8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Шүлхий өвчний гарал үүслийг нарийвчлан тогтоохыг үүрэг болголоо

2018-02-26 18:40:00

Шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдлөөр дүүрэн шинэ долоо хоног эхлэж байна. Та энэ долоо хоногт юу хийж бүтээхээ төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэн өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Гэхдээ юу ч хамаагүй тааралдсан бүхнээ идэж болохгүйг мөн сануулж байна. Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.

Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм мэдээллээ хүргэх гэж байна.

 

"Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбогдуулан Ч.Ганзориг, н.Мөнхжаргал нарыг яллагдагчаар татжээ

"ХОМ-ЭЭ МЭДҮҮЛЭЭГҮЙ СЕХ-НЫ ГИШҮҮН Б.БИЛЭГТЭД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ"

АТГ-аас энэ сард  хийсэн шалгалтын үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. АТГ-ын өнөөдрийн мэдээллээр төрийн өндөр алба хашиж буй болон төрийн холбогдох албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх хугацаа хоёрдугаар сарын 15-нд дуусгавар болсон, мөн авлигын төсөөллийн индексээр манай улс сүүлийн хоёр жилийн хугацаанд 31 байраар ухарсан талаар мэдээлэл хийлээ. 

АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг дараах мэдээллийг өгөв.

  • Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуульд заасны дагуу улсын хэмжээнд нийт 40.073 төрийн албан хаагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ёстой байсан. Эндээс хуулийн хугацаанд 40.067 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж баталгаажуулсан байна. Авлигатай тэмцэх газарт төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 272 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэх ёстой. 271 өндөр албан тушаалтан мэдүүлгээ АТГ-т бүртгүүлсэн. 1 мэдүүлэг гаргагч мэдүүлээгүй байна. Энэ нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт байгаа юм. Тодорхой шалтгаангүйгээр гаргаж өгөөгүй. АТГ хуульд заасан үүргийг сануулж СЕХ-ны дарга болон эрх бүхий албан тушаалтанд удаа дараа мэдэгдсэн боловч Б.Билэгт нь хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүй. Түүнээс гадна Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Батболд, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Мал эмнэлгийн үржлийн газрын мэргэжилтэн Ц.Түвшинтөр нар мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй бол Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ-ын төлөөлөгч А.Ганзориг, Завхан аймгийн Сантмаргаз сумын сургуулийн захирал Я.Батсайхан нар хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлсэн байгаа. Тэгэхээр нэр дурдсан 6 албан тушаалтны хувьд Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэстэй. Тиймээс хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх ёстой.
  • 2017 онд мөрдөн шалгах үйл ажиллагаатай холбоотой зарим нэг үзүүлэлтүүдийг та бүхэнд тусгайлан танилцуулъя. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 58.2 хувиар өссөн. Мөрдөн шалгасан хэрэг 81.7 хувиар өссөн байгаа. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирлын хэмжээ мөн өссөн. 84 хувиар өссөн. Үүнтэй зэрэгцэн хохирол нөхөн төлүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэн хамгаалах ажиллагааны дүн ч бас өссөн байгааг та бүхэн дэлгэцээс харж байна. АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад 3.4 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн, 29.3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан. Шүүхээс 7.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, мөнгийг улсын орлого болгох шийдвэр гарсан. Ингэхээр нийтдээ 11.201.118.981 төгрөгийн хохирлыг улсад нөхөн төлүүлсэн байна.  
  • 2018 оны эхний 2 сарын байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 305 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. 34 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. 31 хэргийг хэрэг бүртгэлийн хэрэг хаах саналтай, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн. Шинээр 19 эрүүгийн хэрэг хүлээн авсан байна. Одоо 237 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
  • АТГ 2018 оны эхний 2 сарын байдлаар нийт 44 хүнд холбогдох 34 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байна. Энэ 34 хэргээс 21-ийг нь 2018 оны 2 дугаар сард шилжүүлсэн байна. Гэх мэтээр гааль, нийгмийн даатгал, цагдаа, аймаг орон нутгийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнуудад холбогдох 21 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байна. Үүний зэрэгцээ цагдаагийн алба хаагчид холбогдох хэргүүдийг шилжүүлсэн байна.

“УИХ-ын 2 гишүүн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг зарж борлуулсан тухай мэдүүлсэн” Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

М.Мөнхшүр: 60 настай иргэнийг онц хэрцгийгээр амийг хөнөөсөн этгээдийг цагдан хорьсон

Сонгинохайрхан дүүрэгт 61 настай эрэгтэйг 30 орчим удаа хутгалж амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн хэргийн талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хэрэг нь энэ сарын 21-ний өдрийн 20:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан аж. Талийгаач нь тус тоотод оршин суудаг, 61 настай эрэгтэй иргэн “Б” гэгч бөгөөд түүнийг ойролцоогоор 30 орчим удаа хутгалж амь насыг онц хэрцгий аргаар хохироосон байдалтай байсан аж.  Гэмт этгээд үйлдлээ нуун далдлах зорилгоор талийгаачийг орон гэртэй нь галдан шатаахыг завдсан гэмт хэрэг үйлдэж хэргийн газраас оргон зугтсан гэдгийг ЦЕГ-ын  хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр онцолсон юм.  Улмаар хэрэгт холбогдуулан сэжиглэж байсан этгээдийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж хоёрдугаар сарын 22-ны шөнө Төв аймгийн Баянчандмань сумаас дайчлан баривчилсан байна. 

Холбогдогч этгээд нь Ховд аймгийн харьяат бөгөөд эрэгтэй 47 настай “Г” гэх,эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө хулгайлах болон дээрэмдэх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан нэгэн аж. Уг гэмт хэргийг архидан согтуурсан үедээ үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан мэдүүлэг өгсөн байна. Одоо хэргийн холбогдогч этгээдийг Цагдан хорих 461-р ангид саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэсэн мэдээллийг өгсөн юм. 

Т.Хүрэлбаатар: Шоронд хийчээд одоо юунаас айгаад байгаа юм бэ

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг захилагчаас нь бусдыг илрүүлээд байгаа. УДШ-ээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэм буруутайд тооцож, чанга дэглэмтэй хорих ангид тус бүр 20 жил хорих шийдвэр гаргасан. Хэргийн захиалагч , дамжуулагч нарыг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн шалгаж байгаа.  Хоёрдугаар сарын 12-нд МҮОНРТ-ээр С.Зориг агсны хэрэгтэй холбоотой нэвтрүүлэг гарсан. Мөн С.Зоригийн амь насыг  хөнөөсөн хэргийг гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат хэдхэн хоногийн өмнө хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Энэ талаар Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаатартай ярилцлаа. 

-Хоёрдугаар сарын 12-нд МҮОНРТ-ээр С.Зориг агсны хэрэгтэй холбоотой нэвтрүүлэг гарсан. Мөн Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Ямар учиртай нэвтрүүлэг гарч эхлэв?

-Хоёрдугаар сарын 12-нд МҮОНРТ-ээр Г.Эрдэнэбат прокурорын хэлээд байгаа цогц нэвтрүүлгийн нэг нь цацагдсан. Мөн өнгөрсөн жил Ц.Амгаланбаатар хэргээ хийсэн талаар ярьсан нэвтрүүлэг мөн гарсан. Яг тэр дүрсүүдээ ашиглаад нэг сэтгүүлч оршуулгын газар очиж зогсоод , С.Зориг агсны талаар кино шиг нэвтрүүлэг хийсэн байна лээ.Тэр нэвтрүүлгийг хийхдээ С.Зориг агсны цус нөжтэй зураг хөргийг үзүүлээд кино шиг юм хийсэн. Нэвтрүүлгийн цаад санаа нь хэрэгт холбогдсон эдгээр хүмүүс шийдчихсэн алуурчид шүү гэсэн мессэж өгөх гэсэн зорилготой гэж ойлгосон. Хамгийн сонирхолтой нь тус нэвтрүүлэг төгсөхдөө “Үзэгч таны бодлоор энэ хэргийн захиалагч хэн бэ?” гэсэн асуултаар дуусч байгаа юм. Хэргийн захиалагчийг үзэгчид олдоггүй юм. Тагнуул, шүүх нь энийг тогтоох ёстой. Миний дүү хүн алаагүй гэж би хэзээ ч ярьж байгаагүй. Харин бүх баримтаа ил болгочих, энэ хэргийг ил болго. Шүүх прокурорынхон ярихдаа бүх зүйл баримттай, нотолгоотой гэж ярьдаг. Гэтэл нүдэнд харагдах ямар ч нотолгоо байхгүй

Гурван шатны шүүх хурлаар энэ хүмүүсийг бүгдийг нь яллаад шоронд хорьж байгаа. Гэтэл Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат гэдэг хүн сүүлийн үед энэ хэргийн талаар цогцоор хэвлэлд цацаж эхэллээ. Хэрэгтэн гэж үзээд таслаад шоронд хийчээд одоо юунаас айгаад юм бэ. Шоронд хийчээд одоо юунаас айгаад хойноос нь элдэв ярилцлага, нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ.

Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат гэдэг хүн энэ сарын 21-ны "Өдрийн сонин"-д ярилцлага өгөхдөө “Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар бүлэглэн айлын гэр шатааж, дөрвөн хүний аминд хүрсэн гэж ялласан. Цахилгааны утаснаас гал гараагүй, шинжилгээгээр цахилгааны утас нь гэрийнх нь гадна хэдэн метрийн цаана нэлээд хол тасарчихсан байсан” гэсэн утгатай зүйл ярьсан байна. Гэтэл энэ хэрэг гарч байх үед Эрдэнэтийн онцгой байдлын газраас гаргасан галын нотломж надад байна. 

-Тухайн үед гарсан галын нотломж дээр юу гэсэн байсан юм бэ?

-Энэ нотломж дээр тухайн гал цахилгааны ашиглалтын буруугаас болж гарсан гэсэн дүгнэлт гарсан. Түүнээс биш цахилгааны утас тасарсан байсан энэ тэр гэсэн зүйл байхгүй. Гэтэл Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат Эрдэнэтийн онцгой байдлын Эрдэнэтийн онцгой байдлын газрын галын нотломжийг үгүйсгэж ярьсан байна. Энэ хүнд ингэж ярих эрх байхгүй. Галын мэргэжлээр мэргэшээд ахмад цол автлаа ажилласан онцгойгийн ахмад Б.Хашчулуун гэж хүний гаргасан галын нотломжийг хэн нэгэн хөндлөнгийн прокурор үгүйсгэж ярих эрх байхгүй. 

-Тус нэвтрүүлгийн үеэр хоёр гурван эмэгтэй Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэрэгтэн мөн байна гэж гэрчилсэн. Хэрэг гарсаны дараах ам зурагтай, гэрчүүдийн мэдүүлэг таарч байгаа юм уу?

-Тухайн үед буюу 20 жилийн өмнө байрны гадаа  сууж байсан гурван эмэгтэй гэрчлээд зургийг нь хараад энэ хүмүүс мөн байна гэж тэр нэвтрүүлэгт яриад байгаа  юм. Туршлагаас үзэхэд, нэг ангид хамт сурч байсан хүүхдүүд 20 жилийн дараа уулзахад бие биенээ танихгүй тохиолдолд маш олон байдаг. Гэтэл тус гурван эмэгтэй байрны гадаа харсан хүнээ 20 жилийн дараа хараад шууд энэ хүн мөн гэж зааж байгаа нь яагаад ч итгэл үнэмшил төрөхгүй байгаа юм. Харин энэ гурван эмэгтэй биш, Б.Булган үүнийг гэрчлэх ёстой. Амьд гэрч байна шүү дээ.  Жинхэнэ гэрчийг шүүх хуралд ч оруулахгүй байж, яагаад гадаа гудамжинд  сууж байсан хүмүүсийн хэлснийг нотолгоо болгож байгаа юм бэ. Хэрэг гарсан даруйд зурж Б.Булганы өгсөн ам зурагаар бол эмэгтэй нь өндөр, эрэгтэй нь намхан гэж зурсан байдаг. Гэтэл Б.Содномдаржаа манай дүү Т.Чимгээгээс хамаагүй өндөр. Тэгэхээр ам зураг мөн л зөрөөд байгаа юм. Хэрэг гарсанаас хойш 20 жилийн дараа гэрч биш Б.Булганаар дахин ам зураг гаргуулсан байна. Тус зургийг  яг хөрөг зураг шиг зурсан. Манай дүүг баривчлах үед гэрт нь байсан бүх зургийг хурааж авсан. Тэр зургийг манай дүүгийн гэрээс хурааж авсан альбомноос харж зурсан зураг гэж бодож байгаа.Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү. 

Шүлхий өвчний гарал үүслийг нарийвчлан тогтоохыг үүрэгдлээ

Булган, Төв, Өвөрхангай аймгийн зарим сумдад малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан уг өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын орлогч даргын тушаалаар томилогдсон шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан шуурхай бүлэг Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Булган, Өвөрхангай аймгийн Бүрд сумдын нөхцөл байдалтай танилцаж үүрэг чиглэл өглөө. Үүнд:

  1. Байгууллага хоорондын харилцан ажиллагаа, ажлын хариуцлагыг сайжруулах, хоорондын зөрчлийг таслан зогсоох, мэргэжлийн байгууллагын албан хаагч ажлаа хариуцах, ур чадвараа дээшлүүлэх, мэргэжлийн бус тайлбараа зогсоох
  2. Өвчний тохиолдол илэрсэний дараа нөхцөл байдлыг үнэлэх, малын гоц халдварт өвчний хувьд тандалт үзлэгийг хийх асуудлыг стандарт арга тактикийн дагуу хийх, ажлын хэсгийг сумын Засаг даргын захирамжаар томилох, төлөвлөгөө гаргах, амаар ажил ярихаа зогсоох, төлөвлөгөөний дагуу ажиллах, голомтын бүс, сэжигтэй бүс, хязгаарлалтын бүс, эрүүл бүсийн зааг хязгаарыг тандалт үзлэгийн үр дүнд тулгуурлан хийх, мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэх, өвчинтэй тэмцэх ажлын эхлэлийг зөв эхлэх, үсчсэн байдалтай ажиллаж байгааг зогсоох
  3. Рашаант суманд ариутгалын цэгээр орсон хүн, машин техникийн шинж тэмдэг, бүртгэл байхгүй байгаа учир дахиж оновчтой байршлыг сонгож үйл ажиллагааг идэвхижүүлэх, 500 гаруй иргэнийг өвчний голомтоос гаргаж, хөдөлгөөнд оруулж өвчний голомтыг томруулах нөхцлийг бүрдүүлсэн асуудлыг тогтоож, хариуцлага тооцох, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагахгүй өөрийн дураар ажилладаг сумын Засаг даргын удирдлагын арга барилыг сайжруулах, хариуцлага тооцох, мал устгалын ажлыг цэгцлэх, устгалын цэгт шувууд сэг зэмээр хооллож байгаа асуудлыг зогсоож, стандартын дагуу устгалыг хийх, өөр голомтоос өвчилсөн малыг сумын төв дамжиж зөөвөрлөх асуудлыг цэгцлэх, аймгийн удирдлага, Онцгой комисстой ажлаа уялдуулах, зөрчилтэй асуудлыг зогсоох, өөрт хамааралгүй байдлаар асуудалд хандахыг болих
  4. Устгалын бүлгийг сумын Засаг даргын захирамжаар томилох, устгал хийгдсэн мал, амьтны журнал хөтлөх, баримтжуулах, устгалын акт, малчнаар гарын үсэг зуруулах, Гурванбулаг сум устгалын баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, асуудалд хайхрамжгүй хандсан тул гарсан зардлыг хариуцах, цаашдаа устгалын бичиг баримтыг заавар, журмын дагуу бүрдүүлэх, устгалын ажлын хэсгийг Онцгой байдлын алба хаагчаар ахлуулсан асуудлыг Төв, Өвөрхангай аймаг онцгой анхаарах
  5. Сумын түвшинд шүлхий өвчинтэй тэмцэх тактик хариу арга хэмжээний үйл ажиллагааны төлөвлөгөөг орон нутгийн онцлогт нийцүүлэн, дотоод нөөц боломжид тулгуурлан боловсруулж ажиллах, вакцинжуулалтын төлөвлөгөө гаргах, аймгийн Онцгой комиссын гишүүдийг тандалтын бүлэгт ажиллуулах, малчдад мэдэгдэл хүргүүлж, гарын үсэг зуруулж, хариуцлагыг сайжруулах, цагдаагийн байгууллагын алба хаагчийг ажлын хэсэгт ажиллуулах, малчдын дунд соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах
  6. Аймгийн төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд өмчийн хэлбэр үл харгалзан Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийг дагаж мөрдөх, нэг баг хамт олон болж ажиллах, гамшигтай тэмцэх ажил улс төрөөс үл хамраахыг онцгой анхаарах, сошиал орчинд ард иргэдэд буруу мэдээлэл түгээхийг хориглох, байгууллагууд өвчинтэй тэмцэх ажилд дотоод нөөц боломжоо дайчилж, дэмжиж туслах, байгууллага дээрээ халдвар хамгааллын дэглэмийг сахих, аймгийн хэмжээнд Засаг даргаар удирдуулсан нэг удирдлага хэрэгжиж байгааг ухамсарлах, удирдагчийн ёс зүйг сахих
  7. Булган аймгийн эрүүл сумдад өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүргийг албан тоотоор хүргүүлэх, аймгийн төвийн сумын план зурагт хүн, машин техникийн хөдөлгөөн үйлдэх маршрутыг тогтоож өгөх, хяналт тавих, хяналтын цэгт дүйцүүлэх алба хаагчдыг дайчлах
  8. Өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг бодитоор дээд шатны байгууллагад ирүүлэх, болж бүтэж байгаа гэж хуурамч мэдээлэл ирүүлэхээ таслан зогсоох, Гурванбулаг суманд сумын төвөөс гадна 18 км-т малчны хотонд мал гоц халдварт өвчнөөр өвчилсөн, малын эмч байхгүй, өвчилсөн малыг эмх замбараагүй тээвэрлэсэн, өвчин цааш тархах болзошгүй эрсдэл үүсгэсэн ноцтой асуудлыг мэдэгдээгүй, газар дээр нь ажиллах явцад мэдсэн зэрэг хариуцлагагүй асуудлыг таслан зогсоох
  9. Төв аймгийн удирдлага, холбогдох мэргэжлийн дарга нар тус суманд өвчний нөхцөл байдал үүссэн байхад газар дээр нь танилцаагүй, мэргэжилтэн явуулчихсан, өвчинтэй тэмцэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ аваагүй аймгийн удирдлага, мэргэжлийн байгууллага хариуцлагатай хандах
  10. Булган аймаг ариутгал, халдваргүйтгэлийн цэгийг яаралтай байгуулах, өмнө нь удаа дараа цахим хурлаар үүрэг өгөөд хариуцлагагүй хандсан асуудлаа таслан зогсоох, ажлын хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, Булган сумын Засаг даргын тамгын газрын ажиллагсдадтай уулзаж, аймгийн бүхий л аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг өгч, үйл ажиллагааг зохион байгуулалтад оруулахад анхаарч ажиллаж байна.

Цагдаа болон тагнуулын байгууллагын алба хаагчдад өвчний гарал үүслийг нарийвчлан тогтоохыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Шилийн богд руу Дарьганга сумаар дамжин явна

Сар шинийн баярын дараа Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд ууланд мөргөж, хийморио сэргээх хүмүүсийн тоо шинийн 15-н өдрийг хүртэл тасардаггүй.

Иймд орон нутгийн холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүлэг гаргажээ. Тодруулбал, Шилийн богд руу явахдаа Асгат сумаар дамжин явах боломжгүй. Цас их, зам даваа хаагдсаныг сануулж байна. Харин Дарьганга сумаар дамжин ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэн зорчих боломжтой аж.

Төв болон зүүн аймгуудын нутгаар шуурга шуурч, хүйтэрнэ

Өглөө 05 цагт Улаанбаатарт 13 хэм хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө. Өдөртөө үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өчигдрөөс хүйтэрч 7-9 хэм хүйтэн байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын болон  Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар, 27-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 

ТАНИЛЦ: Ирэх сарын 1-ээс мэдүүлж эхлэх АНУ-ын Н-2 визийн ерөнхий журам

АНУ-ын Дотоодын Аюулгүй байдлын яамнаас H-2 визний ангилалд Монгол Улсыг багтаасан. Уг визийг манай иргэд ирэх сарын нэгнээс мэдүүлж эхлэхтэй холбогдуулж АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Н-2 виз мэдүүлэх ерөнхий журмын талаар дараах зөвлөмжийг гаргажээ.

Алхам 1: Түр хугацаагаар ажилчид авах шаардлагатай байгаа компани эсвэл зуучлагч байгууллагаа АНУ-аас  олно.  АНУ-ын Элчин Сайдын Яам нь аливаа ажил олгох компани, зуучлагч байгууллага эсвэл боломжит ажлын байрны жагсаалт олж өгөх, ажлын байр олгох үйлчилгээ үзүүлдэггүй болно.

Алхам 2:  H-2 виз нь “petition” буюу урьдчилан зөвшөөрөгдсөн өргөдөлд үндэслэн олгогддог визний төрөл юм. АНУ дахь ажил олгогч эхлээд АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас ажиллах хүчний зөвшөөрөл авах бөгөөд улмаар цагаачлалын бус түр хугацааны ажилчин авах өргөдлийг (I-129 маягт, https://www.uscis.gov/sites/default/files/files/form/i-129.pdf) АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын албанд гаргана.  Зөвхөн I-129 өргөдөл батлагдсан тохиолдолд  боломжит ажил горлигч нь АНУ-ын виз мэдүүлнэ.

Алхам 3:  Ажлын гэрээтэйгээ танилцаж I-129 маягт буюу өргөдөл  нь батлагдсан эсэх болон хүчинтэй хугацааг шалгах хэрэгтэй. Зах зээлийн судалгаа хийж ажил олгогч таньд зах зээлийн ханштай дүйцэх хэмжээний цалин олгох эсэхийг баталгаажуулна. Англи хэл дээр бичигдсэн ажлын гэрээ хүлээн авч гарын үсгээ зурах ёстой бөгөөд хэрэв Англи хэл ойлгодоггүй бол Монгол эсвэл өөр ойлгодог хэл дээрхи гэрээн дээр бас гарын үсгээ зурсан байх шаардлагатай.

Алхам 4: I-129 өргөдөл нь батлагдсан эсэхийг нотолсоны дараа DS-160 электрон визний анкетыг бөглөн Хаан банкинд визний хураамж болох 190 доллартай тэнцэх төгрөг тушаана. (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-visafeeinfo.asp).

Алхам 5:  H-2 ангиллын визний ярилцлагын цагаа товлоно (https://cgifederal.secure.force.com/).

Алхам 6:  Виз мэдүүлэгч нь АНУ-ын Элчин Сайдын Яам/ Консулын хэлтэст визний ярилцлаганд орно.  Визний ярилцлаганд ирэхдээ хүчин төгөлдөр  паспорт, АНУ-ын визний шаардлага хангасан нэг хувь цээж зураг (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-photoinfo.asp) болон I-129 өргөдлийн баримтын дугаар зэргийг авчирна.

Алхам 7:  Виз олгогдсон тохиолдолд визээ авч АНУ-ын хил дээр очин H-2 түр хугацааны ажилтны визээр нэвтрэх зөвшөөрөл хүснэ.

Алхам 8:  Ажлын гэрээ дуусгавар болсны дараа H-2 визний статус зөрчих аливаа үйлдэл хийлгүй АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацаа дуусахаас өмнө Монголд буцаж ирнэ. Хэрэв илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол 
https://travel.state.gov/
https://search.uscis.gov/
http://www.ustraveldocs.com/
  цахим хуудсуудаас авах боломжтой бөгөөд H-2 визний ангилалд Монгол Улсыг багтаасан нь итгэл хүлээлгэсэн хэрэг юм. Иймд визээ ямар нэгэн байдлаар буруугаар ашигласан эсвэл зөрчсөн тохиолдолд АНУ-ын Дотоолын Аюулгүй байдлын яам визийг цуцлах эрхтэй гэдгийг тус ЭСЯ-наас мэдэгдлээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment