8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Д.Сэржмядаг охиныг БНХАУ-ын хилээр гараагүй болохыг тогтоож, Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлахаа мэдэгдлээ

2017-11-29 18:40:00

Одоогоос 7 жилийн өмнө Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж их сүмог орхиж зодог тайлж байсан. Тухайн үед  Д.Дагвадорж мэргэжлийн сүмод 25 удаа түрүүлж, түүхэнд гуравт бичигдэх амжилт үзүүлээд байсан юм. Сүмогийн хүнд ширүүн ертөнцөд өөрийн хүчээр амжилт гаргаж, их аварга хэмээх эрхэм цолыг монголчуудаас анх удаа хүртэж, баярлуулж байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр Монголын бас нэг аварга зодог тайлна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, Мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харумафүжи зодог тайлах шийдвэр гаргасан талаар албан ёсоор хэвлэлийн бага хурал хийлээ.  Харумафүжи  хэлэхдээ "Багштайгаа зөвлөлдөөд зодог тайлах шийдвэр гаргасан. Аварга хүн гэж ямар байх ёстой вэ гэдгийг ухамсарлаж энэ шийдвэрийг гаргалаа. Их аварга хүн гэдэг зөвхөн өөрийнхөө төдийгүй цолныхоо нэр хүнд, хариуцлагыг авч явах ёстой. Дүү бөхчүүдээ илүү хатуу чанга болгож, илүү хичээгээсэй гэсэн үүднээс ханддаг байсан хандлага маань ийм байдалд хүргэлээ.  16 настайдаа анх Японд ирсэн. Тэр цагаас хойш тусалж дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа,  баярлалаа. Би сүмо бөхөд хайртай. Сүмод өнгөрүүлсэн 17 жил маань үнэхээр сайхан жилүүд байлаа. Баярлалаа. Уучлалт хүсч байна. Таканоива дүүдээ хандаж хэлэхэд “Сүмо бөхийн хүндлэл гэж юу байдгийг ухамсарлаж яваарай”хэмээн хэллээ. Ийм харамсалтай үйл явдал өнөөдөр тохиолдлоо. Энэ бүх мэдээллийг багтаасан Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Харумафүжи Д.Бямбадорж: Сүмод өнгөрүүлсэн 17 жил маань үнэхээр сайхан он жилүүд байлаа

Ёкозунагийн зөвлөл хоёр хоногийн өмнө  хуралдаж, Харумафүжи Д.Бямбадоржийн зодооны асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн.  Ёкозунагийн зөвлөлийн тэргүүний мэдээлснээр Харумафүжид хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгдээд байсан. Тус холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөлийн дарга Масата Китамүра ярьсанаар бол хатуу шийтгэл нь Монголын их аваргыг зодог тайлуулах шийдвэрт хүргэх аж. Гэхдээ цагдаагийн байгууллага асуудалд дүн шинжилгээ хийж, тухайн үеийн үйл явдлын буруутныг тогтоосны эцэст уг зөвлөл дахин ээлжит бусаар хуралдах боломжтой гэсэн мэдээлэл гарсан.Тэгвэл өнөөдөр Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёзозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний багш мэдэгдлээ. Харумафүжи сүмогийн нэр хүндийг сэвтээсэн үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж, ийнхүү зодог тайлна гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар мэдээллийг энд дарж үзнэ үү. 

ЦААЗЫН ЯЛ : Олон улсын түвшинд Монголын нэр хүнд унах уу

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазаар авах ялыг сэргээх саналаа албан ёсоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүргүүлсэн. Тэгэхээр Ерөнхийлөгчөөс гаргасан цаазын ялыг сэргээх саналыг ХУУЛЬ болгон УИХ-д өргөн барих, эсэх асуудлыг Хууль зүйн яамнаас эцсийн байдлаар шийдвэрлэнэ гэсэн үг. Харин Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэ асуудлаар ямар байр, суурьтай байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Манай улсын хувьд 2012 оны нэгдүгээр сарын 5-нд цаазаар авах ялыг халахад чиглэсэн олон улсын нэмэлт II протоколд гарын үсэг зурснаар Монгол Улс энэ төрлийн ялаас татгалзаж буй орны тоонд зүй ёсоор багтсан. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд 2010 онд Монгол улсыг цаазын ялгүй орон болгох санаачлагыг эхлүүлж НҮБ-аас онцсайн үнэлгээ авснаас хойш хоёр жилийн дараа цаазын ялаас татгалзсан орны тоонд зүй ёсоор багтсан нь энэ юм. Үүнээс хойш цаазын ялыг сэргээх ёстой, ёсгүй гэсэн асуудал хааяа нэг нийгэмд сөхөгдөж ирсэн ч энэ талаар дорвитой шийдвэр гаралгүй өнөөдрийг хүрсэн. Харин саяхнаас хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой нийгмийг цочроосон аймшигт гэмт хэргүүд гарч, цаазын ялыг сэргээх асуудал олон нийтийн дунд дахин яригдсан нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд зөвхөн хүүхэд хүчирхийлсэн, хүчиндсэн болон онц ноцтойгоор амь нас, эрүүл мэндэд нь халдсан хэрэгт цаазын ялыг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байгаа гэх.

ХУУЛЬЧИД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛЫГ БУРУУШААЖ БАЙНА

Харин хүний эрхийн хуульчдын хувьд уг асуудлаар Ерөнхийлөгчөөс тэс өөр байр, суурьтай байгаагаа илэрхийлж эхлээд байна. Тодруулбал, хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгтнийг насаар нь хорих ял эдлүүлнэ гэсэн хуулийн заалт үйлчилж байхад үүнээс илүү шийтгэл оногдуулах хэрэггүй гэж буй. Мөн хүчингийн хэрэг дээр цаазын ялын шийтгэл өгөх нь сөрөг үр дагавар олонтой гэж зарим хуульчид тайлбарлаж байна. Хамгийн наад зах нь хүчингийн хэргийн дийлэнх нь гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг учраас гэмт хэрэгтнийг нуун дарагдуулах магадлал хамгийн өндөр байдаг аж. Өөрөөр хэлбэл хүчингийн хэрэгтнүүд далд хэлбэрт орох эрсдэлтэй юм байна.  Мөн цаазын ялыг сэргээх нь ялын зүйл, заалтыг ухрааж хүндрүүлэхгүй байх эрх зүйн үндсэн зарчмыг зөрчиж байгаагаас гадна олон улсын хүний эрхийн үндэсний конвенцийн өмнө хүлээсэн үүргээсээ ухарч байгааг хуульчид сануулж байна. Ганц олон улсын хүний эрхийн үндэсний комисс гэлтгүй Европын холбоо болон бусад хүний эрхийн байгууллагын эсэргүүцэлтэй тулгарч мэднэ гэдгийг ч анхааруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжоор түрий барин олон улсын хууль тогтоомжоос татгалзаж болохгүй гэсэн заалт олон улсын гэрээгээр хүлээсэн байдаг учраас нэгэнт гаргасан шийдвэрээсээ буцаж болохгүй гэж буй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ  үү. 

ХДХВ-ын халдвартай 13 эхээс 19 хүүхэд төржээ

Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг дэлхий нийтээрээ хүний дархлал хомсдолын вирүс, дархлалын олдмол хомсдол /ХДХВ, ДОХ/-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

ХДХВ, ДОХ-оос сэргийлэх хариу арга хэмжээнд эрүүл мэндийн салбар төдийгүй бусад салбарын хамтын ажиллагаа тун чухал байдаг тул нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах тус өдрийг энэ жил 'Би сэргийлж чадна, харин та' гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй кинотеатруудаар үйлчлүүлсэн өсвөр үеийн хүүхэд, залууст ХДХВ, ДОХ-ын дамжих зам болон халдвар авахаас хэрхэн сэргийлэх, хамгаалах арга зам бүхий сэрэмжлүүлэг мэдээллийг богино хэмжээний видео зөвлөмжөөр дамжуулан кино эхлэхийн өмнө үзүүлэхээр боллоо. Мөн аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчдад улаан тууз тараах зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах юм байна.

2017 оны арваннэгдүгээр сарын 21-ний байдлаар, Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол, нас баралтын нийт 40 тохиолдол тус, тус бүртгэгджээ. Түүнчлэн энэ онд нас баралтын 5 тохиолдол бүртгэгдээд байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 99.1 хувь (n=246)-д нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон аж.

Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой, эхээс хүүхдэд халдвар дамжсан байж болох эрсдэлийг үгүйсгээд байна. Харин халдвартай 13 эхээс 19 хүүхэд төрсөн бөгөөд ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувь (n=202) нь эрэгтэйчүүд байгаа юм. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны байдлаар нь авч үзвэл, 39.6 хувийг 25-34 насныхан эзэлж байна 

Таканоивагийн ах дүүгийнхээ толгойд тавиулсан оёдлын зургийг дэлгэлээ

Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандоржийг зодож хүнд гэмтээсэн хэрэг гараад байгаа. Тус хэргийн улмаас  Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж  өөрийн хүсэлтээр зодог тайлахаар болсон. Харин  Таканоива  А.Баасандоржийн хувьд эмнэлэгт хэвтэж хэд хоногийн турш эмчилгээ хийлгэсэн бөгөөд 11 дүгээр сарын башег өнжөөд байгаа юм. Таканоива  А.Баасандоржийн  төрсөн ах дүүгийнхээ толгойны гэмтлийг зургийг олон нийтэд ил болголоо. Тэрбээр, “Миний ганц өнчин дүүг өмөөрч дуугарсан Монголын сумо бөхийн холбоонд баярлалаа” хэмээн энэхүү зургийг Монголын сумо бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр луу илгээсэн гэнэ.

Галын машин авах мөнгөөр бут сөөг усалдаг машин авч, улаан өнгөөр буджээ

ТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү сумдад худалдан авах ажиллагаатай холбоотой гарсан зөрчлийн талаар мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр "Худалдан авалтыг зохион байгуулахдаа төсөвт өртгийг нэмэгдүүлж төсвийн үр ашигтай байх зарчмыг алдагдуулдаг, гэрээт ажлыг хүлээн аваагүй байж санхүүжилт бүрэн олгосны улмаас үлдэгдэл ажлаа хийлгэж чаддаггүй. Жишээлбэл,

  • Хэнтий аймгийн Мөрөн суманд 2014 онд 63 сая төгрөгөөр нээлттэй тендер зарлаж Мах нядалгааны цех барьж ашиглалтад оруулсан байна. Гэтэл уг цехийг сумын иргэн С нь 2014 оноос хойш мал нядалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулан ашиглаж байгаа боловч сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ байхгүй, түрээсийн төлбөр төлөөгүй 3 жил үйл ажиллагаа явуулж ашиг олж байна. Уг мал нядалгааны цех сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байв.
  • Ховд аймгийн төвд цэцэрлэгжүүлэлтийн ажил хийлгэхдээ 20 сая төгрөгийн үнийн дүнтэй тендер зарлаж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан боловч 7 сая төгрөгийн ажил хийгдээгүй, хүлээн авсан актгүйгээр санхүүжилт бүрэн олгосон, уг ажлыг гүйцэтгэж байсан орон нутгийн өмчит хуулийн этгээд татан буугдсан байдалтай байна.
  • Дорноговь аймагт усан спорт сургалтын төвийг шинэчилж, өргөтгөл барих нээлттэй тендер зарлаж 2 компани саналаа ирүүлсэн. Уг сонгон шалгаруулалттай холбоотой гомдлыг Сангийн яам хянан үзээд захиалагчийн төсөвт өртгөөс өндөр үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулсан байх тул тендерийг хүчингүй болгож, дахин зарлах шийдвэр гаргасан. Гэтэл дахин тендер зарлалгүйгээр уг ХХК-тай гэрээ байгуулсан. Хөвсгөл аймгийн Галт суманд гал унтраах зориулалттай автомашин худалдан авах тендер шалгаруулалт явагдсан. 12,500 ам.долларын үнэ бүхий бут сөөг услах зориулалт бүхий автомашиныг 58 сая төгрөгөөр худалдан авсан. Уг машин зориулалтын бус байсан учир улаан өнгөөр будсанаас болж өнөөг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлж тээврийн хэрэгслийн дугаар аваагүй, зориулалтын дагуу ашиглаж чадаагүй байна.
  •  

Д.Сэржмядаг охиныг БНХАУ-ын хилээр нэвтрээгүй гэв

Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын 2017 оны 12/28 дугаар тогтоолоор байгуулагдсан хамтарсан Ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хүрээнд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хот болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа.
 
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь ахалж, бүрэлдэхүүнд Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж болон холбогдох бусад албан тушаалтнууд ажиллав.


 
Тус ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатарын хийсэн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2017.11.02-ны өдөр найман настай Д.Сэржмядаг гэх эмэгтэй хүүхэд хичээлдээ явна гээд гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй, хаана байгаа газар нь тодорхойгүй алга болсон хэргийн талаар мэдээлэл сонсов. ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дугаартай тушаалаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатараар ахлуулсан ЭЦА-ны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, МБА-ны хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, эрэн сурвалжлах хэлтэс, аймгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагч нараас бүрдсэн 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм байна.
 
Эрэн хайх ажиллагаанд цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумын 1,2,3,4,5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэнд дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншейн, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 обьектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн аж.
 
Мөн БНХАУ-ын Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын газарт холбогдох мэдээлийг хүргүүлж, Хөх хотын Цагдаагийн газарт Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсээр уламжлуулан алга болсон охиныг эрэн хайх ажлыг Монгол Улстай хиллэдэг хотуудын цагдаагийн байгууллагад чиглэл өгүүлж, идэвхжүүлэн ажиллах талаарх хүсэлтийг албан тоотоор хүргүүлсэн. БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас Д.Сэржмядаг охиныг БНХАУ-ын хилээр нэвтрээгүй, эрэн хайх, шалгах ажиллагааг хийж байна гэсэн албан бичиг ирүүлснийг хүлээн авсан. Одоогоор илэрсэн зүйлгүй, эрэн сурважлан олж тогтоох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэсэн мэдээллийг өглөө.

33 дугаар сургуулийн хажууд олгосон газрыг хүчингүй болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд орон сууцны хорооллын дунд болон цэцэрлэг, сургуулийн орчимд 50 метр зайд орон сууц, бизнесийн чиглэлийн барилга бариулахгүй байх захирамжийг гаргасан. Энэ дагуу 33 дугаар сургуулийн баруун хойд талд олгосон газрын эрхийг хүчингүй болгохоор мэдэгдэх хуудсыг нийслэлийн Газрын албанаас хүргүүлээд байна.

Мэдэгдэх хуудаст “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу уг газрыг ашиглаагүй байгаа нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бий болсон тул газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье” гэжээ.

Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар сургуулийн баруун хойд талд нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 6 өдрийн А/595 дугаар захирамжийн дагуу 140 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар гурван жилийн хугацаатай олгосон байдаг байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Ene ohiniig nuuj gargasan bol hil gaali tsagdaad medegdeh teneg khujaa baihuu
2017/11/30 27.123.214.95