8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:Газар хөдлөлтийн бүсэд буй монгол оюутнуудтай холбоо тогтоож, МСНЭ-ийн ээлжит XVII их хурал болсон өдөр

2018-02-08 18:40:00

Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирдэг. Бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун. Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа. Тиймээс эрхэм уншигч яг одоо хэн нэгэнд та урмын сайхан үг хайрлаарай. Өнөөдөр болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн болоод байна. Тоймоо хүлээн авна уу.

Олимп: Хоёр тамирчныг дагалдан явж буй 20 орчим хүн дотор эмч, сэтгэл зүйч алга

"Пёнчан 2018" өвлийн олимп БНСУ-ын Пёнчан хотноо маргааш эхлэх гэж байна. Энэ удаагийн өвлийн олимпт манай улсаас цанын спортын хоёр тамирчин оролцохоор өнгөрсөн мягмар гаригт  эх орноосоо мордсон. Өчигдөр “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын тамирчдын тосгон нээлтээ хийж, 15:00 цагт Монгол Улсын баг тамирчдын туг өргөх ёслол болсон билээ. Манай улсаас Б.Ачбадрах Гүйлтийн цанын тамирчин, Ч.Отгонцэцэг Гүйлтийн цанын тамирчин нар оролцож байгаа юм. Тус тамирчдыг "Пёнчан-2018” өвлийн олимпийг зорих үед тэднийг дагалдан  30 гаруй хүн явсан гэх мэдээллийг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц хэвлэлд өгсөн нь шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тэгвэл тамирчдыг дагалдан 30 биш 14 хүн дагалдан явсан байна.Тодруулбал, 

Тамирчид:

Б.Ачбадрах Гүйлтийн цанын тамирчин

Ч.Отгонцэцэг Гүйлтийн цанын тамирчин

Дагалдаж явсан:

Х.Хаш-Эрдэнэ цанын дасгалжуулагч

Д.Хишигжаргал Монголын цанын холбооны ерөнхийлөгч

Ч.Очирсүрэн Монголын цанын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга 

Ц.Цогзолмаа БСШУС-ын сайд

Н.Баярсайхан БСШУС-ын сайдын спортын зөвлөх

Д.Загдсүрэн Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч

Э.Бадар-Ууган Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга

Б.Бат-Эрдэнэ Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн

Б.Баяртуяа Монголын үндэсний олимпын хорооны Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга

А.Ундрал Монголын үндэсний олимпын хорооны Төсөл хөтөлбөр хариуцсан Нарийн бичгийн дарга нар дагалдан явсан байна. 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн хувьд нээлтэд оролцохоор явсан байна. Харин бусад хүмүүсийн хувьд ямар зорилгоор явсан нь тодорхойгүй байна. Харамсалтай нь эдгээр дагалдан явсан хүмүүс дотор эмч, сэтгэлзүйч нар хамт яваагүй аж. Ямар ч олон улсын тэмцээн уралдаанд оролцох баг тамирчидтай хамт  эмч, сэтгэлзүйч хамт явах ёстой. Гэтэл нэг ч эмч хамт яваагүй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Б.Энхбаяр: Улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн дансны гүйлгээг байнгын эрчимтэй хяналтад байлгана

УИХ-ын чуулганы хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраас дээрх сэдвээр зарим зүйлийг тодрууллаа. 

- Иргэний хувийн дансанд дахь мөнгө нууцын зэрэглэлтэй байдаг. Тэр утгаараа сэжиг бүхий гүйлгээг олон нийтэд ил болгож зарладаггүй. Энэ хуулиар сэжиг бүхий гүйлгээг олон нийтэд зарлах гэж байгаа юм уу? 

- Эрчимтэй хяналтад ямар гүйлгээг байнга байлгах ёстой вэ гэх асуудлыг хуульд нарийвчилж нэр зааж оруулж өгч байна. Өөрөөр хэлбэл, улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн гүйлгээг байнгын эрчимтэй хяналтад байлгана.

-Тодорхой нэр, албан тушаал дурдаж болох уу?

-Төрийн өндөр албан тушаалтнуудаас гадна тэдэнтэй ойрын хамаарал бүхий хуулийн этгээд багтана.

-Томоохон тендерийн эрх авсан аж ахуйн нэгжийн гүйлгээг хянах боломжтой юу?

-Хувийн аж ахуйн нэгжүүд орохгүй. Хэрэв тэдний гүйлгээ үнэхээр сэжигтэй, хянах шаардлагатай гэж үзвэл хуулийн байгууллагаас шалгаж болно. Энэхүү хуулийн гол онцлог нь зөвхөн санхүүгийн мэдээллийн албанд банк, банк бус санхүүгийн байгууллагад мэдээлэл ирсэн тохиолдолд л хянадаг байсныг өргөтгөж аливаа худалдан авах болон арилжааны шинжтэй гүйлгээнд оролцож байгаа хуульч, нотиаратч, алт үнэт эдлэл худалдан авч буй этгээдүүдийг хяналтад оруулж өгч байгаагаараа онцлогтой.

-Банк, санхүүгийн байгууллага нь өөрсдөө оффшор бүсээс хөрөнгө татсан тохиолдолд яах вэ. Ер нь энэ бүхнийг яаж хянах вэ?

-Хүний болон аж ахуйн нэгжийн гүйлгээг хэт өргөжүүлэх нь муу талтай. Учир нь, Монголын банк санхүүгийн байгууллагад хэн ч итгэж мөнгөө хадгалуулахгүй. Хэн дуртай нь хянадаг байдлыг хавтгайруулвал банк санхүүгийн байгууллага болон иргэд хоорондын итгэлцэл нь байхгүй болно. Тиймээс энийг мэргэшсэн тусгай банк санхүүгийн мэдээллийн алба хянана. Өөр этгээд оролцохгүй.

-Оффшор бүс нутгаас мөнгөө авч ирэх хугацааг нь сунгалаа. Одоогоор мөнгөө татсан хүн байна уу?

-Хүч дутаад байх зүйлгүй. Гол нь шүүхийн өмнө нотлох баримттай эсэх асуудал л чухал юм. Хүний гэм буруутайг зөвхөн шүүхээр л шийддэг. Жишээ нь, Бат гэдэг хүн энд ийм данстай байна гэдгийг баталгаажуулсан тамгатай цаас, баримт хэрэгтэй болно. Тэрийг хадгалж байгаа оффшор банкнаас баримт хэрэг болоод байна аа даа. Тэр баримтыг авч байж л хүнийг шүүхийн өмнө яллана. Тэрнээс зүгээр нэг иргэний амаар, эсвэл хэвлэлд гарсан сонины мэдээллээр хүнийг яллаж болохгүй. Энэ утгаараа нотлох баримтыг баталгаажуулах асуудал нь гарцаагүй олон улсын гэрээ хэлэлцээрээр хийгдэж байж энэхүү ажил илүү эрчимтэй явна. Энэ ажил бол ганцхан Засгийн газрынх биш. Прокурор, АТГ, Хууль зүйн, дотоод хэргийн яам бүгд хамтдаа хийх ажил юм. Тухайлбал, Хууль зүйн, дотоод хэргийн яамнаас өнгөрсөн онд Хонконг, Маккаотэй эрүүгийн эрх зүйн салбарт хамтарч ажиллах санамж бичиг байгуулахаар болсон. Өнөөдөр гарын үсэг зурах төвшинд явж байна. Үүний ачаар тэнд оффшор данстай байж мэдэх этгээдийн баримтыг албан ёсоор харилцан мэдээлэл солилцож авдаг болох гэж байна.

Хэнтий аймагт 26 жилийн дараа “Улсын хошой аварга” малчин төрлөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт томилолтоор ажиллахдаа Улсын аварга малчны болзол хангасан нэр бүхий малчдад шагналыг нь гардууллаа.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын малчин Г.Гонгорбаатар, Л.Лувсанбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Д.Нямдорж нар энэ жил Улсын аварга малчнаар тодорсон байна.Хэнтий аймгийн Баянхутаг сумын малчин Л.Лувсанбаярын хувьд Хэнтий аймагт 26 жилийн дараа “Улсын хошой аварга” малчин болж байгаа юм байна. 

Дээрх малчид жил дараалан мал сүргээ өсгөж үржүүлэн, малынхаа үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхаарч иржээ. Мөн хадлан, тэжээл, хужир, шүүгээ өөрсдөө бэлтгэхээс гадна амьдралын баталгаажих түвшинээс доогуур орлоготой, малгүй олон өрхийг малжуулж, залуу малчдыг амьдрах ухаанд сургаж цөөнгүй шавьтай болсон байна.  Малчид  орон нутгийнхаа хөгжил, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд бусдыгаа манлайлан оролцож хандив, туслалцаа үзүүлжээ. 

Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, 5 фермерийн материал ирүүлснийг 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэж 136 малчныг “Улсын аварга малчин”, 10 малчныг “Улсын хошой аварга малчин”, 9 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”-ээр тодруулжээ. Мөн 9 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулсан юм 

Тайваньд сүүлийн 100 жилд тохиогоогүй хүчтэй газар хөдлөлт болжээ

-ТАЙВАНЬД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТӨД МОНГОЛ ОЮУТНУУД ГЭМТЭЭГҮЙ ГЭЖЭЭ-

Энэ сарын 6-ны өдөр Тайванийн ихэнх нутгаар нэгэн зэрэг газар хөдөлсөн аж. Нийтдээ 118 удаагийн давтамжтай газар хөдлөлт мэдрэгдсэн байна. Тодруулбал,  Иланьд VII, Нантоуд V, Тайчун, Юнлиньд IV, Тао Янь, Синьжу, Тайдун, Тайпей, Зя И, Чанхуа, Мяоли, Тайнаньд III, Гаосиун, Пөнхү, Пиндунд II зэргийн газар хөдлөлт болсон байна.

 Мөн Хуалинд болсон энэ удаагийн газар хөдлөлт нь сүүлийн 100 жилд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлт гэдгийг эрдэмтэд онцолсон гэдгийг эх сурвалж мэдээллэсэн байна. Тайваний Хуалинь орчимд хүчтэй газар хөдлөлт болсон голомтонд Монгол Улсын зургаан иргэн байгаа тухай твиттерт Бумбагар‏@saryalguun гэдэг оюутан жиргэжээ. Одоогоор таван хүн нас барж 254 шархдаж 88 хүн сураггүй болсон гэжээ. Тус хотын Цжучи их сургуульд монголын зургаан оюутан, Дунва их сургуульд 10 гаруй оюутан тус тус суралцдаг юм байна.

Тайваньд болсон газар хөдлөлттэй холбогдуулан Тайвань дахь Монгол оюутан, залуусыг дэмжих холбооноос дараахь зөвлөмжийг өгөөд байна.
1. Сүүлийн өдрүүдэд Тайваньд газар хөдлөх явдал идэвхжиж байгаа тул бүгд сонор сэрэмжтэй анхааралтай бэлэн байдлыг хангасан байх хэрэгтэй.
2. Газар хөдлөлт үе үе давтагдаж болзошгүй учраас сургуулиас өгч буй зааврыг баримтлаарай.
3. Шаардлагагүй бол энэ хугацаанд аялал, зугаалгад явахгүй байх
4. Гадаад пасспорт, оршин суух үнэмлэх, оюутны үнэмлэх, бэлэн мөнгө, VISA карт зэрэг бичиг баримтуудаа биедээ авч яваарай. 
5. Хоорондоо холбоотой байж бие биедээ санаа тавьж байгаарай. Ялангуяа шинээр ирсэн оюутнуудад сайн туслахыг хүсье” хэмээжээ. 

Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

Өнөөдөр Архангай, Төв аймгийн нутаг, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баян-Өлгий, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч,  хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 02 дугаар сарын 09-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9, 10-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 9-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр, 10-12-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус,
Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус,
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус,
Бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
Хоёрдугаар сарын 11-нээс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

Шинэ дурангийн аппарат ашиглаж өвдөгний хагалгааг амжилттай хийжээ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-ийн шинэ байрандаа анх удаагаа энэ сарын 6-нд үений дурангийн хагалгааг амжилттай хийсэн байна.
Ийм хагалгааг тус эмнэлэгт 4 жилийн өмнө хийж байжээ. 36 настай эмэгтэй тамирчны спортын гэмтлээс үүдэлтэй өвдөгний урд жийргэвч мөгөөрсний чагтан холбоосыг сэргээх хагалгааг ийнхүү шинэхэн эмнэлгийнхээ Гэмтэл согог судлалын тасаг /ГСЗТ/-т анх удаагаа хийжээ. ТТАХНЭ нь цаашдаа эмч нараа дадлагажуулах, бие дааж хагалгаа хийх зорилгоор ГССҮТ-ийн эмч нартай үений дурангийн аппаратаа ашиглаж уг хагалгааг хамтран хийсэн байна. Тухайлбал, ГССҮТ-ийн захирал, доктор Т.Мөнхсайхан% мэс заслын эмч С.Батсүх болон ГССТ-ийн эмч, сувилагч асрагч нараас бүрдсэн 7-8 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ. Манай улсаас үений дурангийн хагалгаанд орохоор жилд дунджаар 1000 орчим хүн гадаад орныг зорьдог бөгөөд нэг хүний эмчилгээний зардал 10 орчим сая байдаг аж. Харин дотооддоо хямд өртөгтэй хийдэг. Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийн 75 хувийг гаргаж байгаа юм. Дурангийн хагалгаа нь өвдөлт зовиур бага, эдгэрэлт түргэн бөгөөд орчин үеийн мэс заслын шилдэг технологид тооцогддог байна.

Шуурхай: Улаанбаатараас Дархан чиглэлийн замын хөдөлгөөнийг хаалаа

Цаг уурын байгууллагаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах талаар мэдээлээд байгаа билээ.Харин Төв аймгийн Лүн суманд хүчтэй цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа талаар тус сумын ЗЦП-оос мэдээллээ.

Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг Улаанбаатар хотоос Дархан орох замд буюу 61-н гарам чиглэлд Баруун Турууны давааны замд цас ихээр орж, замын гадаргууд халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсны улмаас дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байна.Иймд иргэд та бүхнийг дээрх чиглэлийн автозамыг сонгон зорчихгүй байхыг ЗЦА-наас анхааруулж байна.

МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

МСНЭ-ийн ээлжит XVII их хурал өнөөдөр болж байна. Тус  их хурлаар тус МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид ажлаа хүлээлгэн өгч, шинэ Ерөнхийлөгчийг сонгоно. Сэтгүүлзүйн салбарын өнгөрсөн дөрвөн жилийн ажлыг дүгнэж, удирдлага зохион байгуулалтын сонгууль болох учраас нэлээд өрсөлдөөнтэй болно. 

Тус хуралд 305 төлөөлөгч оролцож байна. МСНЭ-д татвараа төлдөг 1000 сэтгүүлч байдаг аж. Харин МСНЭ-ийн УЗХ-ын шийдвэрийн дагуу Их хурлаа 305 төлөөлөгчтэйгээр хуралдахаар болсон билээ.  
Тодруулбал, МСНЭ- ийн Их хуралд: 
1. Телевизийн салбараас 70 (Нийт төлөөлөгчдийн 22.9%)
2. Радиогийн салбараас 30 (Нийт төлөөлөгчдийн 9.8%)
3. Сонин, сэтгүүлээс 50 (Нийт төлөөлөгчдийн 16.3%)
4. Сайтуудаас 50(Нийт төлөөлөгчдийн 16.3%)
5. Сургалт судалгааны салбараас 20 (Нийт төлөөлөгчдийн 6.5%)
6. Орон нутгийн хэвлэл мэдээллийн 55 (Нийт төлөөлөгчдийн 18%)
7. Ахмад сэтгүүлчдээс 30 (Нийт төлөөлөгчдийн 9.8%)
- нийт 305 төлөөлөгчтэйгээр хуралдаж эхлээд байна. 

Монголын сэтгүүл зүйн салбарын хамгийн том байгууллагыг толгойлох Ерөнхийлөгчийн сонгуульд :
•    М.Наранбаатар: МСНЭ-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч
•    Б.Түвшинтөгс: Үндэсний шуудан сонины сэтгүүлч асан, www.niislel.mn сайтын эрхлэгч
Х.Мандахбаяр: Эрхэт Монгол группийн ТУЗ-ын дарга нар өрсөлдөхөөр болсон. 

МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ

Эрхэт Монгол группийн ТУЗ-ын дарга Х.Мандахбаярын хувьд “Зиндаа” сэтгүүлийн захирал, zindaa.mn сайтын захиралаар ажиллаж байгаа. Математикч, Эдийн засагч мэргэжилтэй. 2012 оны долоодугаар сард МАН-д гишүүнээр элссэн 2013 оноос Өмнөговь аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч 2013 оноос МАН-ын бага хурлын гишүүн /Өмнөговь аймгаас/ 2013-2015 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. 

Үндэсний шуудан сонины сэтгүүлч асан, www.niislel.mn сайтын эрхлэгч Б.Түвшинтөгсийн хувьд 
1988-1998 Нийслэлийн 52-р дунд сургууль, Ховд аймгийн II 10 жилийн сургууль 
1998-2002 “Шинжээч- 21” Нийгэм, эдийн засгийн Их сургууль
Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цол: 
Дээд, Сэтггүүлч, баклавр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны магистрант
Ажилласан байдал: 
2002-2007 онд “Зууны мэдээ”, “Өнөөдөр” сонинд сурвалжлагч 
2007-2012 онд “Үндэсний шуудан” сонинд Улс төрийн мэдээллийн албаны дарга
2012-2016 онд Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
2016 оны 9 дүгээр сараас мэдээллийн www.niislel.mn сайтын эрхлэгч 
2017 оноос Хэвлэлийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 

Харин МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатарын хувьд МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, сэтгүүлч. Өмнө нь тус байгууллагын даргаар ажиллаж байгаад АН-ын генсек   Ц.Оюундарьд ажлаа өгч байсан. Мөн М.Наранбаатар УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан билээ.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment