8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Оюунжаргал: Энэ онд ХДХВ/ДОХ-ын халдвараар 5 хүн амиа алдсан

2017-12-01 09:05:00

Дэлхий нийт ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний  өдөр буюу өнөөдөр тэмдэглэдэг. Энэ өдрийн хүрээнд ХДХВ-ын тархалтыг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулдаг. Монгол Улсын хувьд дээрх өдрийг энэ жил ямар уриатай зохион байгуулж байгаа болон ДОХ-ын тархварын талаар ХӨСҮТ-ийн ДОХ, Бэлгийн замын халдварт өвчний тархвар судлаач эмч М.Оюунжаргалтай ярилцлаа.

-Энэ жилийн ХДХВ/ДОХ-ын эсрэг өдрийг  ямар уриан дор зохион байгуулж байна вэ. Энэ онд хийсэн тархвар судалгааны дүн мэдээлэл өгнө үү? 

-ХДХВ/ДОХ-ын эсрэг өдрийг энэ жил “Би сэргийлж чадна. Харин та...Бид сэргийлж чадна. Харин та...” гэсэн уриан дор үйл ажиллагаа зохион байгуулж байна. 2017 оны эхний 11 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол бүртгэгдээд байна. Шинээр 24 тохиолдол оношлогдсон. Нас баралтын тохиолдол нийт 40 байгаагаас энэ онд таван тохиолдол нас бараад байна. 2017 онд хийгдсэн шинэчилсэн тооцооллоор Монгол улсад 2017 оны эцсийн байдлаар ХДХВ-ийн халдвартай 575 хүн, 2020 онд 648 хүн байж болох тооцоолол хийсэн байна. Харин Монгол улсад албан ёсоор бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл ХДХВ-ийн халдварын тархалт нийт хүн амын дунд 0.1 хувиас бага, харин бэлгийн цөөнх эрэгтэйчүүдийн дунд 12 хувь байгаа нь манай улс ДЭМБ-ын ангиллаар нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалт багатай гэсэн үзүүлэлт гарсан. Гэхдээ эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд орж байна.

-Бүртгэгдсэн тохиолдуулууд ихэвлэн ямар замаар дамжиж халдварласан байна вэ. Насны ангилалын хувьд хэдээс хэдэн насныхан зонхилж байна вэ?

-Бүртгэгдсэн тохиолдлууд бүгд бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон.  Өнөөдрийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Нийт бүртгэгдсэн тохиолдлын 20 хувийг 15-24 насны, 40 хувийг 25-34 насныхан байна. Үүнээс эмэгтэйчүүд 46 тохиолдол буюу 18.6 хувь, 12 буюу 26 хувь нь биеэ үнэлэгч эмэгтэйчүүд байна. Харин эрэгтэйчүүд дийлэнх хувийг бэлгийн цөөнх эрэгтэйчүүд эзэлж байна.

-Газар нутаг байршлыг нь дурдвал?

-Нийт бүртгэгдсэн тохиолдлыг орон нутгийн харьяалалаар авч үзэхэд хөдөө орон нутгийн харьяалалтай 54 буюу 21.6 хувь, Улаанбаатар хотын харьяат 195 буюу 78.4 хувьтай байна.

-Гадаадын харьяат иргэдээс ХДХВ/ДОХ-ын халдвар нэлээд хэд илэрсэн гэсэн. Илэрсэн тохиолдлуудын аль шатандаа оношлогдож байна вэ?

-Монгол Улсад гадаадын харьяалалтай иргэд ХДХВ-ийн халдвартай оношлогдсон 33 тохиолдол бий. 2017 оны арваннэгдүгээр сарын 21-ны байдлаар шинээр оношлогдсон 24 тохиолдлын 11 тохиолдол буюу 45.8 хувь нь ДОХ-ын шатандаа оношлогдсон.

- ХДХВ/ДОХ-ын халдвартай эхээс урагт халдварласан тохиолдол бий юу?

-ХДХВ-ийн халдвартай 14 эхээс төрсөн /6 ээж давтан/ 20 хүүхдийг эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээнд хамруулж, хяналтанд оруулсан. 2016 онд ХДХВ-ийн халдвартай 9 жирэмсэн эх хянагдаж байсан. Энэ онд мөн адил 9 жирэмсэн эх хянагдаж байна.

-Бүртгэгдсэн тохиолдлын хувьд сайн дурын шинжилгээний үндсэн дээр илэрч байна уу.  Эсвэл...?

-ХДХВ/ДОХ-ын илэрсэн эдгээр тохиолдолд ихэвчлэн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаар дамжуулан манайд мэдээлэл нь орж ирдэг. Иргэдийн сайн дурын шинжилгээг бараг өгдөггүй. Иргэдийн сайн шинжилгээ оношлогоонд хамрагдах эсэх нь тухайн хүний эрхийн асуудал болохор үүнд ямар нэгэн байдлаар бид нөлөөлөх боломжгүй л дээ. Гэхдээ иргэд өөрийгөө эрсдэлтэй алхам хийсэн гэж бодсон тохиолдолд шинжилгээнд хамрагдаж байгаасай гэж хэлмээр байна. Энэ нь ХДХВ/ДОХ-ын халдвараас өөрийгөө бүрэн сэргийлэх, эрт илрүүлэх боломж юм. 

-Иргэд сайн дурын шинжилгээ өгье гэвэл хаана хандах вэ?

-Манай төв болон орон нутагт 21 аймаг, нийслэлийн ес нь дүүрэгт ДОХ-ын сайн дурын шинжилгээ, мэдээлэл зөвлөгөөний кабинет гэж бий. Иргэд энэ төвүүдэд хандаж зөвлөгөө мэдээлэл нээлттэй авах боломжтой байгаа. 

алдвар авсан эсэхээ мэдэх цорын ганц арга нь ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ өгөх. Шинжилгээ өгөөд халдвар авсан эсэхээ шууд мэдэж болох уу. ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн гол арга?

-Манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол бүгд бэлгийн замаар дамжсан байдаг. Энэ нь юу гэж байна вэ гэхээр бид урьдчилан сэргийлж чадна. Тийм боломж байгаа гэсэн үг. Залуус нэг хавьтагчтай байх, бие биедээ үнэнч байх, тохиолдлыг бэлгийн харьцаанаас татгалзах, бэлгэвчийг тогтмол хэрэглэж хэвших хэрэгтэй. Энэ бүхнийг амьдралдаа дадал болгох хэрэгтэй.  Ингэж чадвал та, би, бид өөрсдийгөө хамгаалж чадна. Бэлгэвчийг сайтар шалгаж, урагдсан эсэхийг нь харж байж хэрэглэх зэрэг энгийн дадал хэвшлийг бий болгосноос ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлж, өөрийгөө хамгаалж чадна.

Мөн хамгийн ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх хамгиийн чухал арга нь сайн дурын шинжилгээг тогтмол өгч хэвших нь чухал. Ялангуяа тохиолдлын бэлгийн харьцаанд орсон, эрсдэлтэй алхам хийсэн л бол заавал шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэдгийг онцолж хэлье.

Манай орны хувьд ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдлын оношилгоонд анхаарах нь чухал байна. Халдвар авснаас хойш ДОХ-ын шинж тэмдэг илрэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг. ХДХВ-ийн халдвартай ихэнх хүмүүс эрүүл харагдах учир хэн нэгэн хүнийг гаднаас нь хараад халдвартай гэж хэлэх боломжгүй. Шинж тэмдэг илрээгүй ч ХДХВ-ийн халдвартай хүн халдвараа бусдад тараадаг. ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь өөртөө итгэлтэйгээр амьдарч гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдэлээс хамгаалж буй таны үүрэг хариуцлага.  Халдвар авснаас хойш 1-3 сарын хугацаанд шинжилгээнд ХДХВ-ийн халдвар илрэхгүй байж болдог. Энэ үеийн “цонх үе“ гэдэг. Хэрэв та дээр дурьдсан халдвар авах эрсдэлд өртөж байсан бол “Цонх үе”-ийг тооцон давтан шинжилгээ өгч эрүүл гэдгээ заавал баталгаажуулах хэрэгтэй.  

-Сүүлийн үед ХДХВ/ДОХ-оос гадна зонхилон тохиолдох бэлгийн замын халдварт өвчний өвчлөл нэмэгдэж байна гэсэн мэдээлэл гарах боллоо. Манай улсын хэмжээнд БЗДХ-ын тохиолдол хэр бүртгэгдэж байна вэ?

-2017 оны эхний 10 сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд зонхилон тохиолдох БЗДХ-ын тохиолдол 12153 бүртгэгдсэн. Энэ нь нийт халдварт өвчний 33.1 хувийг эзэлж байна. Өмнөх оны мөн үеэс 19 өвчлөл буюу 0.2 хувиар өссөн байна. Нийт өвчлөлийн 29.9 хувийг заг хүйтэн, 40.9 хувийг тэмбүү, 29.1 хувийг трихомониаз, 0.1 хувийг ХДХВ-ийн халдвар тус тус эзэлж байна. 10 000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөл Сүхбаатар /33.2/, Дорнод /27.1/, Говьсүмбэр /23.0/, Баянхонгор /22.5/, Хөвсгөл /22.2/, Говь-Алтай /20.8/, Өвөрхангай /17.9/, Увс /17.3/ Төв /16.8/ аймгууд болон Улаанбаатар хотод /18.6/ улсын дунджаас өндөр байна.

-Энэ онд төрөлхийн тэмбүү хэд бүртгэгдээд байна вэ?

-Энэ оны эхний 10 сарын байдлаар 44 төрөлхийн тэмбүү бүртгэгдээд байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах тэмбүүгийн тархалт 2000-2016 онуудад 1.9-3.3 хувь болж нэмэгдсэн. Энэ нь Ази, Номхон далайн баруун эргийн орнуудын дунджаас 5 дахин өндөр байна гэсэн үзүүлэлт юм.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ҮГ ДУУГҮЙ ХӨӨ
-гадаадын харьяалалтай иргэд ХДХВ-ийн халдвартай оношлогдсон 33 тохиолдол,2017 оны арваннэгдүгээр сарын 21-ны байдлаар шинээр оношлогдсон 24 тохиолдол-Нийт -57гадаад байна албадан гаргаач,манайх шиг ц
2017/12/01 103.229.121.96