8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Сар шинийн баяраар нийтийн тээвэр ҮНЭГҮЙ үйлчлэхээр болж, зарим сургуулийн хүүхдүүд автобусаар гэртээ хүргүүлдэг болсон өдөр

2018-02-07 18:40:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Д.Хаянхярваа: Хөдөө орон нутагт шуудай шуудайгаар нь “Алтан гадас” тарааж байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хэлэлцэж байна. Хаврын чуулганаар 44 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Төрийн одонг цэгцлэх хэрэгтэй.

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг дэмжиж байна. Эдийн засгийн талаарх бодлогыг түлхүү оруулах хэрэгтэй гэдэг Д.Эрдэнэбат гишүүний саналтай нэг байна. Сошиал ертөнцийн тухай асуудлыг бид ярьдаг. Энэ ертөнц хэрээс хэтэрч байна.  Нийгмийг дотор нь маш их хагалж, бутаргаж байна. Одоо цагийн хүүхдүүд үргэлж сошиал ертөнцтэй харьцдаг. Тиймээс залуу хойч үе минь хүн болж төлөвших нөхцөл нь хэцүүдлээ. Тиймээс Засгийн газар энэ чиглэлээр хуулийн төсөл оруулж ирэх хэрэгтэй байна. Дараагийн асуудал нь, төрийн одонг цэгцлэх хэрэгтэй. Хөдөө орон нутагт шуудай шуудайгаар нь “Алтан гадас” тарааж байна гэж байна. Хурал хийж байгаад тампуугаар нь “Алтан гадас” өгч байна гэж байна. Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

УИХ дээр орж ирж байгаа зарим хуульд эрүүл саруул талаас нь харах хэрэгтэй.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Төсвийн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой

-Дэмжих ч зүйл байна, дэмжихгүй ч зүйл байна. 44 хуулийн жагсаалт асуудлын шийд биш. Цэвэр агаарын тухай хууль байхгүй байна. Өнөөдөр Засгийн газар УИХ-ын шийдвэрийг зөрчиж байна. Мөн татварыг буцаасантай холбоотой Төсвийн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой. Хуулийн хугацаанд хийх тул ээлжит бус чуулган зарлах байх. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой төслийг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад шууд оруулж ирэхийг дэмжихгүй байна. Харин УИХ-ын дэгтэй холбоотой асуудлыг оруулж ирэхийг дэмжиж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хууль нь УИХ дээр хэлэлцээд буцаагдсан байхад Улсын бүртгэлийн болон Эд хөрөнгийн эрхийн, Иргэний эд хөрөнгийн хуулийг оруулж ирсэн нь буруу. Тиймээс би дээрх гурван хуулийн төслийг хасах саналтай байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: УИХ-ыг тараах тэмцэл хавар үргэлжилнэ

-Төрийн хямрал гудамжны хямрал болж үргэлжлэх нь. Бүх зүйл тодорхойгүй байна. 65 суудалтай эрх баригчид Үндсэн хуулийг өөрчлөх ч юм шиг, үгүй ч юм шиг. Батлах ч юм шиг, батлахгүй ч юм шиг. Эрхзүйн тодорхойгүй байдал үүсгэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хаврын чуулганаар батлах асуудал оруулж ирж байна. Дараагаар нь Ард нийтийн санал асуулга оруулна гэнэ. Үндсэн хууль өөрчилвөл бусад хуулиуд  үзэл санаатай нь нэг байх ёстой. Шинэ Үндсэн хуулийн үзэл санааны баримт  батлагдвал нэг өөр.  Хариуцлагын асуудлаа ярихгүй бол УИХ-д итгэдэг хүн байхгүй болсон. Бусдын кноп дардаг, хуралдаа суудаггүй гишүүддээ хариуцлага тооцохгүй юм уу. Энэ бүхнийг ярьж хэлэлцэхгүй бол УИХ-ыг тараах тэмцэл хавар үргэлжилнэ. Засгийн газар эдийн засгаа дэмжиж, бизнес эрхлэгчдээ дэмжихгүй юм уу. Хэрвээ хэлэлцэх асуудлаа дуусгасан бол энэ их хурал тарах хэрэгтэй. Бид нийгмийн тэмцлээ дийлэхгүй шүү.

Д.Дамба-Очир: Ш.Батхүүд хөрөнгө байгаа. Тиймээс асуудал үүсгэлгүй өрөө төл 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийн асуудлаар  ярилцлаа. 

ХУВИЙН КОМПАНИЙН АВСАН ЗЭЭЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ТӨЛӨХ ЁСГҮЙ


-    Та Эрдэнэтээс УИХ-д сонгогдсон. Тиймээс эрдэнэтчүүдийн амьжиргаатай салшгүй холбоотой Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар байр, сууриа илэрхийлэх ёстой хүмүүсийн нэг. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь гадны банкны барьцаанд орсон гэх мэдээлэл байна. Энэ асуудлыг та судалж үзсэн үү? 

-    Эрдэнэт үйлдвэрээс Эрдэнэт хот шууд хамааралтай. Эрдэнэт хотын төсвийн 88 хувь нь уг үйлдвэрээс хамаатай байдаг. Тэгэхээр энэ үйлдвэр олон жил тогтвортой, хэвийн үйл ажиллагаагаа явуулах нь их чухал юм. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг гадны банкинд алдах нь гэх мэдээлэл байгаа. Энэ бол 51 хувь биш 51 сая долларын асуудал юм. “Жаст”-ын Ш.Батхүү гэх хүн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 51 сая долларын зээл авахад “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаж өгсөн гэх яриа бий. Мөн Ш.Батхүүд баталгаа гаргаж өгсөн хүмүүс нь “Миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, үйлдээгүй гэж ярьсан” гэх мэдээлэл ч бий. Монголын шүүхээс тэдний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх дүгнэлтийг гаргасан гэсэн. Тийм учраас Ш.Батхүү нь байцаагдаад явсан гэж би ойлгож байгаа. Олон улсын шүүхээс Ш.Батхүүгийн тавьсан өрийг “Эрдэнэт” үйлдвэрийг төл гэх шийдвэрийг гаргасан гэсэн. Энэ асуудлаар би “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудаас асуусан. Тэд миний асуултад “Энэ асуудал давж заалдах шатанд явж байна. “Эрдэнэт” үйлдвэрийг төл гэх эцсийн шийдвэр гараагүй байгаа” гэж  хариулсан.

Ер нь аль нэг хувийн компанид “Эрдэнэт” үйлдвэрээр зээлийн баталгаа гаргаж өгсөн нь буруу, маш хариуцлагагүй асуудал. Тэгэхээр яригдаад буй өрийг Ш.Батхүү төлж барагдуулах ёстой. Хэдий “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан ч Ш.Батхүү гэх хүн мөнгийг нь авсан шүү дээ. Гэтэл Ш.Батхүүг ямар ч хөрөнгөгүй учраас хоосон хүний хоёр чихийг нь огтолж аватай ижил зүйл болоод байна гэх яриа байна. Ш.Батхүүд хөрөнгө байгаа гэж би бодож байна. Тэгэхээр Ш.Батхүү хэл, ам гаргалгүйгээр энэ өрийг төлөх ёстой. 51 саяыг долларыг авсан нь үнэн учраас төлөх ёстой. Алдангитайгаа нийлээд 99 сая доллар төлөх шаардлагатай гэсэн мэдээлэл бий. 


-    Ш.Батхүү төлбөрийн чадамжгүй учраас зээлийн батлан даалт хийсэн “Эрдэнэт” үйлдвэр 99 сая долларыг төлөхөөс өөр аргагүйд хүрээд байна шүү дээ. Хэрвээ Ш.Батхүү төлж чадахгүй гэвэл яах юм бэ? 

-    Эрдэнэт үйлдвэр хэн нэгэн нөхрийн авсан зээлийг төлөхгүй. Ш.Батхүү нь уул, уурхайн лицензтэй гэсэн. Хэрвээ лицентэй бол түүнийг нь хурааж аваад өрийг нь төлүүлэх шаардлагатай. Мөн Эрдэнэт” үйлдвэрийн дансыг нь хааж, битүүжилж, үйл ажиллагааг нь зогсоогоогүй байгаа. Үйлдвэр хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Уг мэдээллийг хөөрөгдөж байгаа улс төрийн хүчнүүд бий. 49 хувийг төр мэдэлдээ авсантай холбоотойгоор 51 хувийг гадныханд алдах гэж байна хэмээн сүржигнэж, шүүхийн шатанд явж буй асуудлыг дэвэргэж байна. Энэ бол санаатай, зориудаар явуулж буй үйл ажиллагаа гэж би харж байгаа. 51 хувь алга болно гэж юу байхав. 51 сая долларын л асуудал шүү дээ. 49 хувийг төр эргүүлэн авсныг эсэргүүцэн ийм мэдээллийг сөхөж гаргаж ирлээ гэж ойлгож байна.

Монгол улсын нийт өр 21 тэрбум доллар. Энэ мөнгөний долоо орчим тэрбум доллар нь Засгийн газрын өр. Үлдсэн нь бүгд хувийн хэвшлийн тавьсан өр. Энэ бүх өрийг Засгийн газар төлвөл арай хэтэрсэн асуудал болно биз дээ. Тэгэхээр хувийн компанийн авсан зээлийг Засгийн газар төлөх ёсгүй. "Эрдэнэт" үйлдвэр 51 сая долларыг төлөх эсэх асуудал яригдаж байгаа болохоос биш 51 хувиа алдах, алдахгүйн асуудал биш юм. Энэ бол 51 хувьтай огт холбоогүй. Эрдэнэт үйлдвэрийн хувьд 51 сая доллар бага мөнгө. 51 хувиа барьцаалж баталгаа гаргаагүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тухайн үеийн үйлдвэрийн удирдлагууд гарын үсгээ зурсан, зураагүй гэх ойлгомжгүй асуудал яваад байгаа. Гэхдээ Ш.Батхүү л өрөө төлөх ёстой.Хэрвээ хувийн компанийн өрийг Засгийн газар төлж болдог бол бусад аж, ахуй нэгжүүд ч өрөө төлүүлнэ гэнэ биз дээ. “Ш.Батхүү төлүүлж болж байхад би яагаад төлүүлж болдоггүй юм” гэх яриа гарна. Тэгэхээр иймэрхүү нөхцөл байдал үүсэхгүй байх хэрэгтэй. Би “Эрдэнэт” үйлдвэрийн дарга нартай “Ш.Батхүүгийн өмч хөрөнгийг хайж олж өрийг нь төлүүлэх хэрэгтэй” гэх асуудлыг ярьсан. Нэг нөхөр хэрэг хийчихээд Өршөөлийн хуулиар суллагдсан. Тэгээд одоо тавьсан өрөө “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлнэ гэж болохгүй биз дээ. Ер нь бол “Эрдэнэт” үйлдвэр хэвийн үйл ажиллагаагаа явуулах ёстой, цаашид техник тоног төхөөрөмжөө шинэчилж илүү сайн ажиллах ёстой гэж би боддог.. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэрийг хаасан гэх хариуцлагагүй худал мэдээлэл цацаж нийгмийг бухимдуулж болохгүй. Энэ бол болгоомжтой ярих сэдэв. Хэн дуртай нь худал, үнэн мэдээлэл хийж болохгүй шүү дээ. Үр дагаврыг нь үргэлж бодох ёстой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Сар шинийн баяраар нийтийн тээвэр ҮНЭГҮЙ үйлчлэхээр боллоо

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, сар шинийн баярын амралтын гурван өдөр нийтийн тээвэр буюу том оврын автобусаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх зохицуулалт хийсэн байна Баяр ёслолын өдрүүдэд Улаанбаатар хотын замын ачаалал их нэмэгддэг. Тэр дундаа сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотын төвөөс зах руугаа чиглэсэн хөдөлгөөн ихэсдэг бөгөөд замын түгжрэл ХОТЫН ЗАХАД ихэсдэг. Хэрэв баяр ёслолын үеэр нийтийн тээвэр илүү шуурхай, соёлтой байснаар замын хөдөлгөөний ачаалал багасна гэж нийсэлийн удирдлагууд үзсэн учраас сар шинийн баяраар нийтийн тээврийн автобусыг ҮНЭГҮЙ үйлчүүлэхээр боллоо.

Г.Баасан: Х.Энхжаргал авлигачидтай хуйвалдаж, хадгалж, бөөцийлдөг хүн болсон байна

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс Авлигатай тэмцэх газрын байранд 'Х.Энхжаргал авлигачдыг орогнуулж байна' сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ. Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл хоёр дахь мэдээллээ хийлээ. Өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар УИХ-ын дарга М.Энхболдын хөрөнгө орлогын мэдүүлэг, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлаар мэдээлэл өглөө.

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Батсуурь:

Төрийн албаны ХОМ-ийг 10 жил авч байгаа. Энэ хугацаанд хэдэн онд хэдий хэмжээний хөрөнгөтэй болж байна гэсэн дүн шинжилгээ өгдөггүй. Энэ ажлаа АТГ хийхгүй байна. Манай олон нийтийн зөвлөлд маш олон гомдол, өргөдөл ирдэг. Үүний нэг нь УИХ-ын дарга М.Энхболдын хөрөнгө орлогын мэдүүлэг, 60 тэрбум төгрөгийн хэрэгтэй холбоотой хэргүүдийг шалгаж, тогтоож өгөх гомдол ирсэн. Тэр иргэн гомдол гаргахдаа М.Энхболд дарга EAGLE телевизийн бүрэн зураглал нэвтрүүлэг орохдоо нэг ч удаа бизнес эрхэлж байгаагүй гэж хэлсэн бичлэгийг хамт явуулсан. Гэтэл ХОМ-тээ 3 тэрбумын хөрөнгөтэй гэж мэдүүлсэнийг шалгуулах хүсэлт тавьсан. Үүнийг АТГ шалгах ёстой. Гэхдээ шалгахгүй л байх л даа. АТГ зөвхөн өөрийн эрх ашигтай хэргийг шалгаж байна. Тиймээс АТГ-ын дарга өөрөө авлигачдыг орогнуулсан, ашиг сонирхлыг зөрчилтэй байна хэмээн хэллээ. 


АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан:

-2007 онд байгуулагдсан АТГ бол авлигачдаас ангид байх төрийн тусгай байгууллага. Гэтэл 10 жилийн хугацаанд авлига өндөрөө авсан. Өнгөрсөн тавдугаар сард АТГ-ын дарга Х.Энхжаргал төрсөн эгчийнхээ хүүхдийг Зүүнхараагийн Төмөр замын засварын газрын даргаар томилсон байна.  Энэ бол ашиг сонирхлын зөрчил. АТГ-ыг удирдаж байгаа хүн өөрөө авлигачидтай хуйвалдаж, хадгалж, бөөцийлдөг хүн болсон байна. 
“Эрдэнэт” үйлдвэрийг Стандарт банкинд барьцаанд тавихыг зөвшөөрч, 2009 онд гарын үсэг зурсан хүмүүс нь хуурамч гарын үсэг гэж, өршөөгдсөн. Гэтэл барьцаанд тавихыг зөвшөөрсөн гарын үсэг зурсан хүмүүс өнөөдөр төрд ажиллаад, Гадаадад Элчин сайдаар ажиллаж байгаа нь шударга бус зүйл юм. Гэмт хэрэгтнүүдийг АТГ шалгахгүй, гэмт хэрэгтнүүдийг хаацайлж байгаа учраас АТГ-ын

Ч.Хүрэлбаатар: ЗГ Панда бонд гаргахгүй

Засгийн газар БНХАУ-ын зах зээлд “Панда” бонд арилжаалах гэж байна гэх мэдээллийг "Bloomberg" телевиз мэдээлсэн. Тэгвэл уг мэдээлэл худал гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.

Тэрбээр "Засгийн газар Панда бонд гаргах гэж байгаа гэх мэдээлэл огт үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. "Bloomberg TV" болон Bloombergtv.mn сайтыг энэхүү худал мэдээллээ залруулахыг албан ёсоор шаардаж байна. Bloomberg телевизтэй утсаар холбогдоод ташаа мэдээлэл гарсан байна. Залруулна уу гэхээр "Үгүй" гээд байх юм. Хөрөнгө оруулагчид, сэтгүүлчид сүүлдэ

Монгол, БНХАУ-ын авто замын боомтууд энэ сарын 15-18-нд ажиллахгүй

Хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3 буюу Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярын энэ сарын 16-18-нд тохиож байна. Мөн БНХАУ-ын Цагаан сарын баяр энэ сарын 15-17-нд тохиож байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилийн авто замын боомтууд энэ сарын 15-18 хүртэл ажиллахгүй болохыг Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих ажээ.

"ТИТАНИК" киноны хос хүний амь аварчээ

“Титаник” киноны од Леонардо Ди Каприо, Кейт Уинслет нар 423 мянган долларын хандив цуглуулж, өндгөвчний хорт хавдартай залуу ээжийн амь насыг аварчээ. Тэдний ачаар Жемма Натталл хэмээх бүсгүй охинтойгоо хамт, эрүүл саруул байна. Жемма нь 2013 онд анх хорт хавдартай гэж оношлогдсоноос хойш тасралтгүй химийн эмчилгээ хийлгэж байсан бөгөөд эмч нар түүнийг зургаан сараас нэг жилийн настай гэж үзжээ. Азаар, Жемма амьдралын гунигт түүхээ олон нийтэд дэлгэсний дараа нэрт жүжигчид түүнд туслах санаачилга гаргаж, байнга утсаар ярьж, сэтгэл санаагаар дэмждэг байсан гэнэ.

Дараа нь Герман дахь “Hallwang Clinic” эмнэлэгт дархлаа дэмжих эмчилгээ хийлгэж, таван сар тэмцсэний эцэст хорт хавдар нь бүрэн эдгэрчээ. Жемма хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би тэдэнд маш их талархаж байна. Кейт Уинслет өөрөө гурван хүүхэдтэй учир интернэтээс миний түүхийг уншаад шууд туслахаар шийдсэн гэсэн. Тэр намайг үргэлж зоригжуулдаг байлаа” гэжээ.

Ц.Даваасүрэн: “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргаж өгсөн хүмүүс хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулах ёстой

Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.  

-    2018 онд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлд Засгийн газраас ямар ажлыг хийх вэ? 

-    Сэргээгдэх эрчим хүчинд үүсээд буй хоёр л асуудал байна. Нэгдүгээрт, үнэ тарифын асуудал. Үнэ тарифыг буулгах шаардлагатай. Тэгэхгүй бол сэргээгдэх эрчим хүчний тарифыг иргэд, аж ахуй нэгжүүд нуруундаа үүрдэг юм. Үүнийг буулгахын тулд хууль эрх зүйн орчныг өөрчлөх саналыг оруулж байна. Цаашид өрсөлдөөнт байдлаар үнэ тарифыг нь буулгана. Одоо  нэг кв цагт 300-400 төгрөг төлдөг. Хоёрдугаарт, эрчим хүчний өөрийн зохицуулалт, тогтвортой байдлын асуудал байна. Жишээлбэл, нарны станц өдөрт 100 мВт-ыг үйлдвэрлэж байна. Ингээд зургаан цагаас хойшхи оргил ачааллын үеэр наргүй болчихдог учраас үйлдвэрлэлээ явуулж чадахгүй байна. Иймэрхүү хүндрэлүүд гаргаж буй учир зохицуулах шаардлагатай асуудлууд бий. Эрчим хүчний системийн тогтвортой байдалд нар, салхины станцууд тодорхой хэмжээнд сөрөг нөлөөллүүд гаргаж байна. Үүнийг зохицуулах дэвшилтэт технологийг ашиглах шаардлагатай. Зарим оронд хуримтлалын технологи ашигладаг болсон байна. Усан цахилгаан станцын сэргээгдэх эрчим хүчинд бид түлхүү анхаарал хандуулж байгаа. Энд хүндрэл гарах нь бага. Үүнийг бид дэмжих ёстой. Манай улсын эрчим хүчний бие даасан тогтвортой байдлыг хангахад усан цахилгаан станц хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Европын сэргээн босголтын банктай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ТЭЗҮ-г бий болгох чиглэлд хамтран ажиллахаар тохирсон. Үүний дараа Ховд голыг түшиглэж усан цахилгаан станц барих хөрөнгийг олох ажлууд хийгдэнэ. Мөн Эгийн голын дэргэд усан цахилгаан станц барих асуудал яригдаж байгаа. 

-    Уг усан цахилгаан станцыг барихад хэдий хэр хэмжээний хөрөнгө орох вэ. Эргээд мөн хэдий хэр хэмжээний зардлыг хэмнэх юм бол. Энэ талаар тооцоо, судалгаа хийсэн үү? 

-    Даваад биелэгдэх юм байна лээ. Нар, салхины цахилгаан станц явуулах зөвшөөрлөөр 1300 мегаватт үйлдвэрлэж байгаа. Гэтэл манай улсын суурилагдсан хүчин чадал хэрэглээ 1000 мегаватт байгаа юм. Хэзээ ч нар, салхиар цахилгаанаа 100 хувь хангана гэж байхгүй шүү дээ. Ийм зөвшөөрлийг өгсөн нь бодлогын алдаа юм. Үүнийг зохицуулахад хүндрэл тулгараад байна. Энэ жил нарны 100 мегаваттай цахилгаан станц барина. Гэтэл нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 20 хувь байх ёстой. Энэ хувь нь хэтрээд явчихаж байгаа юм. Учир нь нарны цахилгаан станцын хүрээнд 600, 700 мегаваттын эрх өгчихсөн байна шүү дээ. 

-    Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гадны банкны барьцаанд тавьсан асуудлыг хэлэлцсэн. Тэгээд Засгийн газар “Стандарт” банкинд 99 сая долларыг төлөхөөр болсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-    Засгийн газар тэр өрийг төлөхгүй. Эрдэнэт үйлдвэрээс баталгаа гаргасан нь бодитой юу, үгүй юу гэдэг яриа байгаа. Ер нь нэгэнт шүүхийн шийдвэр гарсан бол “Эрдэнэт” үйлдвэр хуулийн өмнө хүлээсэн хариуцлагаа хүлээгээд шийдээд явах ёстой. Мөн “Эрдэнэт”-ээр баталгаа гаргасан хүмүүс хариуцлага хүлээж  хохирлыг барагдуулах асуудал яригдах ёстой. 

Гуравдугаар ээлжинд хичээллэж буй хүүхдүүд автобусаар гэртээ хүргүүлдэг боллоо

Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс "Хүүхэд хамгаалал" хэсэгчилсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн тээврийн газартай хамтран гуравдугаар ээлжинд хичээллэж буй хүүхдүүдийг автобусаар гэрт нь хүргэж өгдөг болжээ.

Тодруулбал, СХД-ийн 9, 12, 65, 107, ХУД-ийн 52, БЗД-ийн “Амгалан” цогцолбор, 44 дүгээр сургуулиудын гуравдугаар ээлжид хичээллэж байгаа 500 орчим хүүхдийг 12 чиглэлийн 12 автобусаар гэрт нь хамгийн ойр цэгт хүргэж, сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл