8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоолыг хог болгохоо болиход чинь туслах 8 арга

2017-12-10 15:00:00

 Дэлхий дээр маш олон хүн өлсөж, хүнсний хомсдолтой байхад бид ойролцоогоор хоолныхоо 40%-ийг хаяж байдаг гэсэн тооцоо байдаг. Хогийн цэгийн нийт хатуу хог хаягдлын 20%-ийг хоол хүнс эзэлдэг ч гэх мэдэлээл бий. Хэрвээ энэ тоо чамд нөлөөлж, хоолоо илүүдүүлж, муутгаж, хаяхгүй байх юмсан гэж бодогдуулахгүй байвал тэр бүрт чиний мөнгө хамт явж байгаа гэдгийг санаарай.

Тэгэхээр хэрхэн хоол хүнсний хаягдлаа багасгах вэ:

1.    Төлөвлөгөөтэй бол
Би ч гэсэн өмнө нь хоолоо төлөвлөөд сууж байхыг нэг их чухал биш эсвэл хэнээтэй хүний хийх ажил гэж боддог байсан. Гэхдээ бид цагийг хий дэмий үрэхгүйн тулд төлөвлөдөг шиг хоолыг хий дэмий үрэхгүйн тулд бас л төлөвлөх хэрэгтэй аж. Үүний үр шимийг ч би сүүлийн үед маш ихээр хүртээд байгаа. Эхлээд 7 хоногоор одоо 14 хоногоор хоолоо төлөвлөдөг болсон. Өглөө юу идэх, орой юу идэх, амралтын өдрөөр юу идэх гээд бүгдийг нь төлөвлөж байгаад тэр хэмжээндээ тааруулж хүнсээ цуглуулснаар хоол муудаж хаягдах, илүүдэл хоносон хоолоо маргааш нь асгах гэх мэт зүйлс огт байхаа больсон шүү. Мөн ингэж төлөвлөдөг болсноор шинэ хоолны цэс туршиж үзэх магадлал өндөр байдаг юм билээ. Хэдэн өдөр үхрийн мах идчихлээ одоо тахианы махтай шинэ хоол хийе гээд д төлөвлөнө шүү дээ.

2.    Бяцхан хөгц чамайг үхүүлж чадахгүй
Зарим хүнсний зүйл дээрх жижиг хөгц, харласан хэсэг гэх мэт зүйлс үнэндээ тийм ч муу байдаггүй. Нэг талаасаа харласны төлөө тэр хүнсийг бүтнээр нь хаяхын оронд тэр хэсгийг нь зүсэж авч хаяад үлдсэн эрүүл хэсгийг нь хэрэглэхэд болно. Гэхдээ энэ нь сүү, йогурт болон болсон хоол зэрэгт нөлөөлөхгүй шүү.

3.    Зарим хүнсийг бага багаар нь ав
Хэд дахиж дэлгүүр явахаасаа залхуураад хадгалах хугацаа богинотой хүнсийг ч бид ихээр нь авчихдаг шүү дээ. Өнөөдрөөс хойш битгий тэг. Ялангуяа жимс, ногоо гэх мэт зүйлс. Энэ нь цаг хэмнэсэн хэрэг биш харин мөнгөний гарз болно гэдгийг санаарай.

4.    Хүнсээ зөв хадгалаж сур
Зарим бүтээгдэхүүний хадгалах хугацааг хэтрүүлснээс болж, хэрэглэхийн аргагүй болдгийг болиулах хэрэгтэй. Үүний тулд ЭНЭ нийтлэлийг уншаарай.

5.    Аль болох сайн чанарын хүнс авч бай
Үнэтэй байх эсэх нь хамаагүй. Аль болох сайн чанарын хүнсний бүтээгдэхүүн авч хэрэглэж байвал нэг талаас чи төлсөн мөнгөө бодоод аль болох хаяхгүй байхыг хичээнэ. Нөгөө талаас эрүүл мэндэд чинь хэрэгтэй. Хямд бүтээгдэхүүн хүнд цаанаасаа л үнэ цэнэ багатай санагддаг нь үнэн шүү дээ.

6.    Үлдсэнийг нь аваад явъя гэж хэлэхээсээ битгий ич
Саяхан нэг залуутай болзоонд явж бид хоёр хамтдаа оройн хоол идсэн юм. Тэгтэл хоол үнэхээр их байснаас болоод бид хоёр хоёулаа бараг тэн хагасыг нь үлдээгээд гарч ирсэн. Тэр үедээ надад савлаад аваад явчихъя гэж хэлэх зориг хүрээгүй болохоор дараа нь нэг хэсэгтээ харамссан шүү. Тэр их хоолыг биднийг гараад явсны дараа хаясан нь тодорхой. Тэгээд би ахиж хэзээ ч ийм өчүүхэн зүйл дээр хулчийхгүй гэж өөртөө амласан даа.

7.    Хэт их өлссөн үедээ хоол авах хэрэггүй
Өлссөн үедээ хүн өөрийгөө бүтэн хонь идчихэж ч чадах юм шиг санадаг шүү дээ. Тийм ч болохоор энэ үед ресторанд орох, супермаркетаас хүнс цуглуулахдаа хэрэгтэй хэрэггүй хэт их хүнс авахаас гадна хамгийн амттай харагдах, их калоритой төрлийнхийг нь сонгочихоод байдаг. Тиймээс маш их өлсөж байвал эхлээд дэлгүүр орж шоколад, гадил эсвэл фитнес бар гэх мэт өлссөн мэдрэмжийг чинь дарж чадах зүйл аваад идчих. Хажууд нь томоо гамбургер харагдаж байсан ч тэсээрэй. Авсан зүйлээ идэснээс 20 минутын дараа хооллоход чи хэтрүүлж их юм авалгүйгээр яг сайхан хооллож чадна.

8.    Хийж байгаа хоол бүртээ сэтгэлээ шингээ, идэж байгаа хоол бүртээ таларх
Хоол бол амьдрал дахь аз жаргалын томоохон хэсэг гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Тиймээс зүгээр л нэг оройн хоол гэж бодолгүйгээр хийж байгаа хоол бүртээ сэтгэлээ шингээж, амттай болгохоор хичээж байвал тэрнийгээ чи хаяж төвдөх болов уу. Мөн хамгийн анх хэлсэнчлэн энэ дэлхий дээр хоолгүй хүмүүс өчнөөн бий гэдгийг бодоод өөрт байгаа амттай хоолондоо талархалтай хандаарай.

Эцэст нь хоолох зөв хэв маягтай байх нь хоолоо хаяхгүй байх хамгийн зөв арга юм аа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл