10o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын хөлбөмбөгийн дасгалжуулагч нарт өгсөн Ико Ёожигийн үнэтэй зөвлөгөө

2018-01-19 09:57:20

Монголын охидын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Япон улсын иргэн Ики Ёожи өөрийн дасгалжуулалтын арга барилаасаа манай дасгалжуулагч нарт хуваалцажээ.

Сайн дасгалжуулагч байхын тулд

1. Дасгалжуулагч хүн өөрөө үлгэр жишээ байх нь чухал. Үлгэр дуурайллыг өөрөөсөө гэдэг нь баг болон хүмүүсийн тэргүүнд байдаг хүн өөрөө үлгэр жишээ байх гэсэн үг юм. Цаг баримтлах, хүнтэй мэндлэх гэх мэт соёлыг дасгалжуулагч өөрөөсөө эхлэх. Бэлтгэлийн үеэр тамхи татах, утсаар ярих нь байж болшгүй зүйл. Бэлтгэлийн талбай бол тулааны талбай юм. 
2. Дасгалжуулагч хүн илүү сайн зааварлагч болохын тулд, тоглогч илүү сайн тоглогч болохын тулд хичээл зүтгэл гаргаж, түүгээрээ өрсөлдөж чаддаг байвал баг илүү хурдан хөгждөг. 
3. Үндсэн техник, тактик заах нь чухал ч, өсвөр насны хүүхдүүдийг хөлбөмбөгөөр дамжуулан зөв хүмүүжил, зан төлөвшил олгох нь хамгийн чухал юм. “Тоглогчийн хувийн зан чанар нь тоглолтын үзэгдэл бүр дээр гарч, тоглолтод нөлөөлдөг юм. Жишээ нь хурдан бууж өгдөг тамирчин, хариуцлага хүлээх дургүй тамирчин, биеэ тоосон тоглогч, хувийн тоглолт хийх гэх мэт зан чанарууд тоглолтод тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. 
4. Өсвөр насны хүүхдүүд тоглолтод хожих нь чухал ч, тоглолтын агуулаг, явц илүү чухал. Зөвхөн ялахыг түрүүнд тавих бус, хүүхэд нэг бүрийн хөгжлийг тэргүүнд тавих нь чухал. 
5. Ялалт гэдэг нь тамирчид хичээсний үр дүн, ялагдал гэдэг нь дасгалжуулагчийн хариуцлага юм. Тамирчдад хариуцлага үрүүлж болохгүй. Учир нь тамирчинд бэлтгэлийн үед алдааг нь засаж, зааж өгөөгүй нь дасгалжуулагчийн хариуцлага юм. 
6. Дасгалжуулагч хүнд байх хамгийн эрхэм зан чанар бол хайр халамж ба хүсэл эрмэлзэл, тэмүүлэл юм.
7. Бэлтгэлийг тэмцээний үеэр хийж чадахгүй зүйлээ хийж чаддаг болохын тулд хийдэг. Тийм ч учраас ямар ч бэлтгэлийг тоглолтын дунд байгаагаар төсөөлөн хийх нь чухал юм.
8. “Их усалсан цэцэг үхдэг” гэсэн зүйр үг байдагтай адил, хэтрүүлэн заахаас болгоомжлох! Тамирчныг өөрөө сэтгэдэг болгох нь чухал.
9. Тулалдах үед хамгийн чухал нь нөхөрлөл юм. Энгийн найз нөхдийн нөхөрлөл бус үнэхээр нэгнийгээ хүнд хэцүү үед нь туслан дэмжих нь чухал.
10. Тамирчныг Багийн нэг гишүүн гэдгийн сайтар ойлгуулах! Хувийн үзэл бодлоо илэрхийлэх нь чухал хэдий ч, ганцаараа бус багаараа байгаа гэдгийг ухамсарлуулах. Багийн ажиллагаа илүү чухал.
11. Бэлтгэлийг дасгалжуулагч зааж хүчээр албадан хийлгэх бус, тамирчдад ойлгуулж хүлээн зөвшөөрүүлж, өөрөө хүсэн хийдэг байх нь хамгийн чухал!
12. Дасгалжуулагч бэлтгэлийн болон тэмцээний үед хамгийн түрүүнд ирж, хамгийн сүүлд харих.
13. Бэлтгэлийн талбайн цэвэр, аюулгүй байдалд санаа тавих. Бэлтгэл хийхээр ирэхэд талбай 
14. ямар байсан бэлтгэл дуусаад харихад ирсэн үеэс цэвэрхэн болгоод харих. Багаар хийх.
15. Сайн баг, сайн тамирчин гэдэг нь техник, ачаалал даах чадвар, тактик, сэтгэл зүйн хүч, багийн ажиллагаа эдгээр 5 хүчин зүйлсийг агуулж байж жинхэнэ утгаараа баг, тамирчин юм. Дээрх зүйлсийг үндэслэн бэлтгэлийн төлөвлөгөөг боловсруулах.
16. Сайн баг бүрдүүлэхэд ямар нэг асуудал үүссэн тохиолдолд анхны байрандаа очих. Илүү хялбар, илүү хурдан, илүү тодорхой, илүү хүчтэй.
17. 15 16 нас хүртэл нь тамирчдыг нэг л байрлалд тоглуулах бус олон байрлалд тоглуулах. Энэ нь тухайн тамирчны цаашдын ирээдүйтэй уялдана.
18. Талбай харж шийдвэр гаргаж чадахгүй тамирчинд, бэлтгэлийн үеэр талбай харах зуршлыг суулгах, ойлгуулах. Түрүүлж хар түрүүлж бод гэдгийг заах. 
19. Идэвхтэй тоглогчийн алдааг зэмлэхгүй байх.
20. Зөвхөн уурлаж зэмлэх бус тамирчны сайн талыг олж урамшуулан хөгжүүлэх нь чухал.
21. Гүйж чаддаггүй, хөдлөх дургүй тамирчин хэрэггүй. Эхлээд биеийн хөдөлгөөнийг эрчимжүүлж, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх. Дараа нь чадваржуулах. 
22. Талбай дээр багийнхаа тамирчныг зэмлэж буруутгахаасаа өмнө дэмжиж, зөв зааварчилгаа өгөх. Тамирчид талбай дээр гарсан л бол бие биеэ буруутгаж байх зав гарах ёсгүй. 
23. Дэлхийн хөлгөзнөг хөгжлийн чиг хандлага бол дамжуулалттай хөлбөмбөг |тоглолт| болж байна. Дамжуулалттай тоглолтын дунд хувийн тоглолтыг хэрхэн гаргах талаар тунгаах.
24. Хаалгагч бол багийн 11 дэх тоглогч юм. Хамгаалагчийн ар талыг дэмжих, арагшаа дамжуулалт авч жигүүр солих, араас заавар өгч анхааруулах нь чухал юм.
25. Талбайд санаачилгыг гартаа авдаг баг тоглолтын санаачилгыг гартаа авдаг гэсэн үг байдаг боловч, довтолгооны бүс болон хамгаалалтын бүсийг илүү сайн идэвхжүүлж, хамгаалах. Учир нь хөл бөмбөг бол оруулсан гоолын тооноос хожих эсэх нь хамаардаг. 
26. Шүүгчийг үл хүндлэх эсэргүүцэл чинь бусдад үлгэр жишээ харагдахгүй, “сэлгээний суудлынхан ч мөн адил” үнэхээр шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхөөргүй бол тэмцээний матч комисард ханд! Мөн бичгээр болон бусад дүрмийн дагуу шийдэх. 
27. Довтолгоо бол үндсэндээ жигүүрээр довтлох “судалгаанаас үзвэл орсон онооны 50% нь жигүүрийн довтолгооноос хөндлөн дамжуулалт юм”. Сөрөг довтолгоо болгохгүйн тулд, Довтолгоог цохилтоор дуусгах, Цохилтыг хариуцлагатайгаар цохих. 
28. Хамгаалалтын үед сандраах, хувийн хамгаалалт хийх үеийн дүрэм -“хамгаалалт хийж байгаа хүнээ болон бөмбөгийг хараанаасаа салгахгүй байх” бөмбөг таслах- хариуцлагатайгаар хийх! Эсрэг багийг чөлөөтэй тоглох боломжийг олгохгүй байх. Амархан цохилт хийлгэхгүй. Зөвхөн бөмбөг хөөж харахгүй. 
29. Үргэлж шударга тоглолтыг зорих. Бохир тоглолт болон ширүүн тоглолтыг ялгаж салгаж ойлгох. Хүндлэх сэтгэлийг тамирчин бүрд үлгэр жишээтэйгээр зааж сургах. 
30. Довтолгоо болон хамгаалалтад нэгийн эсрэг нэгийн үед хүчтэй болгох. Энэ нь сандрахгүйгээр тоглолт гаргаж чаддаг болоход нь нөлөөлнө. 
31. Дахин тоглолт чухал. “бөмбөгийг тоглолтод оруулах үеийг чухалчлах” орчин үеийн хөл бөмбөгийн хожлын 30% нь бөмбөгийг тоглолтод оруулах үеийн довтолгооноос хамаардаг гэсэн судалгаа тооцоо байдаг. Үндсэндээ бол хамгаалалтын байрлалаа эзэлж амжаагүй байхад нь довтлох нь чухал. Энэ үйлдлийг өдөр тутмын бэлтгэл дээр ойлгуулж зуршил болгох. 
32. Дасгалжуулагчийн зэрэглэл гэрчилгээ чухал нь биш. Зэрэглэл байхгүй боловч маш сайн дасгалжуулагч байдаг. Эсрэгээрээ зэрэглэлтэй боловч дасгалжуулж чаддаггүй хүн бас байдаг. 
33. Үндсэн техник сул тамирчин ирээдүйд үр дүн гаргаж чадах нь эргэлзээтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment