвшигч Б.Хурц:

-Солонгост  манай 40-өөд мянган иргэд байна. Тэдний аюулгүй байдал тусгай чиг үүргээр хангагдана гэж ойлгож байна.

-УИХ-ын гишүүн Л.Болд: 

- Ц.Нямдорж та хоёр ноцтой баримтууд нэгнийхээ өмнөөс шидсэн. Энэ бодитой юу. Надтай хамт ажиллаж байсан хоёр ТНБД-ын дарга шалгагдаж байгаад амиа алдсан. Хохирлыг нь нөхөн төлсөн ч хэн ч ар гэрээс нь уучлал гуйгаагүй. Хөл нь өвдөж байгаа өвчтэй хүнийг хоёр давхрын шат өөд чирж гулдарч аваачаад, тагнуулынхан байцаалт авсан. Маш хүнлэг биш үйлдэл. 

-Нэр дэвшигч  Б.Хурц: 

Л.Болд гишүүн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгосоос зэвсэг авах асуудал яригдсан. АТГ ч шалгаж байсан. Хойт Солонгост танаас болж хоёр хүн хүн цаазлуулсан. Та шударга хүн мөн үү. Би цааш нь ярих уу. Би хариулчих юм уу, гишүүд ээ айн?. Манай мөрдөн шалгах хэлтэс нэг давхарт ажилладаг. Тэдгээр залуусаа би одоо ч өмгөөлнө. Хэт хувийн зүйл ярьсанд уучлаарай. Та Хойд Солонгост 300 мянган ам.доллар төлөх естой шүү. Л.Болд БХ-ын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан.  хэмээн хэллээ. 

-УИХ-ын гишүүн Л.Болд:

-“Улаан цайм ингэж гүтгэдэг байхгүй юу. Надад ийм зүйл байхгүй гэдгийг тогтоочихсон учраас би энд сууж байна. Харин одоо сая хэлсэн үгээр чинь хууль, шүүхийн байгууллагаар явна шүү” хэмээн хэллээ. 

“С.Зоригийн хэргийн захиалагчийг 14 хоногийн дараа зарлана”

УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцыг БНСАУ-д Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.  Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Байнгын хорооны гишүүд горимын санал гаргаж, асуудлыг хэлэлцэх эсэхээ шийдвэрлэх ёстой. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэлдээ С.Зоригийн хэргийн захиалагчийг 14 хоногийн дараа зарлана гэх утгатай зүйл ярьсан байна. Энэ хэргийн захиалагчийг зарлах гэж байгаа талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн яаж мэдэж, хэлж байна вэ.  Хэрэв захиалагчийг зарлах гэж байгаа бол Хууль зүй, дотоод хэргийн сайд, ТЕГ-ын дарга нар бодит мэдээллийг өгөх ёстой” гэв.

Солонгос дахь монголчуудыг сэрэмжтэй байхыг анхаарууллаа

БНСУ-ын Умард Кёнсан мужийн Пухан хотын ойролцоо өнөөдөр 14.29 цагт 5.4 балл, 16.49 цагт 4.6 баллын газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт Сөүл хотын төв орчимд мэдрэгдсэн байна.БНСУ-д манай улсын нийт 38 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд Пухан хот орчим албан ёсны бүртгэлтэй 84 монгол иргэн амьдардаг байна. Монгол иргэн газар хөдлөлтөд өртсөн тухай мэдээлэл одоогоор байхгүй талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгджээ.Иймд Гадаад харилцааны яамны зүгээс Солонгост байгаа монгол иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг зөвлөж байна.

Сэлэм эргүүлж танхайрсан С.Бямбацогт хар тамхины хэргээр өчигдөр саатуулагджээ

Өнгөрсөн шөнө цагдаагийн албан хаагчид БЗД-ийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэж байсан залуусыг баривчилсан байна. Хар тамхи хэрэглэсэн таван залууг саатуулан шалгаж эхэлсэн байна. Хар тамхи хэрэглэсэн залуус дунд өнгөрсөн долоо хоногт олон нийтийн газар сэлэм эргүүлж танхайрсан  дуулианы эзэн С.Бямбацогт байсан аж.

Автотээврийн үндэсний төвийн дарга нарыг баривчилжээ

Автотээврийн үндэсний төвийн нэр бүхий хоёр  албан тушаалтнуудыг АТГ-аас өчигдөр баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. АТГ энэ талаар “Прокурорын зөвшөөрөлгүй ямар ч мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өглөө. Тэднийг ямар хэрэгт холбогдуулан баривчилсан нь тодорхойгүй байгаа юм.

Өрхийн сарын дундаж орлого 929.4 мянган төгрөг болж өслөө

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны  гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 929.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 76.1 (8.9%) мянган төгрөгөөр өслөө. Сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 45.5 (9.5%) мянган төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 12.4 (7.5%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2017 оны 3 дугаар улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 93.2 (10.1%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 69.6 (10.0%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Антибиотикийг хэрэглэхдээ дараах зарчмыг баримтална

Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе- дэлхийн 7 хоног өчигдөр эхэлсэн. 

Антибиотикийг хэрэглэхдээ дараах зарчмыг баримтална

  • Антибиотикийг хэрэглэхийн өмнө та өөрт тохирох антибиотикийг зөв сонгоход эмчид туслахын тулд “антибиотикийн мэдрэг чанар”-ыг үзүүлсэн байх шаардлагатай. Жоронд бичсэн антибиотикийг эмчийн заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хоногийн турш гүйцэд хэрэглэх шаардлагатай.
  • Антибиотикийг хэрэглэж эхэлсний дараа хэдийгээр халуурах болон халдварын бусад шинжүүд арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийн турш үргэлжлүүлэн хэрэглээрэй
  • Антибиотик хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах зэрэг харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож эмчдээ даруй мэдэгдэх нь зүйтэй.
  • Үүнээс гадна энэ антибиотикийг дахин хэзээ ч хэрэглэж болохгүй. Учир нь энэ антибиотик таньд таарахгүй байна гэсэн үг бөгөөд эмнэлгийн тусламж яаралтай авахгүй бол амь насаа ч алдах аюултай.
  • Зарим антибиотик сонсгол, харааны мэдрэл гэмтээх, элэг, бөөр хордуулах болон ургийн гаж хөгжил үүсгэх зэрэг хортой нөлөө үзүүлдэг тул ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
  • Жишээлбэл, гентамицин сонсголын мэдрэлийг гэмтээхээс гадна бөөрөнд хортой нөлөө үзүүлнэ. Ципрофлоксацин эхийн сүүгээр дамжин хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг тул хөхүүл эхэд хэрэглэхийг хориглодог
  • Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмчийн жор болон эмийн заавраас харж зөв хэрэглэх хэрэгтэй.

Дутуу баригдсан барилга дотор амиа алдсан хүүгийн үхлийн шалтгааныг тогтоожээ

Дорно-говь аймгийн Замын-Үүд сумын сурагч Д.Сэржмядаг гэх охин сураггүй алга болоод 13 хонож байна. Тус охиныг эрэн хайх үйл ажиллагааг орон даяар үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн сураг гараагүй байна. Хэд хоногийн өмнө цагдаагийн байгууллага тус охиныг хайж байх явцдаа   Замын-Үүд сумын  “Төмөр замын гудамж” гэх газрын орчмоос 13 настай эрэгтэй хүүхдийн цогцос олдсон талаар бид мэдээлсэн.   Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний эмнэлэг талийгаачид цогцост задлан хийж, үхлийн шалтгааныг тогтоожээ. Урьдчилсан байдлаар, талийгаач нь “газ” үнэртэж, мансууран амиа алдсан нь тогтоогдсон байна.

Зодооны хэргээсээ болж Харумафүжи башёг орхилоо

Харумафүжи Д.Бямбадорж Фүкүока хотноо болж буй кюүшюү башёг орхилоо. Эхний хоёр өдөр дараалан ялагдал хүлээсэн аварга Харумафүжи аварга өчигдрөөс дэвжээнд гаралгүй, башёг өнжих шийдвэр гаргасан байна. Улмаар Сүмогийн холбоонд башёг өнжих хүсэлт гаргасныг нь холбоо хүлээн авчээ. Башёг өнжих шийдвэр гаргасан нь нутгийн бөх Таканоива А.Баасандоржтой маргалдаж, түүнийг бэртээсэнтэй холбоотой. Энэ башёд маэгаширагийн наймд эрэмбэлэгдэж буй Таканоива А.Баасандорж Харумафүжид зодуулснаар тархи нь доргиж, гавлын яс цуурсан оноштойгоор эмчлүүлж байгаа аж.

REUTERS: Монголын хил дамнасан ноцтой аюул заналхийлэл

REUTERS  агентлаг Монгол-Хятадын хил рүү чиглэсэн ачааны машины урт дарааллыг сурвалжилжээ.Нүүрс тээвэрлэсэн мянга мянган ачааны машины цуваа 30 орчим километр үргэлжилсэн дараалал үүсгэж, 7-10 хоног хүлээдэг болохыг уг видео дүрсэнд харуулсан байна. Тус сурвалжлагад Монголоос нүүрс ачсан том машинууд зарим хориотой барааг хилээр гаргах гэж оролдсон нь Хятадын хилийнхнийг хяналтаа чангатгах шалтгаан болсон талаар бичсэн байна. Энэ асуудлыг шийдэх гарц нь төмөр зам боловч санхүүжилтийн асуудлаас болоод төсөл нь зогссоныг тайлбарласан байна.

Аугаа уудам Монголын говь нутагт урд хөрш БНХАУ руу нүүрс гаргах гэж байгаа хүнд оврын машины цуваа нэг хором ч тасрахгүй үргэлжилсээр байна. Энэ цуваа 30 орчим километр үргэлжлэх бөгөөд энэ ачиж яваа нүүрс нь Монголын нутаг дэвсгэр дээрээс олборлосон нүүрсийг гадагш нь экспортод гаргахаар яваа машины цуваа юм. Энэ цуваа өдөр шөнийг аль ч цагт тасралтгүй үргэлжилж байна. Тэд нүүрсээ ачиж, хонон өнжин оочерлож явсаар хамгийн сүүлийн зогсоол буюу Хятад улсад очно. Нүүрс ачиж яваа машины жолооч нар хамгийн хүнд хэцүү нөхцөл байдалд ажиллаж байна. Жолооч нарын амьдрал машиныхаа кабинд өнгөрч, тоос шороо ихтэй бохир орчинд хонон өнжин явж байна. Эдгээр байдлыг таслан зогсоох ажил  Монголын төр засгаас тодорхой ажил хийгээгүй байгаа бөгөөд энэ цуваа цаашид ч үргэлжилсээр байна. Тодруулбал,  Монгол улс нь түүхий нүүрсний олборлолтоороо бүс нутагтаа тэргүүлдэг хэдий ч харамсалтай нь нүүрсээ гадагш нь экспортлох тал дээр анхаарч ажиллахгүй байна. Энэ байдал нь Монголын хил дамнасан ноцтой аюул заналхийлэл болж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
jenko
Odoo judogoos oor shagnal avax xun bval xurdan avaa. Jenkog ajiliig ni xiilgemeer bnaa
2017/11/16 202.9.43.140