Сар шинэ хуучирч, таваг зассан хэвийн боовоо хэрхэн оновчтой ашиглахаа мэдэхгүй байгаа эзэгтэй нартаа зориулан амттай таван хоолны жорыг хүргэж байна. Хэвийн боовоор хоол хийнэ гэхээр зарим эзэгтэй гайхаж магадгүй юм. Тэгвэл Италиас гаралтай Болонез, Энэтхэгийн Гарам масала гээд дуртай хоолондоо ч оруулаад идэх боломжтой юм байна шүү.
Болоньез соус
Хийх заавар:
-Хэвийн боовыг буталж, жижиглэнэ.
-Хайруулын тавганд багахан хэмжээний чидун жимсний тос хийж халаана.
-Сонгино, сармис, лууван зэргийг жижиглэн хэрчиж бэлтгэнэ.
-Хэрчсэн ногоонуудаа халсан тостой хайруулын тавгандаа хийж хуурна.
-Хуурч буй ногоон дээр перец, ворчестер сүмс, мах, сүү нэмж хутгана.
-Хэсэг хугацааны дараа хийсэн сүү ширгэж эхлэх бөгөөд давс нэмж, дахин хутгана.
-Мөн хэсэг хугацааны дараа нэлээн ширгэсэн байх бөгөөд энэ үед нь цагаан дарс болон улаан лоолийн сүмсээ нэмж болгоно. Зөөлөн гал дээр үе үе хутгах ба шингэн орцууд нь ширгэж өтгөртөл болгоно. Болоньез соусыг зөөлөн гал дээр 5 цаг хийж болгодог.
-Буталж жижиглэсэн хэвийн боовон дээрээ соусаа хийж ногоон сонгино болон хэвийн боовны үйрмэг цацаарай. Амт нь танд таалагдах болно
Тахианы мах, хэвийн боовтой Гарам масала /Creamy Chicken Garam Masala/
Хийх заавар:
-Хэвийн боовоо буталж, жижиглэнэ.
-Тахианы махаа чигчий хурууны хэмжээтэй хэрчинэ.
-Сармис, улаан лооль, сонгиноо, луувангаа жижиглэн хэрчинэ.
-Улаан, шар чинжүүг том дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ.
-Тахианы махаа хайруулын тавганд хийж багахан тосонд шарж болгоно. Нэг хоолны халбага Утсан чили амтлагч болон давс хийж амтална.
-Сармис, улаан лооль, сонгиноо хайруулын тавганд хийж хуурна. Гарам масала, жижиглэн хэрчсэн цагаан гаа, утсан чили /1 х/х/, турмерик зэрэг амтлагчууд болон луувангаа хийж хутган хуурна.
-Ногоонуудыг хуурч болохын үед наргил модны самрын крем/coconut cream/ болон шарж бэлдсэн тахианы махаа хийж дахин хутгана. Шар, улаан чинжүүгээ нэмээд хэсэг болгоно.
-Аяганд хэвийн боов, гарам масалагаа хийнэ. Дээрээс нь жаахан яншуй, боовны үйрмэг тавиад амтат хоол бэлэн болно.
Тарагтай амттан
Хийх заавар:
-Хэвийн боовыг буталж жижиглэнэ. Ойн самрын /фундук/ хэмжээтэй байхад илүү тохиромжтой.
-Гүзээлзгэнээ таллан хуваана. Манго жимсээ мөн адил хэмжээтэйгээр зүсч бэлтгэнэ.
-Саванд хэвийн боов, хөөсөн чихэр болон жимснүүдээ хийж, дээрээс нь жимстэй таргаа нэмж хутгаад л амттай, амархан бас их өвөрмөц нэгэн амттан бэлэн болно. Та заавал үүнийг хийж үзээрэй. Гүзээлзгэнэ манго ч гэлтгүй дуртай, гэрт тань байгаа жимснүүдээр ч хийж болно шүү.
Хэвийн боовтой мак-н чиз /Mac & cheese/
Хийх заавар:
-Хэвийн боовоо буталж, жижиглэнэ.
-Бяслагаа үрэгчээр үрж бэлтгэнэ. Сармисаа жижиглэн хэрчиж эсвэл нухна.
-Цөцгийн тосоо саван хийж гал дээр тавина.
-Цөцгийн тос хайлж, буцалж эхлэхэд нь гурилаа хийж хутгана.
-Галаа багасгаад дээр нь хүйтэн сүү нэмнэ.
-Перец, давс болон бяслаг, сармис хийж хутгана. /Задь болон лаврын навч хийж болно./ Бяслаг бүрэн хайлж, өтгөн сүмс бэлэн болно.
-Саванд /шарах зууханд хийх зориулалттай/ буталсан хэвийн боовыг хийнэ. Үүн дээрээ өтгөн сүмсээ хийгээд боовны үйрмэг болон нунтаг улаан чинжүү цацна. Энэ нь өнгө болон амт нэмнэ. Ингээд 190 градуст халаасан шарах зууханд хийж 15 минут болгоно.
Шоколадтай Фондю /Fondue/
Хийх заавар:
-Хэвийн боовоо нарийн зүсч бэлтгэнэ. /хугалаад тавьсан ч болно/
-Шоколадаа үрэгчээр үрнэ.
-Саванд сүү хийж халаана. Бүлээн сүүн дээрээ кремээ хийж хутгана. Элсэн чихэр нэмнэ.
-Халуун сүүн дээрээ үрсэн шоколадаа нэмж хутгана. Шоколадны үйрмэг жигд хайлж, уустал хутгаад, зориулалтын саванд хийнэ. Шокаладтай дүрлэгэнд хэвийн боов, жимс, хөөсөн чихэр зэргээ дүрж иднэ.