Шинэ он гарахад хэдхэн хоног үлдлээ. Бяцхан үрсдээ, дүү нартаа зориулах бэлгийн сонголтоо хийсэн үү? Хараахан амжаагүй байгаа бол та дараах зөвлөгөөнүүдээс санаа аваарай.Хүүхдэд зөвхөн "ууттай бэлэг” өгдөг уламжлалыг халах цаг нь болсон гэдэгтээ та санал нийлнэ биз ээ. Мэдээж баяр, тэмдэглэлт өдрийг бэлэггүйгээр төсөөлөшгүй. Хүүхдийн баяр, шинэ жил, төрсөн өдөр гээд тэмдэглэлт өдрүүдэд аав ээж, эмээ өвөө, ах эгчээсээ гоё бэлэг хүлээдэг нь хүүхдийн зан. Тэгэхээр хүүхдийн шүдэнд халтай чихэр, ходоодонд хортой чипсээс татгалзаж, харин хүүхдийг хөгжүүлэх зүйлсээс сонголт хийхийг зөвлөж байна.
Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь: Амархан жортой амттаны материал бэлдээд өөрийг нь ахлах тогооч, та туслах тогооч болон амттан хийж туршаарай. Алимтай бялуу, бананатай жигнэмэг гэх зэргийн амархан бөгөөд амттай жорын дагуу хүүхэдтэйгээ хамтдаа хийх тэр мөч, хийснийхээ дараа өөрийнх нь хийсэн амттанг амтархан идэх тэр мөч хамгийн дурсамжтай, хамгийн мартагдахааргүй байна. Өөрийн гараар амттан хийсэн хүүхэд цаашид ямарваа нэг зүйлд бүтээлчээр хандах сэдэлтэй болно. Мөн хүүхдүүд томчуудаас үлгэр авч, даган дуурайж байдаг. Хэн нэгэн хоббиндоо үнэнч хүнийг хараад, тухайн зүйлийг их л сониучирхан сонждог. Хэрэв та йога хийдэг бол дагуулаад яв. Зураг зурдаг бол зургийн дугуйланд, хөгжим дардаг бол хөгжмийн дугуйланд явуулаарай. Таны, ялангуяа ээж, аавынхаа дуртай зүйлийн нэг хэсэг нь байсан болохоор хүүхэд энэ явдлыг хэзээ ч мартахгүй дурсаж явах болно. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
Б.Цогтгэрэл: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Гэхдээ арга ядсан биш
Монголын Үндэсний Ардчилсан намын дарга Б.Цогтгэрэлтэй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтын талаар ярилцлаа.
-Таны тавьсан илтгэлийг сонсож байхад зайлшгүй хийх шаардлагатай өөрчлөлт суурь зарчмын талаар онцолсон байсан. Өнөөдөр Үндсэн нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарсан уу?
-“Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгт миний бие “Үндсэн хуулийн түгээмэл ба үндэсний онцлог зохицуулалт” гэсэн илтгэл тавьлаа. Би илтгэлдээ үндсэн хуулиар үндэстэн төрөө бэхжүүлэх үүднээс зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай суурь зарчмууд болоод харилцаануудын талаар тусгаж, голчлон ярьсан. Манай улсын үндсэн хуулинд огт тусгалаа олоогүй эсхүл хангалттай зохицуулж амжаагүй, шийдлээ хүлээж буй асуудлуудад чиглүүлж, зарим ойлголтууд олон бий.Үүнийг тодруулж гаргаж ирэхийг зорьсон.
-Тухайлбал?
-Үндсэн хууль тухайн нийгмийн хөгжлийн баримт бичиг болох тухай, Хөгжлийн хөтөч байгууллага ба үндсэн хуулийн эдийн засаг, Төрийн албаны шигшүүрчлэл ба үндэсний боловсон хүчний нэгдмэл тогтолцоо бий \мерит систем\. Мөн Хяналт шалгалт, давхар хяналтын үндсэн хуулийн хараат бус институт, Гэр бүл- Төр улсын амин эрдэнэ, Төрийн ноён нуруу, таван тулгуур багана \хууль тогтоох, гүйцэтгэх, төрийн алба, хяналт шалгах, шүүх\, Хуулиар засаглах Бага Хурилдай, үндэсний эрх ашгаар засаглах Их Хурилдай бүхий хоёр танхимт парламент, Зүй ёсны нийтийн баялаг болох газар, байгалийн баялаг ба Мөнхийн хэрүүлийн алим, Сонгууль өөрчлөлт, шинэчлэл боловч хөгжлийг урагшлуулж болдог бас ухрааж ч болдог үйл явц хандлага гэсэн багц зүйлийг тусгаж өгөх хэрэгтэй.
-Хамгийн сүүлд 1992 онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэмэлт өөрчлөлтөөс гарсан үр дагавар таныхаар юу байна вэ?
-Үр дагавар гарсан уу гэвэл гарсан. Харин гарсан үр дагавар нь эерэг үү, сөрөг гэдэг нь бас сонин. Нэгдүгээрт 1992 оноос хойш Монголын нийгэмд зарим улс оронд хагас зуун жилд ч гарч байгаагүй тийм их шинэчлэл, өөрчлөлт явагджээ. Монгол хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох, бизнес эрхлэх, эд хөрөнгөтэй байх, гадаад улс оронд зорчих гээд суурь эрхүүд бүрэн хангагдсан. Харин нийгэмд хамгийн олон ажлын байр бий болгож, жижиг дунд үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг цогцоор хөгжүүлэх чадвартай, монголын үндэсний онцлог харьцангуй давуу талыг шингээсэн хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрүүд, эдийн засгийн бодит секторуудын хөгжил туйлын хангалтгүй байгаа юм. Эдийн засгийг солонгоруулах зорилт нь Монголчуудын аж ахуй, үйлдвэрлэлийн хүрдийг эргэлдүүлэх асуудал юм. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарууд хүн амын өсөлт, нягтрал, нийгмийн хөгжлөө гүйцэхгүй байгаа бөгөөд үндэсний хэмжээний урлаг, соёлын цогцолборууд, музей үзмэрийн газрууд баригдсангүй. Олон арван жилийн өмнө төлөвлөж байсан цахилгаан станц, төмөрлөг, зэс хайлуулах, газрын тос боловсруулах үйлдвэрүүд, төмөр зам, чөлөөт бүсийн бүтээн байгуулалтууд зогсоод байна. Хүмүүсийн хэлдэгээр царцаад байна. Энэ бүхэн нь үндсэн хуулинд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтворгүй болгосонтой. Мөн энэ хугацаанд Засгийн газар 15 удаа солигдож, бүтэц, бүрэлдэхүүн, боловсон хүчин, бодлогын хувьд тогтворгүй явж ирсэний шууд үр дагавар юм. Үндсэн хууль нийгмээ хөгжүүлэх баримт бичиг болж чадаагүй гэсэн үг. Хоёрдугаарт манайд үйл явц, өрнөлийг дотооддоо болон хөрш орнууд, бүс нутаг, дэлхийн хэмжээнд судалдаг, харьцуулж, дүгнэлт хийдэг, бодлого стратеги гаргадаг судалгааны болон гүйцэтгэх хөгжлийн хөтөч байгууллага байхгүй, цөөн бүр судлаач байвч тэдний ажлыг анхаардаг, сонсдог, ажил хэрэг болгодог чадамж Монгол төрд алга. Хоёр жил хүрэхгүй настай засагт тийм боломж байхгүй юм. Гуравдугаарт дээрх хөгжлийн хөтөч байгууллагуудын бодлого нь тогтвортой байхын тулд чадварлаг, боловсон хүчин, албан хаагчид маш чухал байсан бөгөөд сургалт, мэргэшүүлэлт, дадлагжуулалтыг тогтмол хийж хөгжүүлж, насан туршид нь зүтгүүлж байж үр шимийг нь хүртдэг байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Үндсэн хуулийн цэц Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийднэ
Үндсэн хуулийн цэц маргааш Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэхээр болжээ. УИХ-ын гишүүн Д.Гантулгын үйлдэлтэй холбогдуулан иргэд дээрх гомдлыг Цэцэд гаргажээ. Энэ удаад УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэх юм байна.
Эргэн сануулахад: УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн зургадугаар сард Н гэх бүсгүйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон. Тухайн үед Н бүсгүй Баянзүрх дүүргийн цагдаад гомдол гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Батбаяр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин өнгөрсөн наймдугаар сарын 25-нд уг хэргийн материалыг Улсын ерөнхий прокурор хянаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай дүүргийн прокурорын шийдвэрийг цуцалж, хэргийг сэргээн шалгахаар болсон. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусах гэж байгаа аж. Улмаар прокуророос Д.Гантулгыг яллагдагчаар татах саналыг энэ долоо хоногт УИХ-д хүргүүлэхээр болсон гэх мэдээлэл гарсан.
С.Даваасүрэн: Шатсан цагаан будаа нь хуурамч гэдэг нь нотлогдоогүй
Олон нийтийн сүлжээнд цацагдсан цагаан будаатай холбоотой асуудлаар НМХГ-аас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд НМХГ дэд дарга С.Даваасүрэн “Бид иргэдийн санал гомдлын дагуу шалгалт хийж хяналт тавьдаг. Харин энэ удаагийн цагаан будааны асуудал нь олон нийтийн цахим сүлжээнд тавигдаад байгаа. Энэ шатсан цагаан будаа нь хуурамч цагаан будаа гэдэг нь нотлогдоогүй. Цахим орчинд явж буй мэдээллээр резинэн, нийлэг зүйлээр хийсэн, шатаахаар барьцалдаж байна гэсэн байсан. Үүнийг нийгэмд шатааж үзүүлээд, өвчин тусна, хуурамч гэсэн мэдээлэл түгээж, ард иргэдийг айдаст автуулаасай гэж хэлмээр байна. МХЕГ-ын ХМХГ-аас ОХУ-аас 39, БНХАУ-аас-18, Вьетнамаас 16, Тайландаас 4, Японоос 4, АНУ 1, Австрали 1, Какахстанаас 2 компани цагаан будаа импортлох мэдэгдэл авсан байна. Үүнээс Улаанбаатар хотын гүний хяналтын 8 терминаль дээр БНХАУ, ОХУ, Вьетнам, Япон, Австрали, АНУ, БНСУ, Тайланд зэрэг 8 улсаас цагаан будаа импортолсон. Харин нийслэлийн хэмжээнд цагаан будаа импортлогч 36 аж ахуйн нэгж байгаа бөгөөд үүнээс 22 аж ахуйн нэгж, иргэн өөрсдөө дахин савлагаа хийдэг ” гэсэн юм.
Харин НМХГ-ын мэргэжилтэн Ц.Булган "Цагаан будаа болон бусад үр тарианы төрлийн бүтээгдэхүүний 50-80 хувь нь цардуулаас бүтдэг. Цагаан будаа болон бүх төрлийн үр тарианы гаралтай бүтээгдэхүүн химийн найрлагаар ус, цардуул агуулдаг. Цардуул нь хүнсний зориулалтай хуурай хэлбэрт байхдаа шатаж барьцалдах чанартай байдаг. Хүнсний бүтээгдэхүүн чинь шатамхай шинж чанартай байдаг. Мөн иргэд цагаан будааг худалдан авахдаа хаяг шошгын мэдээллийн сайтар харах хэрэгтэй. Мөн цагаа нь будаа цагаанаас цайвар хөх гэсэн өнгө байдаг. Энэ нь тухай бүтээгдэхний боловруулалттай холбоотой" гэв.
Н.Номтойбаяр болон түүний жолоочид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Энэ оны есдүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг Түлүүгийн давааны орчим, "Дондогийн булаг" гэдэг газар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын зорчиж машин нэгэн иргэнийг дайрч, амь насыг нь хөнөөсөн онц ноцтой осол гарсан билээ.Тэгвэл уг хэргийн хохирогч иргэн Ч нь өөрөө жолооны үнэмлэхгүй, согтуу замын хөдөлгөөнд оролцсон гэх үндэслэлээр Булган аймгийн прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Хэргийг эргэн сануулахад: Өнгөрсөн есдүгээр сард Сайд асан Н.Номтойбаяр яамны тамгын газрын харьяа жолооч болон бусад хүмүүсийн хамт Хөвсгөл, Булганы чиглэлд зорчиж байхдаа Булган аймгийн төвөөс баруун зүгт 50 км орчим төв замтай огтолцсон шороон туслах замаас мотоциклтой эрэгтэй хүн зогсолгүй уулзварт нэвтэрч машинд мөргүүлсэн осол гарсан. Уг ослын улмаас 39 настай эрэгтэй нас бараад байгаа юм.
Нийслэлийн шилдэг сурагчаар Мижидсүрэнгийн Дашсүрэн шалгарлаа
2017 онд сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ажлыг жил бүр ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Нийслэлийн шилдэг хүүхдийг Манлайлайлагч, Оюунлаг, Бүтээлч, Тамирчин, Авьяаслаг гэсэн 5 номинациар шалгаруулжээ.
Энэ жилийн шалгаруулалтад 9 дүүргээс сургууль, дүүргийнхээ шилдэг 398 хүүхэд өрсөлдсөнөөс 44 хүүхэд нийслэлийн хэмжээнд шалгарч Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшлээ. Үүнээс Шилдэгийн шилдэгээр 5 хүүхэд шалгарна.
Шилдэгээр шалгарсан хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж тэдний гаргасан амжилт бүхнийг өөрийн хүрээллийн найз нөхөд, багш, сургуулийн удирдлагуудтай хуваалцаж сургууль дээр нь гардуулав.
2017 оны НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ АВЬЯАСЛАГ ХҮҮХЭД-ээр
• Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль 12 дугаар ангийн сурагч Мижидсүрэнгийн Дашсүрэн шалгарсан юм.
Түүний амжилтуудаас дурдвал:
• “Алтан гадас” 2016 ОУ-ын хүүхдийн бүжгийн их наадам хамтлаг бүжгийн төрлөөр дэд байр, гоцлол бүжгийн төрлөөр дэд байр
• “Алтан гадас” 2017 ОУ-ын хүүхдийн бүжгийн их наадам хамтлаг бүжгийн төрлөөр тэргүүн байр, гоцлол бүжгийн төрлөөр тэргүүн байр
• 2016,2017 оны Бий биелээчдийн хүүхдийн улсын уралдаан хамтлаг биелэгээний төрлөөр хошой хүрэл, хамтлаг бүжгийн төрлөөр тэргүүн байр эзэлсэн байна.
Уулын замд хурд хэтрүүлж, урсгал сөрсний улмаас ноцтой осол гарчээ
Өчигдөр нийслэлд баг хэмжээний цас орсны улмаас ойрын өдрүүдэд зам, даваа халтиргаатай байгаа. Үүнээс шалтгаалж зам тээврийн осол ч нэлээдгүй гарч буйтай холбогдуулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулсаар байгаа юм. Гэтэл өнөө өглөө Зайсангаас Их тэнгэрийн ам руу явдаг уулын замд жийп машин, приус маркийн автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын шалтгаан хурд хэтрүүлж, урсгал сөрсний улмаас үүдэлтэй бололтой.
Хятадын шүүхээс 25 жилийн ял сонссон Л.Байгальмааг эх оронд нь авчирчээ
Одоогоос хэдэн жилийн өмнө манай улсын иргэн Л.Байгальмаа гэгч эмэгтэй хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонссон билээ. Гэвч Хятадын тал энэ ялыг хөнгөвчлөн 25 жил хорих ялаар шийтгүүлсэн. Түүнээс хойш 8 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд Л.Байгальмааг ялтан солилцох гэрээгээр авчрах талаар хэд хэдэн удаа яригдаж байсан хэлэлцээр амжилтгүй болж байсан. Харин хэд хоногийн өмнө БНХАУ-д ял эдэлж байгаа Л.Байгальмааг эх оронд нь авчирна гэсэн мэдээлэл гарсан. Тус хэлэлцээр амжилттай болж, энэ сарын 7-нд Бээжин хотод ял эдэлж байсан н.Байгальмааг шилжүүлэн авсан байна.
Энэ сарын сүүлээр цочир хүйтрэхгүй
Энэ сарын сүүлээр цочир хүйтэрнэ гэсэн мэдээлэл ташаа гэдгийг Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдэгдлээ. Тус газраас мэдэгдэж буйгаар “Өнөөдөр төвийн нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 23-нд төв, говь, зүүн аймгуудын зарим нутгаар, 24-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-26нд зүүн аймгуудын нутгаар, сарын эцсээр зарим нутгаар бага зэргийн цас орж, салхилж зөөлөн цасан шуурга шуурч цасны зузаан нэмэгдэн малын бэлчээрлэлт болон зам тээвэрт хүндрэлтэй нөхцөл бүрдэх төлөвтэй. 22-нд баруун аймгуудын нутгаар, 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч гуравдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө томоохон голуудын хөндийгөөр -32,-42, говийн нутгаар -18,-23, бусад нутгаар -23,-28 градус хүрэх төлөвтэй” гэлээ.
Ихэр хүүхдийн тэтгэмж авахдаа ямар бичиг баримт бүртгүүлэх вэ
Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал болгон 240 мянган төгрөг олгоно.
Тэтгэмжид хамрагдах хүсэлтэй эхчүүд
- Оршин суугаа газрынхаа сум хороо, дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт,
- Орон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлолтыг хавсарган бүрдүүлж өгнө.
- Эхнэр болон нөхрийнхөө аль нэг нь нас барсан эсвэл, шүүхээр эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан шийдвэрийг хавсаргах ёстой бөгөөд өөрийн оршин суугаа сум хорооны халамжийн ажилтанд дээрх материалыг өгнө.
Хуулийн хэрэгжилт нь оны эхний өдрөөс хэрэгжих тул оны дараа материалаа аваачиж өгөх ёстой юм байна. Өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж улиралд 240 мянгыг олгох учраас эхний улиралд ирэх оны гуравдугаар сараас эхлэн олгож эхэлнэ.
Ихэр хүүхдийн тэтгэмж
- Ихэр хүүхэд тус бүр сая, сая төгрөг авах бөгөөд гурав буюу түүнээс дээш ихэр хүүхдэд хүүхэд тус бүрт гурван сая олгоно. Жишээлбэл хоёр ихэр хүүхэд төрөхөд тухайн айлд хоёр сая төгрөг авах юм. Хэрэв гурван ихэр хүүхэдтэй болбол есөн сая төгрөг авна гэж ойлгож болно.
Тэтгэмжид хамрагдах хүсэлтэй эх
- Оршин суугаа газрынхаа сум хороо, дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт,
- Орон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлолтыг хавсарган бүрдүүлж өгнө. Хуулийн хэрэгжилт нь оны эхний өдрөөс хэрэгжих тул оны дараа материалаа аваачиж өгөх ёстой юм байна.
0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй эхэд сар болгон 50 мянган төгрөг олгоно. Тэтгэмжийг сар бүрийн 20-нд олгоно.
Тэтгэмжид хамрагдах хүсэлтэй эх
- Оршин суугаа газрынхаа сум хороо, дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт,
- Орон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлолтыг хавсарган бүрдүүлж өгнө.
- Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-т заасны дагуу “хүүхэд асрах чөлөөтэй” гэсэн тушаалын хуулбараа авчирч өгөх хэрэгтэй. Хүүхэд нь 0-3 насных байлаа ч ажилдаа орсон ээжүүдэд энэхүү тэтгэмж хамаарахгүй. Харин ажил эрхэлдэггүй эхчүүдийн хувьд тийм зүйл шаардлагагүй. Хуулийн хэрэгжилт нь оны эхний өдрөөс хэрэгжих тул оны дараа материалаа аваачиж өгөх ёстой юм байна.
Д.Гантулга: Дахин тайлбар авах шаардлагатай байна гэвэл өгнө
УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн зургадугаар сард Н гэх бүсгүйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон. Тухайн үед Н бүсгүй Баянзүрх дүүргийн цагдаад гомдол гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Батбаяр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин өнгөрсөн наймдугаар сарын 25-нд уг хэргийн материалыг Улсын ерөнхий прокурор хянаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай дүүргийн прокурорын шийдвэрийг цуцалж, хэргийг сэргээн шалгахаар болсон. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусах гэж байгаа аж. Улмаар прокуророос Д.Гантулгыг яллагдагчаар татах саналыг энэ долоо хоногт УИХ-д хүргүүлэхээр болсон гэх мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Гантулга “ Надаас байцаалт aвъя гэхээр нь тайлбар өгсөн ш дээ. Түүнээс хойш ямар нэгэн тайлбар авсангүй. Хэрвээ дахин тайлбар авах шаардлагатай байна гэвэл өгнө. Шалгая гээд шалгасан ш дээ.Шийдвэр нь гараагүй байна. Олон удаа хойшилж байна. Би үүний цаана нь улс төр явж байгаа гэж хардаг” гэсэн хариултыг өгсөн байна.