8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Монгол эмч НҮБ-ын шагнал хүртэж, НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2018-01-31 18:40:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн байхад төсвийн хууль зөрчигдлөө гэхгүй байх

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас цаг, үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. 
 

-    Олон улсын валютын сантай хийж буй гэрээ хэлэлцээр ямар шатанд явж байна вэ? 

-   Олон улсын валютын сангийн ажлын хэсэг энэ сарын 25-нд Улаанбаатарт ажиллахаар ирсэн. Энэ хугацаанд Засгийн газартай тэтгэврийн насыг бууруулж, Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг буулгах тал дээр хэлэлцээр хийсэн. Мөн Сангийн яам цаашид хүүхдийн мөнгөний олгох хүрээг 60 хувиас 80 хувьд хүргэх, төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг зөвшилцөх асуудлууд дээр ОУВС-тай харилцан ярилцаж байгаа. Татварын нэг шатлалтай буюу 10 хувь руу орох асуудлыг шийдвэрлэж нэн яаралтай хэлэлүүлэхээр УИХ-д оруулсан. Өнөөдөр төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн. Тэтгэврийн насыг мөн хуучнаар нь болгож байгаа. Мөн иргэн өөрөө тэтгэвэрт гарах насаа сонгодог боломжийг оруулж байгаа. Тэтгэвэрт гарах  насыг жилд зургаан сараар нэмж байсныг гурван сар болгож багасгасан. 

-    Засгийн газраас гаргасан шийдвэрийг ОУВС дэмжсэн юм уу? 

-    Валютын сантай энэ асуудлаар харилцан ойлголцоод шийдвэрлэсэн асуудал. 

-    Сангийн яам Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж байгаа юу? 

-    Хэрэгжүүлж байгаа.Сангийн яамны вэб сайтыг бүрэн шинэчилж байна. Тэнд хуулийн хэлэлцүүлгүүд явагдана. Мөн тэндээс Монгол улсын өрийн хэмжээг харчихдаг, үнэ ханшаа мэдэж, эдийн засагтай холбоотой бүхий л мэдээллийг уншчихдаг болгох гэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засагтай холбоотой шинэ мэдээллийг өдөр бүр, цаг тутамд авчих вэб сайтыг ажиллуулахаар ажиллаж байна. 

-  2018 онд орон нутагт хэр их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байгаа вэ? 

-  Нэг аймагт дунджаар 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төсөв батлагдсан. 2018 онд бүх аймаг, суманд хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажлын байр шинээр бий болох төлөвтэй байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хөрөнгө оруулалтын ажлыг шуурхайлах, төсөвт өртөг нь зөрүүтэй байгаа зүйлүүдийг цэгцлэхтэй холбоотой үүрэг даалгаврыг холбогдох албынханд өгнө. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

О.Баасанхүү: Г.Уянга жагсаал зохион байгуулах ажлаар Н.Энхбаяртай уулзаж явна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр “МАХН-аас Улсын дээд шүүхэд хандан МАХН-ын даргад нэрээ баталгаажуулахаар өгсөн ч одоог хүртэл хариу өгөхгүй байна. Цаад шалтгаан нь улс төрийн зорилготой. Энэ хооронд н.Давааням нарын иргэд “О.Баасанхүү эрүүгийн гэмт хэрэгтэн” гэж маш олон удаа ярьсан, мөн хууль хяналтын байгууллагад намайг шалгуулахаар гомдол өгсөн. Харин прокурорын байгууллагаас “н.Давааням нарын ирүүлсэн гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзлаа” гэдэг хариуг ирүүлсэн бол Тагнуулын газраас “О.Баасанхүү нарын Төрийн ордонд хийсэн хурал нь хууль ёсны байсан” гэсэн хариуг ирүүлээд байна. Ардчилсан намынхан маргааш жагсаал зохион байгуулах юм байна. Гэтэл Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга манай МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаад энэ жагсаалд дэмжлэг авах талаар ярьж байгаа юм билээ. Бид энийг баталгаажуулна. Яагаад гэвэл Ерөнхийлөгч эв нэгдлийг хангагч байх ёстой.  Хэрэв Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга МАХН-ын дарга Н.Энхбаяртай  жагсаал цуглаан хийхээр төлөвлөсөн нь  нотлогдох юм бол Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг. УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгчийн зөвлөхөөсөө чөлөөлөгдөх ёстой, эсвэл Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрох ёстой.

Ардчилсан намынхандаа хандаж хэлье, бусдыг бархирсны дараа хашгирдагаа боль. Тэтгэврийн нас, татварын шатлал нэмэгдлээ гэдгийг би аль эрт хэлээд, 19 мянган хүний гарын үсэг зуруулаад хэлэлцүүлэг хийхэд Ардчилсан намынхан чимээгүй байсан атлаа одоо энэ асуудлыг шийдсэний дараа хашгирч байгаа нь буруу.

Ерөнхий сайдад хандан өнөөдөр би хариуцлагаа чангатга гэдэг шаардлага хүргүүлнэ. Төрийн мөнгө шамшигдуулсан хүмүүстээ хариуцлага тооцох ёстой. 2020 оны сонгуульд оролцъё гэвэл Ардчилсан нам, МАН хоёр хулгайч нараасаа салах ёстой” гэлээ.

Монгол эмчийн бүтээсэн мэс заслын багаж дэлхийн оюуны өмчийн шилдэг бүтээлээр шалгарчээ

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага Олон улсын шинийг санаачлагч, зохион бүтээгчдэд олгодог “Алтан Медаль”-ийнхаа 2017 оны эзнээр П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Ерөнхий мэс заслын эмч Ц.Лочинг шалгаруулж, түүний зохион бүтээсэн “Нээлттэй болон дурангийн мэс заслын багажнууд”-г Дэлхийн Оюуны Өмчийн шилдэг бүтээлээр шалгаруулжээ.Ц.Лочин эмч өөрийнх нь өдөр тутамд хийдэг хэвлийн нээлттэй болон дурангийн мэс заслын үед хамгийн их тохиолддог технологийн бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор дээрх мэс заслын үед ашигладаг багажийн оновчтой загварын шийдлийг зохион бүтээжээ. Түүний энэхүү бүтээлийг Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас мэргэжлийн шинжээчийн нарийн шалгуурын дагуу удаан хугацаанд шалгасны үр дүнд ийнхүү “Оновчтой технологи” хэмээн шалгаруулсан байна.

Энэхүү нэр хүндтэй шагналыг Монгол улсад 1986 оноос хойш өнөөг хүртэл инженер мэргэжлийн 19 хүн хүртэж байсан бол 20 дахь нь анх удаа Анагаах ухаан, Эрүүл Мэндийн салбарын эмч мэргэжилтэн авч байгаагаараа онцлог юм.

Шагналыг Монгол улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дарга Р.Содхүү, Монголын Анагаах Ухааны Академийн гишүүд болон бусад албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр гардуулан өглөө.

НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ

 Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр  "НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа авдаг байсан. 2016 онд 497.465 татвар төлөгч иргэнд 35.1 тэрбум төгрөгийг буцааж олгосон бол 2017 онд 654.168 татвар төлөгч иргэнд 78.1 тэрбум төгрөгийн албан татварыг өнөөдрөөс олгож эхлэх гэж байна.Сангийн яам өнөөдөр иргэдийн данс руу НӨАТ-ын буцаан олголтыг мөнгийг шилжүүлнэ” гэлээ.

Цаашид НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа биш дөрвөн удаа олгохоор төлөвлөж байгаа аж.

С.Эрдэнэ: УИХ-ыг тарааж дахин сонгуульд ороход бэлэн байна

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Пүрэвдорж нар өгсөн юм. Мөн уг хуралд  МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар оролцож АН-аас зохион байгуулах гэж буй жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийллээ. 

Ардчилсан намаас Засгийн газарт хандан татварын нэмэгдлийг бууруулах, шатахууны үнийг цэгцлэх зэрэг хэд, хэдэн шаардлагыг хүргүүлсэн. Хэрвээ шаардлагын хариуг албан ёсоор өгч асуудлыг шийдэхгүй бол хоёрдугаар сарын 1-ны өдөр эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулахаас гадна УИХ-ыг тараах хүртэл шат дараатай арга хэмжээг авна гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл Засгийн газраас УИХ  дахь АН-ын бүлгийн шаардлагад аман байдлаар хариу өгснөөс өөрөөр хариултыг өгөөгүй байна. Татварын нэмэгдлийг бууруулснаас өөр бусад шаардлагыг нь биелүүлээгүй учраас маргааш жагсдагаараа жагсана гэж тус намын дарга С.Эрдэнэ мэдэгдлээ. Маргааш 21 аймгийн төв талбай болон Сүхбаатарын талбайд олон нийтийн хамарсан өргөн хэмжээний жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. 

С.Эрдэнэ:Эрх баригчид тавьсан шаардлагыг биелүүлээгүй учраас маргааш жагсдагаараа жагсана 

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ талаар У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийг сүр дуулиантай тэмдэглэлээ. Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын өнгөрсөн 100 хоногт хийсэн ажлын 32 ажлын 70 гаруй хувийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар  хийчихсэн ажил байна. У.Хүрэлсүх ажил хийсэн дүр үзүүлэх гэж хамж, шимж оруулж болох бүхий л ажлыг 32 ажилдаа багтаасан байна. Тухайлбал, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтнийг илрүүлсэн гэж хийсэн ажилдаа оруулчихсан байна. Энэ бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажил биш шүү дээ. Харин Монголын хуулийн байгууллагын хийх ажил. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед энэ асуудал шийдэгдсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрын Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарлана гэж 100 хоносон ч зарласангүй. Хэрвээ захиалагчийг зарласан бол Ц.Нямдорж хэлсэн амандаа хүрэх байлаа. Сүржин мэдэгдэл хийдэг даржин гүйцэтгэлтэй байдал байдлаа болих хэрэгтэй. Ц.Нямдорж гэдэг хүн Хууль зүйн сайдаар таван удаа ажиллалаа. Энэ хүн С.Зориг агсны хэргийн нарийн учигийг энэ хүн мэдэхийн дээдээр мэднэ. Чингис бондын өрийг дарсан гэж сүржин  зарласан мөртлөө евро бондын 680 сая долларын өрийг дарсанаа  олон нийтэд мэдэгдээгүй. Евро бондын өрийг Сү.Батболдын Засгийн газрын үед авсан. Энэ 680 сая долларыг ямар бүтээн байгуулалтад оруулсан нь тодорхойгүй. Энэ өрийг Хубалай бонд гаргаж байж дарсан. МАН өрийг өрөөр дарахгүй гэдэг амлалтаасаа буцсан. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улс орон, ард түмэнд хэрэгтэй яг ямар ажил хийгээд байгаагаа Засгийн газар хэлж чадахгүй байна. Аль салбарын санхүү эдийн засаг сайжирч, ард түмний амьдрал яаж дээшлээд байгаа юм. Бодитой үр дүнгүй байна шүү дээ. ОУВС Оюу Толгойгоос гарч байгаа зэс, хүдрийн мөнгийг дотоодын банкаар дамжуулахгүй гэдэг шийдвэр гаргаснаас өөр ямар дорвитой шийдвэр хийв. Энэ бүхэнтэй бид эвлэрч чадахгүй ээ. ЧИнгис бондын 1.5 тэрбумын зээлийг хэдэн жил ярилаа. Гэтэл өнөөдөр өрийн босго 100 давчихсан явж байгаа. Өрийн босго 58 давахад л чуулганы танхимыг нураачих гэж байсан шүү дээ. Нэг ч том төсөл хөдөлгөж чадаагүй л байна. Эдийн засаг сайжирч байна гэж ярьж байгаа боловч бодитой үр дүнгийн талаар тоймтой мэдээллийг эрх баригчид одоо хүртэл өгөхгүй байгаа. Манай улсын гадаад өр 2.5 тэрбум доллараар нэмэгдсэн. Инфляци 7.8 хувьд хүрчихээд байна. Улс орон даяар хийх эсэргүүцлийн жагсаалаа бид маргааш хийдгээрээ хийнэ.Бидний тавьсан шаардлагаас хүн амын орлогын албан татвараас бусад татварыг буулгасангүй. Цаашид нэг удаа жагсаал хийгээд зогсохгүй, улс төрийн шаардлагаа үр дүнд хүрэхийн тулд хариуцлагатай байна. Бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана. Бензин, шатахууны онцгой албан татварыг тэглэсэн нэрээр хоёр төрлийн бензиний л татварыг тэглэсэн. Өнөөдөр МАН төр барьж чадах юм уу, чадахгүй бол хариуцлагаа хүлээ” гэлээ. 

 Д.Эрдэнбат: Шатахууны үнийн нэмэгдлээс болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн хариуцлагыг нэхнэ 


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнбат: Бид маргаашийн жагсаал цуглаанаар 60 тэрбумын хариуцлага хаачив, энэ бүх буруу гаргасан татварын нэмэгдлээ цуцлахыг шаардана.Шатахууны үнэ өсөлтөөс болж бараа бүтээгдэхүүний үнэ өссөнд хэн хариуцлага хүлээх юм бэ гэдэг шаардлага тавина2012-2016 онд эдийн засаг маш хүнд, гадны хөрөнгө оруулагчид нүүрээ буруулсан, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унасан үед Ардчилсан намын Засгийн газар улс орноо авч гарч байсан юм. Энэ бол бидний итгэл үнэмшил. Бид энэ үед дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжсэн. Дотооддоо бид үйлдвэр эрхлэх боломжтой юм байна гэсэн итгэл үнэмшил төрүүлж чадсан юм. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд нь ард иргэдээ гадагшаа гарч ажиллаач, гадаадад очоод манайхаас ажиллах хүч аваач гэж ярьж болдог юм уу. Приусны татвар нэмнэ гэснээ буцаасан. Үнэ нь нэмсэний дараа гаргасан шийдвэрээ буцаадаг. Сонгуулийн дараа эргээд нэмчихдэг ийм эргэж буцсан шийдвэр гаргаж болохгүй. Өнөөдөр Засгийн газрын хийсэн гэх 30 ажлыг харахад зүгээр л яамдын хэмжээнд хийчих ажлыг төрийн ажлын хэмжээнд яриад суугаад байгааг гайхаж байна. Тиймээс маргааш тайван байдлаар жагсаал цуглаан зохион байгуулах болно.

МАХН-ын Дэд дарга Ц.Оюунбаатар: УИХ-ыг тарах ёстой гэсэн байр, суурийг МАХН-аас илэрхийлж байгаа 

Өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, Засгийн газрын оновчгүй шийдвэрүүд нь ард иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байнаЭнэ бол эрх баригч намын удирдлагууд төрийн албыг 60 тэрбумаар арилжсантай холбоотой. Өнөөдөр ийм учраас МАХН-ын зүгээс маргаашийн тайван жагсаал цуглаанд нэгдэж байна. Мөн УИХ тарах ёстой гэдэг байр суурийг МАХН-аас илэрхийлж байгаа. Манай нам Ардчилсан намаас зохион байгуулж байгаа жагсаалыг дэмжиж байгаа. УИХ-ын гишүүд нэр хүндгүй байна. Мөн хууль бус үйл ажиллагааг явуулдаг болсон учраас тарах ёстой гэж МАХН-ын гишүүд үзэж байгаа. Бид Шударга ёсны төлөө хамтдаа тэмцэнэ. 

Сурагчдын амралтыг сунгахгүй, маргааш хичээл орно

ЕБС-ийн сургуулийн сурагчдын II улирлын амралтыг нэг сар болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Хуваарь ёсоор нийслэлийн ЕБС-ийн сургуулийн сурагчдын хичээл маргааш буюу хоёрдугаар сарын нэгний пүрэв гаригт орно. Харин нийтийн сүлжээгээр сурагчдын амралтыг долоо хоногоор сунгасан гэх яриа гарсан. Тэгвэл Нийслэлийн Боловсролын газраас, “Яамны зүгээс сурагчдын амралтыг сунгах шийдвэр гараагүй. Сурагчдын хичээл маргааш орно” гэв. III, IV улирлын амралтын хуваарь хараахан тодорхой болоогүй байгаа бөгөөд аймаг, сум, тосгон багийн сургуулийн сурагчдын хичээл энэ сарын 22-нд эхэлсэн юм

ОХУ-аас орж ирсэн хар чавганаас хортон шавж илэрчээ

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас /НМХГ/ сар шинийн баярыг угтан хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. 
Шалгалтын явцад дараах нийтлэг зөрчил илэрчээ. Үүнд:
•    Хүнсний сүлжээний үе шат бүхэнд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй
•    Дотоодын хяналтыг хэрэгжүүлдэггүй, үйлдвэрлэлийн технологийн эрсдэл үүсэх горимд хяналт тавьдаггүй
•    Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлдөггүй
•    Мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд гарал үүсэл тодорхойгүй
•    Үйлдвэрлэж буй эцсийн бүтээгдэхүүн нь шошгололтын стандартын шаардлагыг хангаагүй
•    Ажилтан нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдаагүй зэрэг нийтлэг, зөрчил илэрсэн байна. 
Мөн үүнээс гадна ОХУ-аас орж ирсэн хар чавганаас хортон шавж илэрсэн байна. Түүнчлэн улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид 10 дээжийг пенциллин, тетрациклин, хлорамфиникол, стрептомицин зэрэг антибиотикийн үлдэгдэл илрүүлэх шинжилгээнд хамруулахад нэг дээжид хлорамфиникол илэрсэн байгаа.
Бусдын нэрийг зээлж, худалдан авагчийг төөрөгдүүлэх зөрчил түгээмэл гарч байгаа. Жишээлбэл, Гандангийн шар тостой ул боовыг дуурайлган хийж, нэрийг нь ашиглан Гандангийн ойролцоо худалдаалж байхыг нь илрүүлсэн. Мөн хаяг шошгогүй бууз

“2018 International Opera Awards'-т Э.Амартүвшин өрсөлдөнө

Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч, дуучин Э.Амартүвшин “2018 International Opera Awards'-ийн “Оны шилдэг залуу дуучин” төрөлд нэр дэвшжээ.

Дэлхийн кино урлаг “Oscar” наадмын шагналтай дүйцэхүйц дэлхийн дуурийн урлагийн 'Opera Awards”-т Монгол Улсынхаа нэрийн өндөр өргөж буй дуучин Э.Амартүвшинг дуурийн урлагийн нөлөө бүхий томчуулын санал хүсэлтээр анх удаа энэ шагналд нэр дэвшүүлсэн байна.Дэлхийн 'Opera Awards” нь ирэх дөрөвдүгээр сарын 9-нд дүнгээ танилцуулж, улаан хивсний ёслолыг зохион байгуулах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Idgen
Haan bank butsaan opgolt shiljvlehgui ih udah yumaa
2018/02/01 103.10.21.126
Hi
Butsaan olgolt orooguil bn shde
2018/01/31 103.10.21.126
ард түмэний төлөөлөлч
Жингийн цуваа явдагаараа явж лбайна Жингэр ноход хуцдагаараа хуцаж л байг,Анархистууддаа улс орны хөгжлийг элгээр хэвтүүлсэн хариуцлагаа хүлээчихээд ард түмнийг турхирвал яасан юм,
2018/01/31 103.26.193.38