8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:Харүмафүжигийн багшийг сумогийн холбооноос гаргаж, Б.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлсөн өдөр

2017-12-21 18:40:00

Өнгө өнгийн гэрэл цацарч, өвлийн өвгөн, цасан охидтойгоо айлчлахад 9 хоног үлдлээ.  Шинэ жил аль хэдийнэ хаяанд иржээ. Хүн бүрийн сэтгэлд сайн сайхныг түгээж, хүсэл мөрөөдлөө шивхэн гоёхон гацуураа чимэж байгаа энэ үед гэрт чинь гэгээ нэмж, баяр тань баясал нэмэх “Аз жаргалтай шинэ жил” бяцхан зөвлөгөөг хүргэж байна. Гэр бүлээрээ гацуур модныхоо дэргэд, амттан дүүрэн ширээнийхээ ард, аажим цохилох цагийн зүүг тоолон хүлээх тэр л мөч Аз жаргалтай байг. 

Шинэ 2018 оноо угтан авахад хэдхэн хоног үлдлээ. Хүн бүрийн, ялангуяа хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг баяр өнөө мөдгүй болох нь. Гудамж талбай, албан байгууллагууд, дэлгүүр худалдааны газрууд сүлд модоо засан хэн хүний сэтгэл татан, нүд хужирлаад ирэхээр багачууд маань бушуухан л сүлд модоо засах юмсан гэж сэтгэл догдлон хүлээдэг.

Юуны түрүүнд шинэ жилийн сүлд мод маань дорныхны заншлаар урт настай эрүүл энхийг бэлгэдсэн мод байх учиртай. Заавал ногоон гэх биш хөх, цэнхэр, ногоон, цагаан байж болно. Чимэглэл нь алтлаг, мөнгөлөг өнгөтэй, гэрлэн чимэглэл мэдээж оройноосоо ёзоор хүртэл өнгө өнгөөр гэрэлтэж байх нь сайхан шүү дээ.  Сүлд мод чимэх тоглоомын хувьд энэ жил том тоглоом илүү зохимжтой. За тэгээд гялтгануур, өнгө өнгийн сувдан хэлхээс тавихаар бүр гоё.   Өөр нэг гайхамшигтай санаа бол шинэ жилийн сүлд модоо 2018 оны бэлгэдэлээр чимэх. Ирэх жилд элбэг баян байхыг бэлгэдэж сүлд модоо “мөнгөөр” бас чимээрэй.  Гэхдээ алт мөнгөн өнгөтэй зоосон мөнгийг сүлд модны чимэглэл шиг зүүх нь илүү. Орон орны мөнгөн тэмдэгтийг модныхоо дэргэд хэцнээс өлгөж бас болно.  Оюутны буюу хамгийн хямд төсөр чимэглэл бол хуучин компанкт дискүүдээр чимэглэж болно. Тэгээд аятайхан гэрэл чиглүүлээд өгвөл өрөө тасалгааг чинь яг л диско болгоно. Бас гоёмсог цаастай чихэр, шоколад, өнгө өнгийн самар, амттан гоё харагдана гэсэн зөвлөгөөг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Шилдгүүддээ гологдсон шилдэг шалгаруулах үйл ажиллагаа

Жил бүрийн арванхоёрдугаар сард манай улсад “ШИЛДЭГ” шагналгүй хүнгүй болдог. Төрийнхөөс нь эхлээд төрийн бус байгууллага хүртлээ “ШИЛДЭГ” шалгаруулах ёслолыг зохион байгуулж цөөн хэдэн улс төрч, бизнесмэн, урлагийнханаа тойрч шагнаад дуусгадаг билээ. Ёстой л “Хамар хашааны хачин сайхан ижий” өргөмжлөлөөс бусдыг нь өгдөг гэж хэлж болно. Зохион байгуулалтгүй замбараагүй олноор нь шагнал гардуулах энэ мэт арга хэмжээ эргээд шагналын үнэ цэнэ цаашлаад шагнуулагчийнхаа нэр хүндийг унагадаг болоод байна.

Толгойтой хүн бүр гэдэг шиг тамгатай байгууллага бүрийн зохион  байгуулж буй “ШИЛДЭГ” шалгаруулах ёслолд иргэд ч ач холбогдол өгөхөө болиод удаж байна. Өөрөөр хэлбэл, тэдний шалгаруулсан шилдгүүд гэх нөхдийг ард түмэн шилдэг гэж харахаа больж. Шагнасан, шагнуулсан хоёр л бие, биенээ баярлуулж нэг өдөр ууж, дуулж баярлах аж.

Эцэстээ элдэв бусын “ШИЛДЭГ” шалгаруулах ёслол нь зарим байгууллагын мөнгө босгох хэрэгсэл ч болж хувирсан гэж мэдээлэл байдаг.

Өөрөөр хэлбэл, шагнах гэж хүнээсээ мөнгөн дэмжлэг аваад эргүүлээд нөгөө хүнээ шагнадаг арга технологи болсон байна. Олон хүнийг салбар, салбарын шилдэгт нэр дэвшүүлнэ гэж мөнгө аваад эргээд тэднээсээ хамгийн их хандив дэмжлэг өгснийгөө шилдгээр шалгаруулдаг ийм нэг инээдтэй үйл ажиллагаануудыг зарим сэхээтэн залуус эхнээсээ шүүмжилж, татгалзаж эхлээд байна.

Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Next stop” арга хэмжээ гэхэд л өнөөдөр нэр дэвшигчдийнхээ дунд шүүмжлэлийг дагуулаад байна. Өнөөгийн нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесменүүдийн нэр хүндийн үзүүлэлтийг тогтоож “Оны залуу”-г шалгаруулах зорилготой тус наадам нь энэ жилээс нэр дэвшигчдэдээ гологдож эхлэв.

Энэ жил тус арга хэмжээг зохион байгуулж эхэлсний 25 жилийн ой тохиож буй бөгөөд “Монголын залуучуудын холбоо”-ны зүгээс Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэлийг Нийгэм улс төрийн бүтээгч улс төрч залууд нэр дэвшүүлэхэд нэр дэвшигч нь эсэргүүцэж мэдэгдэл хүртэл гаргажээ. Тухайлбал, Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл “Ээ бурхан минь би л биш шүү. Гуйя, намайг хасчих” хэмээн өөрийн цахим хуудсанд мэдэгджээ.

Мөн “Номадс хоспиталити” ХХК Ерөнхий захирал М.Есөнмөнхийг Бүтээгч бизнесмэн залуу -д нэр дэвшүүлэхэд тэрбээр “Энэхүү шалгаруулалтаасаа намайг хасна уу. Өнөөдөртөө амжиж хасвал сайн байна” гэж мэдэгдсэн юм.

Энэ жил 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмен залуу”-г уламжлалаар тодруулахаас гадна шинээр “Нийгэм, улс төр”-ийн салбарын топ залуу, “Эдийн засаг, бизнес”-ийн салбарын топ залуу гэсэн номинацийг нэмжээ.

ЭДГЭЭР НОМИНАЦИД НИЙТ 1000 ГАРУЙ ЗАЛУУГ НЭР ДЭВШҮҮЛСЭН БАЙНА.

Тэдгээрийн заримыг нь дурдвал,

Шилжилтийн 25 жилийн “Нийгэм, улс төр”-ийн Топ залууд Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Непко Паблишинг” үүсгэн байгуулагч Б.Батбаяр, Хотын дарга асан Э.Бат-Үүл, БСБ СЕРВИС ХХК-ийн Ерөнхий Захирал Б.Жаргалсайхан, УИХ-ын дарга М.Энхболд, Эдийн засагч, нийтлэлч П.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн, Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Б.Жавхлан зэрэг хүмүүс нэр дэвшсэн байна.

·         Шилжилтийн 25 жилийн “Эдийн засаг, бизнесийн” Топ залууд “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, “Петровис” ХХК-ийн Ерөнхий захирал, “НИК” ХХК-ны ТУЗ-ын Дарга Ж.Оюунгэрэл, “Монгол банк”-ны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, “Шунхлай” группийн үүсгэн байгуулагч П.Батсайхан, UFC группийн Ерөнхий захирал О.Амартүвшин, Монос группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, “Жигүүр Гранд” ХХК-ийн захирал Д.Баттөр, “Монгол Базальт” ХК-ны үүсгэн байгуулагч Л.Ариун болд, “Бодь Интернэшнл” ХХК-ны гүйцэтгэх захирал А.Амундра, “МАК” үүсгэн байгуулагч, Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир зэрэг эдийн засаг, бизнесийн салбарынхан нэр дэвшжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Д.Сарангэрэл сайд Г.Өсөхбаяр аваргын гэргий Б.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлнө гэдгээ мэдэгдэв

УИХ-ын чуулганаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцлээ.  Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлнө гэдгээ мэдэгдлээ. Б.Нарантуяагийн хувьд албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авлига авсан хэргээр саатуулагдсан гэх мэдээлэл цацагдсан ч өөрөө үгүйсгэсэн юм. Тэрбээр Дархан аварга Г.Өсөхбаярын гэргий юм. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ талаар ярихдаа "Уг нь өнөөдөр нэг хүний албан тушаал ярьж байхын оронд дэгдээд байгаа томуу, эмнэлгийн орны асуудал яривал сайн. Б.Нарантуяа нь түр орлон гүйцэтгэгч. Ярихад ичгэвтэр боловч өнгөрсөн Засгийн газрын үед энэ газрын даргын ажлыг Б.Нарантуяа булааж авсан юм байна лээӨмнөх хүн нь асуудал тавьж, сонин хэвлэлээр бичүүлж байгаа гэсэн яриа гарсан байна лээ. Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудал учраас би тодруулсан. Б.Нарантуяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын суудлыг авахдаа өмнөх даргыг нь дэд дарга болгоно гэчихээд тавиагүйгээс болоод өш зангидаад байна гэдэг мэдээллийг өгсөн. Би тэр Б.Нарантуяагийн шоронд орсон эсэх асуудлыг мэдэхгүй. Эрүүл мэндийн хөгжлийн төв нь яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт харьяалагддаг. Гэхдээ сургалтаа зохион байгуулж чадахгүй, гадаад руу явах эмчээр өөрийн хамаатан саднаа явуулсан гэх асуудал байна. Тэгэхээр Б.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлөх нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа. Чөлөөлнө” гэв.

Д.Тэрбишдагва: Ц.Даваасүрэн хоёр нүүр гаргаад байгаа шүү

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж шийдвэрлэлээ. Уг хуулийн төслийн гол агуулга нь ОХУ-аас импортоор авч буй цахилгаан, эрчим хүчийг НӨАТ-ын татвараас чөлөөлөх асуудал юм.  Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Сэргээгдэх эрчим хүчийг сэргээх ажлыг дэмжиж байна. Үүнийг сайд Ц.Даваасүрэн хэрэгжүүлж чадна. Гэхдээ Ц.Даваасүрэн хоёр нүүр гаргаад байгаа шүү. Наашаа харж өөр юм ярина. Цаашаа харж бас өөр юм ярина" гэв. 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Нар салхины станцын талаар товч тайлбарлахад. Манай улс үндэсний нэгдсэн тогтвортой системгүй. Ийм улс оронд нар салхины систем хязгаартай байдаг. Нөгөө талаасаа хуримтлалуурын асуудал бол үнэтэй. 5-10 жилийн дараа хослосон хуримтлалуур гарах байх. Нарны үүсгүүрийг хуримтлалууртай хийе гэхээр квт нь 15 цент болчихоод байгаа юм. Үнэтэй хуримтлалуур тавихаар хэрэглэхэд хэцүү юм. Бусад улс орны хувьд бусад бүх зохицуулалтыг нь хийгээд өгчихөөр арай өөр л дөө" гэх мэдээллийн хурлын дундуур өгсөн юм.

Уг асуудалтай холбоотойгоор Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсны дараа уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдгээр санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн 80 орчим хувь нь дэмжсэнээр уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төсвийн байнгын хороо руу шилжүүллээ.. 

Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв. 

Анхаар: Гар утас хүүхдийн нүдийг хялар болгодог гэв

Ухаалаг утсыг удаан хугацаагаар ашиглах нь нүдийг хялар болгодог судалгааг Өмнөд Солонгосын Чоннам их сургуулийн дэргэдэх клиникийн эмнэлгийн судлаачид хийсэн байна. “Ухаалаг гар утсыг удаан хугацаанд ашиглах нь ялангуяа 7-16 насны хүүхдүүдэд онцгой хортой” болохыг эмч нар анхааруулж байна. Сүүлийн үед хялар өвчний оноштой өсвөр насны хүүхдүүд эмнэлэгт олноороо хандах болсонд эрдэмтэд анхаарлаа хандуулжээ. Нарийн судалгаа явуулахад тэд бүгд өдөрт 4-8  цагийг гар утсаараа тоглоом тоглох, элдэв зүйл уншихад зарцуулдаг нь тогтоогдсон байна.

Харүмафүжигийн багшийг сумогийн холбооны ТУЗ-аас гаргажээ

Японы сүмогийн холбоо өчигдөр үдээс хойш хуралдаж,  хоёр их аваргын цалинг хасах шийдвэр гаргасан байна. Учир нь өнгөрсөн аравдугаар сард монгол бөхчүүдийн хооронд болсон зодооныг Ёкозүна Хакухо, ёкозүна Какурюү нарыг өөрсдийн зүгээс хангалттай арга хэмжээ аваагүй гэж үзэж,ийн цалинг нь хасахаар болжээ. Тодруулбал,  Какурюү М.Анандыг нэг сар, Хакухо М.Даваажаргалыг 1.5 сарын хугацаанд цалинг 100 хувь хасах шийтгэл оноожээ. Сүмогийн Холбооны тэргүүн Хаккаку хоёр их аваргыг бас хариуцлага хүлээх ёстой, учир нь тэд “адилхан ёкозуна цолтой хүн нүднийх нь өмнө бусдад хүч хэрэглэж байхад зогсоох арга хэмжээ авч чадаагүй” гэж тайлбарлажээ.Мөн  Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн дэвжээний багш Исэгахама-г Сүмогийн холбооны ТУЗ-өөс гаргасан талаар “The Japan Times” сонин мэдээллээ.

"Алтан Жолоо" группийн В.Энхбаатарын хүү Э.Энх-Очир Г.Номуундарийн бичлэгийн талаар ингэж хэлэв

"Бридж" Группийн Ерөнхийлөгч Д.Ганхуягийн охин Г.Номуундарь гэнэт олон нийтийн сүлжээнд лайв хийсэн нь нийгэмд шуугиан болоод байгаа билээ. Уг бичлэгт хар тамхи, хүчингийн хэргийн талаар ноцтой зүйлүүд ярьсан боловч баттай үнэн болох нь тогтоогдохгүй байна. Маргааш шүүх хурал болно... хэмээн хэлж байсан ч СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр ийм хэргийн шүүх хурал товлогдоогүй болохыг сэтгүүлчид мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан зарим нэг залуусыг буруутган хар тамхичин, хүчиндэгч байж магадгүй хэмээн нэр төрд нь халдсан үйлдэлүүд фейсбүүкээр нэлээдгүй яваад амжив. Тэдний нэг болох цэнхэр үст Цэрэн ингэж шууд зарлаж нэр төрийг нь гутаан доромжилсон үйлдэлээсээ уучлал гуйснаар энэ асуудал намжих тийшээ хандсан юм. Харин Г.Номуундарийг хохироосон байж магадгүй хүмүүсийн дунд яригдаад амжсан Алтан жолоо группийн захирал В.Энхбаатарын хүү Э.Энх-Очир фейсбүүк хуудсаараа ийн мэдэгдэл хийжээ. Бид Э.Энх-Очироос тодруулга авахаар хандсан боловч гадаадад сурч байгаа, энэ асуудалд миний нэр холбогдсоныг дараа нь мэдлээ. Би тийм зүйл хэрэглэж, тийм зохисгүй үйлдэл хийх хүн биш ээ. Гэр бүлийнхэнд маань эмзэг тусч байгаад миний сэтгэл зовниж байна. Удахгүй үнэн зөв нь мэдэгдэнэ дээ... хэмээсэн юм. Дашрамд дурдахад олон нийтийн сүлжээг идэвхитэй ашиглагч залуус нотлогдоогүй, үндэслэлгүй мэдээлэл түгээж бусдын нэр төрд сөргөөр хандаж болохгүйг хуулийн байгууллагын зүгээс анхааруулсан тул фейсбүүкийг ухаалгаар зөв хандлагатай хэрэглэж байхыг манай сайтын зүгээс уриалж байна. 

Ж.Батзандан: Б.Хурцын нэр төрийг гутаасан гэж надад хэрэг үүсгэх юм. Манай шүүх, прокурор, цагдаагийн ажил иймэрхүү байна даа

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг эсэргүүцэж байгаа билээ. Тэрбээр Б.Хурцтай холбогдох асуудлаар Нээлттэй сонсгол зохион байгуулж тэндээс гаргасан санал, дүгнэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн юм. 

Тэгвэл Ж.Батзандан гишүүн өнөөдөр өөрийн цахим хаягаар "Хүн ална гэж заналхийлсэн нөхөрт хэрэг үүсгэдэггүй хэрнээ Б.Хурцын нэр төрийг гутаасан гэж надад хэрэг үүсгэх юм. Манай шүүх, прокурор, цагдаагийн ажил иймэрхүү байна даа. Бидний эцгийг хулгайлсан гээд хүүхдүүд нь гомдол гаргаад байхад, мөн Эрдэнэтийн хэрэгт оролцсон гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд байхад намайг хүн гүтгэсэн гэлээ. Ямар ч ариун нэр төртэй юм бэ дээ" хэмээн бичжээ.

Үүнээс үзвэл хуулийн байгууллагаас Б.Хурцын нэр төрд халдан хэмээн хэрэг үүсгэсэн бололтой. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл