Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.
Онцлох 30 ишлэл: У.Хүрэлсүх "Монгол улс хөгжинө өө, хараарай"
У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад 100 хоногтойгоо золгов. Уг 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд тайлагнасан юм. Энэ үеэр түүний хэлсэн ОНЦЛОХ 30 ишлэлийг хүргэж байна.
1. Миний нүдний хор, хар арилсан. Би улс төрд 20 гаруй жил зүтгэлээ. Хүүхдүүд том болсон байна. Одоо надад эх орныхоо чөмгөө дундартал зүтгээд үзье гэсэн бодлоос өөр бодол алга.
2. Төсвийн орлого 500 тэрбумаар давсан, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, 1.2 тэрбум ам.долларт хүрсэн, гадаад валютын нөөц нэмэгдэж, 3.2 тэрбум ам.долларт хүрлээ. Айл чухал үедээ хэрэглэхээр хэдэн цаасаа арслантай авдартаа хадгалдаг. Түүнтэй адил Монголбанкинд цэвэр албан нөөц гэж бий. Тэр нь 3.2 тэрбум ам.долларт хүрсэн.
3. Валютын нөөц нэмэгдсэнээр долларын ханш буурч байна. Валютын огцом өөрчлөлтөөс болж алдагдал их хүлээдэг байсан. Төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ийн 20 хувьтай тэнцэж байсан бол 2017 онд 9 хувь болсон. 2018 онд төсвийн алдагдлыг найман хувьд хүргэнэ.
4. Эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах эрхийг нээсэн. Хортой нөхцлөөр тэтгэврээ тогтоолгох бол эрэгтэй 55, олон хүүхэдтэй эмэгтэй 50 наснаас тэтгэвэрт гарч болно.
5. Тэтгэврийн насыг жилд 6 сараар нэмэх шийдвэрээ эргэн харж хугацааг нь 3 сар болгож бууруулна.
6. Хүн амын орлогын албан татварын 4 шатлалыг зогсоож, нэг шатлалтай болгоно.
7. Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг нэмнэ.
8. Хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 60 хувь болгож бууруулсан байсныг 80 болгоно.
9. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ээс Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглоно. Айл өрх, албан байгууллагууд минь бэлтгэлээ хангаарай. Нэг жилийн өмнөөс хэллээ шүү. Бид нар утааны асуудлыг 25 жил ярилаа. Зоригтой хөдлөхгүй бол утаанаасаа хэзээ ч салахгүй.
10. Түлш боловсруулах үйлдвэр барина. Цахилгаан халах шийдлийг оруулна. Газ хэрэглэнэ. Орон сууцжуулна. Олон арга хэмжээ авч байж утаанаасаа сална гэж боож байгаа.
11. Энэ онд 10 мянган айлыг ипотекийн зээлээр 2000 айлыг түрээсээр орон сууцанд оруулна.
12. Нефть боловсруулах үйлдвэр байгуулах ёстой, эхлүүлнэ, үр дүнг нь үзнэ. Монгол Улс жилд 1.5 сая тонн түүхий газрын тос Хятад руу гаргаж байна. Дотооддоо боловсруулбал хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой. Энэ бол үндэсний хувьсгал.
13. Засгийн газар нефтийн үйлдвэр байгуулахад Энэтхэг улсын Экзим банктай хамтран ажиллахаар тохирсон. Хавар ажлыг нь эхлүүлнэ.
14. Хоёр жилд Засгийн газар таван аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбоно.
15. Элчин сайд нар томилогдох ёстой. Ерөнхийлөгчтэй энэ асуудлаар өнөө маргаашгүй уулзаж, эцсийн шийдвэр гаргана.
16. Тансаг хэрэглээнээс татгалзаж, орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой. Ц.Нямдорж сайдыг унаагаа зарж, орлогыг нь төсөвт оруул гэсэн. Өөрөө ч аваад унасан юм биш юм байна лээ. Сайд энэ асуудлаа өөрөө шийдчих байх өө.
17. Бидний өнөөдрийн энэ зовлонг хөгжсөн бүх орон туулсан юм билээ. Гэхдээ Монгол Улс хөгжинө, 10, 20 жилийн дараа хараарай.
18. Надад болон манай Засгийн газарт 880 хоног байна. Энэ хугацаанд би эх орныхоо хөгжлийн суурийг тавьчихье гэж бодож байгаа.
19. Хөгжихийн төлөө бодлоготой, сахилга баттай ажиллах ёстой. Хэн нэг орны хүн ирээд Засаг дарга, Ерөнхий сайд хийхгүй. Зовлонгоо, жаргалаа ч хамтдаа хуваалцах ард түмэн бол 3.2 сая иргэн.
20. “Эрдэнэт”-ийн асуудлыг хуулийн дагуу шийдсэн. Заргалдах уу, яах вэ гэдэг нь нөгөө талын асуудал. Засгийн газар, УИХ хувийн өмчийг нийгэмчиллээ булааж авлаа гэсэн зүйл ярьдаг. Ард түмний өмчийг хууль бусаар хувь хүмүүс авч болохгүй биз дээ.
21. Эмхлэх ёстой юмаа эмлэх. Бүх юмны өмнө өвдөг сөхөрч явдаг төр байх ёсгүй. Ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж, дуугарах ёстой үедээ хэлэх ёстой үгээ гаргах ёстой.
22. Монголын төр хүчирхэг байх ёстой. Ингэж байж улс шиг улс, төр шиг төр байна.
23. “Эрдэнэт”-ийн асуудлыг УИХ-аар оруулна. Тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлнэ.
24. Улсын үйлдвэрийн газруудыг хувьцаа болгон гаргана. Ард иргэд нь хувьцаа эзэмшдэг, ашиг хүртдэг байх ёстой.
25. Тавантолгой ажиллана гэдэг ард иргэд ногдол ашиг хүртдэг болно гэсэн үг. Энийг л хийх ёстой.
26. Оюутолгойн захиралтай уулзсан. Оюутолгойг монголчуудад, Монголын эдийн засагт илүү ээлтэй хүртээмжтэйгээр ажиллах ёстой гэдгийг хэлсэн. Ер нь эзэн нь юм аа мэдэж эрэг нь усаа сахих ёстой.
27. Цэргийн албыг хоёр жил болгоно гэвэл төсөв мөнгөнөөс эхлээд олон зүйл шаардана. Батлан хамгаалах салбарт баримтлах бодлоготойгоо ч уялдахааргүй байгаа.
28. Надаас болон миний Засгийн газраас хууль бус зүйл битгий шаардаарай. Хэрвээ тэгвэл бүтэхгүй шүү.
29. Хариуцлага алдсан аймгийн Засаг дарга нар болон авлигал авсан, хууль зөрчсөн дарга нарын асуудлыг баримтыг над руу явуулаарай. Би хариуцлага тооцох болно. Төрийн бүх шатанд хариуцлагыг чангатгана.
30. 2018 оны сахилга, хариуцлагын жил болгож байгаа. Хэн ч дураараа загнаж болохгүй. Хуулийн хүрээнд ажиллаж, төсвийг хэмнэж ажиллана. Дарга нь дарга шиг, цэрэг нь цэрэг шиг болох ёстой юм.
Ч.Отгонцэцэг: Зориулалтын зам талбай, бэлтгэлийн баазтай болох нь тамирчдын чин хүсэл
“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам эхлэхэд 10 хоног үлдээд байна. Энэ удаагийн олимпийн наадамд манай улсаас гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-ын зайд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Ч.Отгонцэцэг нар оролцох бол паралимпийн цанын төрөлд Б.Ганболд өрсөлдөх эрхээ авсан байна. “Пёнчан-2018”-нд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчидад ёслолын хувцас гардуулах ёслол өчигдөр боллоо. Энэ үеэр Ч.Отгонцэцэгтэй ярилцсан юм.
-“Пёнчан-2018” Өвлийн олимпид оролцох болзлыг хангаж хувцас хэрэглэлээ гардаж аваад байна. Баяр хүргэе?
-Баярлалаа. “Пёнчан-2018” өвлийн олимп миний оролцож байгаа 2 дахь олимп. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд оролцох эрхээ Финланд улсад болсон 17 тэмцээний 8 гараад уралдаж авсан. Тэшүүрт цанын төрөлд 10 км зайд уралдана. Олимпид оролцох эрхээ 138 оноогоор авсан.
-Таны хувьд өмнө нь "Сочи-2014" өвлийн олимпид оролцож 70 дугаар байрт ирж байсан. Энэ удаагийн олимпид бариагаа ахиулах зорилго тавьж байгаа нь мэдээж?
-"Сочи-2014" миний анхны олимпийн наадам байсан. Эрхээ авч оролцож байхдаа нэлээд айдастай, сэтгэл түгшиж байсан. Анхны болоод тэгсэн байж магадгүй. Харин “Пёнчан-2018” миний 2 дахь олимп.
Спортын хүн аливаа тэмцээн уралдаанд орохдоо гаргасан амжилтаа ахиулахыг боддог.Мөн алдсан алдаагаа давтахгүй байхын эрхэмлэдэг. Үүний адилаар миний хувьд ч гэсэн энэ удаагийн олимпид бариагаа ахиулахыг бодож байна. Зорьж байна. Мэдээж бүх хүч чадлаа дайчилж уралдаж, илүү их амжилт гаргахыг хүсч байна.
-Өөрийн чинь оролцох тэшүүрт чанын төрөлд хэчнээн тамирчин оролцох вэ. Хэдний өдрүүдэд уралдах хуваарьтай байгаа вэ?
-Яг одоогоор тэшүүрт чанын төрөлд оролцох тамирчдын тоо, жагсаалт гараагүй байна. Тэгэхээр хэчнээн тамирчин оролцохыг сайн мэдэхгүй байна. Ирэх хоёрдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд уралдана. Манай тэшүүрт цанын төрөл хэмжигдэхүүнтэй спорт ч гэсэн талбайн зай, замын өсгүүр, уруу нь өөр өөр байдаг. Тийм болохоор нэг тогтсон зам гэж байдаггүй. Саяхан олимп болох газарт очиж бэлтгэл хийсэн. Хэдий талбайд нь тэмцээнд орж, бэлтгэл сургуулилт хийсэн ч замаа бүрэн гүйцэт тавьж дуусаагүй байсан.
-Тамирчин хүнд бие болон сэтгэлийн бэлтгэх чухал. Бэлтгэлээ хэзээнээс эхэлж базааж эхэлсэн бэ. Сэтгэл зүйн хэр байна?
-Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр Финланд улсад тэмцээнд оролцсон түүнээс хойш өнөөдрийг хүртэл бэлтгэл сургуулилтаа хийж байна. Финландад нэг хэсэгт тэмцээнийхээ үеэр бэлтгэл сургуулилтаа мэргэжлийн зам талбайд хийж гүйцэтгэж байлаа. Нутагтаа ирээд Хандгайт цанын бааз, Олимп цогцолборт бэлтгэл гараад байна. Ирэх сарын 6-ны өдөр Пёнчан руу ниснэ. Олимп 4 жилийн циклтэй. Өмнөх олимпид орсны дараагаар олимпийн эрх авах бүх тэмцээнд уралдаанд орж эрхээ авах оноогоо цуглуулж чадсан. Энэ нь олимпид оролцох эрх авах зорилго тавьж ажиллаж дүнгээ гаргалаа. Одоо олимпдоо амжилтаа оролцох нь чухал. Сэтгэл зүйн байдал хэвийн гэж хэлж болно. Мэдээж 4 жилийн турш тэмцээнд уралдаанд орж байнгын бэлтгэлтэй байсан болохоор сайн байна.
-Олон улсын олимпийн хорооноос тамирчдад тэтгэлэг өгдөг. Энэ нь тамирчдад бэлтгэлээ баазаахад хэр нэмэр болж байна вэ?
-Бид олон улсын олимпийн хорооноос улирал болгон тэтгэлэг авдаг. Мэдээж тамирчдын ард гэрийнхэнд болон хувцас хэрэглэлд зэрэг бэлтгэлээс бусад зүйлст зарцуулагддаг.
-Монгол хэдийн эрс тэс уур амьсгалтай, өвлийн улиралтай ч гэсэн мэргэжлийн тамирчид бэлтгэл сургуулилт хийх зориулалтын орчин хомс байдаг. Өвлийн олимпид 2 удаа оролцох бэлтгэл сургуулилтаа хийж байхдаа энэ зүйлийг та биеэрээ мэдэрсэн болов уу?
-Мэдээж тамирчин хүнд бэлтгэл хангах стандартын, зориулалтын бааз маш чухал байдаг. Бид өмнө нь тэр, одоо ч тэр олон улсын тэмцээнд оролцох үедээ зориулалтын зам талбайд нь бэлтгэл сургуулилтаа давхар хийж явдаг. Эх орондоо ирээд Хандгайт, Олимп цогцолборт бэлтгэлээ базаадаг. Өөр бэлгэл хийх боломжтой, тохиромжтой газар байдаггүй.
Хэрвээ зориулалтын зам талбай, бэлтгэлийн баазтай бол маш олон тамирчид бэлтгэл сургуулилт хийж, гаргах амжилт нь олон болно. Би тамирчин хүн болохоор манай улс өвлийн спортыг жаахан дэмжиж зориулалтын бэлтгэл хийх баазтай болгож өгөөсэй гэж бодож явдаг. Яагаад гэвэл зориулалтын зам талбайд бэлтгэл хийх нэг өөр, Хандгайтад очиж хийх бас өөр. Ялгаа бий. Тамирчин хүнд нэлээд ажиглагддаг. Өөрөөр хэлбэл, Зориулалтын зам талбай, бэлтгэлийн баазтай болох нь тамирчдын чин хүсэл.
-Цанын спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн вэ?
-2006 оноос хойш цанын спортоор хичээллэж, тамирчин болсон. Төв аймгийн Бор-нуур сумын Спортын мастер н.Ичинхорлоо багш дээр анх шавь орж цаны спортоор хичээллэж эхэлсэн. 2008 онд Монголын үндэсний шигшээ багийн тамирчин болсон. Энэ хугацаанд надад тусалж дэмжсэн дасгалжуулагч багш, ах эгч нартаа бүгдэд нь баярлаж явдаг гэдгээ хэлье. Маш олон хүн байгаа болохоор нэр дурдаж хэлье гэвэл олон хүн бий.
-Олимпид нь амжилт хүсье. Амжилтын сайхан мэдээтэй эргэн уулзая?
-Баярлалаа. Дээр дурдсан хүмүүсээс гадна надад дэмжиж тусалдаг маш олон хүн бий. Би Зэвсэгт хүчний 065-р ангид ажилладаг. Алдар спорт хороонд харьяагддаг. Ангийн хамт олон болон хорооныхондоо маш их баярлаж явдаг.
-Ярилцсанд баярлалаа.
Ч.Хүрэлбаатар: Татварын нэмэгдлийг хүчингүй болгохоор боллоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Цалин, хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг хуучнаар нь буюу нэг шатлалтай, 10 хувь болгохоор хуулийн төсөлд тусгасан байна. Төсөл батлагдсанаар иргэд, аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, татвараа шударгаар төлөх идэвх дээшлэх бөгөөд бизнесийн салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болох давуу талтай гэж Засгийн газар үзлээ.
Бичлэгийг энд дарж үзнэ үү
Ж.Чинбүрэн: Элэг авсан хүн өнөөдрөөс хоол идэж эхэлсэн. Хагалгааны явцад хүндрэл гараагүй
Хавдар судлалын үндэсний төвд энэ сарын 28-ны өдөр Монголд анх удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн талаар Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн Засаг дарга С.Батболд, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн, БНСУ ын Самсунг эрүүл мэндийн төвийн эмч нар, Элэг нэгт монголчууд сангийн тэргүүн Л.Мөнхбаясгалан нарын хүмүүс оролцлоо.
Уг мэс заслын талаар ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн "Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан анхны мэс заслыг хийлгэсэн өвчтний биеийн байдал тогтвортой, шинжилгээний үзүүлэлтүүд хэвийн байгааг онцлов. Донор энгийн тасагт шилжсэн бол элэг авсан хүн өнөөдрөөс хоол идэж эхэлсэн. 42 настай Улаанбаатар хотын иргэн залууд түүний нагац дүү болох 20 настай залуу өөрийнхөө эрүүл элэгний талыг өгч, амьдрал бэлэглэлээ. Донорын хагалгаа таван цаг үргэлжилсэн. Харин элэг суулгах хагалгаа 7 цаг үргэлжилсэн.Хагалгааны явцад болон хагалгааны дараа хүндрэл гараагүй" гэв.
НӨАТ-ын сугалааны тохирол шинэ журмаар явагдана
НӨАТ-ын урамшууллын 2018 оны 2 дугаар сарын сугалааны тохирол 18-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн таны 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой.
Энэхүү сугалааны тохирол нь 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтын дунд явагдах тул Сангийн сайдын 2017 оны 12 сарын 26-ны өдрийн 381 дугаар тушаалаар батлагдсан Сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ хамаарна.
Ё.Баатарбилэг: Цахилгаанаар гэрээ халаадаг айлуудад 24 цагийн турш цахилгааны хөнгөлөлт эдлүүлж болно
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Л.Элдэв-Очир нар мэдээлэл хийв. Тэд 2018 онд Агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах үүргийг Засгийн газарт өгнө гэдгээ энэ үеэр мэдэгдлээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Манай ажлын хэсэг амралтын өдөр амралгүйгээр иргэдтэйгээ уулзсан. Утааны асуудлыг шийдэх тусгай агентлагтай болох ёстой” гэв.
Мөн тус ажлын хэсгээс өнгөрсөн хугацаанд утааны эсрэг 200 тэрбум төгрөгийг зарцуулсан ч үр дүн гараагүй. Одоо Солонгосоос орж ирэх 500 сая долларыг үр дүнтэй зарцуулах ёстой гэлээ. Мөн хот тосгоны тухай хуульд өөрчлөлт орж газрын үнэлгээг гаргах ёстой. Тэгвэл дахин төлөвлөлтийн ажил амжилттай болно гэв. Цахилгаанаар гэрээ халааж байгаа айлуудад хөнгөлөлтийг маш сайн үзүүлэх ёстой гэв.
Мөн Тунхаглалын чанартай бичиг цаас бие бирүүгээ шидсэн байдлаар олон жил өнгөрсныг гишүүд шүүмжлэв. Ингээд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодитой ажил хийхийг зорьж байгаагаа тодотгосон юм. Засгийн газарт хүргүүлж буй зөвлөмжид Хот тосгоны тухай хууль болон газрын үнэлгээтэй холбоотой эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах ажлыг чуулган завсарлахаас өмнө хийх зөвлөмж хүргүүлжээ.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Утаанд улстөр явж байна. Хоёрдугаарт, Монголын нэр хүндтэй компаниуд руу чиглэсэн хар пиарын шинжтэй гүтгэлэг маш их явж байна. 2009 онд Дэлхийн банк, “Мянганы сорилын сан”-тай сайжруулсан зуухны тендер, сонгон шалгаруулалт зарлаж “Сэлэнгэ” констракшн зэрэг олон компани шалгарсан. Энэ компаниуд “MCS”-тэй хамтран ажиллах санал дэвшүүлж, зуухны сурилуулалт “MCS” компани ажилласан. Энэ зуух маш сайн халдаг, шаталтыг бүрэн явуулдаг. Дутагдалтай тал нь хоол хийх боломжгүйд байгаа юм. Ийм асуудлыг нэг компанид холбоод байх шаардлагагүй” гэв.
Ингээд ажлын хэсгийн гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Засгийн газарт хоёр хуульд өөрчлөлт оруулах зөвлөмж хүргүүлжээ. Үүнээс өөр ямар санаачилга гарсан бэ?
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: -Агаарын бохирдлын эсрэг ажлаа маш тодорхой 3-5 зүйлд төвлөрүүлэх ёстой. Агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний санхүүжилтийг БНСУ-аас шийдсэн учраас тэр хөрөнгийг олон зүйлд үрэн, таран хийхгүйгээр цөөн хэдэн чанартай ажилд зарцуулахыг зөвлөмжид тусгасан. Одоогоор айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлт цахилгааны хэрэглээндээ хүрэхгүй байгаа юм. Тиймээс хөнгөлөлтийн хэмжээг эргэж харах, үнэхээр цахилгаанаар гэрээ халааж байгаа бол 24 цагийн турш цахилгааны хөнгөлөлт эдлүүлж ч болно.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Ойрын хугацаанд Засгийн газар, хот хийх ёстой ажлаа хий гэж байгаа юм. Утааны голомтод амьдарч байгаа айл өрхүүдийг 7,5 хувиар ипотекийн зээлд хамруулах, худалдааны захуудыг хотоос гадагш нүүлгэх ажил яригдаж байна.
-Түүхий нүүрс хориглохоосоо өмнө орон сууцжуулах ажлаа түргэвчилж болохгүй юу?
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: -Гэр хорооллын дахин төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах асуудал яригдаж байна. Утааг бууруулах хамгийн төгс арга бол орон сууц юм. Нийслэлийн 220 мянган өрхийг орон сууцжуулах ажил урт хугацаанд үргэлжилнэ. Түүхий нүүрс хориглохоос өөр арга байхгүй. Сайжруулсан түлш боловсруулах үйлдвэрийг татвар, зээлийн бодлогоор дэмжих асуудлыг 2018 оны нэгдүгээр улиралд багтаан шийдэх зөвлөмжийг Засгийн газарт өгсөн.
Галын улмаас 6 автомашин шатжээ
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газарт гал гарчээ. Галын улмаас угаалгын газарт байсан хэд хэдэн машин шатсан байна. Энэхүү авто угаалгын газар иргэн Г-ийн эзэмшлийнх байсан аж. Тус машинуудын эзэд авто угаалгын газарт дулаан гарашны зориулалтаар машинаа хонуулдаг байжээ. Гал өглөөгүүр хүнгүй байх үеэр нь ийн гал гарсан гэдгийг эх сурвалж онцолжээ. Мөн иргэн Э-ийн "Истана" загварын хоёр машин, тоёото истима, иргэн Б-гийн “Мицубүши Пажеро”, иргэн Ц-гийн “СМ-7”, иргэн М-ийн “Тоёото Кролла” автомашин шатжээ.
НӨАТ-ын буцаалтыг Сангийн яаманд шилжүүллээ
Татварын ерөнхий газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хувийг буцаан олгуулахаар иргэдийн мэдээллийг хянан баталгаажуулж, Сангийн Яаманд хүргүүллээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу Сангийн Яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу буцаан олголтыг шилжүүлдэг.
Хэрэв бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай бол гүйлгээ буцаагдах бөгөөд энэ тохиолдолд татварын албанаас бүртгэлийн мэдээллээ засварлаж, буцаан олголтоо авах боломжоор хангах аж.
112 хүүхэд хүмүүждэг цэцэрлэг шатжээ
Төв аймгийн Эрдэнэ сумын тавдугаар багийн хоёр цэцэрлэг шатсан хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 28-ны шөнө тус 2 цэцэрлэг шатсан байна. Дуудлагын дагуу Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч нар шуурхай ажиллаж галыг унтраасан байна.
Одоогоор галын шалтгаан тогтоогдоогүй байгаа аж.Мөн галын улмаас хүний амь нас эрсдсэн зүйл байхгүй гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна. Дээрх цэцэрлэгт 112 хүүхэд хүмүүждэг байсан аж.