8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: “Роснефть”-ийн төлөөлөгчид Монголд ажиллаж, Монголын есөн эрэгтэй бөх дэлхийн чансаанд багтсан өдөр

2018-02-05 18:40:00

Хүний амьдралын аз жаргал хаана байдаг юм бол. Хаана ч байгааг мэдэхгүй мөртлөө тэр аз жаргалыг бүгд л хүлээдэг. Хүн зовлонгоо ярих мөртлөө аз жаргалтай байгаагаа барагтай бол анзаардаггүй. Тэгвэл таньд зөвлөхөд аз жаргалыг алсаас бүү хай. Зөв амьдарвал аз жаргал гэдэг та өөрөө юм гэсэн сайхан мэдээлэлээр өнөөдрийн тоймоо эхлүүлэх гэж байна.

Аз жаргал гэж юу вэ?

Хийж бүтээснээ эргэж хараад хоолой зангиран баярлах тэр агшинг

Хөдөө нутгийнхаа тал дээгүүр хөл нүцгэн таваргах тэр мөчийг

Хөдсөн дээлэнд хөрвөөчихөөд хөөстэй баананд суух тэр агшинг

Халуун янагийн дарс хормой дор буудах тэр хормыг аз жаргал гэнээ.

Халуун бүлээрээн бүгдээрээ хамтдаан амьдрах тэр амьдралыг

Хөнгөн хөгжмийн эгшигт гуниглан суухдаан ухаарсан тэр ухаарлыг

Хөөрхөн сайхныг хослуулан төрөөд дурлалын галд оч болон үсчихийг

Хосоор туулах амьдралд халж хөрсөн тэр сэтгэлийг ч аз жаргал гэнэ. Аз жаргалтай хүн бүрт зориулсан Монголын нэг өдөр тоймоо хүргэж гэж байна. Тойм мэдээлэлээ хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлтийн хуудаснаа

Эрдэнэт үйлдвэрийн 51%: Бохир үйлдлийн цаадах цэвэр нэртнүүд ил болох уу

2009 онд “Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 51 сая доллар зээлсэн байдаг. Гэтэл тус 51 сая доллар нь өнөөдөр 109 сая доллар болон нэхэгдэж байна. Учир нь Монголын тал зээлийн үндсэн төлбөр 51 сая долларыг төлөхөөс гадна 2013 оноос хойш дөрвөн жилийн хугацаан дахь шүүхийн зардал, үндсэн зээлийн хүү, торгууль алданги зэрэгт нийт 44 сая долларыг төлөхөөр болоод байна. Ингээд нийт “Стандарт” банкинд 99 сая доллар төлөхөөр болсон гэсэн үг. Мөн нэмж зээлийн хүүд 900 мянган доллар төлнө.  Дээрх мөнгийг төлөөгүйгээс үүдэн Арбитрын шүүхээс “Эрдэнэт”-ийн хөрөнгийг битүүмжлэх хэмжээнд хүрээд байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэр хоёр үйлдлээр Олон улсын арбитрт ялагдсан тухай шийдвэрийг нэлээд хэд хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар хүлээж авсан гэдэг.  Ойрын хугацаанд 120 сая ам.долларыг төлөхгүй бол Эрдэнэт үйлдвэрийн 51% Африкийн Стандарт банкинд очих магадлал маш өндөр байгаа юм.

ҮҮНИЙГ УУЛ, УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР ХҮРТЭЛ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН.

Түүх сөхвөл, Ш.Батхүү нь Стандарт банкнаас зээл авахдаа Эрдэнэт үйлдвэрийн дарга нараар баталгаа гаруулсан байдаг. Тэрбээр зээлсэн зээлээ хуваарийн дагуу төлж байсан ч 2013 оноос төлөөгүйтэй холбогдуулж “Стандарт” банкнаас Арбитрын шүүхэд хандсан байдаг. Тухайн үед буюу 2009 онд “Эрдэнэт”-ийн даргаар ажиллаж байсан хийгээд Ш.Батхүүд батлан даалт хийсэн гэх ерөнхий захирал Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын тамга бүхий гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдгийг хууль хяналтын байгууллагаас мэдэгдсэн ч олон улсын Арбитрын шүүхээс оригиналь гарын үсэг гэдгийг батлаад байгаа юм. Тодруулбал, Ш.Батхүүд батлан даалт хийсэн Ч.Ганзориг, Д.Сугар нарын гарын үсэг хуурамч биш гэдгийг тогтоосон нь Ш.Батхүүг хорих үндэслэл болсон байдаг юм. Ш.Батхүүг 2013 оны наймдугаар сараас эхлэн хуурамч бичиг баримт үйлдэн, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэмээн цагдан хорьсон юм. Гэвч 2014 оны тавдугаар сард батлан даалтад гаргасан. Цаашлаад УИХ-аас 2015 оны долдугаар сарын 1-нээс  хэрэгжүүлж эхэлсэн Өршөөлийн хуулиар цагаатгасан юм. Хэдийгээр зээлсэн хүн нь Ш.Батхүү боловч түүний ард эрх мэдэлтэй олон хүн бий. Чухам "Эрдэнэт"-ийн 51 хувийг алдахад хүргэсэн гол буруутай этгээдүүд хэн бэ гэдэг асуулт өнөөдөр хариултаа нэхэж байна. 

Зээлсэн мөнгийг юунд ашигласан бэ

Ш.Батхүү зээлсэн мөнгөөрөө ямар ажил хийсэн нь  тодорхойгүй байгаа юм. Өнөөдөр тухайн үед ерөнхий сайд байсан С.Баяр гадагшаа элчингээр томилогдож, Д.Сугар Үндсэн хуулийн цэцийн гишүүн болж, Ш.Батхүүгийн сураг алдарсан. Зээлсэн мөнгөө хэзээ юунд ашигласан нь өнөөдрийг хүртэл нууц байгаа юм. Монголын ганц саалийн үнээг гадны банкинд барьцаанд тавьж битүүмжлэх дээрээ тулсан байхад Монголын төр засаг, барьцаанд тавьсан эдгээр эрхэмүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Санжийн Баяр ямар хариуцлага хүлээх вэ. Төрийн мэдэлд байсан Эрдэнэтийн 51%-ийг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Африкийн “Стандарт” банкинд  барьцаалан зээл авчаагүй л байлтай. Тэгэхээр үүний цаана тухайн үед Засгийн эрхийг барьж байсан эрхмүүд голлон оролцсон гэдэг нь тодорхой байна. 

Д.Сугар, Ч.Ганзориг нар сугараад үлдэх үү

 “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүд “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийг банкинд барьцаанд тавих эрх мэдэл байхгүй. Ч.Ганзориг, Д.Сугар нарт  ч мөн ийм эрх мэдэл байхгүй. Тэгэхээр АН-ын дарга С.Эрдэнийн хэлсэнчлэн энэ хэрэгт тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Сү.Батболд нар холбоотой байж мэднэ. Өөрөөр хэлбэл, уг хэргийн хамгийн цаад талд С.Баяр болон Сү.Батболд нар байж болох магадлалтай гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Маш их эрх мэдэлтэй албан тушаалтнуудтай зөвшилцсөн улмаар бүгдийнх нь эрх ашиг нэг цэгт огтолцсон болоод л “Эрдэнэт”-ийн төрийн мэдлийн 51 хувийг тавьсан байж таарна. Тэгэхээр энэ хэрэгт ганц Ш.Батхүү гэх хүнийг буруутгах хэрэггүй юм.

Тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нар өөрсдийнх нь гарын үсгийг хуурамчаар үйлдэж зээлийг авсан байна гэж мэдэгдсэн ч үүнийг Арбитрын шүүх үгүйсгэчихсэн. Олон улсын хэмжээний томоохон хэргүүдийг дэнслэдэг Арбитрын шүүхээс гарын үсгийг хуурамч, жинхэнэ эсэхийг шийдэх хэмжээний хангалттай чадвартай гэж учир мэдэх хүмүүс ярьж байгаа. Тэгэхээр Ч.Ганзориг, Д.Сугар нар гарын үсэг зурж өгөөд Ш.Батхүүд батлан даалт болсон нь үнэн болж таарах нь. Харин тэд хэрэгт хамааралгүй нэр цэвэр мэт харагдахын тулд хуурамч гарын үсэгний үлгэрийг зохиож ярьж байж мэднэ. Мэдээж тэднийг гарын үсэг зур гэх тушаалыг хэн нэгэн “том” дарга нь өгсөн байж таарна шүү дээ. Харин тэр хүн нь тухайн үеийн Ерөнхий сайд Засгийн газрын сайд байж мэдэх юм. Нөгөө О.Баасанхүү гишүүний хэлсэнчлэн уг хэргийн цаана маш том хуйвалдаан, мафи байх нь тодорхой байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

Ц.Лочин: Хийсэн багажаараа 32 хүнд амжилттай хагалгаа хийсэн

-ЦӨСНИЙ ЕРӨНХИЙ СУДАСНЫ ЧУЛУУ АВАХ БАГАЖАА 2019 ОНД ҮЙЛДВЭРЛЭНЭ-

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага Олон улсын шинийг санаачлагч, зохион бүтээгчдэд олгодог “Алтан Медаль”-ийн 2017 оны эзнээр П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Ерөнхий мэс заслын эмч Ц.Лочинг шалгарсан сайхан мэдээг өмнө нь би та бүхэнд мэдээлж байсан билээ. Ц.Лочин эмч  цөсний ерөнхий судасны чулуу авах багажийг шинэчилж, өөрчилөн бүтээж “Оновчтой технологи” шагналын эзэн болсон аж. Тэрбээр энэхүү шагналыг авч буй монголын 20 дахь хүн. Анагаах ухаан, Эрүүл Мэндийн салбараас авч буй монголын анхны эмч юм. Ингээд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Ерөнхий мэс заслын эмч Ц.Лочинтой ярилцлаа.

-Юуны өмнө танд Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага Олон улсын шинийг санаачлагч, зохион бүтээгчдэд олгодог “Оновчтой технологи”  шагнал хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Энэ үгийн маш олон хүнд хэлэх ёстой байх. Намайг эмч болгосон, мэс заслын эмчээр мэргэшүүлж овоглож яаваа П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар нэгдсэн эмнэлгийн эмч нартаа маш их баярлалаа. Мөн гэр бүл найз нөхөд, багш, эрдэмтэн мэргэддээ маш их баярлалаа. Аливаа нэг зүйлийг хийнэ гээд шууд хийх хэцүү. Амаргүй ажил. Үүний адилаар миний шинэчлэн өөрчилж бүтээсэн хэвлийн мэс заслын багаж үүний нэгэн адил би гэнэт нэг өдөр хийнэ гэж босч ирээд хийсэн зүйг огт биш. Эсвэл хийнэ гэж суугаад тэр бүр гараас гарахгүй. Тухайн мэс заслын багаж мөн адил.

Энэ мэс заслын багажийг яагаад шинэчлэх хийх болсон бэ гэхээр миний өдөр тутамд хийдэг ажил бол мэс засалМэс засал хийж байх явцад энийн нь ингэвэл зүгээр юм байна, ингэж өөрчилвөл мэс засал хийж байгаа эмч нарт амар эвтэйхэн, хагалгааны явцад, хагалгааны дараа өвчтөнд гарах үр дүн, нөлөө нь ингэж сайжрах юм байна гэсэн бодол их төрдөг байсан. Энэ бодол биелэлээ олж цөсний ерөнхий цусны чулуу авах багажийг шинэчилж, өөрчилж бүтээсэн. 

Тэгэхээр би огт байхгүй шинэ багаж бүтээсэн юм бол биш. Харин шинжлэх ухаан, техник технологи хурдастай хөгжиж байгаа энэ цаг үетэй уялдуулан хэвлийн мэс заслын багажийг өөрчилж, шинэчилсэн.

-Олон жилийн үр дүнд цөсний ерөнхий судасны чулуу авах багажийг өөрчилж, шинэчилсэн гэж байна. Мэс заслын эмчээр хэчнээн жил ажиллаж байна вэ та?

-2006 онд АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Үргэжлүүлэн хоёр жил гаруй мэс заслын мэргэжил дээшлүүлэх сургалтад сууж 2008 оны гуравдугаар сараас хойш П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байна. Мэс заслын эмчээр ажиллаад 10 гаруй жил болж болно. Энэ хугацаанд намайг сургасан эмч нар хүнд  хагалгаанд авч ордог байсан. Хагалгаанд орох болгондоо мэс заслын багажаа яаж сайжруулах уу гэж харж, хагалгаа болгон дээр санаа авч байсан.

-Хэчнээн ширхэг багажийг өөрчилж шинэчлээд байна вэ. 10 гаруй жил өөрийн биеэр хагалгаа хийх явцац хуримтуулсан арга барил, туршлага, мэдлэгт үндэслэж өөрчилж шинэчилсэн гэхээр давуу тал олон байгаа байх. Одоо ашиглаж байгаа багаж, таны шинэчилсэн багаж хоёрын ялгаа?

-БИ 20 ГАРУЙ ТӨРЛИЙН БАГАЖ ӨӨРЧИЛЖ, ШИНЭЧИЛСЭН. ХОЁРЫГ ХАГАЛГААНД ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛСЭН-

-Нэг мэс засал хийхэд маш олон төрлийн багаж хэрэглэдэг. Нэг багаж гэхэд олон төрлийн иж бүрдлээс бүтдэг. Би 20 гаруй төрлийн багаж өөрчилж, шинэчилсэн. Хоёрыг нь хагалгаанд хэрэглэж эхэлсэн. Одоо энэ харагдаж байгаа багаж бол цөсний ерөнхий чулуу авдаг багаж. Манайд болон олон улс хагалгаандаа хэрэглэдэг. Одоо цөсний чулуу авч байгаа багаж, миний өөрчилсөн хоёрын ялгаа бий.

Нэгдүгээрт цөсний ерөнхий суваг нэлээд нарийн, урт бүтэцтэй байдаг. Хоёрдугаарт манай монголчууд цөсний чулуугаа хүндэрсэн хойно нь ирж үзүүлж, хагалгаанд ордог учраас хүндрэл, бэрхшээлтэй зүйл олон байсан. Цөсний ерөнхий сувгын хагалгаанд орох хугацаа, өвчтөнд үүсэх хүндрэл, эмийн бодист хордох нөлөө, өвчтөнд хурдан эдгэх боломжийг олгож байхаар багажаа шинэчилж, өөрчилсөн. Мөн мэс засал хийж байгаа эмч нарт илүү амар болсон.

-Цөсний чулуу авах энэ багажийн хүрэлцээ хэр байдаг бэ. Өөрчилж, шинэчилсэн багажаараа хагалгаанд хийсэн үү? 

-2017 онд Шинжлэх ухаан технологийн санг Засгийн газар байгуулсан. Сангийн захирал н.Энхжаргал надад хандаж “Өөрөө ийм мэс заслын багаж хийсэн байна. Манайх нэг төсөл шалгаруулж байгаа. Энд оролцох уу, оролцооч гэж” санал тавьсан. Үүний дагуу хоёр багажаа Шинжлэх ухаан технологийн сангаас оюуны өмчийн батент авах тал дээр одоо ажиллаж байна. Үлдсэн арав гаруй багаж нь ямар нэгэн байдлаар ажил болоогүй байж байна. Миний шинэчилж хийсэн багаж 28 мянга гаруй төрөл хийгдсэн байдаг. Зөвхөн цөсний ерөнхий чулуу авах багаж 9 нь өөр төрлийн бүтэцтэй байдаг. Шинэчилж, өөрчилсөн цөсний ерөнхий судасны чулуу авах багажаараа 32 гаруй хүнд амжилттай хагалгаа хийсэн. Зөвхөн би өөрөө хэрэглэж байгаа.  2019 онд үйлдвэрлэгдэж гарахаар төлөвлөж байгаа. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү. 

Хүчирхийлэлд өртсөн Г.Номуундарь мэдүүлэг өгчээ

УИХ-ын гишүүн, Уул уурхай сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өөрийн цахим хуудсаараа дамжуулан улс төр, бизнесийн хүрээний нэр бүхий хүмүүсийн хүүхдүүдийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, мөн өөрийгөө бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаараа цахим хуудсаараа дамжуулан ил болгосон. Г.Номуундарь охиныг мэдээлэл хийсний дараа ар гэрийнхэн Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс болон Улсын мөрдөн байцаах онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагт гомдол гаргаж шалгуулж эхэлсэн. Уул уурхай сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь  /2018.01.12/-ны албан ёсоор мэдүүлэг өгсөн байна. Харин тус хэрэгт холбогдсон хүмүүс өнөөдрийн байдлаар мэдүүлэг өгөөгүй байгаа аж. 

ЭЕШ-д энэ жил сэтгэн бодох, унших, эсээ бичих чадварын дасгалууд нэмэгджээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр  өглөөний есөн цагаас орон даяар эхэллээ. Өнгөрсөн жилээс эхлэн бүртгүүлэгчид өөрсдөө цахимаар шалгалт өгөх хичээлээ сонгон бүртгүүлдэг болсон журам энэ жил ч мөрдөгдөх юм. Мөн энэ жил бүртгэл, шалгалттай холбоотойгоор журамд бага зэрэг өөрчлөлт оржээ. 

Тодруулбал, Нийт 10 хичээлийн сонголтоор шалгалтаа өгнө. Монгол хэл бичгийн шалгалтын тухайд ЭЕШ-ын өмнөх өдөр зохион байгуулагддаг зарчмынхаа дагуу явагдана. Энэ жил сэтгэн бодох, унших, эсээ бичих чадварын дасгалууд нэмэгдсэн байна. Харин босго оноогүй, шалгуулагчид бүр монгол хэлний шалгалтыг заавал өгсөн байх ёстой аж. 

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  • Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор даруулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2018 оноос өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
  • И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна/
  • Шалгалтын хураамжийг Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк. Төрийн банк. Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, candy /1 candy = 1 төгрөг/ цахим мөнгө ашиглан шилжүүлнэ. 
АН-ын дарга С.Эрдэнэ "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлжээ

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүлжээ. "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг "Жаст" группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү Өмнөд Африкийн "Стандарт" банкны барьцаанд тавин 51 сая долларыг зээлсэн байдаг. Түүний авсан 51 сая доллар нь хүү, алданги, бусад зардал зэрэгтэйгээ нийлээд 102 сая доллар болж өнөөдөр Монголын талаас нэхэгдэж байгаа юм. "Жаст" группийг зээлээ төлөхгүй байгаатай холбоотойгоор "Стандарт" банкнаас Арбитрын шүүхэд хандсан байдаг. Ингээд Арбитрын шүүх гурван удаа хуралдаад "Стандарт" банкны талд асуудлыг шийдвэрлэснээр "Эрдэнэт" үйлдвэр өнөөдөр өрөнд ороод буй. Хэрвээ 102 сая долларыг ойрын хугацаанд төлөхгүй бол "Эрдэнэт" үйлдвэрийг битүүжилнэ гэж мэдэгдээд байгаа. 

Мөн энэ үед Ш.Батхүүд "Эрдэнэт" үйлдвэрээр батлан даалт гаргахыг зөвшөөрсөн тухайн үеийн үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нарын нэр дуулдаж байна. Харин АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ доорх асуулгыг хүргүүлжээ. 

“Роснефть”-ийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-ын “Роснефть”-ийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж байна. Түүнийг Давосын чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворкович уулзаж, түлш, шатахууны хангамж, геологийн салбарт хамтран ажиллах санал солилцох үеэр “Роснефть”-ийн удирдлагууд Монголд нэгдүгээр сарын 29-нд айлчлахыг мэдэгдэж байсан юм.

Энэ хүрээнд ОХУ-ын “Роснефть”-ийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон холбогдох албаныхантай хэлэлцээ эхлүүлж, уулзалт хийсэн байна. Хэлэлцээ, уулзалтууд үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлжээ. Монгол Улс шатахуунаа 100 хувь импортолдог бөгөөд “Роснефть” ХХК-иас шатахууны дийлэнхийг импортолдог юм байна.

Цагаан сараар хэд хоног амрах вэ

Энэ жилийн цагаан сар буюу шороон нохой жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 16-ны баасан гарагт тохиож байна."Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д Цагаан сарын баяраар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна гэж заасан байдаг. Эдгээр өдөр нь хоёрдугаар сарын 16, 17, 18-ны баасан, бямба, ням гарагт таарч байгаа юм.Тиймээс 16-ны баасан гарагийн ажлын өдөр  хуулийн дагуу амарч, энэ жилийн цагаан сараар 3 хоног амрана 

Монгол улс эдийн засгийн эрх чөлөөний индексээр 180 орноос 125-т жагсав

АНУ-ын “Heritage Foundation”-аас жил болгон гаргадаг Эдийн засгийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 180 орноос 125-д жагсжээ. Тухайлбал 55.7 оноотойгоор “Mostly Unfree” буюу “Ихэвчлэн хязгаарлагдмал” ангилалд багтаж, Гана, Хайти, зэрэг орнуудтай ижил түвшинд жагссан байна. Энэ үзүүлэлт нь өмнөх оныхоос дариу 0.9 баллаар өссөн байна. Өсөлтийг мөнгөний эрх чөлөө, төсвийн эрүүл зохицуулалт, шүүхийн үр нөлөө, Засгийн газрын шударга байдал, хөдөлмөрийн эрх чөлөө, Засгийн газрын зарцуулалтын үзүүлэлтүүд бага зэрэг сайжирснаас шалтгаалсан гэж“Heritage Foundation” тайландаа дурджээ. Мөн Ази-Номхон далайн бүсийн 43 орноос 27-рт орсон бөгөөд нийт оноо нь бүс нутаг, дэлхийн дунджаас доогуур үнэлэгджээ.  Жагсаалтыг Хонг Конг улс 90.2 оноотойгоор эдийн засгийн эрх чөлөө бүхий орноор тодроод байна. Түүнчлэн АНУ энэ удаа 78 оноотойгоор наймдугаарт жагссан нь түүхэн дэх хамгийн доод үнэлгээ болжээ

Монголын есөн эрэгтэй бөх дэлхийн чансаанд багтав

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 2018 оноос эхлэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр дөрвөн тэмцээнээр дэлхийн чансааны оноо олгохоор шийдвэрлэсэн. Эрэгтэйчүүдийн дэлхийн чансааны олгох тэмцээний тоонд багтсан Иван Ярыгиний дурсгалд зориулсан “Алтан Гранпри”-гийн дараа эрэгтэйчүүдийн чансааг гаргажээ. Красноярскын тэмцээнд медалийн төлөө барилдсан монголын есөн бөх долоон жинд дэлхийн чансаанд багтав. Тодруулбал, 57 кг-д Ц.Цогбадрах 14, 61 кг-д Т.Түвшинтулга 14, 65 кг-д Б.Батмагнай, Д.Цогтбаатар тус бүр 12, 74 кг-д Г.Мандахнаран 10, 92 кг-д Л.Төртогтох 11, 97 кг-д Ө.Батзул 11, 125 кг-д Н.Золбоо 14, М.Лхагвагэрэл 12 оноотой тус бүр жиндээ гурваас тавдугаар байрт бичигдэв. Иван Ярыгиний тэмцээний аварга найм, мөнгө зургаа, хүрэл медальтан дөрөв, тавдугаар байрт орсон тамирчинд хоёр оноо өгсөнөөс гадна оролцогчийн тоог харгалзан оноо нэмж олгосон юм. Иван Ярыгинд аваргалсан ОХУ-ын найм, АНУ-ын хоёр бөх одоогоор дэлхийн чансааг тэргүүлж байна.

554-өөс дээш оноотой өрхийн хүүхдүүд мөнгө авахгүй

Хүүхэд бүрт сар тутам олгодог 20 мянган төгрөгийг өнгөрсөн долоо хоногт өгч эхэлсэн. Хэрэв таны хүүхдийн мөнгө дансанд ороогүй бол хоёр шалтгаантай аж. Нэгдүгээрт, 2017 оны өрхийн мэдээллийн сангийн шинэчилсэн судалгаанд хамрагдаж, 554 гэсэн босго онооноос дээш байгаа бол  хүүхдийн мөнгө авахгүй. Мөн энэ судалгаанд огт хамрагдаагүй өрхийн хүүхдүүд сар бүрийн 20 мянган төгрөг олгохгүй байгаа аж.

Засгийн газар нийт хүүхдийн 80 хувьд нь сар бүр 20 мянган төгрөг өгөхөөр ярилцаж буй юм. Одоо нийт хүүхдийн 60 хувьд нь олгож байгаа билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment