8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Монгол Улсын зээлжих зэрэглэл дээшилж, “Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгийг олгож эхэлсэн өдөр

2018-01-22 18:45:00

Шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдлөөр дүүрэн шинэ долоо хоног эхлэж байна. Та энэ долоо хоногт юу хийж бүтээхээ төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдрал өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг“Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүрэгхийн өмнө уншигч та бүхэндээ сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэе. Идэр ес эхэлж жавар тачигнасан хүйтэн өдрүүд энэ 7 хоног дуустал үргэлжлэх аж. Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр энэ долоо хоногийн эхнээс хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг онцлон анхааруулж байна. Тиймээс онцын шаардлагагүй бол орон нутгийн замд гарахгүй байх, малчид тээвэрчид холын замд гарахдаа бэлтгэлээ сайн базаахыг анхааруулж байна.

Д.Хаянхярваа: Зуух тараасан нь үр дүнгүй байгаагүй. Гэртээ галаа түлээд, галын дөл харж суух сонирхолтой

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийсэн юм. Тус бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн тухай болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлд Засгийн газар ойрын хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээллийг сонссон байна. Ингээд “Амьдралыг тэтгэх цэвэр агаар” санаачилгыг дэвшүүлж, энэ хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын нэгнээс ахуйн зориулалтаар нийслэл болон төв суурин газарт түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх, түүхий нүүрсний оронд сайжруулсан түлшны үйлдвэрлэлийг дэмжих, гэр хорооллыг орон сууцжуулах гэсэн гурван үндсэн чиглэлд ажиллах нь зүйтэй гэдэг дээр Засгийн газар МАН-ын бүлэг байр суурь нэгдсэн байна. Үүний зэрэгцээ Солонгос Улсаас авах 700 сая ам.долларын 500 сая ам.долларыг орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулах чигтэй байгаагаа Ерөнхий сайд бүлгийн гишүүдэд танилцуулсан бөгөөд цаашид утаагүй зуух нийлүүлэхийг дэмжихгүй. Мөн нийт айл өрхүүдийг цахилгаанаар халаах нь одоогийн түвшинд хараахан боломжгүй. Учир нь өнөөгийн байгаа хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн мэдээллийг өгсөн гэж бүлгийн дарга ярилаа. Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуудлаа тодруулж асуусан.

-Ипотекийн зээлийн хүүг 5 хувь, урьдчилгааг 20 хувь болгох тухай асуудал яригдсан уу. Цаашид энэ хувилбар шийдэгдэх үү?

-Орон сууцжуулах хөтөлбөрт Солонгос Улсаас авах 500 сая ам.долларыг оруулна. Үүндээ аль болох хямд, зай талбайн хувьд их томгүй байх гэсэн бодлого барьж таарна. Ирэх гуравдугаар сард Солонгосын талаас албаны хүмүүс ирж Засгийн газрын түвшинд уулзалт хийнэ. Энэ үеэр илүү тодорхой мэдээлэл өгөх нь зүйтэй.

-БНСУ-аас авч байгаа 500 сая ам.долларыг юунд зарцуулах вэ? 

-500 сая ам.долларын санхүүжилтийг Улаанбаатар хотыг орон сууцжуулах чиглэлд зарцуулна. Ингэхдээ үнийн хувьд аль болох хямд байх бодлого баримтална. 

-Өмнө нь олон удаа зуух тараасан. Гэвч үр дүн муутай байдаг. Энэ Засгийн газар дахиад л зуух тараана гэж байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?  

-Зуух тараалаа гээд үр дүн муутай болоогүй. Цаашид зуух оруулж ирэхгүй байхад анхаарна. Зуух яриад байгаа нь нүүдэлчин соёлтой холбоотой. Иргэд гэртээ галаа түлээд, галын дөл харж суух сонирхолтой. Тиймээс бүүх айлыг зуухгүй болгоно гэвэл эрт байна. Засгийн газар агаарын бохирдлын эсрэг эцсийн хувилбараа тодорхой гаргаж, танилцуулна. III, IV Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар БНСУ-тай ярилцсан. Энэ асуудлыг судална. Нийт гэр хорооллыг цахилгаанаар халаана гэвэл одоо бол хүчин чадал хүрэхгүй. Тиймээс станцуудын хүчин чадлыг сайжруулах асуудал эхлээд чухал байна. Утаагүй түлш хэсэг бүлэг хүмүүсийн бизнес болох эрсдэлээс сэргийлж ажиллана. 

-Сайжруулсан түлш илчгүй байдаг гэсэн шүүмжлэл байдаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Засгийн газар 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар оруулахгүй байх шийдвэр гаргахаар болсон. Иймд боловсруулсан түлшийг нэг стандартаар үйлдвэрлэх асуудал яригдана. Одоо сайжруулсан түлш үйлдвэрлэдэг компаниудтай нэг стандарт тохироод, хамгийн сайн чанарын түлш үйлдвэрлэх бодлого барина.

-Татварын нэмэгдэлтэй холбоотой бүлгийн байр суурь юу вэ. Татварын нэмэгдлийг бууруулахгүй бол Засгийн газрыг татан буулгана гэж АН-ын бүлэг мэдэгдээд байна?

-Энэ сарын 25-нд ОУВС-гийн төлөөлөл манай улсад ирж ажиллана. Тус сангийнхантай энэ асуудлаар ярилцахаар тогтоод байгаа.  Засгийн газрыг огцруулах тухай  асуудлаар АН-ын бүлэг санал гаргах эрхтэй. Манай бүлгийн хувьд Засгийн газраа аль болох тогтвортой ажиллуулах бодлого барьж буй.

-Өмнөх бүлгийн хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ шатахууны 41 хоногийн нөөцтэй гэж байсан. Шатахууны асуудал одоо хүртэл цэгцрээгүй, иргэд дугаарлаж бензин шатахуунаа авч байна. Энэ асуудал хэзээ хэвийн түвшинд очих вэ?

-Засгийн газрын түвшинд шатахуун импортлогчидтой ярьж байгаа юм байна. А-80, АИ-92 бензиний үнийг нэмэхгүй. Дизелийн түлш, А-95, А-98 дээр нэмэгдэлтэй болгохоор тохиролцсон юм билээ. Шатахууны нөөц бол хангалттай. 

О.Баасанхүү: Бадарчин баярлах болоогүй. Би асуудлыг үе шаттайгаар шийдвэрлүүлэхээр явна

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх эсэх асуудлын Улсын дээд шүүхээр хэлэлцсэн. Ингээд УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзсан билээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Улсын дээд шүүхийн хуралдаанаар таныг МАХН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцээд татгалзсан билээ. МАХН таныг намаасаа хөөсөн. Тэгэхээр та сул гишүүн болж байна уу. Аль нэгэн намд элсье гэсэн бодол байна уу?

-МАХН намайг намаасаа хөөлөө гэж найм дахь удаагаа мэдэгдэж байна. Хэрвээ МАХН УИХ-д суудалгүй бол УИХ-ын гишүүнд өгөх ёстой 10 сая төгрөг болон санал өгсөн иргэдийн тоогоор бодоод 114 сая төгрөгийг авах ёсгүй. МАХН суудалтай, суудалгүй гэх маргаантай асуудал шийдэгдтэл төрийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулах ёсгүй шүү гэсэн бичгийг Сангийн яаманд би хүргүүлсэн. Гэтэл Сангийн яам тус мөнгийг МАХН-д шилжүүлж өгсөн байна лээ. Тэгэхээр мөнгийг нь авах болохоор суудалтай болгоод бусад үед нь суудалгүй гэж болохгүй. Уг нь МАХН-ын нэр бариад буй хэсэг нөхөд надад энэ хоёр жилийн 20 сая төгрөг өгөх ёстой. Би тэр мөнгөөр Орхон аймгийнхаа иргэдэд гурил, будаа, нүүрс эсвэл гэр авч өгөөд санхүүгийн тайлангаа аудитад өгөх үүрэгтэй юм. Улсын дээд шүүхийн шийдвэрийг би бичгээр авна. Улсын дээд шүүхээс ирүүлэх бичигт биднийг тодорхой бичиг баримтыг дутуу ирүүлсэн гэдгийг тусгаж магадгүй.

Магадгүй хуучин Ерөнхийлөгч нарын хатаас, захиасаар хууль бус байдлаар МАХН-ын эрхэнд халдсан байвал захиргааны шүүхэд хандана. Учир нь Улсын бүртгэлийн тухай хуулинд “компани, ТББ-ыг улсын бүртгэлийн алба, улс төрийн намыг Улсын дээд шүүх бүртгэнэ” гээд заасан байгаа. Мөн бүртгэлийн үйл явцтай холбоотой маргааныг шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ гэсэн байгаа юм. Тэгэхээр шүүхэд хандах эрх нь нээлттэй. Бадарчин баярлах болоогүй. Би асуудлыг үе шаттайгаар шийдвэрлүүлэхээр явна.

-МАХН-ынхан таныг гэмт хэрэгт холбоотой гэж мэдэгдсэн. Энэ талаар ямар тайлбар хийх вэ?

-МАХН-д орж, гарах нь хувь хүнд үндсэн хуулиар олгогдсон эрх. Түүнээс хэн нэгэн хөөдөггүй юм. Хувь хүн үзэл бодлоо илэрхийлээд л явна. МАХН-ынхан намайг гэмт хэрэгтэн гэж олон нийтийн өмнө зарласан. Би гэмт хэрэгтэн биш. Шүүхээр тогтоогоогүй бол хэн нэгнийг гэмт хэрэгтэн гэж зарлах ёсгүй. Харин МАХН-ын намын дарга болон дэд дарга Ц.Оюунбаатартай холбоотой хэргүүд прокурор болон шүүхийн шатанд очиход бэлэн болчихсон байгаа. Хэрвээ прокурор тэдгээртэй холбоотой хэргээ шүүх рүү шилжүүлэхгүй юм бол цагаатгах ёстой гэж би үзэж байгаа. Уг нь 14 хоногийн хугацаанд цагаатгах ёстой байдаг. Гэтэл 14 сар өнгөрхөд аль нэгэн байдлаар шийдэхгүй л байсаар байна. Эдгээр хэргийг аль нэг талд нь шилжүүлэх шаардлагыг өгнө

.МАХН байргүй. Учир нь нэр бүхий бизнесмэн МАХН-ыг ашгийн бус байгууллага гэж үзээд 500 мянган долларынхаа байрыг өгсөн юм. Гэтэл тэр байрыг хувийн компанийн нэр дээр шилжүүлээд МАХН-ыг өндөр түрээсээр байрлуулсан. Хэрвээ эзэн нь энэ байрыг компанид өгсөн бол 500 мянган доллар бус 1.5 сая доллараар зарах байсан, гэтэл нам гэж хэлээд намайг залилсан байна.

Тиймээс би мөнгөө авъя эсвэл байраа авъя  гэдэг маргаан явж байгаа.Тун удахгүй МАХН-ын нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбын шүүх хурал болно. Тэр хүн ялаа хөнгөрүүлэх ёстой. Энэ бол тэр хүний эрх. Ялаас хөнгөрүүлэх хамгийн гол нөхцөл нь хохирлоо барагдуулах юм. 40 мянган долларыг аваагүй учраас тэр мөнгийг төлөх ёсгүй гэж Г.Шийлэгдамба өөрөө ярьдаг. 40 мянган долларыг Н.Энхбаяр гуай төлөх ёстой.Хэрвээ тэгвэл Г.Шийлэгдамбын ялыг хөнгөрүүлэхэд тус болно. Ц. Оюунбаатар төрсөн хүүгийнхээ нэр дээр “Тэмээн поло” гэдэг ТББ байгуулсан байдаг. Ингээд 150 сая орчим төгрөг шилжүүлсэн асуудал АТГ-д шалгагдаж байгаа. Энэ хүмүүс буруугүй гэж үзвэл цагаатгах ёстой. Мөнхийн шалгаж болохгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулиар хуулийн байгууллагын шалгалт хугацаатай байх ёстой. МАХН-ын нарийн бичгийн дарга Ангараг гэдэг хүн залилан мэхэлсэн хэргээр шалгагдаж байгаа. МАХН-ын хэд, хэдэн хүн гадаадад оргон зайлсан байна. МАХН-д шинэчлэл хийе. МАХН-ын удирдлагууд ард түмний төлөө явахгүй. Явах байсан юм бол Тавантолгойгоо ард түмэндээ өгөхгүй яасан юм. Оюутолгойн гэрээгээ иргэдэд ашигтайгаар хийхгүй яасан юм. Тэр үед хаан шиг эрх мэдэлтэй байсан.

2012-2016 оны Сангийн сайд Ч.Улаан, Шадар сайд Д.Тэрбишдагва нар Оюутолгойн 150 сая долларын татварын асуудлыг илчлээд олон нийтэд гаргах гэхэд учир битүүлгээр нуун дарагдуулсан. Авлига, албан тушаалын гэмт хэргээс бултаж хоргоддог газар нь МАХН биш. Би өөрөө намын дарга болоогүй. Намайг МАХН-ын эгэл, жирүүн гишүүд намын дарга болгосон.

Н.Батсайхан: БНХАУ Шанхай хот руу 39 хүн улсын зардлаар аялаад ирсэн

Одоогоос хэдэн сарын өмнө Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн 0001 АРА улсын дугаартай “Ланд круйзер 200” маркийн автомашин осолдсон талаарх мэдээ шуугиан тарьж байсан. Орон нутгийн хөрөнгөөр албан хэрэгцээндээ тус автомашиныг өнгөрсөн оны долдугаар сард худалдан авсан шинэхэн машинтайгаа явж байгаад осолдсон талаар мэдээлэл гарч байсан. Тэгвэл өнөөдөр Архангай аймгийн засаг дарга Ц. Мөнхнасангийн хууль бус үйлдлийн талаар тус аймгийн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.  Тодруулбал, Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан тус аймгийн Засаг дарга болсоноосоо хойш төрийн албан хаагчдыг шалтгаангүйгээр ажлаас халж, төрийн ажлыг цалгардуулж байгаа талаар нутгийн иргэд мэдээлэл хийлээ. 

-Архангай аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Нямсүрэн

-Манай Засаг дарга өнөөдрийг хүртэл ажил хийлгүй, хүн халах л ажил хийж байна.  Төрийн мөнгөөр зугаалдаг, өөрсдөдөө ашигтай ажилладаг. Би хууль бусаар ажлаас халагдаад жил гаруй хугацаанд хууль шүүхийн байгууллагаар явж байна. Давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх хамгийн сүүлд ерөнхий шүүгчийн шийдвэрээр хууль бусаар ажлаас халагдсан учраас ажилд нь буцааж томил гэсэн шийдвэр гарсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ажилд маань эргүүлж томилоогүй. Өнөөдөр би үндэслэлгүй халагдсан тэтгэмжээ авах гэхээр өгөхгүй гээд Давж заалдах шатны шүүхэд Ц.Мөнхнасан дарга хандсан байгаа. Би ажилгүй байх хугацааныхаа мөнгийг авах гэхээр өгөхгүй байна. Энэ хугацаанд миний амьдрал хэцүү байна. Би гурван нялх хүүхдээ яаж тэжээх вэ.  Мөн  цалингийн зээлээ ч төлж чадахгүй байдал хүрчхээд байна.  Би үндэслэлгүйгээр халагдсанаас хойш нийтдээ 1,8 жил шүүх цагдаагаар өргөдөл өгөөд явж байна. Шүүхээс энэ хүний ажилгүй байх хугацааны тэтгэмжийг олго гэсэн шийдвэр гаргасан байхад Ц.Мөнхнасан өгөхгүй гээд Давж заалдах шатны шүүхэд хандсан хэмээн хэллээ. 

Харин Архангай аймгийн “Иргэдийн оролцоо тогтвортой амьдрал” ТББ төлөөлөгч н. Батсайхан хэлэхдээ "Энэ хүн сонгуулийн маргаашаас нь төрийн албан хаагчдыг халж эхэлсэн. Тэдгээр хүмүүс шүүхэд хандаад шийдвэр гарахаар тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. Хамгийн сүүлд БНХАУ Шанхай хотод 39 хүн улсын зардлаар аялаад ирсэн. Тэгэхэд ард нь аймгийн хүмүүс ажилгүй ядуу өлсөж үхэж байна. Мөн манай аймагт энэ хотын утаа очсон. Маш их утаатай байна.  Энэ Мөнхнасан гэх хүний буруутай үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна" гэв. 

Ц.Пүрэвхүү:С.Эрдэнэ, Х.Баттулга нараас мөнгө авсан зүйл байхгүй

Энэ сарын 13-ны өдөр "Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо" ТББ Сүхбаатарын талбайд хэвтээ жагсаал хийсэн билээ. Уг жагсаал нь тус байгууллагын 6 дахь удаагийн жагсаал бөгөөд утааны эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгүй гэдгийг эсэргүүцэж жагссан юм. Тэгвэл энэхүү жагсаалаас хойш "Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо" ТББ тэргүүн Ц.Пүрэвхүүг шантааж хийж 750 гаруй сая төгрөгийг нэр бүхий хүмүүсээс авсан гэх мэдээлэл гарч эхлэв.  Энэ талаар бид Ц.Пүрэвхүүгээс тодрууллаа.  

-Таныг шантааж хийж 750 сая төгрөг авсан гэх мэдээлэл гарах боллоо. Үүнд та ямар тайлбар өгөх вэ? 

-Миний болон манай байгууллагын нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон мэдээ мэдээлэл, нийтлэл нэлээд гарч байна. Энэ удаагийн мэдээлэл арай дэндэж байна. Бид үр хүүхдийнхээ ирээдүйн амьсгалах агаараар шантааж хийж мөнгө авахгүй. С.Эрдэнэ, Х.Баттулга өөр хэн ч билээ тэр хүмүүсээ мөнгө аваагүй. Авахгүй.Тэд энэ хэмжээний мөнгийг хүнд өгөх өгөөмөр хүн биш. Манай байгууллагад шалгалт оруулсан ч болно. Иймэрхүү гүтгэлэг мэдээ анх удаа гарч байгаа зүйл биш.

-Өмнө нь бас зүтгэж, худал мэдээлэл цацаж байсан гэсэн үг үү?

-Утааны эсрэг аав ээжүүд нэгдэж анхын жагсаалаа хийж байхад маш олон талаас элдэв дайралт ирж байсан. Бид тухай бүрт нь чимээгүй л байсан. Яагаад гэвэл бид хэн нэгнэээс мөнгө авсан зүйл огт байхгүй учраас тэр. 

-Ахиад иймэрхүү дайралт, нэр төрд хардах зүйл гарахыг үгүйсгэхгүй юм байна. Хариу ямар арга хэмжээ авах вэ?

-Бид тийм ч удаан дуугуй доромжлуулаад суухгүй. Шаардлагатай гэвэл шалгуулж нэр төрөө сэргээлгэх болно. 

Байр, суурь: Банкны хууль лоббинд автсан уу

УИХ-ын чуулганы хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг баталлаа. Энэ хуулийн иргэдэд ашиг тусаа өгөх ганц заалтыг хасаж баталсаныг УИХ-ын зарим гишүүд эсэргүүцэж байна. Тодруулбал, банкны зээлийн хүүг бууруулах заалтыг хассан юм. Зээлийг хүүг бууруулах заалтыг хассаныг УИХ-ын зарим гишүүд банкны эздийн лоббид автсантай холбоотой гэж хардаж байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Монгол улс мөнгө хүүлэлтийн орон болсон. Гэтэл энэ хуулийн хүүг бууруулах заалтыг хасчихлаа. Ийм зүйл хийж болохгүй” гэж мэдэгдсэн билээ.

Ингээд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа зээлийн хүүг бууруулах заалтыг хассан асуудлаар УИХ-ын гишүүдийн байр, суурийг сонслоо.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД: БИ ӨӨРӨӨ БАНКТАЙ Ч АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ГАРГААГҮЙ

- Банкны хуулийн сайжруулснаар бизнесийн орчин сайжрах ёстой. Орчин сайжирснаар хүү багасна биз дээ. Гэтэл тэр чиглэлийн заалтыг хассанд дүн шинжилгээ хийж олон түмэнд мэдээлэл өгөх болно.Би “Голомт” банкийг үүсгэн байгуулж байсан ч одоо ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй. Богд банкийг манай гэр бүлийнхэн ажиллуулдаг. Гэхдээ уг хуульд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил гаргаагүй. Хууль боловсруулах ажлын хэсэгт ороогүй. Манай намын бүлгийн байр, суурь маш тодорхой байгаа. Би бүлгийнхээ байр, суурийг дэмжиж байгаа. Банкуудын хүү өндөр байна, хүнд суртал ихтэй байгаа, бизнесийн орчин буруутай байна. Банкууд өөрсдөө бизнес хийж өрсөлдөж байгаа. Энэ мэт асуудлыг тус хуулиар цэгцлэнэ. Гэхдээ бид банкны хуулинд ороогүй орхигдсон асуудлаар манай намын бүлэг ажиллана.

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ: ЭНЭ ХУУЛЬ ЛОББИНД ОРЧИХЛОО

- Ашиг сонирхлын зөрчилтэй УИХ-ын гишүүдийг энэ хуулийг боловсруулах ажлын хэсэгт оруулахгүй байя гэж ярьж байсан. Гэтэл ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс орж ажилласан. Хэд, хэдэн банктай эсвэл банктай холбоотой хүмүүсээ ТУЗ-д оруулахгүй  байх гэх заалтыг мөн оруулаагүй байна. Энэ хууль лоббинд орчихлоо гэж би хардаж  байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ: БАНКНЫ ЛОББИНД ӨРТСӨН БАЙХ МАГАДЛАЛТАЙ ГЭЖ БИ ХАРДАЖ БАЙНА

- Энэ асуудлыг хэлэлцэх үеэр би их бухимдлаа. Банкны хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирэхэд би гурван зүйлийг хэлж байсан. Тодруулбал, банк санхүүгийн орчныг сайжруулах, банк дэргэдээ охин компани байгуулж бизнес хийдэг байдлыг зогсоох, хүүгийн дарамтыг бууруулах ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан. Энэ заалтууд уг хуулийг дагаж хамт өргөн мэдүүлсэн хуулинд орж ирсэн ч харамсалтай нь хасчихлаа. Байнгын хорооны хурлаас буцаасан байна. Банкны лоббинд өртсөн байх магадлалтай гэж би хардаж байна. Банкны хуулийг сайжруулах, банк санхүүгийн орчныг сайжруулж хүүг бууруулах асуудлыг ярих бүрт банкны эзэд нийлж нэг баг болж тав, гурван төгрөг босгон ийш тийшээ ханддаг. Хэвлэлийнхэнд ч нөлөөлдөг. Тэд "Үндэсний аюулгүй байдал хэцүүдэж, банкууд дампуурлаа" гэх зүйлийг ярьдаг. Ингэж ярьсаар 20 гаруй жил боллоо. Үүний үр дүнд Монгол улс дэлхийд байхгүй 25 хувийн хүүтэйгээр зээл олгож байна. Мөнгө хүүлдэг хүүлэлтийн орон болж хувирсан. Үүнийг таслан зогсоох ёстой. Банкны хуулиар Монгол банкинд бүх эрх мэдлийг өгөх боломж байсан. Монгол банк валютын ханшаа тогтоодог, мөнгөний бодлогоо барьдаг мөн УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг. Мөн хуулиар тодорхой хэмжээнд босго тавиад зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах боломж байсан. Хоёр жилийн өмнө Монгол улсын тэтгэвэр, цалин авагчдын 83 хувь зээлтэй байсан. Малчдын 86 хувь нь мөн зээлтэй байсан. Аж ахуй нэгжүүдийн 72 хувь банкны зээлтэй. Үүнээс нь гарах хэрэгтэй гэж бид ярьж байсан шүү дээ. Үүнээс гарах боломжийг өнөөдөр алдлаа. Банкны том нөлөө орлоо гэж харж байна. Би банкны хүүг бууруулах хуулийн төслийг ойрын хугацаанд боловсруулж хаврын чуулганд багтаан хэлэлцүүлнэ. Хадгаламжийн хүүг бууруулах, гаднаас орж ирэх мөнгөн эх үүсвэрийн татварыг бууруулах, зээлийн хүүг бууруулах асуудлыг тусад нь оруулж ирнэ гээд л хэлэлцэлгүй хасчихлаа шүү дээ. Хэзээ ч хэлэлцэх юм бүү мэд.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН: ТӨВ БАНКНААС ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ

- Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдаж, Банк болон хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл өргөн баригдсан юм. Түүнд “Банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг төв банк тогтоож болно” гэсэн заалт суулгасан байсан. Дагалдах энэхүү хуулийн төслийг ажлын хэсгээс буцаасан. Төв банкнаас зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох ямар ч боломжгүй. Монгол Улс 1990 онд чөлөөт зах зээлийг сонгосноор эдийн засгийн шинэ харилцаанд орсон.

Хэрэв одоо зээлийн хүүд дээд хязгаар тогтооё гэвэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо руугаа буцаад бүх нийтээрээ орох хэрэгтэй. Товчхондоо бол зээлийн хүү гэдэг маань бүтээгдэхүүний үнэ. Зах зээлийн тогтолцоогоороо бий болж байгаа бүтээгдэхүүний үнэ дээр УИХ хязгаар тогтоож болох юм бол бүх л бараа, бүтээгдэхүүнийхээ үнэ дээр дээд хязгаар тогтооё л доо. Жишээ нь, талх, шатахууны үнийг тогтооё. Энэ арга бүтэхгүй шүү дээ, явахгүй. Яагаад гэвэл зээлийн хүү гэдэг маань манай эдийн засгийн шууд өртөг. Зээлийн хүүг буулгахын тулд эдийн засгийн тогтолцоогоо зөв болгох ёстой юм. Гаднаас хэт хамааралтай эдийн засгийн эмзэг бүтцээсээ салж чадвал зээлийн хүү жамаараа буурна. Аливаа нэг бүтээгдэхүүний үнийг хатуу барина гэдэг аюултай. Хэзээ нэгэн цагт тэсэрнэ. Зээлийн хүүгийн суурь өртөг нь хадгаламжийн хүү. Хадгаламжийн хүүг бага байлгахын тулд инфляц бага байх ёстой. Инфляц найман хувьд тулаад ирлээ. Хадгаламжийн хүү найман хувиас доош орох боломжгүй. Тэгэхээр эдийн засгийн суурь эрсдэлүүдээ макро төвшинд нам дор оруулж байж, хадгаламжийн хүү, зээлийн хүү буурна. УИХ инфляцыг нам дор оруулах зорилго руу тэмцэх ёстой. Мөнгөний бодлогын гол зорилт энэ байдаг, Төв банкиндаа хатуу шаардлага тавьж, бие дааж ажиллах боломжийг нь өгч, зорилгодоо хүрэх шаардлага тавих. Гэвч Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санасан хэмжээнд, Монголбанкны бие даасан хараат бус байдлыг нь хангасан хэлбэрээр батлагдаж чадсангүй. Эдийн засгийн суурь өртөг дотор банкны өөрийнх нь эдийн засгийн чадамж, банкны тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилго, эдийн засгийн суурь өртгийг бууруулдаг хамгийн том хүчин зүйлүүд байдаг. Тэгэхээр зээлийн хүүг шууд бус замаар буулгах арга механизм УИХ-аар батлагдах Банкны тухай хууль болон бусад хуулиудаар дамжиж бий болно гэж ойлгох хэрэгтэй.

Б.Сүндэръяа: "Балетын урлагийг бодлогын төвшинд хөгжүүлэх том боломжийг гаргаж өгнө" гэсэн үг минь биелэлээ оллоо

“Ийм бүдүүн балет чинь байдаггүй юм Сүндэръяа” гэсэн үгэнд хурцлагдаж, нулимсаа залгиж, хүсэл мөрөөдлийхөө төлөө өнөөдрийг хүртэл зүтгэж явна гэж зөөлөн дуугаар өгүүлэх энэ бүсгүйг Бүтэнбаярын Сүндэръяа гэдэг. Тэрбээр өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг зэрэгцээ монголын балетийн урлагт нэгэн том алхам хийж чадсан юм. Ингээд “Sunee’s Ballet Studio 1” сургалтын төвийн захирал Б.Сүндэръяатай ярилцсан юм. 

-Юуны өмнө манай уншигч нарт өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Бүтэнбаярын Сүндэръяа гэдэг. Балетын бүжигчин мэргэжилтэй. Анх зургаан настайгаар уран гимнастикийн дугуйланд суралцаж байгаад балетийн урлаг руу орсон.  Одоо балетийн багшаар ажиллаж байна.  2009 онд анх ДБЭТ-ын Ерөнхий балет мистер Жаргал багшийн удирлагад дор балетийн сургуульд албан ёсоор элсэж орж байсан. 2015 онд төгссөн. Суралцаж байхдаа ДБЭТ-т дадлага хийнгээ давхар зөвхөн балетаар дагнасан Их эзэн хааны театрт бүжигчин, туслах багш хийдэг байсан. Ер нь оюутан байхдаа маш их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Тэгээд өөрөө суралцаж байгаа хүүхэд, дээрээс нь хүүхдүүд балет заана гэдэг маш  хэцүү байсан. Өөрөө дур сонирхолтой болохоор түүндээ маш их хөглөгддөг урам авдаг байсан.

Анх туслах багш хийж байхад амархан, ядах юмгүй хийж чадах юм шиг санагддаг байсан. Тэгээд гардаад хийгээд эхлэхэд хүүхэдтэй ажиллана гэдэг маш том философи байдаг юм байна гэдгийг ойлгосон.

Хоёр жил гаруй туслах багш хийж байгаад өөрийн “Sunee’s Ballet Studio 1” сургалтын төвөө нээж байсан. 

-“Sunee’s Ballet Studio 1” сургалтын төвөө оюутан байхдаа байгуулж байсан гэсэн үг үү. Хүсэл мөрөөдлөө биелүүлж сургалтын төвтэй болсон гэхээр гайхалтай санагдаж байна?

-Баярлалаа. Сургалтын төвөө  2013 онд оюутан байхдаа байгуулж байсан.  Оюутан байхдаа би гэр сургууль гэсэн нэг замаар огт явдаггүй байсан. Балетын туслах багш хийнэ, өөрөө суралцана, сургалтын төвөө нээчихсэн маш их зүйлийг амжуулах гэж явдаг байсан. Хичээл тараад жаахан л зав гарвал багш нар дээрээ ирж би одоо юу хийх үү яах уу, танаас өөр илүү зүйл юуг сурах уу гээд маш их шалгааж өөрийгөө дайчилдаг байлаа. Энд занд минь багш нар их дуртай.Ингээд ярихаар бүх зүйл амархан сайхнаар бүтэж байсан уу гэхээр надад алдаж онож байсан зүйл ч бий. Манай төв мэргэжлийн балет, гоо зүйн анги, гоо заслын анги гэсэн гурван төрлөөр хичээлээ явуулдаг. Хоёр багштайгаар өдөрт нэг цагийн хичээл ордог.

-Сургалтын төвийн хамгийн анхны сурагцагчаа хүлээж авах тэр мэдрэмж таны хувьд дурсамжтай, айдастай, баяртай мөчүүдийн нэг байсан нь мэдээж. Анхны суралцагцаа хэрхэн угтаж авч байв?

-ХҮН ЖААХАН Л СЭТГЭЛТЭЙ, СЭРГЭЛЭН БАЙХАД БҮХ ЗҮЙЛ БОЛДОГ ЮМ-

-Тэр мэдрэмж үнэхээр гоё. Амьдралын минь сайхан мөчүүд нэг бол энэ яах аргагүй мөн. Би өөрөө оюутан байсан болоод ч тэр үү багахан айдастай байсан. Хүн жаахан л СЭТГЭЛТЭЙ, СЭРГЭЛЭН байхад бүх зүйл болдог юм.

Манай төвийн анхны суралцагч монгол хүүхэд байгаагүй. Тохиолдол нь хүртэл сонин. Польшийн эрлийз байсан. Хамгийн анхны хүүхэддээ хичээлээ заачихаад сууж байхдаа би өөрийгөө голж эхэлсэн. Яагаад гэхээр эцэг, эхчүүд эрхэм нандин хүүхдүүддээ надад даатгаж өгч байхад би өөрөө маш их зүйл сурах хэрэгтэй, суралцах ёстой юм байна гэдэг бодогдож байсан. Манай байршлаас хамаараад тэр үү манайд дандаа гадаад хэлтэй хүүхдүүд ихэвчлэн ирдэг.  Тэгэхээр хэлтэй байх ёстой. Хүүхдүүдийн талаар их зүйлийг мэдсэн байх ёстой. Зөвхөн хичээлээ заах нь дутмаг юм шиг санагдаж байсан. Тэр болгонд өөрийгөө дайчилж хүүхдүүдтэйгээ хамт суралцаж байна.

Саяхан манайд нэг ээж гурван настай хүүхдээ авчирсан. Тэгснээс “манай том охин танай ангид явдаг байсан багш аа. Одоо найман настай.  Дүүг нь танай ангид оруулах гэсэн юм” гэж гээд гурван настай хүүхдээ авчирсэн.  Надад маш сайхан санагдаж өөрөө бахархаж, чи чадаж байгаа юм байна гэсэн бодол төрсөн.

-Балет маш хатуу дэглэмтэй урлаг. Энэ хэрээр хүнийг хатуужилтай, тэсвэртэй, тэвчээртэй болгодог нь өөрийн тань ярианаас харагдаж байна. Шатрах үе байсан ч сэтгэл, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж энэ урлагаас татгалзаж чадаагүй гэж хэлж байна. Шанрах үе олон байсан байх?

-Шантрах үе олон байсан. Сургуулиа хүртэж хаяж байсан. Ахиад хэзээ ч энд ирэхгүй гэж хэлж байсан үе байсан. Балет байхгүй бол Сүнээ гэдэг хүн хэн ч биш гэдгийг тэр үед ойлгосон болохоор эргэж ирсэн. Сэтгэл, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж эргэж буцалтгүй шийдсэн. Би ер нь их мяраалаг хүүхэд л дээ. Яс томтой болохоор бусад хүүхдүүдтэй харьцуулж харахаар би тарган, том харагддаг.

ДБЭТ-ын Ерөнхий Балет мистер Жаргал багш минь “Ийм бүдүүн балет чинь байдаггүй юм Сүндэръяа” гэж хэлж байсан. Тухайн үед багш минь надтай тоглож  тэгж хэлдэг байсан. Хүүхэд болохоор  би маш хүндээр тусгаж авдаг. Магадгүй багш минь надаад илүү ихийг гаргахыг хүссэндээ ингэж хэлж намайг хурцалж байсан ч байж магадгүй гэж би хааяа боддог.

Хамгийн их сонирхолтой дуртай, хүсэл мөрөөдөл минь болсон Балетын сургуулиасаа хөөгдөхөд хүрч байсан. Хөөгдөх хүүхдүүдийн дунд миний нэр байгааг мэдээд надад маш хэцүү байсан. Гэр бүлээсээ зөрж байсан орсон сургууль. Энэ сургуулиас гарвал миний амьдрал ингээд дууссан.Сүнээ /Сүндэръяа/ гэдэг хүн байхгүй болно гэж бодохоор л хамаг бие амьгүй болж, нүүр улааж, ухаан алдаж унах гэж байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байсан. Эндээс гараад хайчих уу гэж бодож байсан.  Тэр үед сүндэръяа гэдэг хүн зүрх сэтгэл, итгэл найдвараар үхээд сэхсэн гэж хэлж болно.

-ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ МИНЬ БОЛСОН БАЛЕТЫН СУРГУУЛИАСАА ХӨӨГДӨХӨД ХҮРЧ БАЙСАН-

Тэр үед дараагийн улирал хүртэл харж үзье гэхдээ чи дараагийн улирал хүртэл 10 кг турсан байгаарай гэж хэлж байсан. Би тэгээд чадсан 10 кг турсан. Гэхдээ маш олон зүйлийг золиосолж байж турсан. Би жаахан байсан болохоор хоол идэхгүй байвал турдаг гэж ойлгоод хоолой сойж байсан, цагаан хоолтон болсон. Гэхдээ бие маш их сульдаж, ядаргаанд орж бэлтгэл хийж байхдаа байнга ухаан алдаж унадаг байсан.

Нэг өдөр намайг хасна гэсэн багш минь намайг ОО-д уначихсан байгааг хараад тэврээд явж байхдаа“ миний охин маш их хичээсэн, маш их зүйлийг хийсэн , охиноороо бахархаж, биеэ бодоорой” байна гэж хэлэхэд өөрийн эрхгүй уйлсан. / уйлав/. Энэ үг надад маш их эрч хүч өгч, хүсэлт тэмүүлэл, мөрөөдлийг минь хурцаж өгсөн. “бурмаар тэтгэхээр, урмаар тэтгэ” гэдэг үгийг тэр үед л ойлгосон. Балет ийм л хатуу урлаг.

Гэхдээ надад сэтгэл, хүсэл, зорилго байсан болохоор өнөөдрийн энэ төвшинд хүрсэн гэж бодож явдаг.

-Монголын балетын урлагт нэлээд том алхам авч ирсэн Сүндэръяагаас сонин сайханаас хуваалцая. Солонгос улс руу 10 гаруй хүүхдийг үнэ төлбөргүй соёлын солилцоогоор явуулахаар болсон сайхан мэдээгээ манай уншигчдад хуваалцана уу?

-Баярлалаа. Би сургуулиа төгсөж байхдаа балетийн урлагаар хичээллэж бүжигчин мэргэжлийг эзэмшсэн минь сайхан. Гэхдээ би бүжигчин болохоос илүүтэй бодлогын төвшинд маш том боломжийг гаргаж өгнө та нарт гэж хэлээд сургуулиа төгсөж байсан. Тухайн үед хүмүүс намайг хараад сэтгэлийн хөөрлөө хандаж байна гэсэн ойлголт авч магадгүй зарим нь инээгээд өнгөрсөн байх. Энэ зүйл минь өнөөдөр бодит биелэлээ олсон. Би гадаадын маш олон валетийн сургууль, сургалтын төв рүү хамтарч хүүхдүүдээ солилцож, тоглолтод оруулъя гэж имэйл бичдэг байсан. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

З.Нарантуяа: Шатахууны онцгой албан татварыг нэмсэн нь цагаа олоогүй нь харагдаж байна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, Улсын бүртгэлийн багц хуулийн төсөл болон Шатахууны үнийн өсөлтийн асуудлыг авч хэлэлцсэн байна. 

УИХ-аар энэ долоо хоногт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэхээр орж ирээд байна. Тэгвэл Улсын бүртгэлийн уг багц хуулийн төслийг яаран хэлэлцэх нь оновчгүй гэсэн байр суурьт АН-ын бүлэг нэгдсэн байна. Тодруулбал, Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхтэй хамт дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь харилцан уялдаа холбоотой болж чадна гэж үзжээ.

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "УИХ-ын даргад Улсын бүртгэлтэй холбоотой багц хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх шаардлага байгаа эсэхийг эргэж харах шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлсэн. Хоёрдугаарт Сонгуулийн хуулийн шинэчлэлтэй холбогдуулан Ажлын хэсэг байгуулсан байгаа. Тиймээс бүртгэлийн багц хуулийг хамт хэлэлцэх нь зүйтэй. Улсын бүртгэлийн хууль маш олон асуудлыг хөндөх учир сайтар ойлголцож, ярилцах ёстой юм. Тийм учраас энэ долоо хоногт хэлэлцэхээр яаравчлан оруулж ирж байгаа нь буруу. Мөн энэ хуулийг хэлэлцэхэд багцад нь Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзсэн" гэв. 

Татварын нэмэгдэл иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж эхэлж байгаа нь шатахууны үнийн өсөлт боллоо гэж тус бүлэг үзжээ. Тодруулбал сүүлийн үед үүсээд байгаа шатахууны хомсдол, үнийн нэмэгдлийн шалтгаан нь нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмсэнтэй холбоотой. 
 
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Хэрэв эрх баригчдын хэлж байгаачлан 40-41 хоногийн нөөцтэй, эдийн засгийн өсөлттэй, дөрвөн тэрбум ам.долларын валютын нөөцтэй нь үнэн бол шатахууны хомсдол, үнийн өсөлт үүсэхгүй.Ерөнхий сайдад долоон төрлийн татвартай холбоотой асуудлаа 2 дугаар сарын 1-ний дотор шийдэх шаардлага хүргүүлсэн. Шатахуун түгээх станцууд шууд хаалгаа хааж, үнийн хязгаарлалт хийж, талоны системд орох маягаар хомсдол бий болгож байна. Хэвийгээр нефть импортлогчдын монополь эрхийг задлах нь зүйтэй ч онцгой албан татварын нэмэгдэлтэй энэ нөхцөл байдал шууд холбоотой. Шатахууны үнийг дагаад бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Гурил 90-120 төгрөгөөр, мах 1000 төгрөгөөр нэмэгдэж, нийлүүлэлтийн хомсдол үүссэн байна. УИХ ч шатахууны асуудалд анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага үүслээ. Засгийн газарт өгсөн хугацаа 2 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Шатахууны онцгой албан татварыг нь нэмсэн нь цагаа олоогүй, бодит судалгаагүй байсан нь одоо харагдаж байна. Судлаад үзэхээр нэг литр шатахуун 300 орчим төгрөгөөр нэмэгдэхээр нөхцөл үүсээд байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж байхад угтаад татвараа нэмчихээр 200 орчим төгрөг нь шууд татварын нэмэгдлээс үүдэж байна. Тиймээс Засгийн газар ямар зохицуулалт хийж болох талаар нефть импортлогч компаниудтайгаа ярилцах хэрэгтэй. Эцсийн дүндээ зөв цагт, зөв судалгаатай шийдвэр гаргахгүй бол ямар хор хөнөөлд хүрч болохыг үүнээс харж болно" гэлээ.

Гэнэтийн шалгалт явуулж биеэ үнэлж байсан 29 эмэгтэй илрүүлжээ

Энэ оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг саун, массажны газруудад гэнэтийн шалгалт явуулсан байна. Шалгалтаар Баянгол дүүргийн 5, 4, 7, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тодорхой нэр хаяггүй саун массажны таван газар, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг саун массажны газруудад эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд татан оролцуулж, биеэ үнэлэхийг зохион байгуулсан болон орон байраар хангасан үйлдлийг илрүүлэн таслан зогсоожээ.   Мөн биеэ үнэлж бэлгийн мөлжлөгт өртөж байсан 29 эмэгтэйг олж тогтоон бүртгэл судалгаанд хамруулсан байна.       

Монголын шатарчид багаараа тэргүүн байр эзэлсэн амжилт гаргажээ

“Пёнчан-2018” өвлийн олимпийн хүрээнд зохион байгуулж буй Дэлхийн оюуны спортын наадмын гол төрөл болох Дэлхийн шатрын холбооны чансаатай шатарчдын тэмцээн амжилттай болж, аваргуудаа тодорчээ. Уг тэмцээнд  Монгол, Орос, Хятад, Солонгос, Англи, Энэтхэг зэрэг орноос нийт 320 гаруй шатарчин оюун ухаанаа сорьсон аж. Манай улсын тамирчид тэмцээнийг 7 алт, 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнийг өндөрлүүлсэн байна. Манай улсаас нийт 30-аад шатарчин 7-23 хүртэлх насны ангилал тус бүр дээр өрсөлдөж, багийн дүнгээр тэргүүн байр эзэлжээ.

Эрэн сурвалжилагдаж байсан этгээдийг баривчилжээ

Цагдаагийн алба хаагчдыг “буудна” гэж сүрдүүлсэн, гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар, Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид хамтран өнгөрөгч бямба гарагт баривчлан саатуулж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

 Булган аймгийн Баяннуур сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батхүү,  цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнх-Оргил нар энэ сарын 20-ны өдөр замын цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж байхдаа  19 цаг 45 минутын орчим .... улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-70” маркын саарал өнгийн тээврийн хэрэгслийг зогсоон, шалгахад Төв аймаг дахь Цагдаагийн газраас гэмт хэрэгт сэрдэгдсэнээр эрэн сурвалжлагдаж байсан Г байсныг тогтоосон байна.

Алба хаагчид уг этгээдийг саатуулах гэтэл машиндаа суун Улаанбаатар хотын чиглэлд зугтсан тул нэн даруй Төв аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд мэдэгджээ. Уг этгээд автомашиндаа галт зэвсэгтэй явж байгаа гэсэн мэдээллийн дагуу Төв аймгийн Баянчандмань, Лүн сум дахь замын цагдаагийн пост, Баянхангай, Баянцогт, Аргалант  сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт мэдэгдэн, зугтсан этгээдийн явж болзошгүй зам, газар  орны дагуу 5 пост гарган бүслэн хааж, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрынхан, Төв аймгийн Цагдаагийн газрын даргаар ахлуулсан бүрэлдэхүүн ажиллаж 04 цаг 30 минутад Төв аймгийн Баянхангай сумын 1-р багийн нутаг “Зэст толгой” гэх газраас баривчлан саатуулсан байна.

  Г гэгч нь “Та нарыг ойртвол би өөрийгөө хутгална” гэж сүрдүүлжээ. Түүнийг баривчлан автомашинд нь үзлэг хийхэд ТОЗ-8 маркийн буу, 6 сумтай дайз, дөрвөн хутга, хоёр хуучин заазуур байсныг эд мөрийн баримт болгон хураан авсан байна.  Сэжигтэн Г нь 1967 онд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, өмнө нь дөрвөн удаа ял шийтгүүлсэн бөгөөд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нд Төв аймгийн Батсүмбэр сумын байгаль хамгаалагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь зодож гэмтээсэн хэрэгт холбогдоод оргон зайлсан байжээ. 

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В3” болгож дээшлүүлжээ

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний “Мүүдиз” агентлаг энэ сарын 18-ны өдөр гаргасан байна. Энэ удаад Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “Caa1”-ээс “В3” болгон дээшлүүлжээ.  “Мүүдиз” агентлаг зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхдээ дараах үндэслэлийг авч үзсэн аж. 

Үүнд:  

          - Монгол Улсын төлбөрийн чадвар, хөрвөх чадвар дээшилж, одоо хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн эдийн засгийн шинэчлэлийн бодлого амжилттай хэрэгжсэн тохиолдолд Монгол Улсын зээлжих зэрэглэл түүхий эдийн үнийн савалгаанаас хамаарах мэдрэмж тодорхой хэмжээгээр буурах төлөвтэй байна. 

          - 2017 оны эцэст Засгийн газрын өрийг дахин санхүүжүүлсэн, төсвийн алдагдлыг бууруулсан, түүхий эдийн үнийн өсөлтөөс үүдэлтэй төсвийн орлого нэмэгдсэн нь Монгол Улсын санхүүжилтийн хэрэгцээг бууруулав. Түүнчлэн ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд амжилттай хэрэгжсэн тохиолдолд түүхий эдийн үнэ болон эрэлтээс үүсч буй гэнэтийн өөрчлөлтөөс шалтгаалах эдийн засаг, төсвийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой.   

Харин төлөвийг “тогтвортой” гэж үзэхэд эерэг болон сөрөг хүчин зүйлс тэнцвэртэй байгаа нь голлон нөлөөлжээ.

         - Төлөвт эерэгээр нөлөөлөх хүчин зүйл: Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн реформууд түүхий эдийн үнийн мөчлөг дагасан эмзэг байдлыг бууруулахад “Мүүдиз” агентлагийн тооцоолсноос илүү үр дүнтэй байх магадлалтай.

         - Төлөвт сөргөөр нөлөөлсөн хүчин зүйл: Төлөвлөж буй реформууд зорилтдоо хүрээгүй, мөн түүхий эдийн үнэ буурсан тохиолдолд гадаад төлбөрийн чадвар, хөрвөх чадварт эрсдэл үүсч болзошгүй гэж тус агентлагаас үзжээ.

H-2B визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр 2018 онд тус улсад нэвтрэх боломжтой орнуудын тоонд Монгол Улсыг оруулсан өчигдрөөс мөрдөгдөж эхэлсэн билээ.  Ажилтан хүлээж авах хугацаа нь тухайн оны аравдугаар сараас дараа оны есдүгээр сар хүртэл хэрэгждэг аж. Монгол Улс өчигдрийн байдлаар АНУ-д хөдөлмөр эрхлэх орнуудын жагсаалтад орсон хэдий ч гуравдугаар сарын 1-нээс H-2B виз олгож эхлэх юм байна.  Харин H-2A визийн хувьд дугаарын хязгаарлалт байхгүй учир хэзээ ч мэдүүлж болно.

Тус H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлуудад ажиллах хүч авах зориулалттай юм байна. Харин H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлууд, жишээ нь аялал жуулчлалын салбарт ажилчин авахад ашиглагддаг аж. 

“Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгийг олгож эхэлжээ 

 

“Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болгож сард 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, гурав буюу түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвлөөд байгаа билээ. Тэгвэл“Цалинтай ээж” хөтөлбөр өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ.  Уг  хөтөлбөрт улсын хэмжээнд 0-3 насны хүүхдээ асарч буй 135 мянган эх хамрагдахаар тооцоолж, нийт 81 тэрбум төгрөг төсөвлөжээ.

 Одоогоор 100 орчим мянган ээж харьяа хорооны халамж хариуцсан мэргэжилтэнд бүртгүүлээд байна. Нэгдүгээр сарын тэтгэмжийг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн олгоно'' гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдэгдсэн байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
.Mrs VICTORIA JOHNSON
Căutați o COMPANIE REALĂ DE CREDIT FINANCIAR care să vă ofere un împrumut de la 10.000 de euro la 10.000.000 de euro (pentru un împrumut de afaceri sau corporativ, împrumut personal, împrumuturi ipote
2019/10/08 129.56.84.33