Хүүхдэд нэр өгөх ёс нь төрсөн өдөр, гаригийн сайныг харж, өлзий учрал, эрүүл энхийг билэгддэг байна.Эцэг нь эрэгтэй хүүхдийн баруун чихэнд, эмэгтэй хүүхдийн зүүн чихэнд нь гурван удаа шивнэж, нэрийг нь хайрладаг бөгөөд зарим тохиолдолд өвөө нь энэ зан үйлийг үйлдсэн байдаг. Нэрийг төрсөн жил, сар, өдөр, гариг, одоор харгалзан өгөх нь язгуур эртний уламжлал байсан төдийгүй гүн утга агуулгатай байжээ.
Үүний учир нь:
Нэгд: Хүний нэрийг сонсоод төрсөн, жил, сар, өдөр, од зэргийг мэдэж болно.
Хоёрт: Өвчин эмгэг тусах үед анагаах аргыг тодорхойлох нууц увдис болгон ашигладаг байсан байна. Мөн айлын хэд дэхь хүүхэд, хүүхдийн тогтоц зэрэг билэгдлийн хувийг харгалзаж нэр өгдөг байжээ. Тиймээс хүүхэддээ нэр өгөхдөө гоё сайхан, үзэсгэлэн төгс, ид хүчин, яруу дуулдах зэргийг билэгдэхээс гадна дээрхи уламжлалт ёсоо дагавал зохистой мэт санагдана.
Хүүхдийг хамгаалах зан үйлүүд
Нялх хүүхдийн дээр улаан бут (харгана), үнэг хайчлан уяхаас гадна зоос, цоохор хонх, тээг зэргийг уяж дүүжилдэг. Тээг нь хүүхдийг эсэн мэнд байлгах бэлгэдлийн утгатай. Үүнийг өнгө өнгийн даавууны өөдөс ашиглаж гоёмсгоор хийж өнцөг буланд нь цацаг гарган урладаг ба тэдгээр нь дөрвөлжин, гурвалжин, дугуй, саран гэх мэт дүрсийн хувьд өөр өөр ялгаатай байж болдог. Тээгийг тоглоом, өлгийний мод, хүүхдийн бүс, ухлаадасны хамт бариувчны ард зүүдэг ёстой. Явуу, дунг хүүхдийн дээлний хоёр мөрөнд, дээлний ард, энгэрт ч хадна. Явуу, дунгийн яс бөөрөнхий байдаг учир зүүсэн хүний яс бэртэхгүй гэдэг. Харин хонхыг гутал дээр зүүдэг бол есөн зоосыг дээлний ухлаадасны хамт ард нь хаддаг.