8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Уулчин Г.Өсөхбаяр Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуаг зорьж, АНУ-д түр ажиллах виз мэдүүлэх боломжтой боллоо

2018-01-18 18:40:00

Хүний амьдралын аз жаргал хаана байдаг юм бол. Хаана  байгааг мэдэхгүй хэрнээ тэр аз жаргалыг бүгд л хүлээдэг. Аз жаргалын төлөө тэмүүлж амьдардаг. Энэ ертөнц тэр чигээрээ л аз жаргалын эрэл. Аз жаргалыг хайж амьдарч байгаа түм, буман хүмүүсээр дүүрэн. Хүн зовлонгоо ярих мөртлөө аз жаргалтай байгаагаа барагтай бол анзаардаггүй. Тэгвэл таньд зөвлөхөд аз жаргалыг алсаас бүү хай, аз жаргал таны дэргэд байгаа шүү. 
Аз жаргал гэж юу вэ?
Хийж бүтээснээ эргэж хараад хоолой зангиран баярлах тэр агшинг
Хөдөө нутгийнхаа тал дээгүүр хөл нүцгэн таваргах тэр мөчийг
Хөдсөн дээлэнд хөрвөөчихөөд хөөстэй баананд суух тэр агшинг
Халуун янагийн дарс хормой дор буудах тэр хормыг аз жаргал гэнээ.
 Халуун ам бүлээрээ  бүгдээрээ хамтдаа амьдрах тэр амьдралыг
Хөнгөн хөгжмийн эгшигт гуниглан суухдаан ухаарсан тэр ухаарлыг
Хөөрхөн сайхныг хослуулан төрөөд дурлалын галд оч болон үсчихийг
Хосоор туулах амьдралд халж хөрсөн тэр сэтгэлийг ч аз жаргал гэнэ. Аз жаргалтай хүн бүрт зориулсан Монголын нэг өдөр тоймоо хүргэж гэж байна. Тойм мэдээллээ хүлээн авна уу.

Ж.Мөнхбат: Би их бухимдлаа. Монгол улс мөнгө хүүлдэг хүүлэлтийн орон болж хувирсан

Банкны тухай хууль болон Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Засгийн газраас зарим татварыг нэмсэн асуудлыг эргэн харна гэх мэдээллийг өгч байгаа. Татвар нэмэхээс бусдаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж байгаагүй  юу?

-Татвар нэмсэн асуудлыг эргэн харах боломж Засгийн газарт бүрэн бий. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь олгох ёстой гэх шаардлагыг валютын сангаас тавьсан. Гэтэл 2018 оны улсын төсөв батлахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нийт хүүхдийн 80 хувьд нь мөнгө олгох асуудлаар валютын сантай ярилцсан гэсэн. Тэгэхээр татварын нэмэгдлийн асуудлыг дахин ярилцахад болохгүй зүйлгүй. Бид олон улсын валютын сангийн хөтөлбөрт ороод тодорхой хугацаа өнгөрсөн. Мөн эхний гэрийн даалгавруудаа хийчихсэн. Тийм болохоор одоо эдийн засагт үүссэн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд харилцан ойлголцох боломж бий. Энэ бол Сангийн сайдын хэр ажиллахаас шалтгаална.

- Сая чуулганы хуралдаанаар  Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэ үеэр зээлийн хүүг бууруулах заалт унасан байна. Энэ заалт ямар учир шалтгаанаар уначихав?

- Энэ асуудлыг хэлэлцэх үеэр би их бухимдлаа. Банкны хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирэхэд би гурван зүйлийг хэлж байсан. Тодруулбал, банк санхүүгийн орчныг сайжруулах, банк дэргэдээ охин компани байгуулж бизнес хийдэг байдлыг зогсоох, хүүгийн дарамтыг бууруулах ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан. Энэ заалтууд уг хуулийг дагаж хамт өргөн мэдүүлсэн хуулинд орж ирсэн ч харамсалтай нь хасчихлаа. Байнгын хорооны хурлаас буцаасан байна. Банкны лоббинд өртсөн байх магадлалтай гэж би хардаж байна.

Банкны хуулийг сайжруулах, банк санхүүгийн орчныг сайжруулж хүүг бууруулах асуудлыг ярих бүрт банкны эзэд нийлж нэг баг болж тав, гурван төгрөг босгон ийш тийшээ ханддаг. Хэвлэлийнхэнд ч нөлөөлдөг. Тэд "Үндэсний аюулгүй байдал хэцүүдэж, банкууд дампуурлаа" гэх зүйлийг ярьдаг. Ингэж ярьсаар 20 гаруй жил боллоо. Үүний үр дүнд Монгол улс дэлхийд байхгүй 25 хувийн хүүтэйгээр зээл олгож байна. Мөнгө хүүлдэг хүүлэлтийн орон болж хувирсан. Үүнийг таслан зогсоох ёстой.

Банкны хуулиар Монгол банкинд бүх эрх мэдлийг өгөх боломж байсан. Монгол банк валютын ханшаа тогтоодог, мөнгөний бодлогоо барьдаг мөн УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг. Мөн хуулиар тодорхой хэмжээнд босго тавиад зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах боломж байсан. Хоёр жилийн өмнө Монгол улсын тэтгэвэр, цалин авагчдын 83 хувь зээлтэй байсан. Малчдын 86 хувь нь мөн зээлтэй байсан. Аж ахуй нэгжүүдийн 72 хувь банкны зээлтэй. Үүнээс нь гарах хэрэгтэй гэж бид ярьж байсан шүү дээ. Үүнээс гарах боломжийг өнөөдөр алдлаа. Банкны том нөлөө орлоо гэж харж байна. Би банкны хүүг бууруулах хуулийн төслийг ойрын хугацаанд боловсруулж хаврын чуулганд багтаан хэлэлцүүлнэ. Хадгаламжийн хүүг бууруулах, гаднаас орж ирэх мөнгөн эх үүсвэрийн татварыг бууруулах, зээлийн хүүг бууруулах асуудлыг тусад нь оруулж ирнэ гээд л хэлэлцэлгүй хасчихлаа шүү дээ. Хэзээ ч хэлэлцэх юм бүү мэд.

- УИХ-д хувьдаа банктай хичнээн УИХ-ын гишүүн байдаг вэ?

- Нилээн хэд байдаг байх. Ер нь банктай холбоотой хуулийг хэлэлцэхэд банктай гишүүдийг ажлын хэсэгт оруулахгүй байх ёстой юм байна.

- Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал сөхөгдөөд байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

- Өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ мэддэг байсан. Үлдсэн 51 хувийн 20 гаруй хувийг нь сангийн яам мэддэг байсан. Үлдсэн 20 гаруй хувийг нь Төрийн өмчийн хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэддэг байлаа.  Энэ нь төрийн өмч эзгүйдэх, хариуцлагын систем алдагдах нөхцөл байдлыг бий болгоод байсан юм. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ийм нөхцлөөр ажилладаг байсан. Харин манай Засгийн газар үүнийг нь болиулаад 51 хувийг Төрийн өмчийн хороонд шилжүүлсэн.

- Эрдэнэт үйлдвэрээс иргэдэд хувьцаа эзэмшүүлнэ гэж байгаа. Энэ боломжтой гэж та үзэж байна уу?

- Шийдвэр гаргасан Засгийн газрын сайд нараас асуух нь зүйтэй болов уу.

О.Баасанхүү: МАН засаглах үед үргэлж сонин юм болох юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд өнөөдөр хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд саналаа хэллээ. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Шатахууны үнийн асуудлаа яръя. Уг асуудлыг нэг тийш нь шийдвэрлэхгүй бол ард иргэдэд чирэгдэл учруулж байна" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Эрүүл уушиг хөтөлбөрийг хэрэгжүүлж яримаар байна. Тэгэхгүй бол Улаанбаатарын бүх хүүхдүүд уушигны хорт хавдартай болох суурь нь тавигдчихлаа. Эрүүл уушиг хөтөлбөрийг би санаачилж ажил хэрэг болно. Хамгийн гол нь эрүүл мэндийн яамнаас уушигны өвчлөлийн мэдээллийг УИХ-д оруулж ирээч. Уушигны өвчлөлөөр нэг удаа ч болов хэлэлцүүлэг хий. Мөн шатахууны үнийн асуудлаа шийдээчээ. Нефтийн үйлдвэр барина гэж худлаа популизм хийж болохгүй. Нефтьгүй байж яаж үйлдвэр барих юм. МАН-ы үед татвар өсч, бензиний үнэ нэмэгддэг. Танай намын үед яагаад ийм сонин , сонин юм болдог юм бэ. Сая тэтгэврийн нас нэмэгдчихлээ. Би энэ асуудлаар 10 мянган хүний гарын үсгийг цуглуулж байгаа. Хэрвээ та бүхэн асудулыг шийдэхгүй бол би 10 мянган хүнийн Төрийн ордны гадна суулгана шүү. Тэтгэврийн насаа буулга" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Их хүйтрэлт болох нь ээ. Өчигдөр Сэлэнгээс жаахан өвс аваад Архангай руу ачуулах гэсэн чинь шатахуунгүй гээд хөдөлж өгсөнгүй. Удахгүй -40-50 хэм хүртэл хүйтэрнэ. Хөдөөгийн 300 мянган малчны хувьд үнэхээр хүнд нөхцөл байдал бий болно шүү. 2009 оны айхтар зуд дахин давтагдаж магадгүй байна. Тэр жилийн зуднаар бол цасан дор өвс нь байсан. Энэ жил ихэнх нутаг гантай байсан. Ямар ч өвсгүй байгаа. Тэгэхээр малчдаа анхаарах хэрэгтэй байна. Өвс, тэжээлээ хүргэмээр байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн асуултад ЗГХЭГ-ын дарга Ш.Занданшатар хариулав. Тэрбээр "Шатахууны үнэ гэнэт нэмэгдээгүй. ШӨХТГ-аас ажлын хэсэг гарч үүсээд буй нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийн яаралтай арга хэмжээ авсан. Тогтворжуулдах арга хэмжээ хүртэл авсан. Ер нефть нийлүүлдэг гол улсууд хязгаарлалт тавьсан учраас нефтийн үнэ өссөн. Татварын нэмэгдлийн хувьд УИХ-ын шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлж байгаа. Энэ асуудлыг аль жилийн өмнө шийдвэрлэсэн байсан" гэлээ. 

Үүний дараа хэлэлцэх асуудалдаа орлоо. Одоо чуулганы хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, асууж хариулт авч байна. 

Ж.Батбилэг: “Витафит Инвест" компанийн дэд захирал Т.Сайнбилэг залгаж, “Ярьж хэлэх юм юу байна” гэж асуусан

Сүүлийн жилүүдэд иргэд хүнсний аюулгүй байдалдаа ихээхэн анхаарах болж. Идэж буй хоол хүнсний чанар, он сар, баглаа боодлыг маш сайн харж, судалж авдаг болсон.  Ходоодоо хогийн сав шиг дүүргэхийн оронд чанартай эрүүл хүнснийг хэрэглэхийг хүсэх нь мэдээж. Иргэд худалдан авалт хийхдээ сайтар шалгаж авч байгаа ч чанаргүй, хугацаа нь дууссан мөөгөнцөртсөн, муудсан бүтээгдэхүүн маш их байдаг.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2017  онд нэгэн худалдан авагч Зайсан дахь “Оргил” худалдааны төвөөс Витафит компанийн “Гоё” ундааг худалдан авахал ундааны савны ёроолд хөгз буюу мөөгөнцөртсөн байсан талаар мэдээлэл тухайн үед шуугиан тарьж байсан.Тухайн худалдан авагч тус дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ шалгаж худалдаалах шаардлагыг тавьж, хураалттай ундааг задалж ёроол нь хөгзтэй байгааг утасныхаа камераар бичиж авч баримтжуулсан талаар мэдээлэл гарч байв.

Харин хоёр хоногийн өмнөөс Витафит компанитай дахин нэг ноцтой мэдээлэл гарч ирсэн.Тодруулбал, Үндэсний үйлдвэрлэгч тодотголтой "Витафит" компаний тухай тус компанид ажиллаж байсан нэгэн иргэн цахим хуудсандаа тус компанийн талаар ноцтой бичлэг ил болгоод байгаа юм. Жамбалдоржийн Батбилэг гэх залуу 2014 онд "Витафит" группын хашаанд хариуцлагатай жижүүрээр ажиллаж байх өдрөө нууцаар  хийсэн бичлэг ил болгоод байгаа юм. Тус залуугийн хийсэн нууц бичлэгт  "Витафит" компанийн хэсэг ажилчид  хугацаа нь дууссан 4 төрлийн жүүснүүдийг хэрхэн яаж кодыг нь сольж буйг харуулсан юм. Мөн хэрэглэгчид чанарын шаардлага хангаагүй хичнээн хувийн сахартай ундаа жүүсэн бүтээгдэхүүн хэрэглэж байгааг энэхүү бичлэгт харуулсан байгаа юм. Бид энэ талаар тус бичлэгийг ил болгоод байгаа "Витафит" компанид ажиллаж байсан Ж. Батбилэгээс цөөн хэдэн асуултад хариулт авлаа.

-Таны цахим хуудаснаа тавьсан бичлэгийн дараа “Витафит компани мэдэгдэл гаргасан. Бүтээгдэхүүний савалгаан дээр огноо андуурагдаж тавигдсан байсан.Уг үл тохиролыг залруулах ажиллагаа хийгдэх үеийн процессийг гар утсаар бичсэн байна” гэсэн мэдэгдэл гаргасан байна. Та үүнд ямар хариулт хэлэх вэ?

-2014 оны долдугаар сарын 30-нд хугацаа нь дууссан “Bio” брэндийн 4 төрлийн жүүсийг 2015 оны гуравдугаар  сарын 1-ээр  он сарыг сольж байсан. Би түүнийг харж, утсаар бичсэн.

-Бичлэг тавьсанаас хойш таньтай Витафит компаниас холбогдсон уу. Хуулийн байгууллагад хандана гэж мэдэгдэл гаргасан байна лээ?

-Над руу "Витафит Инвест" компанийн дэд захирал Т.Сайнбилэг ярьсан. "Ярьж хэлэх юм юу байна" гэж асуусан. Би “байхгүй” л гэж хэлсэн. Мөн үүнээс гадна бичлэг дээр гарсан хүмүүс болон ар гэрийнхэн холбогдсон.

-Таньд бичлэгнээс өөр нотлох баримт байгаа юу?

-Надад бичлэг бүрэн эхээрээ байгаа.

Г.Наранцэцэг: ТЭТГЭВРИЙН НАСЫГ НЭМСЭНЭЭР ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛ БИЙ БОЛНО

“Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ны дэргэдэд Ахмад багш нарын эрх ашгийг хамгаалах холбооны дарга  Г.Наранцэцэгтэй ярилцлаа.

-ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ОЛГОСОН 300 МЯНГАН ТӨГРӨГ ОЧИХ ХҮНДЭЭ ОЧСОН УУ ГЭВЭЛ БАС ҮГҮЙ-

-Тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэж УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Шаардлага ямар ямар асуудлыг хөндөж тавьсан бэ?

 -Тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, нэмэгдээд байгаа олон төрлийн татварын нэмэгдлийг эсэргүүцэж манай холбоо байна. Боловсролынхоо салбарыг тэргүүлэх салбар олгохын төлөө үгээ хэлж мэргэжил нэгт багш нарынхаа өмнөөс бид мэдээлэл хийж олон нийтэд дуу хоолойгоо хүргэж байна. Боловсролын салбарыг тэргүүлэх салбар байлгаж байж улс эх орон хөгждөг. Зөвхөн багш нар, боловсролын салбарт гэлтгүй бүх салбарын ажилтан, албан хаагч нарыг өмнөөс бид тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн шийдвэрийг эсэргүүцэж засгийн газарт болон УИХ хуралд шаардага хүргүүлсэн. 

Монголын төр засаг тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа нь багш мэргэжлийн онцлог, эрүүл ахуйн байдал, ажлын орчин нөхцөлтэй үл нийцэж байна гэж үзэж шаардлагадаа тусгаж өгсөн. Мөн багшийн тэтгэврийн насын доод хэмжээг эмэгтэй , эрэгтэй  55 болгох, ахмад багш нарын тэтгэврийн зөрүүг арилгах, инфляцийн өсөлттэй уялдуулан тогтмол нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын сан, нэрийн дансанд төвлөрсөн мөнгөн хуримтлалын 50-иас доошгүй хувиа тэтгэвэрт гарахдаа авч байх зэрэг шаардлагыг тавьж байна. 

-Тэтгэврийн насыг 6 сараар нэмэгдэх үе шатлалыг бий болгож эмэгтэй 60-эрэгтэй, 65 хүрч тэтгэвэрт гардаг зохицуулалттай боллоо. Тэтгэврийн насыг нэмэгдүүлснээр гарч болох сөрөг талыг та нар  юу гэж харж байна вэ?

-Өмнө нь эмэгтэй 55, эрэгтэй 60 настайдаа тэтгэвэрт гардаг байсан. Одоо эмэгтэй 60, эрэгтэй 65 болгож нэмэгдүүлсэн. Үүнийг бид маш их эсэргүүцэж байна. Өнгөрсөн аравдугаар сард Монголын багш нарын Онц их хурлаар эмэгтэй 50, эрэгтэй 55 болгож тэтгэврийн насыг наашлуулсан. Энэ шийдвэрийг хэвээр нь үлдээхийг шаардаж байна. Тэтгэврийн насыг нэмэгдүүлснээр олон зүйлд сөрөг тал ажиглагдана. Тухайлбал,  багш нар насаараа татвар, НДШ төлчихөөд тэрнийхээ үр шимийг хүртэж чадахгүйд хүрээд байна. Зөвхөн багш нар гэлтгүй бүх салбарт ажиллаж байгаа хүмүүсийн өмнө тулгарч буй асуудал энэ. Өнөөдөр монгол хүний дундаж наслалт хэд билээ. Тэтгэврийн насыг нэмснээр шинэ залуу боловсон хүчин ажилд орох нөхцөл боломж хомсдож байна. Бид хийдгээ хийчихээд залуучууддаа боломж олгож, зайгаа тавьж өгмөөр байна. Энэ нь эргээд залуу боловсон хүчний хомсдол бий болгох сөрөг талтай.

-Жил бүрийн хавар мянган мянган багш мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэж гардаг. Гэтэл бодит байдал дээр багш нар дутмаг, чадваргүй ёс зүйтэй холбоотой маш олон асуудал гарч байна. Энэ юутай холбоотой вэ?

- СОЦИАЛИЗМИЙН ҮЕД БАГШ ХҮН НИЙГМИЙН ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНТАЙ, НЭР ХҮНДТЭЙ БАЙСАН-

-Маш энгийн нэг жишээ хэлье. Өнөөдөр математикийн багшийн ангид 32 хүүхэд суралцаж бэлтгэгдэж байнаЭнэ хүүхдүүдээс 8-10 нь мэргэжлээрээ ажиллаж бусад нь өөр чиглэлээр ажил хийж байна. Худалдагч, цэвэрлэгч, тогооч гээд аль таарсанаа хийж байна. Өнөөдөр багш хомсдол байна уу гэвэл байна нэгдүгээрт. Хоёрдугаар энэ хэрээр чанаргүй багш нар маш их ихээр төгссөн гарч байнаЭнэ нь багшийн цалинтай шууд холбоотой. Яагаад гэхээр өөр сургууль авч чадаагүй хүүхдүүд, сурлагаар муу хүүхдүүд багш больё гэж боддог болж. Би бүх хүүхэд, шинэ багш нарыг хамруулж хэлээгүй. Ийм хэсэг байна гэж хэлж байна. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү. 

Уулчин Г.Өсөхбаяр Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуаг зорилоо

Уулчин Г.Өсөхбаяр нарын таван уулчин өнөөдөр Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуаг зорисон байна. Аргентины нутаг, Андийн нурууны ноён оргил Аконкагуад өмнө нь тэрбээр жилийн өмнө буюу 2017 оны хоёрдугаар сарын 10-нд авирч байсан юм.

Энэ удаагийн авиралт өнгөрсөн жилийн адил К2 ууланд / 8611 метр/ авирах бэлтгэл болно гэж тэрбээр хэллээ.Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр өнгөрсөн зун “Алуурчин уул” гэгддэг К2-т авирахаар явсан ч цаг агаарын болон хөтөчийн асуудлаас болж 6450 метрт хүртсэн үндсэн авиралтаа зогсоож байсан юм. Тэрбээр энэ жил даагаа нэхэхээр шийдэж, дэлхийн хамгийн эрсдэлтэй оргилд авирах бэлтгэлдээ гарчээ.

АНУ-д түр ажиллах виз мэдүүлэх боломжтой

Манай улсын иргэд АНУ-д түр ажиллах виз мэдүүлэх боломж бүрдлээ. Тус улсын Дотоод аюулгүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр 2018 онд тус улсад нэвтрэх боломжтой орнуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан байна. Энэхүү жагсаалтад Монгол Улс анх удаа багтсан нь энэ аж. Энэ журам нь 2018 оны нэгдүгээр сарын 18-наас 2019 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.

H-2A виз нь хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын ажиллах хүч дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг АНУ руу түр хугацааны хөдөө аж ахуйн ажил хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг. Харин H-2B виз нь хөдөө аж ахуйгаас бусад ажиллах хүч дутагдалтай салбарт түр хугацааны эсвэл улирлын чанартай ажил гүйцэтгэхээр АНУ-д зорчих гэж буй хүмүүст хамаарах юм. H-2A виз мэдүүлэхийн тулд АНУ дахь ажил олгогч нь I-129 маягт буюу Цагаачлалын бус ажилчны зөвшөөрлийн өргөдлийг таны өмнөөс мэдүүлэх ёстой. Харин H-2B виз мэдүүлэх тохиолдолд ажил олгогч нь АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас уг ажилд тохирох ажиллах хүч дутмаг болохыг баталсан гэрчилгээ авах ёстой бөгөөд визний зөвшөөрөл тэрхүү баримтад үндэслэгдэх ажээ.

Сүүлийн үед АНУ-аас албадан гаргасан, визний зөрчилтэй иргэдээ хүлээн авах тал дээр Монгол Улсын Засгийн газар хүчин чармайлт гаргаж, АНУ-ын засаг захиргаатай хамтран ажиллагаагаа сайжруулж байгаа учир H-2A, H-2B виз мэдүүлэх боломжтой орноор нэрлэсэн байна.

“Пёнчан-2018” өвлийн олимпод хоёр Солонгос нэг далбаан дор оролцоно

Ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпын наадмын нээлт, хаалтын ёслолд хоёр Солонгос нэг далбаан дор хамтдаа алхахаар болсон талаар “Ёнхап” агентлагийн мэдээллээ. Хоёр Солонгосыг заагладаг хилийн бүс дэх Панмүнжом тосгоны Өмнөд Солонгосын талын хэсэгт тус хоёр улсын төлөөлөгчид лхагва гарагт буюу өчигдөр хэлэлцээ хийх үеэрээ ийн тохиролцоонд хүрсэн байна.Умард Солонгосын тамирчид нь ирэх сарын 1-нд, хөгжөөн дэмжигчид, сэтгүүлчид болон бусад албаны хүн нь ирэх сарын 7-нд Өмнөд Солонгост газраар явж очих юм байна.

Нийт нутгийн 8 хувь нь цасан бүрхүүлтэй байна

ЦУОШГ-аас мэдээлснээр энэ сарын 10-ны өдрийн байдлаар Монгол орны нийт нутгийн 80 хувьд нь цасан бүрхүүл тогтжээ. Цасан бүрхүүлийн хамгийн зузаан нь Увсын Хяргас, Завханы Сонгино, Өвөрхангайн Бүрдэд 29-34 см байна. Энэ сарын 02-ны өдрийн байдлаар нийт нутгийн 55.52 хувь нь цасан бүрхүүлтэй байжээ. Гэвч нэгдүгээр сарын 06-07-ны өдрүүдэд ихэнх нутгаар орсон цасны улмаас 80 хувьд нь цасан бүрхүүл тогтсон байна.
 "ДЦС-4” ТӨХК –д ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ

"ДЦС-4” ТӨХК –д ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ

ДЦС-4” ТӨХК –д өнгөрсөн долоо хоногт ноцтой осол гарчээ. Тодруулбал, ДЦС-4” ТӨХК –д уурын турбин нь буудаснаас болж, 27 настай залуу амиа алдсан байна. Тус байгууллагад долоон ширхэг уурын турбин байдаг аж. Тэдгээрийн нэг нь хагарсан бөгөөд ашиглалтын хугацаа нь аль хэдийн дууссан байжээ.  Гэвч уг хугацаа нь дууссан уурын турбиныг солиогүй байсанаас болж, осол гарсан аж.
 

Халаа, сэлгээний их шуурга эхлэв үү

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг чөлөөлсөн. Түүний өмнө гурван яамны төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлсөн. 

Тэгвэл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг, Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн эрхлэгч С.Мөнхбатыг,  Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын  байцаагч Д.Энхбат, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Бямбадоржийг томилж магадгүй гэх мэдээлэл байна. 

Шинээр томилогдож буй Төрийн нарийн бичгийн дарга нарын харьяа агентлаг, газруудад албан тушаалын сэлгээ хийнэ гэх мэдээлэл байгаа юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл