Монголын Үндэсний Ардчилсан намын дарга Б.Цогтгэрэлтэй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтын талаар ярилцлаа.
-Таны тавьсан илтгэлийг сонсож байхад зайлшгүй хийх шаардлагатай өөрчлөлт суурь зарчмын талаар онцолсон байсан. Өнөөдөр Үндсэн нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарсан уу?
-“Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгт миний бие “Үндсэн хуулийн түгээмэл ба үндэсний онцлог зохицуулалт” гэсэн илтгэл тавьлаа. Би илтгэлдээ үндсэн хуулиар үндэстэн төрөө бэхжүүлэх үүднээс зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай суурь зарчмууд болоод харилцаануудын талаар тусгаж, голчлон ярьсан. Манай улсын үндсэн хуулинд огт тусгалаа олоогүй эсхүл хангалттай зохицуулж амжаагүй, шийдлээ хүлээж буй асуудлуудад чиглүүлж, зарим ойлголтууд олон бий. Үүнийг тодруулж гаргаж ирэхийг зорьсон.
-Тухайлбал?
-Үндсэн хууль тухайн нийгмийн хөгжлийн баримт бичиг болох тухай, Хөгжлийн хөтөч байгууллага ба үндсэн хуулийн эдийн засаг, Төрийн албаны шигшүүрчлэл ба үндэсний боловсон хүчний нэгдмэл тогтолцоо бий \мерит систем\. Мөн Хяналт шалгалт, давхар хяналтын үндсэн хуулийн хараат бус институт, Гэр бүл- Төр улсын амин эрдэнэ, Төрийн ноён нуруу, таван тулгуур багана \хууль тогтоох, гүйцэтгэх, төрийн алба, хяналт шалгах, шүүх\, Хуулиар засаглах Бага Хурилдай, үндэсний эрх ашгаар засаглах Их Хурилдай бүхий хоёр танхимт парламент, Зүй ёсны нийтийн баялаг болох газар, байгалийн баялаг ба Мөнхийн хэрүүлийн алим, Сонгууль өөрчлөлт, шинэчлэл боловч хөгжлийг урагшлуулж болдог бас ухрааж ч болдог үйл явц хандлага гэсэн багц зүйлийг тусгаж өгөх хэрэгтэй.
-Хамгийн сүүлд 1992 онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэмэлт өөрчлөлтөөс гарсан үр дагавар таныхаар юу байна вэ?
-Үр дагавар гарсан уу гэвэл гарсан. Харин гарсан үр дагавар нь эерэг үү, сөрөг гэдэг нь бас сонин. Нэгдүгээрт 1992 оноос хойш Монголын нийгэмд зарим улс оронд хагас зуун жилд ч гарч байгаагүй тийм их шинэчлэл, өөрчлөлт явагджээ. Монгол хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох, бизнес эрхлэх, эд хөрөнгөтэй байх, гадаад улс оронд зорчих гээд суурь эрхүүд бүрэн хангагдсан. Харин нийгэмд хамгийн олон ажлын байр бий болгож, жижиг дунд үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг цогцоор хөгжүүлэх чадвартай, монголын үндэсний онцлог харьцангуй давуу талыг шингээсэн хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрүүд, эдийн засгийн бодит секторуудын хөгжил туйлын хангалтгүй байгаа юм. Эдийн засгийг солонгоруулах зорилт нь Монголчуудын аж ахуй, үйлдвэрлэлийн хүрдийг эргэлдүүлэх асуудал юм. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарууд хүн амын өсөлт, нягтрал, нийгмийн хөгжлөө гүйцэхгүй байгаа бөгөөд үндэсний хэмжээний урлаг, соёлын цогцолборууд, музей үзмэрийн газрууд баригдсангүй. Олон арван жилийн өмнө төлөвлөж байсан цахилгаан станц, төмөрлөг, зэс хайлуулах, газрын тос боловсруулах үйлдвэрүүд, төмөр зам, чөлөөт бүсийн бүтээн байгуулалтууд зогсоод байна. Хүмүүсийн хэлдэгээр царцаад байна. Энэ бүхэн нь үндсэн хуулинд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтворгүй болгосонтой. Мөн энэ хугацаанд Засгийн газар 15 удаа солигдож, бүтэц, бүрэлдэхүүн, боловсон хүчин, бодлогын хувьд тогтворгүй явж ирсэний шууд үр дагавар юм. Үндсэн хууль нийгмээ хөгжүүлэх баримт бичиг болж чадаагүй гэсэн үг. Хоёрдугаарт манайд үйл явц, өрнөлийг дотооддоо болон хөрш орнууд, бүс нутаг, дэлхийн хэмжээнд судалдаг, харьцуулж, дүгнэлт хийдэг, бодлого стратеги гаргадаг судалгааны болон гүйцэтгэх хөгжлийн хөтөч байгууллага байхгүй, цөөн бүр судлаач байвч тэдний ажлыг анхаардаг, сонсдог, ажил хэрэг болгодог чадамж Монгол төрд алга. Хоёр жил хүрэхгүй настай засагт тийм боломж байхгүй юм. Гуравдугаарт дээрх хөгжлийн хөтөч байгууллагуудын бодлого нь тогтвортой байхын тулд чадварлаг, боловсон хүчин, албан хаагчид маш чухал байсан бөгөөд сургалт, мэргэшүүлэлт, дадлагжуулалтыг тогтмол хийж хөгжүүлж, насан туршид нь зүтгүүлж байж үр шимийг нь хүртдэг байна.
Харин манайд сонгуулийг ардчилсан аргаар явуулахын чухлыг мэдэрч байснаас бус аль муухайгаа дэлгэлцэж, айл хотоороо талцан хэрэлдсээр, эцэстээ оюунлаг хэсэг нь хоёр фронтод хуваагдаж, 25 жил тамираа бартал тэмцэлдэхыг хэн ч мэдээгүй.
-Хэлэлцүүлэгт оролцож байгаа хүмүүс энэ удаагийн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтыг ихээхэн учир дутагдалтай байна. Зарим нь Эдийн засгийн тухай тусгаж өгсөн зүйл заалтыг ихээхэн шүүмжилж байх юм?
-Монгол Улсын Үндсэн хуулинд УИХ нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого боловсруулж, Засгийн газар хэрэгжүүлэх тухай маш ерөнхий 3-4 заалтаар эдийн засгийн үүргийг тодорхойлсон байдаг. Гэтэл олон орны үндсэн хуулиар тухайн улсынхаа санхүү, төсөв, хөрөнгө оруулалт, эдийн засгийн суурь салбаруудаа хэрхэн хөгжүүлэх, монополыг хянах, Төв банкуудын үүрэг, гадаад зээл, зүй ёсны нийтийн баялаг болох байгалийн баялагийн удирдлага, гадаад худалдаа, тусгай сангуудын зохион байгуулалт зэргийг хуульчилсан байдаг. Нийтийн баялгийн тухай, нийтийн өмчийн тухай ойлголт. Өмчгүй төр бол өлгөөтэй чийдэн мэт юм. Төр баян бол иргэд аюулгүй, эрсдэлгүй байна. Иргэд баян бол улс баян. Манай жишээн дээр гэхэд Эрдэнэт үйлдвэр Монголын олон зуун компаниудтай хамтран ажиллаж, хөл дээр нь босгож, тэтгэж, тэжээж, улс төрийн лидерүүд, намуудыг, удирдлагынхаа нутаг усныхныг, монголын спорт, соёл, урлагийнханыг, Эрдэнэт хотыг олон арван жил тэжээж явна.
Хэрвээ Эрдэнэт хэн нэгний хувийн өмч болсон бол тэр л гэр бүлийг тэжээж, улс төрийг худалдан авахад илүүтэй хөрөнгө зарцуулж, улсад төлдөг татвар нь багасч, ажилчдынх нь тоо цөөрч, гэр бүлд нь хамаагүй Эрдэнэт хот болон бусад тэжээдэг аж ахуй, байгууллагуудын крантыг хаах нь дамжиггүй юм.
Харин ордуудын ашиглах эрх, борлуулалтын орлого нийтийн сайн сайхны тусын тулд л зориулагдах учиртай. Чухам ийм учраас хүн амаар цөөн, эрдэс баялаг арвинтай Ирланд, Финлянд зэрэг дэлхийн хамгийн чинээлэг иргэдтэй улс орнууд байгалийн баялагийг үндсэн хуулиараа зохицуулсан байдаг байна.
-Энэ удаагийн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ардын хяналтын хороог байгуулах тухай яриа гарч санал байна. Ардын хяналтын хороо нь үндсэн хуулийн хэрэгжилтийг хянан гэсэн үг үү?
-Манайд ардын хянан шалгах хороо шиг хяналтын тогтолцоо үгүй болоод удаж байна. Үндсэн хуулийн бүтцийн хяналтын хараат бус байгууллагагүйгээс аудитын ерөнхий газар бол ялсан намын бодлогын хяналтын нэгж болж хувирдаг. Хөрөнгө мөнгө зүй бусаар зарцуулах, ашиглах, шамшигдуулахаас урьдчилан сэргийлэх, хянаж, зааварлах, алдааг засаж залруулах үе шаттай хяналтын, давхар хяналтын тогтолцоо үгүйгээс төрийн байгууллага, төрийн өмчит компаниудад намын хамгаалалтын дор хяналтгүй идэж, уух, хөрөнгө завших явдал хавтгайрч эцэст нь цагдаа, АТГ, прокурорын байгууллагатай халз тулан дээлээ нөмрөх эсвэл олсноо хуваах сонин жигтэй харилцаа бий болоод байна. Энэ өнөөдрийн үнэн дүр төрх. Үр дүнд нь төртэй холбоотой болгоны нэр хүнд унаж байна. Тиймээс хяналт тавихыг үгүйсгэхгүй.
-Сонгуулийн жилийг уртасгах тухай тухай зохицуулалтыг өөрчлөх талаар нэлээд яригдлаа. Сонгуулийн жилийг уртасгах нь ямар ач холбогдолтой вэ?
-Сонгууль бол өөрчлөлт, шинэчлэлт. Харин хөгжил дэвшил байх баталгаа байхгүй. Өөрчлөлт, шинэчлэл урагшилдаг байхад ухардаг бас байна. Ийм учраас сонгуулийн циклийг холдуулж, тоог цөөрүүлэхэд анхаарах замаар болж, бүтэж байгаагаа аль болох удаан тогтвортой хадгалах, болохгүйг солих нөхцлийг бүрдүүлсэн байдлаар хуульчилахад анхаарах хэрэгтэйг бусад орны жишгээс харж болно. Ерөнхийлөгч, Парламентаа дөрвөн жилээр сонгодог Молдав, Исланд, Нигери, Румын, Бразил, Гана, Эквадор, Гватемали, Доминикан, Гондурас, Коста-рика, Гвиней-биссау, Кирибати орон багтдаг. Дээр нь нэмээд манай монгол орон ордог. Эдгээр орноос зөвхөн Монгол, Кирибати арал хоёр л можаритар сонгуулиар парламент, ерөнхийлөгчөө дөрвөн жил тутам сонгодог. Мөн дээр дурьдсан ихэнх орнууд нь олон намын тогтолцоотой, намын засаглалтай байна. Харин Ерөнхийлөгчөө 7 жилээр сонгодог Франц, Турк, Иемен, Узбекстан, Казакстан, Таджикстан, Ирланд харин Чили, Сингапур, Финлянд, Австри зэрэг орнууд сонгодог. Олон орны үндсэн хуулийг харьцуулан судалж, дүгнэлт, ажиглалт хийсний эцэст үндсэн хуулиа өөрчлөх шалтгаан хангалттай байна гэж үзэж, үр дүнтэй өөрчлөлт хийхийн тулд хүрч, болох үр дүнд суурилсан дараахь зорилгыг удирдлагаа болгох шаардлага гарч байна. Нэгдүгээрт Улс төржилтийг саармагжуулах. Энэ нь Сонгуулийг цөөлж, сонгуулийн цикл \орчил\, мөчлөгийг холдуулах, зөрүүлэх. Хоёрдугаарт Засгийн газар тогтвортой ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх. Энэ нь Парламентийн бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох, Засгийн газрын бүтцийг хуульчлах, Ерөнхий сайд тодорхой үндэслэлүүдээр парламентийг тараадаг болгох юм. Гуравдугаарт Эдийн засгийн бүлэг бий болгох. Ингэснээр Хөгжлийн хөтөч байгууллагыг үндсэн хуулиар бий болгох, Үндсэн хуулинд эдийн засгийн бүлэг бий болгох. Дөрөвдүгээрт Төрийн албаны мэргэшсэн, чадварлаг, тогтвортой тогтолцоо бүрдүүлэх юм. Үндэсний боловсон хүчний нэгдмэл тогтолцоо бий болгох, Төрийн албаны зөвлөлийн даргыг Их Хурилдайгаас томилох. Тавдугаарт Хяналт шалгалтын үндсэн хуулийн институт байгуулах. Хараат бус хяналт шалгалтын институтыг намын оролцоогүй, үндэсний Их хурилдайгаас байгуулах юм. Зургадугаарт Гэр бүлийн бүлэг бий болгож, иргэний үүргийн хэсэг нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Энэ нь Байгаль, дэлхийгээ хамгаалах, Хөдөлмөрлөх, өрх гэрээ тэтгэх, Өрхийн тэргүүний өрх гэрийн өмнө үүрэг хүлээх, өрхийн гишүүдийн өрх гэртээ болоод нийгмийн өмнө хүлээх үүргүүдийг хуульчлах юм.
-Үндсэн хууль батлагдсанаасаа хойш 10 гаруй удаа нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал гарч, 4 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Ер нь яагаад үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой бэ?
-Үндсэнд хууль өөрчлөлт оруулах ёстой вэ гэвэл Үндсэн хуулийг амьлуулагч нь төр байдаг. Харамсалтай нь манай төрийн байгууламж төвөөс зугтаах хүчний нөлөөлөлтэй хуульчлагдсан. Өнөөдрийн нөхцөл байдлаар харахад “Бүтээгч Төр бус – Нураагч Төр” болсон. Мөн үндэсний валютын үнэ цэнийг хамгаалах үүрэгтэй Төв банк, улсын төсөв, гадаад өр, зээл, нийгэм-эдийн засгийн хөгжлийн амин чухал асуудлууд Үндсэн хуулийн гадна үлдсэн. Мөнхийн маргаан, тэмцэл, зөрчлийн объект болох газар, байгалийн баялгийн зохицуулалт огт байхгүйтэй адил. Төрийн амин эрдэнэ болсон гэр бүл, цаашлаад нийгмийг задлах нөлөөлөл хүний эрхийн зарчмаар улам газар авч байна гэх мэт шалтгаан, нийгэмд үүссэн нөхцөл байдлаар үүдэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгардаг. Энэ удаад ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Гэхдээ арга ядсан биш. Ул суурьтай хандаж зөв зохицуулалттай нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Нэргүй