Монголчууд хахир хатуу өвлийг өнтөй давсаны баяр хэмээн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний билигт сайн өдөр айл гэр, хотол олноороо, амар мэндээ, мэндэлцэн, эцэг эх, ахан дүүсээ хүндэтгэн хүүхэд багачуудаа баярлуулж элбэг, дэлбэг сар шинийн баяраа угтдаг уламжлалтай билээ. Тун удахгүй 17-р жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жил гарах гэж байна. Айл өрх бүр сар шинийн бэлтгэл ажлаа базааж боов боорцог, буузаа хийж байгаа бизээ. Энэ их сар шинийн бэлтгэл ажлын үеэр сэтгүүлч миний бие Гандантэгчэнлин хийдийг зорьж сар шинийн хэвийн боов, боорцогийг хэрхэн хийдэг талаар сонирхож очлоо. Гандантэгчэнлин хийдийн ойр хавиас хамар цоргин үнэртэх тосны үнэр цаанаа л содон. Гандангийн гал тогоо нь яг хаана байдгийг үл мэдэн зогстол данхтай цай барьсан ламтай тааралдаж, олж очив. Гандан хийдийн төв хаалганы баруун талд Гандангийн гал тогоо байдаг ажээ. Гал тогоо руу ороход маш том том тогоон дотор хоол цай буцлаж уур савсана. Хажуу өрөөнд хэдэн лам нар дэмбээ нухаж цаад өрөөнд хоёр лам боорцог чанаж байлаа. Хэрэг зорилгоо хэлээд цаад өрөөнд ортол настайвтар ах “За хүү минь юу гэж явна” нааш ир гэлээ. Тэр хүн маань уулзахыг хүссэн Ядамсүрэнгуай байлаа. “За даа Цагаан сар дөхөхөөр энэ хавиар телевиз, сонингийнхон их ирдэг юм" гээд маргааш өглөө уулзахаар болов. Товлосон цагтаа ирлээ. Ядамсүрэн ах байхгүй байв. Хаачсан тухай лавлахад “Ирэхээр нь хүлээлгэж байгаарай" гэсэн гэлээ. Тэгтэл ширээн дээр мах эвдэж байсан лам “Та нааш хүрээд ирдээ. Ядамсүрэн ахыг иртэл надад туслаад энэ махыг хэрчээд өгөөч” гэв. Би ч зөвшөөрч, мах хэрчих зуураа Цэвээнбал ламаас Ядамсүрэн ахын тухай асууж, гал тогооны талаар жаал ярилцан юм.
-Та гандангийн гал тогоонд голчлон юу хийдэг хүн бэ?
- Бурханы урд тавьдаг балин хийдэг. Балинг усаар бус шар тосоор зуурч бэлэн болсон балингаа адисладаг. Адисласан балингаа бурхандаа тавих нь өдөр бүр зоог барьж байгаа утгыг илэрхийлдэг юм. Бэлтгэж буй балингаа чамин болгож чимэглэдэг. сайн сайхан идээ өргөж байна гэсэн утгатай.
- Бурхандаа өргөж тавьж байгаа балингаа хэдий хугацааны дараа солидог вэ?
- Ер нь хийдүүд бүгд адил нэг жил тавьдаг. Тосоор хийсэн болохоор муудна гэсэн асуудал байдаггүй. Бүтэн жил бурхан шүтээнээ тахисан балингаа нутаглаад арцтай хольж хүмүүст тараадаг.
- Их чамин гоёмсог харагддаг. Гарын ур их шаардаг байх даа?
- Тэгэлгүй яахав. Нэлээн гарын уртай хүн хийнэ шүү. Маш удаан буцалгасан тосоо янз бүрийн өнгөд оруулж чимэглэл хийдэг. Хонины дотор өөх бас орно. Чимэглэлийг тосоор хийдэг. Ер нь тун нарийн ур дvй шаарддаг.
- Нэг жил болоод сольдог гэнэ. Одоо солих гэж байгаа юмаа даа?
- Тийм ээ: Бид нар энэ жилийн бурхандаа өргөх балингаа 11 сараас хойш хийж эхэлсэн. Цагаан сараас өмнө хийж дуусах ёстой хийж байгаа.
- Бас хүмүүст тарааж өгдөг гэж байна. Энэ ямар учиртай вэ?
- Энэ хүндэтгэлтэй идээг бүтэн жил бурханд өргөсөн ч огт мууддаггүй. Хүмүүст тарааж өгсөнөөр өвчин зовлонд маш тус дэмтэй. Хүний бие дээр гарсан элдэв шархыг анагаадагаараа онцлогтой.
Ийнхүү Цэвээнбал лам бид хоёрыг хөөрөлдөж байх зуур гаднаас Ядамсүрэнгуай орж ирлээ. “За нөгөө хүлээлгэж байгаа хүүхдээр маань бас юм хийлгэж байнаа” гэж инээгээд “За хэр удаан хүлээв нааш ир. Энэ гал тогоон дотор их чимээтэй байна. Өөр өрөөнд орьё” гэсээр Ё. Ядамсүрэн ахтай ярилцсан юм.
- Таны өсч төрсөн нутгийн тухай яриагаар яриагаа эхлэх үү?
- Би Архангай аймгийн Өндөрсант сумын уугуул хүн. 1939 онд Сант сумын нутаг Найрын дэнж гэдэг газар эцэг Ёндонгийн дөрөв дэх хүү болон мэндэлсэн. Одоо нас сүүдэр 70 гарч явна. Ах нь нутгаасаа 1951 онд гарсан. Тухайн үед сум маань татан буугдсанаас Өвөрхангай аймгийн Хужирт сумын арван жилийн сургуульд сурч, 1961 онд төгссөн.
- Дараа нь Эдийн засгийн дээд сургуульд мэргэжил эзэмшиж, улмаар Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын хуваарь авсан ч Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэсэгт мөрдөн байцаагч, өмчийн ахлах төлөөлөгчөөр ажиллахаар болсон доо. Үүний дараагаар 1986 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газарт ирж өмчийн ахлах төлөөлөгчөөр ажилласан. Ийнхүү 20 гаруй жил улсад хөдөлмөрлөсний эцэст 1990 онд тэтгэвэртээ гарсан даа.
-Таны хувьд мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Яагаад гандангийн тогооч болохоор шийдсэн бэ?
- Би ч ер нь зүгээр сууж чаддаггүй хүн л дээ. Гэрийн мухар сахиж, зүгээр сууж чадалгүй болохоор Гандантэгчинлэн хийдэд ажилд орсон. Түүнээс хойш 25 дахь жилдээ энэ ариун газар ажиллаж байна. Ер нь тэтгэвэрт гарсан хөгшин өвгөнг хаана ч ажилд авахгүй шүү дээ. Тэгээд л гандан хийддээ анх манаачаар орж байлаа. Бас болоогүй ээ. Тухайн үед тогоочийн дамжаанд суучихсан байсан болохоор удалгүй гал тогоонд ажиллаж эхэлсэн. Манай аав лам хуварга хүн байсан гэдэг. Тэгээд л лам нарынхаа манзыг барьдаг хүн болсон.
- Манз гэж юу вэ лам нарын хоол цайг бэлтгэхийг хэлдэг юмуу?
- Тиймээ цай ундааг манз, идээ хоолыг цав гэдэг юм. Сайхан лам хуврагуудынхаа хоол цайг өглөө бүр хийж өгнө гэдэг их буянтай ажил шүү.
- Гандан хийдэд нийт хэдэн лам хуврагууд, хэдэн дацан байдаг вэ?
- Гандантэгчинлэн долоон дацан, хоёр дуган, шашны дунд сургууль, шашны их сургууль гээд нийтдээ бараг 1000 гаран лам нар бий. Хоёр туслах хүү, бэлтгэгч, нярав гээд 8 хүн лам хуврагуудаа манз, цав барьж байна даа. Гэхдээ ганданд өдөр бүр цав / хоол/ хийдэггүй. Манз л /цай/ таслахгүй байх үүрэгтэй. Харин хуралтай үед хурал хуруулж байгаа жандагууд /өглөгийн эзэн/ цавыг /хоол/ бэлтгэдэг. Тогоочийн ажил цаг наргүй шүү дээ. Ажил хэдийд ч дуусч болно. Тэр цагт л гэртээ харьдаг. Өглөө 06.00 цагт ажил дээрээ ирсэн байх ёстой.
- Энэ том тогоо хэдэн литрийн багтаамжтай вэ?
- Энэ таван тогоо 1903-1919 онд Өвөр Монголд хийсэн хүрэл тогоо. Одоо хүртэл хоол хийж байна. Хамгийн бага нь 110 литрийн багтаамжтай. Хамгийн том нь 600 литр, 140 литрийн тогоонууд байна. Мөн данх, шанага, тогоо гээд ихэнх хэрэгсэлүүд дээр үеийнх.
- Ийм их багтаамжтай тогоонд хоол цай хийхэд амт шимтийг нь тохируулахад хэцүү байдаг байх даа?
- Анх хоол цай хийж байхад дахин дахин амсаж үзээд л ямар амттай болсон бол гэж их санаа зовдог байсан. Одоо бол 20-иод жил энэ тогоонд хоол цай хийж байна. Давс бол атгаад хийхэд яг л таарсан байдаг. /инээв/
- Хоол цай хийхэд хэр хугацаа ордог вэ?
- Өмнө нь модоор гал түлдэг байхад их цаг ордог байсан. Нүүр, гар бөөн хөө болчихсон явдаг байлаа. Одоо газаар галалгаатай болохоор их амар болсон. Гэхдээ гал дээр хийдэг шиг хоол цайны амт гүйцэхгүй шүү.
-Танай хийдийн лам нар ямар хоолонд илүү дуртай вэ?
-Миний хийсэн хоол бүрийг амттай гэж магтана уу гэхээс голж орхисон удаагүй. Сайхан хоол болжээ гээд намайг хөөрөгөнө шүү. Лам нар маань ихэвчлэн лавшаа зооглох сонирхолтой. Харин ахмадууд цагаан хоол барих нь элбэг. Бид өглөөд брес буюу чихэртэй будаа ихэвчлэн өгдөг. Зарим хурлийн үеэр өдөр хоол идэхгүй байх ч тохиолдол бий.
-Та ер нь долоо хоногт хэдэн төрлийн цав барьдаг вэ?
-Зоогийн газрууд шиг олон төрлийн хоол хийгээд байдаггүй ээ. Ном хуруулж буй жандаг /өглөгийн эзэн/ ямар цав хий гэнэ, тэр тааллаар нь болгоно. Лам гэхээр голдуу цагаан хоол хүртдэг юм гэсэн ойлголт байдаг, тийм биш. Шинийн найман, арван таван, битүүнээс бусад өдөр "бор" хоол зооглож болдог. Сүү, цагаан идээ, гурил будаа, ногоо зэргээр сайхан хоол хийж болдог. Харин сонгино сармисыг зоогонд оруулж болдоггүй.
- Том тогоонд хоол хийж байгаад өөр газар хоол хийх үед ямар санагдаг вэ?
- Өдөр болгон том тогоонд хоол цай хийгээд байхаар жижиг тогоо гарахаар их эвгүй санагдаг шүү. Хутгаж холиход хүртэл нэг л эвгүй байдаг. /инээв/
- Таныг Гандан хийдийн тогооч гэхээс өөрөөр нэрлээд байна.
- Тийм ээ Гандан хийдийн “Зам” гэдэг. Түвдээр Зам-а гэдэг энэ тогооч гэсэн үг л дээ.
- Удахгүй цагаан сар болно. Сар шинийн идээ болох ул боов зэргийг гандан хийдийн лам нар өөрсдөө хийдэг?
- Тэгэлгүй яахав. Бид 11 сарын дундаас эхлээд цагаан сарынхаа хэвийн боов болон бусад бэлтгэл ажилдаа орсон. Бүх хийд, дуган, дацангуудадаа идээ засдаг. Мөн сүүлийн үед сүсэгтэнүүд манайд захиалга өгч хэвийн боовоо хийлгэдэг болсон. Тийм болохоор бид ид дундаа ажил өрнөж байна даа.
- Ер нь ойролцоогоор Гандан хийд хэдий хэр хэвийн боов хийдэг бол?
- Жилд 40тнн 100 гаруй мянган хэвийн боов хийнэ. Хааяа хүн хүчний хувьд хүрэлцэхгүй үе байна. Одоо бол 2 ээлжээр өдөрт 3 мянган хэвийн боов хийж байна. Манайх хэвийн боовоо багсараг /гол тос/-ыг сарлагын шар тос, элсэн чихэр, цэвэр өрөм, зэргээр зуурч ургамлын тосонд чанадаг.
- Хүмүүс тавгийн идээн дээрээ еэвэн тавьдаг. Еэвэн тавих нь монгол ёс заншил биш гэдгийг цөөнгүй хүмүүс ярьдаг. Мөн идээг хэдэн үеэр засах ёстой байдаг бол
- Монголчууд эрт дээр үеэс идээ будаагаа засаж ирсэн уламжлалтай. Еэвэнг идээний дээд талд тавих нь хятадаас гаралтай харин монголчууд дугуй хэвийн боов тавьдаг байсан байна. Манай гандан хийд энэ жилээс хуучин уламжлалыг сэргээж идээний дээд талд тавьдаг дугуй хэвийн боовыг хийж байгаа. Шинээр хэв хийлгэсэн сүсэгтэн олон еэвэнгээр бус дугуй хэвийн боовоор идээгээ засвал зохимжтой болов уу? Харин идээ засахын тухайд жаргал, зовлон хэмээн тоолж 3-аас дээш үеэр засдаг шинэхэн айл гэр болсон залуу хосууд гэлтгүй 30 хүртлэх настай айлын хувьд 3 үеэр засах нь зүйтэй. Харин 50-60 настай хүмүүс 5 үеэр, түүнээс дээш настай өндөр настай хүмүүс 80 үеэр, Төр ёсны их хүндэтгэлд 9 үеэр засдаг уламжлалтай.
- Танай энэ гал тогоо эзэн сахиус шүтээнтэй бололтой. Гал тогооны бурхан гэж байдаг уу?
- Өө байлгүй яахав одоо энэ өрөөнд байгаа “Баяннамсрай” сахиус чинь энэ гал тогооны эзэн байхгүй юу. Өглөөний цай хоолныхоо дээжийг сахиусандаа өргөчихөөд л дацангуудруугаа явуулна шүү дээ.
Ийнхүү бидэн хоёр хөөрөлдсөөр аль хэдийнээ үдийн 13 цаг болсон тул Ё.Ядамсүрэн ах маань “За тэгээд ярьвал их олон зүйл байна даа. Одоо манз барих цаг болж байна одоо ч ах чинь ажлаа орьё доо” гэснээр бидий яриа өндөрлөсөн юм.
Үнэхээр ч улс нийгэмдээ 50 гаруй жил ажиллаж хөдөлмөрлөхдөө хоёр байгуулагат ажиллаж байсан. Ё.Ядамсүрэн ах “Хүн амьдралынхаа туршид хэдэн ч ажил, мэргэжилтэй байж болно. Гагцхүү хийж буй ажилдаа үнэнч шударга сэтгэл, хоёргүй сэтгэлээр ажиллаж чадвал болох нь тэр” сэтгүүлч миний гандан хийдийн гал тогоонд хугас өдрийг өнгөрөөж ийнхүү ярилцсандаа туулийн их баяртай байлаа.
Д.Дорждэрэм