Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах цаг мөчтэй нэгэн шинэ өдөр дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн долоо хоног танд талархая. Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байх нь ээ. Тиймээс гэр бүлдээ цаг гаргаарай гэж зөвлөмөөр байна. Оюун уxаан ундаршгүй тул
Уншиж мэдэxэд цаг гарга
Ариун xишиг бурxныx тул
Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.
Өнөөдөр улс эх орны минь улс төр, нийгэмд сонсч дуулах мэдээллээр дүүрэн байлаа. 2018 оны улсын төсөвт хүүхдүүдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийн тэтгэмжид зориулан 164 тэрбум төгрөг хуваарилжээ. Энэ нөөцийг нийт хүүхдийн 60 хувьд олгоно.Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд үндэслэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож байсан юм. Харин өнгөрсөн оны сүүлээр улсын төсвийн орлого 500 орчим тэрбум төгрөгөөр давж биелсэн тул бүх хүүхдэд нөхөн олгосон. 2017 оны төсвийн тодотголд хүүхдийн мөнгийг 2017 оныг дуустал бүх хүүхдэд олгоход зориулан 104,5 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин энэ онд бүх хүүхдэд олгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Засгийн газрын тогтоолын дагуу босго оноо тогтоон, босго даваагүй өрхүүдэд л хүүхдийн мөнгө олгох талаар мэдээлэл гарлаа. Ингээд бусад онцлох мэдээллийг багтаасан Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
АТГ-ын Мэдүүлэг бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.
-АТГ-аас оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, үйл ажиллагааг нь зогсоох хугацаа маргааш дуусгавар болж байгаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
- ХОМ гаргадаг албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээд, оффшор бүсэд мөнгөн хөрөнгө байршуулах, үл хөдлөх хөрөнгө өмчлөх хуулийн этгээдийг үүсгэхийг хориглосон байгаа. Энэ хориглосонтой холбогдуулан хуульд заасны дагуу оффшор бүс нутгийн жагсаалтыг Засгийн газраас баталж өгсөн. Үүний хүрээнд өнгөрсөн наймдугаар сарын 30-ны Засгийн газрын хуралдаанаар оффшор бүс нутагт дараах орнуудыг оруулж өгнө гэж 49 орныг шинэчилж баталсан. Энэ бүс нутгийн жагсаалт өнгөрсөн аравдугаар сарын 4-ны өдөр АТГ-т ирсэн. Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор батлагдсан Ангиль, Бахамын арлууд, Бахрейны Хаант Улс, Белиз Улс, Бермудын арал, Британийн Виржинийн арлууд, Жерси, Кайманы арлууд, Куукийн арлууд, Лихтенштейний Вант Улс, Маршаллын арлууд, Мэний арал зэрэг 34 бүс нутагт оффшор данс эзэмшдэг, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан нийтийн албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүд нь энэ талын үйл ажиллагаагаа зогсоох ёстой.
Хуульд зааснаар аравдугаар сарын 4-нөөс хойш гурван сарын хугацаанд дээрх бүс нутагт мөнгөн хөрөнгө барйшуулах, үл хөдлөх хөрөнгөтэй байвал 3 сарын хугацаанд захиран зарцуулах эрхээ бусдад шилжүүлэх арга хэмжээ авах ёстой. Энэ хугацаа маргааш буюу энэ сарын 4-ны өдөр дуусгавар болно. Албан тушаалтнууд энэ тухайгаа АТГ-т ирэх хоёдугаар сарын 4-ний дотор мэдүүлэх зохицуулалттай.
-Энэ хугацаанд оффшор дансны мэдээллээ өгсөн хүн бий юу. Тоо гарсан уу?
-Хуулийн хугацаа хараахан дуусаагүй байна. Тийм болохоор одоогоор оффшор дансны мэдээллээ өгсөн этгээдийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Харин хугацаа нь дууссаны дараа албан ёсоор мэдээлэл өгнө.
-Тухайн заасан хугацаанд мэдээлэлээ гаргаагүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх ямар зохицуулалт, заалттай байна вэ?
-Хэрвээ заасан хугацаанд өөрийн болон хамаарал бүхий этгээд болох эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, нэгдмэл сонирхолтой этгээдүүд дээрх бүс нутгуудад данс эзэмшсэн, түүнийгээ АТГ-т мэдүүлээгүй бол хуулиараа нийтийн албан тушаалтан албан тушаалаасаа халагдах хүртэл хуулийн хатуу зохицуулалттай.
Тиймээс мэдүүлэг гаргагч нар энэ асуудалд маш их ач холбогдол өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, дээрх дурдсан хугацаанд мэдээлэгчид мэдээлэлээ гаргаагүй тохиолдолд нийтийн албанаас халах арга хэмжээ авч хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг. Мөн улс төрийн албан тушаалтаныг эгүүлэн татна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Утааг бууруулах технологийн шийдэл” танилцуулга үзэсгэлэн өнөөдөр Төрийн ордонд болж байна. Засгийн газар 2018 оны анхны ээлжит хуралдаанаа нийслэлийн агаар орчны бохирдол, утааг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн эрчимжүүлэх талаар холбогдох газруудаас олон талын мэдээлэл авч хэлэлцэн нэгдсэн шийдэл гаргах юм. Хуралдааныхаа өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайдууд болон бусад албан тушаалтны хамтаар “Утааг бууруулах технологийн шийдэл” үзэсгэлэнг үзэж, аж ахуй нэгж, иргэдийн мэдээллийг тус бүр сонслоо.
Ерөнхий сайд "Агаар орчны бохирдол, утааг буурууулахад юун түрүүнд хүн бүрийн идэвх зүтгэл чухал. Төрөөс оновчтой, үр дүнтэй бодлого гаргаж ажиллахын төлөө хичээж байна. Утааг бууруулах эхний алхам иргэд гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулахад анхаарах хэрэгтэй. Засгийн газраас өнөөдөр утааг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар цогц шийдэл гаргахаар хэлэлцэх болно" гэлээ.
“Утааг бууруулах технологийн шийдэл” үзэсгэлэнд 50 гаруй аж ахуй нэгж, хувь хүн оролцож цахилгаан халаагуур, боловсруулсан хийн түлш, гэрийн дулаалга, шалны ялтсан халаагуур, агаар шүүгч, төрөл бүрийн зуух, цахилгаан хэмнэгч зэрэг технологийн шийдлийг танилцуулж байна
Шинэ оныг иргэд бухимдалтай эхлүүлж байна. Учир нь шинэ он гарахтай зэрэгцэн бензиний үнэ 50 төгрөгөөр нэмэгдэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Зарим шатахуун импортлогч компаниуд энэ долоо хоногоос эхлэн шатахууныг хязгаартай олгож эхлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг хүнд 30 мянган төгрөгөөс илүү мөнгөн дүнд шатахуун зарахгүй байгаа. Энэ нь ч Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газрын хийсэн шалгалтаар тодорхой болоод буй. Компаниудын зүгээс ОХУ импортын шатахууны нөөцөө багасгасан учраас хязгаартай олгож эхэлсэн гэх тайлбарыг өгч буй. Харин Уул, уурхайн яамнаас "Шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийнэ. Үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй. Шатахууны нөөц хангалттай байгаа. Шатахууныг хязгаартай олгож буй газрууд бол найдваргүй гэдгээ харуулж байна" гэх тайлбарыг өгч байгаа юм.
Шатахуун импортлогч компаниудын хувьд төрөөс хамааралгүйгээр үнээ нэмсээр өдийг хүрсэн. Өөрөөр хэлбэл, тэдэн шиг хууль, журамд баригддаггүй дураараа загнагчид Монголд байхгүй. Тэд үгсэн хуйвалдаж бензиний үнийг нэг шөнийн дотор л нэмчихээд буцаад буулгадаггүй. Өөрөөр хэлбэл, дуртай үедээ үнэ нэмж иргэдийг хохироож ирсэн. Энэ удаа ч өмнөх шиг дураараа аашлах дүр зураг харагдаж байгаа.Харин төрөөс ямар нэгэн байдлаар урьдчилж арга хэмжээ авахгүй байсаар байгаа юм.
Үүнийг цэгцлэх, хууль эрх зүйн зохицуулалттай болохгүй бол шатахуун импортлогчид цаашид дураараа дургиж иргэдийн халаас руу дуртай цагтаа гараа дүрсээр байх болно.
Хэрэв энэ удаа шатахуун импортлогч компаниуд Засгийн газартай тодорхой ойлголцолд хүрч чадахгүй бол 100-145 төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа. Шатахууны үнэ ингэж нэмэгдэж байгаа нь өнгөрсөн жилийн өдийд манай улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, долоон төрлийн татварыг шат дараатайгаар нэмэх болсонтой холбоотой.
Хамгийн ноцтой нь шатахууны үнэ нэмэгдэх сургаар сүү, тарагны үнэ 200 төгрөгөөр нэмэгдчихлээ. Маргаашнаас талхны үнэ ч нэмэгдэж магадгүй гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна Өнгөрсөн аравдугаар сард талхны үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн. Өнөөдөр талхны дундаж үнэ 1500 төгрөгтэй байгаа. Хэрвээ энэ байдлаар нэмэгдсээр байвал талх 2000 төгрөгт хүрч мэдэх нь. Энэ мэтээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байхад Засгийн газар татвар нэмж байгаа нь иргэдийн бухимдлыг илүү ихээр төрүүлээд байна.
БНСУ-аас 2018 онд мэргэжлийн бус ажил эрхлэх гадаадын иргэдэд олгодог “Е-9” ангиллын визийг 56 мянган хүнд олгоно хэмээн “Naver.com” сайт дээр мэдээлжээ.
“Е-9” ангиллын визээр Өмнөд Солонгос улсад хөдөлмөр эрхлэх иргэд
- Үйлдвэрлэлийн салбарт 42 300,
- Хөдөө аж ахуйн салбарт 6 600,
- Загас агнуурын салбарт 2 600,
- Барилгын салбарт 2 400,
- Үйлчилгээний салбарт 1 100 гэсэн квоттой ажлын байр зарласан байна.
“E-9” ангиллын визтэй иргэд БНСУ-аас 8 сараас 9 жил (4 жил 10 сар+4 жил 10 сар) хүртэл хугацаагаар ажиллаж, амьдрах боломжтой байдаг.
Одоогийн байдлаар 7500 гадаадын иргэн визийн эцсийн хугацаа болох есөн жилээ дуустал ажиллахаа БНСУ-ын албаныханд мэдэгджээ. Тус улсын Цагдаагийн албанаас хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нутаг буцаах арга хэмжээгээ эрчимжүүлнэ гэдгээ мөн мэдэгдсэн байна.
Өнгөрсөн сарын 25-нд Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалын харьяа Дорнод дахь 065-р ангийн ахлагч өөрийгөө буудаж шархдуулжээ. Уг хэрэг Дорнод аймагт арваад хоногийн өмнө гарсан бөгөөд цэргийн албан хаагч буугаа цэвэрлэж байгаад сум алдаж өөрийгөө бууджээ. Тус цэргийн албан хаагчийн биеийн байдал биеийн байдал гайгүй байгаа аж. Мөн үүнээс гадна Говь-Алтай аймагт нэгэн иргэн согтуурсан үедээ өөрийгөө хоёр удаа буудаж, цэргийн төв госпитальд ирж хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Мэргэжлийн хяналтын байгууллагад авлига үүсэх нөхцөл бүрдсэн гэв
Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийтээр дагаж мөрдөж буй хууль тогтоомжийг сахин биелүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, зөрчил, дутагдлыг арилгахад зорилгоор АТГ-аас боловсруулсан Зөвлөмжийг Шадар сайд Ө.Энхтүвшинд гардуулан өгсөн байна.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү Шадар сайдтай уулзах үеэрээ түүний эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажилласан дүнгийн талаар танилцуулав.
Зөвлөмжид мэргэжлийн хяналтын чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагыг төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг гэрээгээр хүлээлгэсэн нь авлига үүсэх нөхцөл бололцоог бүрдүүлж байгааг таслан зогсоох, мэргэжлийн хяналтын байгууллагын дотоод хяналтыг сайжруулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үйл ажиллагааг шат шатандаа эрчимжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжээс үндэслэлгүй төлбөр, хураамж авахгүй байх, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах ажлын хэсгийн зардлыг зөвшөөрөл хүсэгчээс гаргуулахгүй байх, худалдан авах ажиллагааг хөндлөнгийн нөлөөллөөс ангид явуулахын тулд иргэний нийгмийн төлөөллийг үнэлгээний комисст тогтмол оролцуулах, тендерийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод явуулах зэрэг 19 зүйл бүхий арга хэмжээг дээрх нэр бүхий агентлагуудын түвшинд авч хэрэгжүүлэх талаар дурджээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин Зөвлөмжийг хүлээн аваад цаашид салбарын хэмжээнд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
1000 машины авто зогсоолын худалдаа эрхлэгчдийг баривчилжээ
Баянгол дүүрэг Төмөр замын хажууд байрлах 1000 машины авто зогсоолыг нүүлгэх шийдвэр гарсан. Энэ газрыг чөлөөлөхтэй холбогдуулан худалдаа эрхлэгчид болон цагдаа нарын хооронд үл ойлголцол үүсч, маргалдан, зарим худалдаа эрхлэгчдийг баривчилсан байна.
Тухайн газар нь 1949 оны олон улсын гэрээний дагуу УБТЗ ХНН-ийн эзэмшил бөгөөд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны А/980 тоот захирамжийн дагуу тухайн газрыг 2017 оны 12 дугаар сарын 08-ний өдөр чөлөөлөхөөр заасан байдаг.
АН: Татвар нэмэх нөхцлөө эргэж харах шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ
УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр "АН-ын бүлэг Төв банкны тухай хуулийн төсөлд байр сууриа нэгтгэлээ. Төв банкны хуулийн төсөлд ойлгомжгүй зүйл их байгаа. Монголд төгрөгийн тогтвортой байдлыг хангахад төв банкны үүрэг ямар байх вэ гэдэг дээр З.Нарантуяа гишүүн байр сууриа хэлнэ. АН-ын бүлэг энэ онд нийгмийн чиглэлд ямар хууль тогтоол хэлэлцэх талаар ярилаа. Өнгөрсөн онд зээл өссөн, импортын хэмжээ нэмэгдсэн, ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй. Эрх баригчид Засгийн газраа огцруулсан. Ард иргэдийн амьдрал дээшлээгүй. Тиймээс сөрөг хүчний хувьд 2018 онд онцгой хариуцлагатай жил байна. Үнэмлэхүй 65 олонхийн үйл ажиллагааг хянаж, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг харж, шаардана. Намрын чуулган хууль тогтоолыг өргөн барих ажиллагаанд дэгийн хуулийг зөрчсөн. Хууль өргөн барих хугацааг зөрчих асуудал хавтгайрсан. Сүүлийн үед чуулган, байнгын хороонд ирц хүрэхээ байсан. Байнгын хорооны дарга нь гишүүдийн картыг сугалдаг болсон. ОУВС-гийн шаардлагаар гэдэг нэрийн дор нэмэгдсэн татварын асуудал нийгмийн бухимдлыг төрүүлж байна. Газар худалдаалах, Ашигт малтмалын лицензийн татвар 7 төрлийн татвар дээр нэмэгдсэн. 2018 онд нийтдээ 9 төрлийн татвар нэмэгдэж байна. Үүнээс үүдэн гарах эерэг, сөрөг талыг харах хэрэгтэй. Өнөөдөр АН-ын бүлэг татвар нэмсэн нөхцөлөө эргэж харах шаардлага Засгийн газарт хүргүүлнэ. Эдийн засаг өсч байгаа бол энэ татварыг цуцлах хуулийн төсөл санаачилна. Эдийн засаг өссөн мөртлөө иргэдийн цалин царцдаг байж болохгүй" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Эрх барьж байгаа нам иргэдээ, улсаа орлоготой болгоё гэсэн алхам шийдлүүд хийж харагдахгүй байгаа. Үүнд манай АН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Гадаад худалдааны орчин таатай болсон. Эдийн засгийн гадаад, дотоод орчин сайн байгаа үед Засгийн газар ажлаа хийж чадахгүй, иргэдийн халаас руу орж байна. Санхүү, банкны салбарт шинэчлэл хийхээр оруулж байгаа хуулийн төслүүдийг харахад банкуудаа дэмжсэн зохицуулалтын бодлого байхгүй байна. Төв банкны хувьд бие даасан нэрийн доор эрх мэдэл, арилжааны банкуудад оролцох оролцоо нэмэгдсэн байна. Төв банкны бодлого төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байдаг. Гэтэл үүнээсээ ухраад Үнийн тогтвортой байдлыг хангана гэсэн зорилт тавьжээ. Төв банк валютын бодлогоо алдсан. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх ёстой байхад Төв банкны мөнгөний бодлого хэрэгжүүлэх гэж байгаад АН шүүмжилж байгаа юм. Төв банк гүйцэтгэх засаглалаас хараат байх ёстой" гэв.
Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь хэнд ашигтай вэ
Шинэ оноос нийгмийн даатгалын шимтгэлийг 1,0 хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлого, шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэл төлсөн хугацаанаас шууд хамаардаг. Тиймээс даатгуулагчийн төлөх шимтгэл бага байх тусам тэтгэвэр, тэтгэмж багаар тогтоогдож улмаар тэдний нийгмийн баталгаа алдагдах эрсдэлтэй.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 2008 он хүртэл 19 хувь байсныг таван пунктээр буулгаж 14 хувь болгож ажил олгогч, даатгуулагч-иргэн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо тус бүр 7,0 хувиар тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлдөг болсон. Ингэж бууруулснаар улсын төсвийн ачаалал асар ихээр нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэвэрт зарцуулдаг хөрөнгийн 40 гаруй хувийг улсын төсвөөс санхүүжүүлж байгаа нь мөнгөн дүнгээрээ 570,2 тэрбум төгрөгт хүрчээ.
Шимтгэлийг 2018 онд 1,0, 2019, 2020 онд тус бүрт нь 2,0 хувиар үе шаттайгаар нэмж нийт таван пунктээр өсгөснөөр тэтгэврийн даатгалын сангийн орлого 2018 онд 122, 2019 онд 193, 2020 онд 337 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, улсын төсвөөс тэтгэврийн санд олгох татаас энэ хэмжээгээр буурч, иргэдийн тэтгэврийг нэмэх боломж бүрдэх юм. 2018 онд хувь хүний төлөх шимтгэлийг 1,0 хувиар нэмэхэд 600 мянган төгрөгийн цалинтай хүний шимтгэл сардаа 6000 орчим төгрөгөөр нэмэгдэх ч 1979 оноос хойш төрсөн нэрийн дансны даатгуулагчийн ирээдүйд авах тэтгэвэр өнөөдөр төлж буй шимтгэлээс хамаагүй илүү хувиар нэмэгдэх боломж бий болж байгаа.
Шимтгэлийг 2008 онд мөрдөж байсан хэмжээнд хүргэхэд ажил олгогчид зарим талаар хүндрэлтэй боловч даатгуулагч-иргэдэд ирээдүйд өндөр тэтгэвэр тогтоох нөхцөл бүрдэж буй нь манай монголчуудын хэлдгээр “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги” билээ.
Хэрэв шимтгэл нэмэхгүй бол 1979 оноос хойш төрсөн нэрийн дансны даатгуулагчийн хувьд шимтгэл бага байгаагаас нэрийн дансанд бичигдэх шимтгэлийн хуримтлал бага болж улмаар ирээдүйд авах тэтгэвэр хэтэрхий доогуур тогтоогдохоор байгаа нь бодитой үнэн. Иймд шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлж, шимтгэл төлөгч иргэдийнхээ ирээдүйд авах тэтгэврийн хэмжээг өсгөх боломжийг бүрдүүлж буй юм.