8o
Улаанбаатар хот
mobile menu

Chuhal.mn: 2017 онд улс төрд өрнөсөн онцлох үйл явдлууд

2017-12-25 08:50:00

 Улиран одож буй 2017 он олон нийтийн анхаарал хандуулсан онцлох үйл явдлаар дүүрэн жил байсныг хэвлэл мэдээллүүд дор бүрнээ өөрийн “үзэмж”, “үзэл сурталын” өнцөг гарган үнэлж дүгнэдэг заншилтай. Манай Chuhal.mn мэдээллийн сайт энэ онд улс төрд өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.

Өнгөрсөн онд монголчууд бид хоёр удаагийн санал хураалтаар Ерөнхийлөгчөө сонгосон. Мөн эрх баригч нам Засгийн газраа унагаснаас гадна шинэ даргатай болсон юм. Энэ мэт 2017 онд өөр ямар улс төрийн халуун үйл явдал өрнөсөн бэ, хамтдаа эргэн санацгаая. 

ХОЁР УДААГИЙН САНАЛ ХУРААЛТААР Х.БАТТУЛГА ГЭДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВ

Сүүлийн найман жил Ц.Элбэгдорж гэх Ерөнхийлөгчтэй байсан монголчууд шинэ Ерөнхийлөгчөө сонгох шаардлага энэ онд гарав. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН, МАХН-аас хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй байсны дагуу М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нар нэр дэвшсэн юм. Нэр дэвшигчид иргэдийн санаанд төдийлөн хүрээгүй учраас сонгогчдын зарим нь цагаан сонголт хийх уриалгыг гаргаж байв. Ингээд зургаадугаар сарын 25-ны өдөр буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр болоход иргэд саналаа өгсөн ч иргэдийн 50 хувийн дэмжлэгийг аваагүй тул Сонгуулийн тухай хуульд зааснаар дахин санал хураалт явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан. Эхний санал хураалтаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ялалт байгуулсан байв. Саналын тоогоор Х.Баттулгын дараа М.Энхболд жагсаж байлаа. Ингээд дахин долоодугаар сарын 7-ны өдөр явуулсан дахин санал хураалтад хамгийн олон санал авсан эхний хоёр сонгогч өрсөлдөх хуулийн зохицуулалттай тул МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хасагдсан. Дахин санал хураалтад 1.206.809 иргэн буюу нийт сонгогчдын 60.4 хувь нь саналаа өгснөөс бөгөөд

-МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 497067
-
АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 611226 санал авч, 114159 саналын илүүтэйгээр ялалт байгуулсан юм.
 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 100 мянга орчим хүн цагаан сонголт буюу нэр дэвшигчдээс хэнийгч нь дэмжихгүйгээ илэрхийлж саналын хуудсандаа тэмдэглэгээ хийлгүй машинд уншуулсан нь урьдын сонгуулиудад байгаагүй хуулийн хүрээнд үзүүлсэн иргэдийн эсэргүүцэл болов. Мөн энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль өмнөх зургаан удаагийн сонгуультай харьцуулахад хамгийн бага (62.85%) ирцтэй нь байлаа. АН-аас сонгогдсон шинэ Ерөнхийлөгч долоодугаар сарын 10-ны өдөр тангарагаа өргөн, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн юм. Х.Баттулга Ерөнхийлөгч болсноосоо хойш УИХ-ын хэд, хэдэн асуудалд хориг тавьж иргэдийн дунд дуулиан тариад байгаа билээ. 

"ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН АСУУДАЛ ОДОО Ч ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА

Ч.Сайханбилэгийн Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс корпораци” ХХК худалдсан. Энэ наймааны үйл явцыг хууль бус болсон эсэхийг шалгах ажлын хэсгийг  УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулан гаргав. Ингээд ажлын хэсгээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг гуравдагч этгээдэд зарсан нь хууль зөрчсөн шийдвэр болсон гэдэг шийдвэрийг гаргасан юм. Ингээд 2017 оны хоёрдугаар сарын 10-нд “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хувьцааг 100% төрийн мэдэлд авах тогтоолыг баталсан. Улмаар гуравдугаар сарын 29-ний Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100% төрөөс бүрдүүлэхийг үүрэг болгов.  Ингэж Монголын тал дахь 51% дээр нэмэх нь 400 сая доллар ОХУ-д төлж 49 хувийг худалдаж авсан “Монголын Зэс Корпораци”-ийг Хувьцаа эзэмшигчид болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралд оролцуулалгүйгээр “Эрдэнэт Үйлдвэр”-ийн ТУЗ-ийг төрөөс томилсон юм. Монголын Зэс Корпораци”-ийн удирдлага энэ шийдвэрийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Дээд Шүүх дээр ялав. Хэдий ингэсэн ч “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хувь эзэмшлийн асуудал хэрхэн нь өнөөдөр ч тодорхойгүй байна. Энэ онуудад эрх барьж буй нам "Эрдэнэт" үйлдвэрийн хувьцаанаас иргэдэд хувь хишиг хүртээнэ гэж ам алдсан удаатай. 

У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСАГ УНАГАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдал хүлээсний дараахан Д.Эрдэнэбатын Засгийн газрын Шадар сайд У.Хүрэлсүх гэнэт өөрийн ажиллаж буй кабинетынхаа тэргүүнийг хамгийн муу ажиллаж байна хэмээн шүүмжилж эхлэв. Тэрбээр Засгийн газрыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд үр дүнтэй ажил хийж чадаагүй, эдийн засгийг сэргээх ажил хийгээгүй, 60 тэрбумын төлөөлөл удирдах түвшинд ажиллаж байгаа учраас МАН-ыг муухай харагдуулж байна гэх зэргээр шүүмжилж байсан юм. Ингээд УИХ дахь МАН-ын гишүүдээ 32, 33 аар нь хоёр хуваагаад хэсэг үзэж тарсаны эцэст өөрөө Ерөнхий сайд болсон. Түүнийг сайн ажиллаж байгаа эсэхэд иргэд дүгнэлт өгөх буй за. Ер нь бол эрх баригчид л Засгийн газраа унагадаг гэдэг үгийг У.Хүрэлсүх улам илүү тодотгосон билээ.У.Хүрэлсүхэд 60 тэрбумыг шүүмжлэх боломж 2016 оны сонгуулийн өмнө байсан уу гэвэл байсан. Мөн 60 тэрбумынхантай жилийн хугацаанд нэг танхимд хамтран ажиллахдаа чив чимээгүй байсан мөртлөө гэнэт "60 тэрбумынхан балиар" гэх шүүмжлэлийг ярьж эхэлсэн нь тэрбээр чухам энэ жилийг л хүлээж байсан гэлтэй. 

ХУУЧИН ХҮН ШИНЭ ДАРГА 

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсныхоо дараа нэг их удалгүй МАН-ын дарга болов. МАН-ын 28 дугаар Их хурал өнгөрөгч 11 дүгээр сарын 21-нд хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн М.Энхболдод хариуцлага хүлээлгэн намын даргаас нь чөлөөлсөн юм. Ингээд намын шинэ даргаа сонгосон. Намын даргад бүлгийн дарга  Д.Хаянхярваа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өрсөлдсөн бөгөөд санал хураалтын эцсийн дүнд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх 63.1 хувийн санал авч, МАН-ын даргаар сонгогдсон. МАН-ын даргаар У.Хүрэлсүх сонгогдсон нь тус намын нийт гишүүдийн хувьд цоо шинэ сонголт болсон билээ. Ийнхүү У.Хүрэлсүх энэ эрчээрээ явж чадвал Ерөнхий сайд, намын дарга гэдэг хос морьтой 2020 оны сонгуульд МАН-аа авч орох нь. 

ОУВС БА ТАТВАРЫН НЭМЭГДЭЛ

Тавдугаар сарын 25-ны өдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж Монгол Улс ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсаныг албан ёсоор зарласан юм. Ингэснээр манай улс ОУВС-аас 5.5 тэрбум ам.долларын зээл авч чадсан юм. Гэхдээ нэг болзолтойгоор уг зээлийг авсан . Тодруулбал, долоон төрлийн татвар нэмэх бодлого хэрэгжүүлэхээр болсон. Долоон төрлийн татварын нэмэгдэл зургаан хоногийн дараагаас буюу ирэх оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. 

БАГШ, ЭМЧ НАРЫН ШАХАЛТ БА 300 МЯНГАН ТӨГРӨГ

Өнгөрөгч намар багш, эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардаж жагсаал цуглаан хийснээс гадна хэд, хэдэн удаа ажил хаялт хүртэл зохион байгуулсан. Цалингаа нэг сая ба түүнээс дээш хэмжээтэй болгохыг хүссэн багш нарын эсэргүүцлийн галыг унтраах нэг арга нь бэлнээр 300 мянган төгрөг тараах байсан бололтой. Ямартай ч У.Хүрэлсүхийн Засгийн газар зардлаа хасах, төсвийн бусад орлого нэмэгдүүлэх дорвитой алхам хийхийн оронд төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг бэлнээр тараах шийдвэр гаргасан юм. 300 мянган төгрөгийг өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн. Баярын өмнө их хэмжээний бэлэн мөнгө тараасан Уршгаар инфляци өсч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч магадгүй байгаа юм. ЭНЭ БОЛ ТҮР ЗУУР ГАЛ НАМЖААСАН АРГА. 2018 онд цалинг 50 хувиар нэмэхгүй бол тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ багш, эмч нар мэдэгдсэн билээ.

ЕВРОПЫН ХОЛБОО МОНГОЛ УЛСЫГ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛАВ 

Европын Холбоо түүхэндээ анх удаа хар жагсаалтыг зарлалаа. Энэ жагсаалтад 17 орон багтсаны дотор Монгол Улс багтсан юм. Ингэхдээ тухайн улсын татварын орчны ил тод байдал, татварын хувь хэмжээ нь гадны этгээдүүдийн сонирхлыг татах чадвартай эсэх зэргээр нь үнэлжээ. Мөн Европын Холбооны татварын стандарттай хэр зэрэг нийцэх нөхцлийг харж үзсэн байна.  Манай улс Европын холбооны хар жагсаалтад орсноор ямар сөрөг үр дагавар гарах талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон УИХ-ын гишүүд хэрхэн байр, сууриа илэрхийлснийг ЭНД дарж уншина уу. 

Б.ХУРЦЫН ХУРЦ ТОМИЛГОО

Засгийн газраас өнгөрсөн арваннэгдүгээр сард Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар томилуулах санал гаргасныг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжин, энэ асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Ингээд байнгын хорооны түвшинд уг асуудлыг хэлэлцэж эхлэх үед УИХ-ын гишүүн Л.Болд Б.Хурцыг шүүмжлэх гэж байгаад өөрөө асуудалд орсон билээ. Б.Хурц түүнийг Хойд Солонгостой зэвсгийн наймаа хийсэн түүнээс нь болж хоёр иргэн цаазлуулсан гэж мэдэгдсэн юм. Энэ өдрөөс эхлэн Б.Хурцтай холбоотой хэрүүл шуугиан тасралгүй үргэлжилсээр өнгөрсөн долоо хоногийг хүргэсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ томилгоог эсэргүүцэж, “Б.Хурц иргэдийг хохироосон тухай өргөдөл, гомдлууд өмнөх УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд олноороо ирсэн ч, энэ асуудлыг огт хэлэлцдэггүй” гээд Б.Хурцыг Элчин сайдаар томилохын өмнө түүнтэй холбоотой хууль бус үйлдлүүдийн талаар Томилгооны сонсгол зохион байгуулах санал гаргасан. Түүний саналыг УИХ-ын нэр бүхий 22 гишүүн дэмжсэнээр, нээлттэй сонсгол явуулах шийдвэрийг УИХ-аас гаргасан юм.  Томилгооны сонсголын бэлтгэлийг хангах Ажлын хэсгийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэгээр ахлуулан байгууллаа. Удалгүй энэ асуудал тус байнгын хороо бус, Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэгдэнэ хэмээн шилжүүлсэн.

Эцэст нь Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Б.Хурцтай холбоотой иргэдийн өргөдөл, гомдлын тоо 900-гаас дээш гарвал манай байнгын хороогоор хэлэлцэгдэх эрхзүйн зохицуулалттай” хэмээх хариулт хэлснээр энэ асуудал мухардалд оров.Нэгэнт асуудлыг УИХ-ын түвшинд авч үзэх гарцгүй болсон тул нэр бүхий гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Төрийн ордонд нээлттэй сонсгол зохион байгууллаа. Сонсголд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг нарын гишүүдээс гадна Б.Хурцын буруутай үйлдлээс болж хохирсон гэх иргэдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагынхан оролцон нээлттэй ярилцсан.

Нээлттэй сонсгол Төрийн ордны “В” танхимд болж байхтай зэрэгцэн УИХ-ын чуулганы танхимд Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэн, БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилов.  УИХ түүнийг хаалттай хэлэлцээд БНСУ-д Элчин сайдаар томилсон ч Ерөнхийлөгч Х.Баттулга шийдвэрийг эргэн харах шаардлагатай гэж мэдэгдээд байна. Тэрбээр Б.Хурцтай холбоотой ноцтой асуудлууд яригдсан учраас уг томилгоог дахин нягталж, шалгах шаардлагатай гэсэн юм. 

ЗАРИМ НЭГ ХҮН ВАНГА ШИГ ХЭЛЖ С.ЭРДЭНИЙГ НАМ ДАРГА БОЛГОВ УУ

УИХ-ын 2016 оны сонгуулиар ялагдал хүлээсэн АН дарга нартаа хариуцлага тооцож тэднийгээ огцрууллаа. Тус намын өмнөх удирдлагууд болох  З.Энхболд,  Л.Эрхэмбаяр нар огцров.  АН-ын даргын суудлын төлөө УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Боловсролын сайд асан Л.Гантөмөр. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар өрсөлдөж хамтдаа Монгол орноороо тойрч хөтөлбөрөө танилцуулсан юм. Энэхүү дотоод сунгаагаар С.Эрдэнэ хамгийн олон гишүүний дэмжлэгийг авч, АН-ын дарга болов. Харин Н.Алтанхуяг 1640.60, Л.Гантөмөр 1279.43, Ж.Батзандан 1012.36, Д.Эрдэнэбат 801.31 оноо тус тус авсан юм. Ардчилсан нам анх удаа нээлттэйгээр ардчилсан зарчмаар намын даргаа сонгосон гэж тус намын зарим гишүүд ярьдаг. Тус намын гишүүн Л.Наранбаатар намын даргын сунгааны үеэр "Ванга шиг хэлье. С.Эрдэнэ намын дарга болно" гэж хэлсэн нь яг л биелэлээ олсон юм даа. Энэ удаагийн сонгуульд есхөн суудалтай байгаа АН-ынхан алдаагаа засч 2020 оны сонгуульд амжилттай оролцож чадах эсэх нь энэ хүнээс ихээхэн хамаарна. 

ХОЁР ДАРГАТАЙ МАХН 

 Энэ сарын 9-ны амралтын хоёр өдөр МАХН хоёр тусдаа Их хурлаа хийсэн. МАХН-ыг УИХ-д суудалтай болгосон О.Баасанхүү тэргүүтэй тус намын гишүүд Бямба гаригт /2017.12.09/ Төрийн ордонд Их хурлаа хийж, намын дарга Н.Энхбаярыг огцруулж, О.Баасанхүүг намын даргаар сонгов. Энэ хуралд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар оролцсон. Удаах өдөр буюу Ням гаригт /2017.12.10/ Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын гишүүд "Аса" циркт Их хурлаа зохион байгуулав. Ингэхдээ О.Баасанхүүгийн зохион байгуулсан хурал хүчингүй, хууль бус хэмээсэн. Энэ хуралд ч МАХН-ын дэд дарга С.Ганбаатар оролцсон юм. Сүүлийн хэдэн сар МАХН-ын гишүүд О.Баасанхүүг Гүйцэтгэх товчооноос хасч, Бага хурлын гишүүн болгосон, намаасаа хөөнө гэх мэдэгдлүүдийг удаа дараа хийсэн. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү түүнийг нь үгүйсгэн, намын удирдлагуудаа шүүмжилж, сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээ гэх мэт хариуг нь өгсөөр ийнхүү хоёр талд хурлаа хийсэн юм. Чухам энэ хоёр хурлын аль нь хүчин төгөлдөр вэ гэдэг ойлгомжгүй, аль аль нь бие биенээ үгүйсгэж байна. Одоо Дээд шүүх л Н.Энхбаяр, О.Баасанхүү нарын хэн нь МАХН-ын дарга гэдгийг шийдэх юм. Монгол Ардын хувьсгалт нам байгуулагдаад таван жил болж буй. Анх 2012 онд МАХН гэх нэрээ албажуулж, намын даргаар нь Н.Энхбаяр томилогдсон. Бараг 100 жилийн түүхтэй МАХН-ыг хоёр хувааж, Н.Энхбаяр гэх хүн багаа бүрдүүлж эхэлсэн. Гэхдээ энэ намыг өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй 24 намаасаа ялгах, нам гэж хэлэхэд хүндрэлтэй олон зүйл бий. Тухайлбал, намын дарга нь ямар ч сонгуульд ялагдсан ч хариуцлага хүлээдэггүй, улс төрд онцгой үүрэггүй ч оршин тогтносоор буй. МАХН гэх нам байсаар байгаагийн гол зүйл нь Н.Энхбаяр гэж ярих хүмүүс бий. Гэтэл Н.Энхбаярын нөмөр нөөлөгт улс төрд орж ирсэн О.Баасанхүү нь нэг л өдөр Н.Энхбаярыгоо тонгорч ямар ч тамга тэмдэггүй Их хурлыг хийгээд өөрөө намын дарга болчихоод байна. 

Т.Хулан

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
HURTS BOL MUNDAG HUN
hurts generaliig demjij yawdag shuu. ta l gants zorigiin hergiig ilruulj chadsan . ene chin uls turchdodo taalagdahgui bgaa yum. uchir n tednii buh no ilerchihgeed bgaa yum shuudee
2017/12/25 185.107.81.234
HURTS BOL MUNDAG HUN
hurts generaliig demjij yawdag shuu. ta l gants zorigiin hergiig ilruulj chadsan . ene chin uls turchdodo taalagdahgui bgaa yum. uchir n tednii buh no ilerchihgeed bgaa yum shuudee
2017/12/25 185.107.81.234
HURTS BOL MUNDAG HUN
hurts generaliig demjij yawdag shuu. ta l gants zorigiin hergiig ilruulj chadsan . ene chin uls turchdodo taalagdahgui bgaa yum. uchir n tednii buh no ilerchihgeed bgaa yum shuudee
2017/12/25 185.107.81.234
HURTS BOL MUNDAG HUN
hurts generaliig demjij yawdag shuu. ta l gants zorigiin hergiig ilruulj chadsan . ene chin uls turchdodo taalagdahgui bgaa yum. uchir n tednii buh no ilerchihgeed bgaa yum shuudee
2017/12/25 185.107.81.234
HURTS BOL MUNDAG HUN
hurts generaliig demjij yawdag shuu. ta l gants zorigiin hergiig ilruulj chadsan . ene chin uls turchdodo taalagdahgui bgaa yum. uchir n tednii buh no ilerchihgeed bgaa yum shuudee
2017/12/25 185.107.81.234
HURTS BOL MUNDAG HUN
hurts generaliig demjij yawdag shuu. ta l gants zorigiin hergiig ilruulj chadsan . ene chin uls turchdodo taalagdahgui bgaa yum. uchir n tednii buh no ilerchihgeed bgaa yum shuudee
2017/12/25 185.107.81.234